Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/417

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: А.Намдаг /томилолтоор/,

Хохирогч: П.М-, С.О-, Ж.А-,

           Шүүгдэгч: Ц.Б-, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805052920195 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутагт БНСолонгос улс руу гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө гэж Ж.А-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 3.000.000 төгрөг,

- 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улс руу гэрээт ажилчин гаргах Солонгос хэлний шалгалтанд 4 хүнийг тэнцүүлж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.О-аас 2.000.000 төгрөг,

- 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр П.М-ыг эхнэрийн чинь хамт ажлын визээр Бүгд Найрамдах Солонгос Улс руу гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч П.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Орхонтуул эгчтэй ярихад “нэг хүн Солонгос Улс руу явах виз гаргаж өгнө гэж байсан” гэж хэлэхээр нь Банзрагчтай уулзсан. Банзрагчтай уулзаж ярилцахад “намайг яаралтай гадаад паспортоо гаргачих” гэж хэлэхээр нь яаралтай гадаад паспортоо гаргасан. Би эхнэртэйгээ ярилцаад Банзрагчид итгээд Банзрагч руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа над руу залгаад “та ямар үйлдвэрт ажиллах вэ” гэж асуусан. Түүнээс хойш над руу залгахгүй байхаар нь миний уур хүрээд Банзрагч руу залгаад хэл амаар доромжлоход намайг зөрүүлээд нэг хүнээр дарамтлуулсан. Дараа нь манай эхнэр Банзрагчийн эхтэй холбоо бариад нэг хөргөгч аваад ирсэн. Би ямар хөргөгч хаанаас аваад ирсэн талаар асуухад Банзрагчийн эхээс авсан. “Банзрагч мөнгө өгөхгүй байгаа юм чинь хөргөгчийн барьцаанд нь аваад байж байя” гэж хэлсэн. Би “хүний хуучин хөргөгчийг яах гэж авсан юм бэ” гэж хэлсэн. Түүнээс хойш Банзрагч болон түүний эхийн утас холбогдохгүй байсан. Би одоо 3.950.000 төгрөгийг нэхэмжилж байна. Банзрагч мөнгө өгөхдөө хүү тооцоод өгнө гэж хэлсэн...” гэв.

Хохирогч С.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ариунзултай уулзаад байж байхад Банзрагч байсан. Тухайн үед Банзрагчид би бэлэн 2.000.000 төгрөг өгсөн. Банзрагч Солонгос руу гаргаж өгнө өөр Солонгос явах хүн байна уу гэж асуусан. Банзрагч виз гарах гэж байна гээд мөнгө нэхдэг байсан. Намайг доромжилж, чирэгдэл учруулж байгаад 2.000.000 төгрөг өгсөн. Би Мөнхжаргалын эхийн тэтгэврийн зээлийг авахуулаад 6.000.000 төгрөг Банзрагчид өгсөн. Мөнхжаргал бол нийтийн байранд амьдардаг түрээсийн 350.000 төгрөг өгдөг. Би Банзрагчаас хохирол төлбөр авах талаараа их хэлсэн...” гэв.

