Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/225

 

 

2019           11          08                                   2019/ШЦТ/859

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Б.Чимгээ,

Хохирогч: Г.М,

Шүүгдэгч: Н.О, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.О-т  холбогдох эрүүгийн 1911 0227 01004 дугаартай 1 хавтаст хэргийг  2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн мэргэжилтэй, Теди төвд гар утасны засварчин ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн ….. дугаар гудамжны 250 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Н.О

Холбогдсон хэргийн талаар:

Н.О нь 2019 оны 8  дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Те…..” төвийн байранд гар утасны засварын үйлчилгээ үзүүлж байхдаа зэргэлдээ лангууны Г.Мтэй үйлчилгээний үнэ унагаж хямдрууллаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж нүүр, толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Эс 5 маркийн гар утасны дэлгэцийг 90.000 төгрөгөөр солино гэхээр нь би 80.000 төгрөгөөр солино гэж хэлсэн. Гэтэл Н.О-н ах нь орж ирээд яагаад үнэ унгагаагаад байгаа юм бэ гээд намайг цохисон. Н.О тухайн үед ирэхээр нь бид хоёрыг салгах гэж байна гэж бодсон ч намайг цохиод авсан. Би шүдээ хийлгэх юм бол надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүдний эмнэлэг судалж байгаад 2.500.000 төгрөгөөр янзлах дундаж үнэтэй эмнэлэг олсон...” гэв

Хохирогч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг 30 минутын орчим ажил дээрээ байж байхад манай лангуун дээр S5 гар утасны дэлгэц солиулъя гээд нэг хүүхэд орж ирсэн бөгөөд манай хажууд суудаг ах 90 мянган төгрөгөөр солино гэсэн чинь нөгөө хүүхэд надад 80.000 төгрөг байна солиод өгчих гээд нөгөө хажуугийн ах сольж өгөхгүй гэсэн тэгэхээр нь би нөгөө хүүхдийн утасны дэлгэцийг 80.000 төгрөгөөр солиод өгье гээд авч солих гэж байтал өөрийнхөө тавих дэлгэцийг эвгүй дараад хагалаад хаячихсан тэгэхээр нь хажуугийн ахын дүүд нь өгөөд задалчихсан бас нэлээн хүлээчихлээ энийг 80.000 төгрөгөөр солиод өгчих гээд Н.О гэх залууд өгсөн тэгсэн аваад солиод явуулсан бөгөөд явсаных нь дараа Н.О-н ах У орж ирээд дэлгэцний үнэ унагаад өөрөө үнэ зохиогоод байхын гэж хэлээд надад уурласан тэгэхээр нь Уд хандан “та яагаад байгаан би өөрийнхөө дэлгэцийг хагалчихлаа Н.Оаар наадах чинь тавиулчихлаа” гэхэд У уурлаж босч ирээд энгэрээс бариад авахад дүү буюу Н.О салгаад намайг түлхсэн бөгөөд би тэр хоёрт хандан “та хоёр яагаад байгаан” гэхэд Н.О яах ийхийн зуургүй миний нүүр, толгой, нүд рүү хэд хэдэн удаа цохиж аваад миний баруун нүдийг хөхрүүлээд уруул сэтлээд, дээд үүдэн шүд унагаасан бөгөөд би шууд гараад хажуугийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн ...Н.О намайг 4-5 удаа цохисон байх миний уруул сэтэрсэн, үүдэн дээд нэг шүд унасан, баруун нүд хөхөрсөн, толгойны баруун ар хэсэгт бондойсон байна өөр гэмтэлгүй...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 16-18-р хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Г.М болон н.М нар хоорондоо тэврэлдэж аваад байх шиг харагдсан тэгсэн гаднаас Н.О орж ирээд Г.Мг салгаж аваад харин би н.Мыг салгаж авсан тэгсэн Г.М би яасын гээд Н.О луу дайраад байсан тэгсэн Н.О Г.Мгийн нүүрэн хэсэг рүү нь хоёр гараараа ээлжлэн хэд хэдэн удаа цохичихсон тэгэхээр нь би дундуур нь орж салгасан өөр болсон зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/

Гэрч Ч.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Г.М болон н.М нар хоорондоо чанга дуугаар маргалдаж байсан тэгснээ хоорондоо зууралдаад авсан тэгсэн н.Б, Н.О хоёр тухайн хоёр хүнийг салгасан тэгсэн Г.М, н.М луу орилж хашгичаад байсан тэгсэн Н.О тэсгэл алдаад Г.Мгийн нүүрэн хэсэг рүү нь хоёр гараараа ээлжлэн хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан тэгсэн гаднаас нэг залуу орж ирж салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №10267 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.М-н биед тархи доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 1 шүд /11/ унасан, дээд үүдэн 1 шүд /21/ ганхаж хөдөлсөн, баруун ухархайн дотор ханын хугарал, дээд уруулын дотор салст язарч шархалсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. 4. 2 шүд хугарсан нь цаашид хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтмол сарниулна” гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 25-р хуудас/

Натур эмнэлгийн компьютер, томографийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 26-р хуудас/

Хохирогч Г.Мгийн хохирлын баримт /хавтаст хэргийн 8-10-р хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-р хуудас/

Яллагдагч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди төвийн 4-н давхарт хохирогч Г.Мтэй маргаан хийж улмаар түүний биед халдан нүүрэн хэсэгт 5-6 удаа хоёр гараараа ээлжлэн цохиж хөнгөн зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...Г.М зүгээр байх даа л Н.О “гөлөг минь, гичий минь” гээд тоглоод байгаа нь мэдэгдэхгүй шоглоод байгаа нь мэдэгдэхгүй харьцдаг тэгэхээр нь нээх харьцдаггүй юм. Тухайн өдөр бол ахыг янз бүрээр хэлээд байсан мөн ахтай барьцалдаад авахаар нь салгасан тэгсэн намайг даваад ахыг хэл амаар доромжлоод байхаар нь эхэлж алагдаж аваад араас нь 5-6 удаа хоёр гараараа ээлжлэн цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-35-р хуудас/

Шүүгдэгч Н.О-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 41, 40-р хуудас/

Шүүгдэгчийн Н.О-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 42-43-р хуудас /

Яллагдагч Н.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 8  дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Теди” төвийн байранд гар утасны засварын үйлчилгээ үзүүлж байхдаа зэргэлдээ лангууны Г.Мтэй үйлчилгээний үнэ унагаж хямдрууллаа, ах н.Мыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргаан үүсгэж нүүр, толгой хэсэгт нь цохиж, зодсоны улмаас хохирогч Г.Мгийн биед тархи доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 1 шүд /11/ унасан, дээд үүдэн 1 шүд /21/ ганхаж хөдөлсөн, баруун ухархайн дотор ханын хугарал, дээд уруулын дотор салст язарч шархалсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан      хохирогч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Б, Ч.Т нарын мэдүүлэг,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №10267 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, Натур эмнэлгийн компьютер, томографийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээний дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.О нь хохирогч Г.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдан түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 1 шүд /11/ унасан, дээд үүдэн 1 шүд /21/ ганхаж хөдөлсөн, баруун ухархайн дотор ханын хугарал, дээд уруулын дотор салст язарч шархалсан хөнгөн хохирол учруулсан байна. Шүүгдэгч Н.О-н үйлдлийн улмаас хохирогч Г.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирол, хор уршигт хүргэсэн шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Н.О нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.  

Шүүгдэгч Н.О-т холбогдох хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

 Прокуророос Н.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.М нь 3.342.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс хэрэгт 842.000 төгрөгийн баримт авагдсан. Цаашид хийлгэх эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Н.О нь хохирогч Г.Мд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 842.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч Г.М нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Н.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан болоод шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.О нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтэд тэмдэглэснээр хохирогч Г.М нь хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтмол алдсан, мөн хохирогч Г.Мгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг хохирогч нэхэмжилж байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгаагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.О-н үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Эрүүгийн хэрэгт нотлох баримтаар хураагдан ирсэн цагаан өнгөтэй 1 ширхэг сидиг прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйлд заасан торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.О-т сануулсугай.

5.Хохирогч Г.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Н.О-с Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэгт нотлох баримтаар хураагдсан цагаан өнгөтэй 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.О-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР