Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баясгалан,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

хохирогч Б.Мөнхөө

шүүгдэгч М.Эгиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Мандалын Эгиймаад холбогдох эрүүгийн 201519000757 дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүн хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрха дүүрэг 22 дугаар хороо Алтан-Өлгийн 15-20-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жинчин овогт Мандалын Эгиймаа /РД:НЩ76062069/ гэв.

 

     Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

     Шүүгдэгч М.Эгиймаа нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохиргч Б.Мөнхөөг ажилдаг сургууль дээр нь багш сурагчдын дунд "янхан, банзал, гичий" зэргээр хэл амаар доромжилж нэр хүндэд нь халдаж доромжлох гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Хохирогч Б.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд шүүгдэгч М.Эгиймаад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. М.Эгиймаатай сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Шүүгдэгч М.Эгиймаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Б.Мөнхөөтэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эгиймаа нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохиргч Б.Мөнхөөг ажилдаг сургууль дээр нь багш сурагчидын дунд янхан, банзал, гичий зэргээр хэл амаар доромжилж нэр хүндэд нь халдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнхөөгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч Б.Мөнхөөгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Оюун-Эрдэнэ, Ч.Алтанцэцэг, Б.Гантулга, Б.Мөнхтулга, И.Урангоо, Д.Хуягбаатар, Б.Гантуяа, Э.Мөнхбаатар, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхтулга нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Эгиймаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Эгиймаагийн холбогдсон Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ " гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ" гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхөө нь шүүгдэгч М.Эгиймаатай сайн дураараа эвлэрсэн, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдгээ илэрхийлсэн байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж зааснаар хохирогч Б.Мөнхөө нь шүүгдэгч М.Эгиймаатай эвлэрч байх тул М.Эгиймаад холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

    Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Минжин овогт Мандалын Эгиймааг доромжлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар  зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар сэжигтийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Эгиймаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Эгиймаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           4. М.Эгиймаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Эгиймаад  авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