Хохирогч Ж.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 9 дүгээр сард Орхонтуултай ярилцаж байхад Банзрагч Солонгос улс руу гаргана гэж хэлсэн. Банзрагч манай дүүгээс 11 дүгээр сарын 07-ны өдөр мөнгө авсан. Банзрагч мөнгө авсны дараа залгаад эрүүл мэндийн даатгал төлдөг үү гэж асуухаар нь яаралтай эрүүл мэндийн даатгалаа төлсөн. Нэг өдөр Банзрагч над руу залгаад “виз гарахаар болчихлоо мөнгө шилжүүлээрэй” гэж хэлсэн. Би нисэх онгоцны буудал руу залгаад виз гарсан талаар асуухад хүлээлгийн виз захиалсан талаар хэлсэн. Үүнээс хойш Банзрагч надаас авсан мөнгөө өгөөгүй. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Банзрагчийн эх залгаад 1.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 11 дүгээр сарын 30-нд өгнө гэж хэлсэн. Мөн Банзрагч 12 дугаар сар гэхэд үлдэгдэл мөнгөө дуусгаад хүүтэйн хамт өгнө гэж хэлсэн. Дараа нь Банзрагч руу залгахаар мөнгө байхгүй гэж хэлээд уурлаж байсан. Би одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн эрүүл мэндийн даатгал төлсөн мөнгөө нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч П.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Солонгос Улс руу гэрээгээр ажилчид гаргана гэсэн хүнтэй уулзсан. Би уг хүнд 6.000.000 төгрөгийг 5006682366 тоот данс руу 1 удаа шилжүүлсэн. Тухайн залуу нь надад 1 сарын дотор виз нь асуудалгүй гарна та хариугаа хүлээгээд байж бай гэсэн. Товлосон хугацаа болоход нөгөө залуу хугацаагаа сунгасаар байгаад сүүлдээ аргаа бараад би цагдаад хандсан. Би тэр залууг огт танихгүй тэр өдөр л танилцсан. Тэр залууг Банзрагч гэдэг ба надад хэлэхдээ манай аав уул уурхайн компанитай манай аавын компаниар дамжуулан ажилчид гаргадаг болохоор асуудалгүй. 9 сар гаргаад залгахад нөгөө хүмүүс чинь ирчихсэн би дагуулаад Тэрэлжид явж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Хохирогч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын дундуур арван хэдний хавьцаа уулзсан. Уулзаад Банзрагчтай ярилцахад би БНСУлс руу хүн гаргаж өгдөг өө надад элчин сайдын яаманд таньдаг хүн бий гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэгэнт хүн гаргадаг юм чинь БНСУлс руу гэрээгээр явах ажилчны хэлний давтан шалгалтын дүнг тэнцүүлж аргалж чадах уу гэж асуухад Банзрагч хэлэхдээ ямар ч асуудалгүй эгчээ нэг хүний 500.000 төгрөг өгчих, эгчээ гээд та хэдэн хүнийхийг гаргуулах гээд байгаа юм гэж хэлэхээр нь эгч нь 4 хүнийхийг гаргуулна гэж хэлэхэд та тэгвэл 2.000.000 төгрөг бэлнээр өгчих, тэгээд шалгалтыг чинь аргална асуудалгүй. Харин бүр цаашаа гэрээгээр явах хүн байвал нэг хүний 5.000.000 төгрөг өгчих тэгээд мөн л асуудалгүй виз энэ тэрийг зохицуулна гэж хэлсэн. Би тухайн үед нь Банзрагчийг элчин сайдын яаманд таньдаг хүнтэй гэхээр нь итгэсэн. Дээр нь Банзрагч та гялс мөнгөө өгөөдөх тэнцүүлэх хугацаа нь болох гээд байна гэхээр нь итгээд мөнгөө өгсөн. Тэрнээс хойш Банзрагч руу ярихаар одоо удахгүй шалгалт болно асуудалгүй гэсээр 2018 оны 9 дүгээр сарын 10 хүргэсэн. Би мөнгөө нэхсээр байгаад эргүүлж авсан ямар ч байсан Банзрагчаас нэхэмжлэх мөнгө байхгүй, гэхдээ гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгөөч...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Хохирогч Ж.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 8 дугаар хороо, 46б байранд дэлгүүр ажиллуулдаг ба манай дэлгүүрээр Банзрагч гэх хүн орж гардаг байсан. Тэгээд ойр зуурын юм ярьдаг мэнд устай болсон. Тэгээд би нэг ярианы далимдаа БНСУлс руу гэрээгээр очих юмсан гэж ярьтал надад БНСУлс руу хүн гаргадаг таньдаг хүн байгаа шүү дээ хөдөлмөрийн биржид ажилладаг хүн байгаа надад угаасаа таньдаг хүн бий, манай 2-3 найзыг Солонгос Улс руу гаргаж өгсөн найдвартай гаргадаг, гэрээгээр ажилчин гаргана асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод хэдэн төгрөгөөр явах юм бэ найдвартай юм уу гэж асуухад нэг хүний 5.000.000 төгрөгөөр ажлын гэрээний виз гаргаж өгнө найдвартай та санаа зоволтгүй гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү Ариунболор 3.000.000 төгрөг Ариунзулаас гэх утгатайгаар Банзрагчийн данс руу шилжүүлсэн. Тэрний өмнө Банзрагч найдвартай, хурдан мөнгөө өгөөдхөөч л гээд байсан. Банзрагч нь анхнаасаа Солонгос Улсын визийг гаргаж өгнө, бүх асуудлыг зохицуулна, та санаа зоволтгүй надад таньдаг хүн бий гэж хэлээд л мөнгө авч залилсан. ...Банзрагч надтай ямар нэгэн байдлаар визний холбогдолтой хүнтэй уулзуулсан удаа байхгүй. Миний өгсөн 3.000.000 төгрөгнөөс гурав хуваагаад 1.850.000 төгрөг надад өгсөн. Үүнийг би энэ хугацаанд ашигласан хүү гэж бодож байгаа. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29, 59/,

Гэрч Д.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Орхонтуул нь 2018 оны 5 дугаар сард миний дүү Банзрагч гээд нэг залуу байна таньдаг мэддэг хүнтэй юм байна. Солонгос Улс руу хүн гаргадаг юм байна гэж хэлэхээр нь би нөхөр Мөнхжаргалын хамтаар явж очиж Банзрагч гэх залуутай уулзсан. Бид хоёр бичиг баримтаа аваад ирлээ Солонгос явах хүсэлттэй байна гэхэд Банзрагч нь надад таньдаг хүн бий манай аавын найзууд Солонгост олноороо байдаг ажлын шугамаар гэрээгээр гаргаад өгч чадна нэг хүний 5.000.000 төгрөг гэхдээ эхний ээлжинд 6.000.000 төгрөг өгчих 2018 оны 7 дугаар сарын 20 гэхэд виз чинь асуудалгүй гарна. Надад элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа гэхээр нь итгээд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Банзрагчийн данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Банзрагчийн ээжтэй уулзахад би та нарын мөнгийг хүүгээсээ авсан гэж байсан. Мөнхжаргалын өгсөн 6.000.000 төгрөгнөөс 2.050.000 төгрөг нөхөн төлөгдсөн...” гэсэн мэдүүлэг хх-30, 61/,

Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Банзрагч буюу хүүгээсээ мөнгөний бололцоо байна уу гэхэд ээжээ удахгүй өгөөрэй гээд мөнгө өгсөн. Тухайн үед надад хүнээс авсан гэж хэлээгүй. ...2018 оны 8 дугаар сард гурван хүнээс БНСУлс руу виз гаргаж өгнө гэж мөнгө аваад тэрийгээ надад өгсөнийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 58/,

Яллагдагчаар Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хамгийн анх бол зуучилж өгсөн Ганбаатар гэх хүн маань бүтнэ, хүмүүсийг чинь Солонгос Улс руу гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд бүтэхгүй болсон гэхээр нь нөгөө зуулчилж өгнө гэсэн Ганбаатар гэх хүнээсээ 9.000.000 төгрөгөө буцааж аваад маргааш нь мөнгө өгсөн хүмүүсдээ буцааж өгье дөө гэж бодож байтал гэрт мөнгөний асуудал гараад ээж болох Нарантуяад түр зээлдүүлсэн. Тэгээд манай ээж маань хувийнхаа хэрэгцээнд тэр мөнгийг зарцуулаад эргүүлж олох боломжгүй болсон. Тэгээд ийм байдалд орсон. ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг  /хх-н 55/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3-4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-39, 73-76/, Депозит дансны хуулга /хх-н 64-72/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутагт Бүгд Найрамдах Солонгос Улс руу гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө гэж Ж.А-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 3.000.000 төгрөг,

- 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улс руу гэрээт ажилчин гаргах Солонгос хэлний шалгалтанд 4 хүнийг тэнцүүлж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.О-аас 2.000.000 төгрөг,

- 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр П.М-ыг эхнэрийн чинь хамт ажлын визээр Бүгд Найрамдах Солонгос Улс руу гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч П.М-ын: “...Би 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Солонгос Улс руу гэрээгээр ажилчид гаргана гэсэн хүнтэй уулзсан. Би уг хүнд 6.000.000 төгрөгийг 5006682366 тоот данс руу 1 удаа шилжүүлсэн. Тухайн залуу нь надад 1 сарын дотор виз нь асуудалгүй гарна та хариугаа хүлээгээд байж бай гэсэн. Товлосон хугацаа болоход нөгөө залуу хугацаагаа сунгасаар байгаад сүүлдээ аргаа бараад би цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, хохирогч С.О-ын: “...Банзрагчтай ярилцахад “би БНСУлс руу хүн гаргаж өгдөг, надад элчин сайдын яаманд таньдаг хүн бий” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “нэгэнт хүн гаргадаг юм чинь БНСУлс руу гэрээгээр явах ажилчны хэлний давтан шалгалтын дүнг тэнцүүлж аргалж чадах уу” гэж асуухад Банзрагч хэлэхдээ “ямар ч асуудалгүй эгчээ нэг хүний 500.000 төгрөг өгчих эгчээ гээд та хэдэн хүнийхийг гаргуулах гээд байгаа юм” гэж хэлэхээр нь “эгч нь 4 хүнийхийг гаргуулна” гэж хэлэхэд та “тэгвэл 2.000.000 төгрөг бэлнээр өгчих тэгээд шалгалтыг чинь аргална асуудалгүй. Харин бүр цаашаа гэрээгээр явах хүн байвал нэг хүний 5.000.000 төгрөг өгчих тэгээд мөн л асуудалгүй виз энэ тэрийг зохицуулна” гэж хэлсэн. Би тухайн үед нь Банзрагчийг элчин сайдын яаманд таньдаг хүнтэй гэхээр нь итгэсэн. Дээр нь Банзрагч та гялс мөнгөө өгөөдөхөө тэнцүүлэх хугацаа нь болох гээд байна гэхээр нь итгээд мөнгөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, хохирогч Ж.А-ын: “...Банзрагч ...надад БНСУлс руу хүн гаргадаг таньдаг хүн байгаа шүү дээ хөдөлмөрийн биржид ажилладаг хүн байгаа надад угаасаа таньдаг хүн бий, манай 2-3 найзыг Солонгос Улс руу гаргаж өгсөн найдвартай гаргадаг, гэрээгээр ажилчин гаргана асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод хэдэн төгрөгөөр явах юм бэ найдвартай юм уу гэж асуухад нэг хүний 5.000.000 төгрөгөөр ажлын гэрээний виз гаргаж өгнө найдвартай та санаа зоволтгүй гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү Ариунболор 3.000.000 төгрөг Ариунзулаас гэх утгатайгаар Банзрагчийн данс руу шилжүүлсэн. Тэрний өмнө Банзрагч найдвартай, хурдан мөнгөө өгөөдхөөч л гээд байсан. Банзрагч нь анхнаасаа Солонгос Улсын визийг гаргаж өгнө, бүх асуудлыг зохицуулна, та санаа зоволтгүй надад таньдаг хүн бий гэж хэлээд л мөнгө авч залилсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29, 59/, гэрч Д.Баярцэнгэлийн: “...Орхонтуул нь 2018 оны 5 дугаар сард миний дүү Банзрагч гээд нэг залуу байна таньдаг мэддэг хүнтэй юм байна. Солонгос Улс руу хүн гаргадаг юм байна гэж хэлэхээр нь би нөхөр Мөнхжаргалын хамтаар явж очиж Банзрагч гэх залуутай уулзсан. Бид хоёр бичиг баримтаа аваад ирлээ Солонгос явах хүсэлттэй байна гэхэд Банзрагч нь надад таньдаг хүн бий манай аавын найзууд Солонгост олноороо байдаг ажлын шугамаар гэрээгээр гаргаад өгч чадна нэг хүний 5.000.000 төгрөг гэхдээ эхний ээлжинд 6.000.000 төгрөг өгчих 2018 оны 7 дугаар сарын 20 гэхэд виз чинь асуудалгүй гарна. Надад элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа гэхээр нь итгээд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Банзрагчийн данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Банзрагчийн ээжтэй уулзахад би та нарын мөнгийг хүүгээсээ авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг 30, 61/, гэрч Б.Нарантуяагийн: “...би Банзрагч буюу хүүгээсээ мөнгөний бололцоо байна уу гэхэд ээжээ удахгүй өгөөрэй гээд мөнгө өгсөн. Тухайн үед надад хүнээс авсан гэж хэлээгүй. ...2018 оны 8 дугаар сард гурван хүнээс БНСУлс руу виз гаргаж өгнө гэж мөнгө аваад тэрийгээ надад өгсөнийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 58/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б- нь Солонгос Улсын виз гаргуулж өгнө гэж хэлэн хохирогч Ж.А-аас 3.000.000 төгрөг, С.О-аас 2.000.000 төгрөг, П.М-аас 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Түүнчлэн, Солонгос улсад зорчих визийг тухайн орны Элчин сайдын яамнаас олгодог байхад шүүгдэгч нь тухайн улсад зорчих виз гаргаж өгнө гэсэн нь анхнаасаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь шүүгдэгчээс хохирлын мөнгөө бүрэн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бичгээр хүсэлт гаргасан, тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирол төлөх талаар шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч ажлын 5 хоногийн завсарлага авсан бөгөөд уг хугацаанд хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Б-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Б-ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Ц.Б- нь 05 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б-ид оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь 05 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР