Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1815

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

  2020             10           19                                         2020/ШЦТ/1815

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Д.Ариунжаргал, 

Нарийн бичгийн дарга Н.Солонго,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.А д холбогдох эрүүгийн 2006 00000 2418 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Г.А , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр иргэн Б.Г-ийн “Iphone xs” маркийн гар утсыг нууцаар,хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүх хүлээн авч,хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах  нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн,бодитой шинжлэн судлав.Үүнд

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв[1],

 

Шүүгдэгч Г.А-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г -ийн  цүнхний цахилгааныг нь онгойлгоод гар утсыг нь авсан би гар утсыг нь халаасандаа хийсэн. Г миний гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь бид 2 гар утсыг нь сууж байсан газрын доод өвстэй хэсгээр нь хайсан. Тэгээд манай хамт ажилдаг эгч ирээд намайг цуг явъя гэж хэлээд явсан, тэр үед Г надад таксины мөнгө байхгүй би замдаа хүнсний 4 дээр бууя гэж хэлээд хамт явцгаасан. Тэгээд би нөгөө эгчтэй хамт нисэх рүү явсан би хамт явсан ажлынхаа эгчид найзынхаа утсыг авсныг хэлээгүй. Би Г -ийн  гар утсыг авсан өдрөө гар утасных нь ID кодыг асуугаад гэртээ очоод утаснаас нь ID кодыг нь гаргасан. Би Г -ийн  утаснаас нь сим картыг нь гаргаж авсан байсан...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч Б.Г-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед өөрийн дүү Б.Гэрэлчимэгтэй хамт Баянгол дүүргийн 3 хороололд байрлах “Arrirang” худалдааны төв дотор явж байхад миний багийн найз болох Г.А над руу 19 цагийн үед 80648039 гэсэн дугаараас залгаад надтай уулзмаар байна гэхээр нь 20 цагийн үед Улсын их дэлгүүрийн хажууд өөрийн найз Г.Азжаргалтай уулзсан. Дараа нь замын урд байрлах “Wendy bakery” орж нэг, нэг ширхэг пицца авч идээд гарч ирээд “UBH” төвийн нэг давхарт байрлах CU орж 2 гоймон авч идсэн. 22 цагийн үед CU-гээс гараад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах арслантай гүүрнээс урагш Сэлбэ голын зүүн талын сандал дээр сууж байхдаа өөрийн “ Iphone xs” гар утсаа алга байсныг мэдсэн. Тэгээд би утас байхгүй гээд бид хоёр тэр хавиар зөндөө хайгаад олоогүй. Маргааш нь 29-ний өдөр “Теди” төв дээр очиж өөрийн гар утсаа алдсан юм. IMEI кодоо олох боломжтой юу гэхэд өөрийн утсандаа миний ID-г хийж үзсэн. Тэр үед миний ID-д миний утаснаас гараагүй байсан. Орой 22:00 цагийн орчимд найз Г.А над руу залгаад чи ID-raa өгчих би танилаараа шүүлгээд өгье гэж хэлэхэд нь би ID-гаа өгсөн юм. Тэгээд цагдаад мэдэгдэж амжаагүй юм. 30-ны өдөр би “Теди” төвд өчигдөр очиж уулзсан эгчтэй уулзахад миний ID-г миний гар утаснаас гаргасан байсан талаар мэдсэн би гар утсаа алдсанаас хойш найз Г.А-ыг авсныг нь мэдэж байсан учраас миний гар утсыг буцаагаад өгчих гэж цагдаа дээр ирэх өдөр хүртлээ өдөр болгон ярьж байсан, өөрөө би аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд өргөдөл өгсөн би цагдаагийн байгууллагат ирчхээд хүртэл миний гар утсыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд Г.А нь мөрдөгч рүү ороод гарч зогсож байхдаа надад би чиний утсыг тоглоомоор авсан юм аа, удахгүй буцааж өгөх гэж байсан юм аа, хэтэрхий удаачихлаа уучлаарай гэж хэлсэн. Миний гар утсыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед надад Хан-Уул дүүрэгт байрлах “Таван богд”-ын оффисын гадаа уулзаад өгсөн. Миний гар утасны ID кодыг гаргасан байсан бөгөөд дотор нь байсан бөгөөд дотор нь байсан юмнуудыг бүгдийг нь устгасан байсан...” гэх мэдүүлэг[3],

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан,[4]

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[5],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн  Б.Г-ийн айфонэ xs маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Г.А-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г -ийн  цүнхний цахилгааныг нь онгойлгоод гар утсыг нь авсан би гар утсыг нь халаасандаа хийсэн. Би Г -ийн  гар утсыг авсан өдрөө гар утасных нь ID кодыг асуугаад гэртээ очоод утаснаас нь ID кодыг нь гаргасан...” гэх[7],

Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22:00 цагийн орчимд найз Г.А над руу залгаад чи ID-raa өгчих би танилаараа шүүлгээд өгье гэж хэлэхэд нь би ID-гаа өгсөн юм. Тэгээд цагдаад мэдэгдэж амжаагүй юм. 30-ны өдөр би “Теди” төвд өчигдөр очиж уулзсан эгчтэй уулзахад миний ID-г миний гар утаснаас гаргасан байсан талаар мэдсэн би гар утсаа алдсанаас хойш найз Г.А-ыг авсныг нь мэдэж байсан учраас миний гар утсыг буцаагаад өгчих гэж цагдаа дээр ирэх өдөр хүртлээ өдөр болгон ярьж байсан ...тэгээд Г.А нь мөрдөгч рүү ороод гарч зогсож байхдаа надад би чиний утсыг тоглоомоор авсан юм аа удахгүй буцааж өгөх гэж байсан юм аа, хэтэрхий удаачихлаа уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд[8], Хөрөнгийн үнэлгээний тайлан,[9] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж,энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар ,хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан .

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хөрөнгийн үнэлгээний тайлангаар гэмт хэргийн халдлагын зүйл болох “Iphone xs” маркийн гар утсыг 1.310.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шүүгдэгч Г.А-ын нь хохирогч Б.Г-ийн цүнхнээс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогчид 1.310.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан бага хэмжээнээс дээш хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогч хохиролгүй болсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Г нь “санал хүсэлт байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг танилцуулж, Г.А нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.А ыг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэл тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч дээд шатны прокурорын нар шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш,эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан ,эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болох хүртэл Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                 

ШҮҮГЧ                                   М.ТҮМЭННАСТ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 7, 33 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 7, 33 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас