Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/424

 

          

 

 

2020       05        05                                       2020/ШЦТ/424

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Энхжин,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Д.Э түүний өмгөөлөгч Б.Адалбек,

Хэлмэрч И.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Д.Эд холбогдох 2009 00000 0568 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Э нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны орчимд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 19-20 цагийн үед иргэн Д.Бтой үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн өөр нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Адалбек шүүхийн хэлэлцүүлэгт “... Миний үйлчлүүлэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин түүнд оногдуулах торгуулийн ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн үед би 11 дүгээр хороололд байрладаг ахын ажил дээр очихоор явж байх замдаа зүс таних хүнтэй таараад мэнд мэдээд ганц шил архи аваад өгчих гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд 4 хүн хоорондоо юм яриад байхаар нь би зүс таних эрэгтэйг хойш түлхсэн чинь хажуунаас нэг нь нүүрүү гараараа 1 цохихоор нь би тонгойсон чинь цамцнаас татаад толгойруу гараараа цохьсон. Тонгойгоод зогсож байтал саарал бэлтгэлийн цамцтай 175 см орчим өндөртэй махлагдуу эрэгтэй зүүн гарнаас татахад би нэг юманд тээглээд унасан бөгөөд энэ үед миний зүүн гарыг өчсөн. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5/-р тал,
  2. Гэрч Б.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Тухайн өдөр Түвшинбаяр, Шинэтөр, Э нартай уулзаад машиндаа 3 шил архи хувааж уусан. Тэгээд бид 4 алхаад явж байтал Түвшинбаярын гэрийн гадаа Батмөнх таньдаг хүнтэйгээ таарсан бөгөөд Э тухайн хүнээс надаар дамжуулж архи нэхсэн. Тэгээд маргаан болсон, би ямар нэгэн байдлаар хэн нэгнийг цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11/-р тал,
  3. Гэрч Б.Шинэтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20.00 цаг үед найз нартайгаа уулзаад машиндаа архи хувааж уусан. Тэгээд явж байхад Батмөнх таньдаг Зоригоо гэх хүнтэй таарсан бөгөөд Зоригоо гэх залуу Батмөнхийг татаад унагаасан. Тэр үед Түвшинбаяр салгах гэж очоод салгах гээд ноцолдож байхад тухайн хүн Эы эрүүрүү гараараа цохиход Э зөрүүлээд цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/-р тал,
  4. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Бид 4 харих гээд алхаж байтал нэг хүн Батмөнхийг мөрлөөд дэгээдээд унагаасан. Намайг салгах гээд очтол тэр залуу гараараа миний эрүүрүү түлхсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүрэн хэсэгт нь гараараа 1-2 удаа цохиход Шинэтөр намайг болиулсан. Манай 3 найз зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/-р тал,
  5. Гэрч Г.Түвшинбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Э миний нүүрэн хэсэгт цохьсон залуугийн нүүррүү гараараа цохьсон. Тэгээд тэр хоёр зугтаасан ба би өвдгөөрөө сөхрөөд газар унасан. Батмөнх, Шинэтөр нар нь хэн нэгийг цохиж, зодоогүй. Миний биед зүүн өвдөг шалбарсан, өөр гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/-р тал,
  6. Шүүх шинжилгээний шинжээч үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “... Д.Бийн биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14/-р тал,
  7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/-р тал,
  8. Шүүгдэгч Д.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 36/-р тал,
  9. Яллагдагч Д.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тэр залуугийн нүүр рүү гараараа 1-2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/-р тал зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд Д.Эд холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. 

 

Иймд Д.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Эы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Д.Э нь хэдийгээр сонсголын бэрхшээлтэй гэх боловч энэ нь хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй бөгөөд прокуророос хуульд заасан хамгийн бага хэмжээний торгуулийн ял санал болгосон байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдол, санал байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 60 дугаар тал/ зэргийг харгалзан шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д-ийн Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Эд сануулсугай.

4. Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Х.ИДЭР