Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/427

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Хохирогч Н.Оюунбат,

Шүүгдэгч Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т холбогдох эрүүгийн 201725031030 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Ц.Т: Монгол Улсын иргэн, 1968 оны 5 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монос 1-19 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

1991 оны 1 сарын 1-ний өдөр Архангай аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 3000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 1 сарын 15-ны өдрийн 12 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 9 сарын 8-ны өдрийн 548 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,  тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч Ц.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2016 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко десерт” ХХК-ний хажууд иргэн Н.Оюунбатын хадам эгч Бадамын группийг тогтоолгож өгнө гэж 300.000 төгрөгийг залилан авсан, 2016 оны 6 сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн цайны газар түрээслэхээр олж өгнө гэж иргэн Ч.Алтантуяагийн 500.000 төгрөгийг, мөн 2016 оны 6 сарын 7-ны өдөр 6 хүүхдийг “Шонхор” хүүхдийн зусланд явуулж өгнө гэж 180.000 төгрөг нийт 680.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Боос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 онд “Коко десерт” ХХК-ний гадаад харилцаа, худалдаа хариуцсан менежерээр ажиллаж байсан. Тэр үед миний хамтран амьдрагч Доржмаагийн найз Алтантуяа нь намайг цайны газар олоод өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би Нийслэлийн өмчийн харилцааны газар сонгон шалгаруулалтанд оруулах гээд материалаа бүрдүүлээд аваад ир гэхэд Алтантуяа бүрдүүлж өгөөгүй. Би өөрөө Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн хүн байгаа юм. Манай холбооны гишүүн охин Бадамханд гэж охин байдаг. Тухайн үед Бадамханд нь Чех улс руу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мисс-ийн тэмцээнд явахаар болсон байсан. Чехээс урилга ирэхдээ зардал болон хүмүүнлэгийн ажлаа өөрсдөө даана, бусдыг нь Чех улсаас даана гэсэн. Тэгээд би Бадамхандын хүмүүнлэгийн ажилд туслах гээд хандивын аян зохион байгуулсан ба АПУ ХХК нь 1.000.000 төгрөг өгсөн. Алтантуяад 500.000 төгрөг өгсөн. Өөрөөр хэлбэл Алтантуяагийн өгсөн мөнгө нь цайны газрын ажлаа бүтээлгэхээр өгсөн мөнгө байгаа юм. Үүнийг хандив хэлбэрээр өгсөн. Би Алтантуяагаас авсан 500.000 төгрөгөөр 100 хүүхдийн бэлэг аваад 2017 оны 6 сарын 1-ний өдөр хүүхдийн ордонд тараасан. Уг үйл ажиллагааны бичлэгийг нь хийгээд Бадамханд Чех улс руу хүмүүнлэгийн ажил гэсэн нэртэй аваад явсан. Алтантуяагаас авсан 500.000 төгрөг цэвэр бэлгэнд буюу хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Хандивын ажил дууссаны дараа 2016 оны 8 сарын 25-ны орчим Алтантуяатай уулзаад материалаа бүрдүүлсэн үү гэж асуухад бүрдүүлээгүй байсан. Тэр үед нь Их хурлын Сонгуулийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүмүүс солигдоод сонгон шалгаруулалтаар манай “Коко десерт” ХХК-ийг оруулахгүй гэсэн. Энэ байдлаа би Алтантуяад хэлэхэд мөнгөө авъя гэсэн. ..Түүнээс гадна манай байгууллагаас жил бүр Зүүн хараагийн Шонхор хүүхдийн зусланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг явуулдаг. Манайх хүүхдүүдийг харгалзагчаар явж байгаа багшийг нь нь цалинжуулах үүднээс 1 хүүхдээс 30.000 төгрөг авдаг. Алтантуяа 6 хүүхэд явуулна гээд 180.000 төгрөг өгсөн байсан. Тэгэхдээ мөнгөө 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр өгсөн байсан. Өмнө нь бол Алтантуяа намайг гуйгаад 2 жил дараалан явуулж байсан. Тэгээд цайны газартай холбоотой маргаан гараад хэрэлдээд би мөнгийг нь өгөөгүй учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа 180.000 төгрөгөө нэхэмжилсэн байна. Хүүхдүүд нь ч гэсэн зуслан руу яваагүй. Би нэгэнтээ авчихсан учраас мөнгийг нь өгнө. Тэгэхдээ залилсан зүйл байхгүй. Авсан учраас буцаагаад өгнө..

..Оюунбат ирэхдээ манай эхнэрийн эгч группээс хасагдсан, танай ажлын хажууд мэргэжлээс шалтгаалах өвчний групп тогтоох комисс нь байдаг юм байна, чи эндээс эмч таних уу гэж надаас асуусан. Би Доржсүрэн гээд эмчийг таних учраас танина гэдгээ хэлсэн. Ингэж Оюунбатыг хэлсэний дараа Доржсүрэнтэй бааранд уулзаад манай найзын эгч группт байж байгаад хасагдсан байна, картыг нь үзэж байгаад группд оруулчих боломж байна уу гэж асуусан. Тэгэхэд Доржсүрэн эмч нартайгаа ярьж байгаад эргээд хариу хэльегээд картуудыг авсан. Түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа Доржсүрэнтэй уулзсан чинь болохоор юм байна, 300.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Ингээд би тэгье, тэгье гээд Оюунбатад 300.000 төгрөг байхад болох юм байна гэсэн чинь Оюунбат бас зөвшөөрсөн. Тэгээд Оюунбатаас 300.000 төгрөгийг аваад карттай нь цугт нь Доржсүрэнд өгсөн. Мөнгө авснаас хойш Доржсүрэнтэй хэд хэдэн удаа таараад группийн юм юу болж байна гэж асуухаар болно болно, удахгүй болно, манай нүүдлийн магадлан хийдэг юмаа, би тэрүүгээр оруулахаар зохицуулсан гэж хэлсэн. Ингээд өдөр өнгөрөх тусам хоног хугацаа өнгөрөөд байсан ба Оюунбат надаас нэхээд байхаар нь би Доржсүрэнгийн ажил дээр очиж уулзах гээд ортол 3 жилийн өмнө ажлаасаа гарсан, манайд Доржсүрэн гэж одоо байхгүй, хааяа даа энэ хавиар явж байгаа харагддаг гэсэн. Ингээд би Доржсүрэнд залилуулсан гэдэгээ ойлгосон..Би мөнгө авсан нь үнэн. Тэгэхдээ залилж аваагүй. Тиймээс хохиролыг нь барагдуулна..гэсэн мэдүүлэг /хх 52-54/

 

Шүүгдэгч Ц.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мэдүүлэг өгнө. Би хохирогчоос мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин энэ мөнгийг залилан мэхэлж авсан үйлдэл байхгүй. Цаг хугацааны хувьд хохирогчид амласан үйлдлээ хэрэгжүүлж чадаагүй. Энэ асуудал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Алтантуяагийн хувьд би хүүхдүүдийг нь 3 жил дараалан хүүхдийн зусланд явуулж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй эмнэлэгт ах дүү нарыг нь хэвтүүлж байсан. Алтантуяа надад цайны газар олоод өг гэхээр нь би баримт бичгээ бүрдүүлж өг гэж хэлсэн. Цайны газар олж өгнө гээд хохирогч Алтантуяагаас 500.000 төгрөг аваагүй. Энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй Бадамханд гэдэг охин миссийн тэмцээнд явах гэж байгаа гэхээр нь Алтантуяагаас авсан мөнгийг түүнд хандивласан. Тэгээд хохирогч намайг цагдаад өгсөн байсан. Оюунбат хохирогчийн хувьд Доржсүрэн гэдэг хүнд Оюунбатаас авсан баримт бичгийг өгсөн тэр хүнээ хайгаад олохгүй байгаа. Доржсүрэн гэдэг хүн надад өөрийгөө эмч гэж хэлж байсан. Хохирогч Оюунбатаас авсан мөнгөө буцааж өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг.

Хохирогч Н.О мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би Батдоржийг 1995 оноос танина. Тэгээд нэг хэсэг тааралдахгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сард тааралдсан. Тэгээд хаана юу хийж байгаа талаар асуухад “Коко десерт” ХХК-д менежер, мөн тахир дутуугийн нийгэмлэгт дарга хийж байгаа гэж хэлсэн. Тэгээд би, чи ийм ажил хийж байгаа юм чинь мэргэжлээс шалтгаалах деспансерт таньдаг хүн байна уу?, хүн группд оруулж чадах уу гэж асуухад чадна гэж хэлсэн. Тэгээд надаас ямар хүн группд оруулах гээд байгаа юм бэ гэхээр нь миний хадам эгч байгаа юм, хурдан группд оруулах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд Батдорж болно, группд оруулах бичиг баримтыг нь бүрдүүлээд аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын дундуур би хадам эгчийнхээ бичиг баримтыг бүрдүүлээд аваачиж өгсөн. Дараа нь 300.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Уртцагааны хойд талд “Коко десерт” компаний хажуу талд машин дотор өгсөн. Тэгээд Батдорж би эмчтэйгээ уулзаж байгаад группийн хурлын өдрийг товлохоор чамд хэлнэ гэж хэлээд бид хоёр салсан. Тэгээд түүнээс хойш 7, 14 гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ утсаа аваагүй, утсаа авахаараа ажилтай хөдөө явж байна, завгүй байна гээд утсаар олигтой ч ярихаа больсон .. гэсэн мэдүүлэг /хх 14, 56/

Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 онд шүүгдэгчтэй “Ко ко десерт” ХХК-ний цайны газарт уулзаж танилцсан. Тэгтэл Батдорж надад тус компаний менежер ажил хийдэг гэж хэлж байсан. Би тэгэхээр нь миний эгч тахир дутуугийн группт орж чадаагүй талаар хэлтэл Батдорж надад таньдаг эмч байгаа баримт бичгээ бүрдүүлээд өгчих гэж хэлсэн. Би Батдоржийг тэгж хэлэхээр нь эгчийн баримт бичгийг бүрдүүлж өгөхдөө 300.000 төгрөг өгсөн. Тэгээд Батдорж болж байна бүтнэ гэж хэлээд 1 жил гаран сураггүй болсон. Би Батдоржид итгэсэн учраас баримт бичиг болон мөнгийг өгсөн. Сүүлдээ Батдорж гар утсаа авахгүй, хотын хаягаар нь хайгаад олдохгүй байсан. Тухайн цаг хугацаанд эгчийгээ 2 удаа эмнэлэгт хэвтүүлсэн. Батдоржоос 300.000 төгрөгөө авсан. Одоо эгчийн баримт бичиг авах дутуу байгаа. Энэ их чухал байна.  Эгчийг тахир дутуугийн группт оруулах гэхээр хамаг бичиг баримт нь байхгүй. Нөхөж авах боломжгүйээс гэр байнга маргаан болдог болооп байна. гэсэн мэдүүлэг

Хохирогч Ч.А мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би хувиараа Чингэлтэй дүүргийн 2-р хороо найман шарга дээр жижиг буфет ажиллуулдаг юм. 2016 оны 6 сарын 1-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад Батдорж ирээд 10 жилийн сургуулийн цайны газрыг авч өгье гээд бэлнээр 500.000 төгрөгийг авсан. Мөн 2016 оны 6 сарын 7-ны өдөр хүүхдийн зусланд явуулж өгнө гээд 6 хүүхдийн 180.000 төгрөгийг бэлнээр авсан. Нэг хүүхдийг нь 30.000 төгрөгөөр бодож өгсөн. Уг мөнгийг бас өөрийн ажлын байран дээр өгсөн юм. Би эхний үед цайны газар юу болж байгаа талаар асуухад сонгууль болж байна, дарга нар нь өөрчлөгдөж байна хүлээж бай гэж хэлсэн ба түүнээс хойш 99334743 дугаарын утсаа авахгүй, салгаад алга болсон юм. Би нийт 680.000 төгрөг өгсөн. Батдорж нь надаас цайны газар авч өгнө гэж 500.000 төгрөг авсан гэж гарын үсэг зурж бичиг хийж өгсөн юм..Батдорж нь хааяа манайхаар орж ирээд өөрийгөө “Коко десерт” ХХК-нд менежерээр ажилладаг гэж ярьдаг байсан. Цайны газрын эрх авахад “Коко десерт” ХХК-ний нэр дээр эрх авна гээд намайг 500.000 төгрөг өг гэж хэлсэн.. хамгийн анх надаас мөнгө авахаас өмнө Хүүхдийн баяраар хүүхдүүдэд хандив өгнө гэж ярьж байсан. Гэхдээ тэр асуудал бол огт хамаагүй. Надаас авсан мөнгөө тэр хандивын асуудалд зарцуулна гэж огт яриагүй.. гэсэн мэдүүлэг /хх 30,32,35/

Гэрч Ж.М мөрдөн байцаалтад мэдүүлсэн: .. Би Батдорж гэж хүнтэй 2016 оны хавар төрийн ордонд нутгийнхаа Улсын их хурлын гишүүдтэй уулзаж сонсголын бэрхшээлтэй охиныгоо миссийн тэмцээнд оруулах хандив сураглаж явж байгаад санамсаргүй тохиолдлоор танилцсан. ..би ямар ажил хөөцөлдөх гэж яваагаа хэлтэл, би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагад ажилладаг хүн байгаа юм. Чамд танай охинд туслаж болно гэж байсан. Батдорж өөрөө нэг гаргүй хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Тэгээд харилцаа холбоотой байж байтал Батдорж надруу залгаад би 2016 оны 6 сарын 1-ний хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг тараах гэж байна. Танай охин Бадамханд миссийн тэмцээнд Чехрүү явах гэж байгаа юм чинь цуг ирээд бэлэг тараалцаад зургаа авахуулаад, хүмүүнлэгийн ажилд Монголдоо оролцдог гэсэн тодорхойлолттой болж болно гэхээр нь нээрээ ч тийм юм уу? гээд, охин бид хоёр 2016 оны 5 сарын 28, 29-ний үеэр Батдоржтой цуг “Бөмбөгөр” худалдааны төвөөс тоог нь хэлж мэдэхгүй нэлээд их хүүхдийн бэлэг цуглуулаад 2016 оны 6 сарын 1-ний өдөр Хүүхдийн ордон дээр хөгжлийн бэрхшээлтэй хаанаас ирсэн хүүхдүүд гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан бүгдийг нь хүүхдүүдэд тараасан байгаа. Тэрнээс хойш Батдоржтой огт уулзаагүй.. гэсэн мэдүүлэг /хх 33/

 

Шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 58/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 66-6/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2017 оны 9 сарын 1-ний өдрийн албан тоот /хх 95/, хохирол төлсөн баримт /хх 20-22/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 6 сарын 1-ний өдөр хохирогч Ч.Алтантуяад “түрээсээс ажиллуулах 10 жилийн сургуулийн цайны газрыг авч өгье” гэж хуурч 500.000 төгрөгийг 6 сарын 7-ны өдөр “Шонхор зусланд 6 хүүхдийг хүүхдийн явуулж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 180.000 төгрөгийг, 2016 оны 11 сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко десерт” ХХК-ний орчимд хохирогч Н.Оюунбатаас “мэргэжлээс шалтгаалах өвчний групп тогтоох комиссын эмч Доржсүрэнг танина, танай хадам эгч Бадамыг нь группийг тогтоолгож өгнөгэж хуурч 300.000 төгрөг, бичиг баримтын хамт залилан авсан болох нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь “Алтантуяагаас хүүхдүүд зусланд явуулна гэж хэлж 180.000 төгрөг авсан, харин 500.000 төгрөг цэвэр бэлгэнд буюу хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулна гэж авсан. Би хандив гэж ойлгож байсан. Н.Оюунбатаас авсан мөнгө, бичиг баримтыг Доржсүрэн эмчид өгсөн, тэр эмчээ би хайгаад олохгүй байгаа, Би бусдыг залилаагүй” гэж шүүхэд мэдүүлсэн боловч энэ нь хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн бөгөөд бусад баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлыг харгалзан хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь хохирогч Ч.Ал 680.000 төгрөгийг, хохирогч Н.Ою 500.000 төгрөгийг шүүгдэгчээс буцаан төлсөн боловч хохирогч Н.Оюунбат нь хадам эгч Бадамын өвчиний түүх зэрэг бичиг баримтыг олоогүйгээс түүнийг группэд оруулж чадаагүй, группын сар бүр олгох мөнгийг нь авч өгч чадахгүй хохирсоор байна. Уг бичиг баримтаа олж авах зардлаа жич нэхэмжлэх хүсэлтэй байна” гэж шүүхэд мэдүүлсэн. Үүнээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь хохиролыг төлж барагдуулсан мэт боловч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг бүрэн арилгаагүй байна гэж шүүх үзлээ. Иймд хохирогч Н.Оюунбат нь хадам эгч Бадамын өвчиний түүх зэрэг бичиг баримтыг нөхөж бүрдүүлэх зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад Ц.Б Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Н.Оюунбат нь гэм хорын хохиролыг /шүүгдэгчийн үрэгдүүлсэн бичиг баримтыг дахин авахтай холбоотой гарах зардал/ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хууль заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР