Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 5

 

Д.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

Прокурор                                        Д.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Чинбаатар

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолтой Д-гийн А-т холбогдох, 1818003460429 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, сүрьеэ өвчтэй гэх, урьд нь:

-2005 оны 8 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар,

-2006 оны 7 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-2010 оны 02 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил  хорих ялаар шийтгүүлж,  2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр   эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоног хорих ялаас  тэнсэн сулласан,

-2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.т зааснаар 1 сар 10 хоног  баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн. ********** регистрийн дугаартай,  Б- овогт Д-гийн А-.

Шүүгдэгч Д.А- нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд  Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 27 дугаар байрны 3 дугаар орцонд шатаар өгсөж явсан 11 настай М.Б-ын араас очиж амыг нь дарж ...У- дуудаж байна... гэж  хуурч  түүний  60.000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” загварын утсыг  дээрэмдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан  гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар өөрчлөн  зүйлчилж,

-Шүүгдэгч Б- овогт Д-гийн А-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.А-ыг 8 /найм/ сар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Д.А-т оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор  Давж заалдах шатны шүүхэд бичсэн  эсэргүүцэлдээ:

...Анхан шатны шүүх ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийж авахаар довтолсон үйлдэл гэдэгт бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч рүү илээр эсхүл гэнэдүүлэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэхэд бие махбодийн хүчирхийллийн аливаа идэвхтэй үйлдлүүдийг ойлгоно гэж заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх  шүүгдэгч Д.А- орцонд шатаар өгсөж явсан насанд хүрээгүй хохирогч М.Б-ын араас очин амыг нь дарж  ...У- дуудаж байна... гэж хэлээд халааснаас гар утсыг авсан үйлдэл нь  бусдын  амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх шинж агуулагдахгүй байгаа ба хохирогчийн эсэргүүцлийг дарахад ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А- нь насанд хүрээгүй хохирогчийн амь биед аюулгүйгээр хүч хэрэглэж гар утсыг нь авсан гэж үзэх үндэслэлтэй  гэж дүгнэлт хийн  зүйлчлэлийг  хуулийн үндэслэлгүйгээр хөнгөрүүлж өөрчлөн, шүүгдэгч Д.А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр гэж шийдвэрлэсэн нь шүүх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.А-ын үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болох :

-хохирогч М.Б-ын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-14 хуудас.,

-Насанд хүрээгүй хохирогч М.Б-ын “27-р байрны 3-р орц руу ороод дээшээ шатаар гараад 2 давхар руу гарах гэж байтал араас нэг ах том том шат алгасаж алхаад миний араас ирээд нэг гараараа миний амыг дараад доошоо 2-3 шат чирсэн. ...дотроо намайг аваад явах гэж байна гэж бодоод аймаар айсан. /уйлав гэх мөрдөгчийн нөхцөл байдлыг мэдүүлэгт тусгасан үг/ Би хашгирах гэтэл миний амыг дарсан учраас би дуу гаргаж чадаагүй” / хх-ийн 20-хуудас/

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.М-ын “...охин Б- 12 цаг өнгөрч байхад гэрээс гарахдаа ангийн хүүхдийнд очиж хичээлээ хийхээр явсан. Тэгээд найзынх руугаа явж байхад танихгүй хүнд гар утсаа дээрэмдүүлсэн байна. ...охин маань тэр хэргээс хойш сэтгэл санааны хувьд түгшүүртэй байгаа  /хх-ийн 24 хуудас/

-Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн ...манайд орж ирэхдээ танай орцонд галзуу хүн байдаг юм уу? гээд айсан байдалтай орж ирсэн. ... сая танайх руу орж ирэхэд танихгүй хүн миний амыг дарсан тэр хүн утсыг минь авчихсан гэж ярьж байсан” /хх-ийн 35 хуудас/ зэрэг мэдүүлгүүдээр насанд хүрээгүй хохирогчийн амыг нь дарах, шатны уруу гишгүүр алгасан хойш татан чирэх зэрэг идэвхитэй үйлдлээр хохирогчийн бие болон сэтгэлзүйд хүч хэрэглэж үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүйгээс гадна 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд дээрэмдэх гэмт хэргийг амь биед аюултайгаар хүч хэрэглэх гэсэн шинжийг хуульчлаагүй байхад эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж үндэслэлгүйгээр зүйлчлэл өөрчилж шийдвэрлэсэн байна.

Иймд 423 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1.2.т заасан шүүх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  Д.Энхтуяа дүгнэлтдээ:

...Эсэргүүцлээ дэмжиж байна.., шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд  нь буцаах нь  зүйтэй гэв.                        

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Дархан-Уул  аймгийн Прокуророос шүүгдэгч Д.А-ыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн  орчимд  Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 27 дугаар байрны 3 дугаар орцонд шатаар өгсөж явсан  өсвөр насны буюу 11 настай М.Б-ын араас очиж амыг нь дарж  “...У- дуудаж байна... “ гэж  хуурч   түүний  60.000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” загварын утсыг  хүч хэрэглэн,  дээрэмдсэн  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан  гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд ирүүлсэн  бөгөөд анхан шатны шүүх   хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар өөрчлөн  зүйлчилж, 8 сар хорих ял оногдуулж  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

           Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн бөгөөд  эсэргүүцлийг  үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримт болон   хэргийн нөхцөл байдлыг  шинжлэн, судалж үзвэл:

             1./  Шүүгдэгч Д.А- нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд  Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрны 3 дугаар орцонд шатаар өгсөж явсан 11 настай М.Б-ын араас очиж амыг нь дарж ...У- дуудаж байна... гэж  хуурч  түүний  60.000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” загварын утсыг  хүч хэрэглэн  дээрэмдсэн  үйл баримт болсон бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:

шүүгдэгч Д.А-ын  ...тухайн үед тэр охины халааснаас утас цухуйж байхаар нь би араас дагаж  орц руу ороод  түүнийг шатан дээр явж байхад нь   нэг гараараа нүдийг нь дарж  нөгөө гараараа утсыг нь авсан... гэсэн мэдүүлэг.,

-Насанд хүрээгүй хохирогч М.Б-ын  ... орц руу ороод дээшээ 2 давхар руу гарах гэж байтал араас нэг ах том том шат алгасаж алхаад миний араас ирээд нэг гараараа миний амыг дараад доошоо 2-3 шат чирсэн..,  дотроо намайг аваад явах гэж байна гэж бодоод аймаар айсан.,   тэгээд хашгирах гэтэл миний амыг дарсан учраас би дуу гаргаж чадаагүй... гэсэн мэдүүлэг,  

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.М-ын    ...охин Б- 12 цагийн үед  ангийн хүүхдийнд очиж хичээлээ давтхаар яваад  орцонд танихгүй хүнд гар утсаа дээрэмдүүлсэн байна..., охин маань тэр хэргээс хойш сэтгэл санааны хувьд түгшүүртэй байгаа.. гэсэн мэдүүлэг,   

-Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн ...манайд орж ирэхдээ танай орцонд галзуу хүн байдаг юм уу... гээд сая танайх руу орж ирэхэд танихгүй хүн миний амыг дарсан тэр хүн утсыг минь авчихсан гэж ярьсан ....гэсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар  насанд хүрээгүй хохирогчийн амыг нь дарах, шатны руу гишгүүр алгасан хойш татан чирэх зэрэг идэвхитэй үйлдлээр хохирогчийн бие болон сэтгэл зүйд хүч хэрэглсэн болох нь нотлогджээ.

Харин  хавтаст хэрэгт  дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн  ямар ч баримт авагдаагүй байхад шүүх  нотлох баримтын эх сурвалжийг заагаагүй атлаа  хуулийн үндэслэлгүй хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь буруу байна.

2./ Мөн  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлж зүйлчлэлийг хүндрүүлэхдээ  “...амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн...” гэсэн   шинжийг  заагаагүй байхад шүүх  эрүүгийн хуульд байхгүй  шинж, үндэслэл зааж  Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.

        Үүнээс гадна тухайн гэмт хэрэг нь тухайлбал  дээрэмдэх гэмт хэргийг   илээр., хүч хэрэглэхгүйгээр.,  эсхүл хууль бусаар гэх мэт., мөн  хүч хэрэглэж., эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж...,  гэсэн шинжүүдийн   аль нэгийг эсхүл хэд хэдийг агуулсан байж болох  боловч энэ тохиолдолд  зөвхөн  “хүч хэрэглэсэн” шинжтэй байхад  дээрмийн хэргийн бүх шинжийг бичсэн нь буруу  байна.  

            Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.,  мөн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул  энэ талаар бичсэн пролкурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн  хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9  дүгээр зүйлийн 2.,  39.5  дугаар  зүйлийн 1.1., 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3.т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д-гийн А-т холбогдох, 1818003460429 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг  дахин  шийдвэрлүүлэхээр  мөн шүүхийн  хэлэлцүүлэгт буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч Д.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

           4.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                                              ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                   Б.МАНЛАЙБААТАР