| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00476/И |
| Дугаар | 916 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 916
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2017/00916 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн урд, задгайд оршин суух Цог овогт Хаданхясаагийн Цэнгэлбаярын /РД:ХО74071204/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, МИС д/байр, 308 тоотод оршин суух Хатигин овогт Дэмбэрэлийн Оросоод /РД:УС72122814/ холбогдох
Хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хаданхясаа, хариуцагч Д.Оросоо, хариуцагчийн өмгөөлөгч Р.Чинбаа /ШТЭҮ-1028/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нароролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хаданхясаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хаданхясаа овогтой Цэнгэлбаяр миний бие нь 2002 онд Гомбосүрэн овогтой Нармандахаас Баянгол дүүргийн 7-р хороо, Эмгэг согог судлалын ундэсний төв /Шинэ гэмтлийн эмнэлэг/-ийн урд талд задгайд байрлах хашаа, байшин /амины орон сууц/-г худалдан авсан юм. Ингээд миний бие 2002 оны 8 дугаар сарын 12-нд уг амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн 0000173 дугаар гэрчилгээг Улаанбаатар хотын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас, газар эзэмших 0101002439 дугаар бүхий гэрчилгээг Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 4-р сарын 25-ны өдрийн 109 дугаар шийдвэрээр тус тус авсан юм. /Уг газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 6 сарын 20-ны өдөр 5 жилийн хугацаагаар сунгуулж 0184035 бүхий гэрчилгээг авсан. Гэтэл миний албан ёсны дээрхи үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг бидэнд огт мэдэгдэлгүйгээр хүчингүй болгон, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 10 сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамж, мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1 сарын 28-ны өдрийн А/60 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамж гарч Г.Нармандах гэдэг хүнд эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан байсан. Д.Оросоо нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулсныг таслан зогсоож, үнэн бодит байдлыг тогтоолгохоор Захиргааны Хэргийн анхан Шатны 20 дугаар шүүхэд /2015.05.28-нд/ миний бие нэхэмжпэл гаргасан.
Баянгол дүүргийн Засаг дарга асан Оросоо нь Үндсэн хууль, Иргэний хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Төрийн албаны тухай зэрэг хуулийг илт зөрчин хууль бус захирамж гаргасан нь шүүхээр нотлогдон захиргааны Хэргийн Анхан Шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 сарын 20-ны едрийн 212 тоот шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын болон Баянгол дүүргийн засаг даргын 2013 оны А/626, 2014 оны А/60 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гарсны дараа миний бие 2015.10.20-нд БГД-ийн Засаг Даргын Тамгын Газраас газар эзэмших эрхийн 000566301 тоот гэрчилгээг, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016.06.13-ны өдрийн шийдвэрээр газар өмчлөх 0132053 тоот гэрчилгээг тус тус авсан. 13 жил амьдарч байгаа миний амины орон сууц, газар эзэмших албан ёсны эрхийг бидэнд огт мэдэгдэлгүйгээр хүчингүй болгож, өөр хүнд шилжүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 10 сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамж болон 2014 оны 1 сарын 28-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хууль зөрчсөн гэмт үйлдэл гэж үзэж байна.
Иймд үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжпэл гарган, өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт төлсөн 10.000 000 төгрөгийг Баянгол дүүргийн засаг дарга асан /Д.Оросоо/-аас гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү.
Хариуцагчийн өгсөн тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. 1.Иргэний хуулийн 8 дугаар бүлгийн 8.1.2-д “иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ”, 8.1.2-д “иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр” захиргааны хэргийн шийдвэр гарч харилцаа үүссэн, 8.1.7-д “иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох” захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан, 8.1.5-д “гэм хор учруулах” зэрэг хуулийн заалтаар хариуцагч Д.Оросоо нэхэмжлэгч Х.Цэнгэлбаяр нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн тул хариуцагчид нэхэмжлэл гаргах үндэслэлтэй.
2.Төрийг төлөөлж бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч өөрийн гаргасан эрхийн актын шийдвэртэй холбоотой хэргийн жинхэнэ хариуцагч нь байх ёстой.
3.Хариуцагч нь Х.Цэнгэлбаярын хууль ёсны эзэмшил газрыг өөр хүнд эзэмшүүлэхээр МУ-ын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хуулийг илт зөрчин захирамж гаргасны улмаас нэхэмжлэгч шүүхэд хандан өмгөөлөгчийн төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч Д.Оросоогийн гаргасан алдаа нь өмчлөх эрхэд халдсан холбогдох хуулийн заалтуудыг зориуд зөрчсөн байх тул Төр бус шийдвэр гаргасан албан хаагч өөрөө хариуцах ёстой.
4.Шүүхийн шийдвэр гарснаас хойш 105 хоногийн дараа газар эзэмших захирамж, 180 хоногийн дараа газар эзэмших гэрчилгээ гарсан.
5.Хариуцагчийн бусармаг үйл ажиллагааны улмаас орох оронгүй өвлийн хүйтэнд гэрээс хөөгдөн гарахад хүрч өмгөөлөгч авах зайлшгүй шаардлага гарсан тул өмгөөллийн хөлсөнд 10 000 000 төгрөгийг төлсөн. Энэ баримт нь өмгөөлөгч Ч.Ганбатад байгаа болно.
6.Хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нь нэгэнт шүүх тогтоож шийдвэр гарсан.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг иргэн Д.Оросоод холбогдуулан гаргасан. Түүний хууль бус ажиллагаа явуулсан болох нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа тул эрхээ сэргээлгэхээр өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд нь 10 000 000 төгрөгийг төлж хохирсон. Анх хууль зөрчиж шийдвэр гарснаас болж энэ захиргааны хэрэг үүссэн юм. Тухайн газрыг бидэнд мэдэгдэхгүйгээр эрхээ сунгуулах хүсэлт өгсөн байхад эрхийг хүчингүй болгосон байсан. 2013 оны сүүлээр Баянгол дүүргийн Засаг даргын захирамж болон газар эзэмших гэрчилгээ зэргийг үзүүлж н.Нармандах нь дөрвөн хүнтэй хамт ирж хашаанаас гар гэж хэлсэн бөгөөд үүнээс болж өвлийн хүйтэнд гадаа хөөгдөж гарах шахсан. Үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж хариуцагчийн шийдвэр нь холбогдох хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Бид хууль бус, үндэслэлгүй гарсан шийдвэрээс болж хохирсон тул Баянгол дүүргийн шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй байна гэж хэлсэн. Тэгээд хаягийг нь тодруулаад энэ шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Хариуцагчийн буруу шийдвэр гаргаагүй бол бид Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд оролцох шаардлагагүй, өмгөөлөгч ч авах хэрэггүй байсан юм. Гэтэл өөрсдөө хуульч биш учир шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч авсан бөгөөд 10 000 000 төгрөгийг өмгөөллийн хөлсөндөө төлсөн, төлсөн баримт нь нэхэмжлэгчид байсан, бас өмгөөлөгч Ч.Ганбатад өмгөөллийн хөлсөндөө 10 000 000 төгрөгийг авсан гэдэг баримт нь байгаа.
Тиймээс шүүхээс хариуцагчийн шийдвэрийг хууль зөрчсөн, буруу байсан гэж шийдвэрлэсэн, хариуцагчийн буруутай захирамжаас болж манайх хохирсон тул энэ хохирлыг шийдвэр гаргасан хариуцагч Д.Оросоо төлөх ёстой гэж үзэж байгаа гэв.
Хариуцагч Д.Оросоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Х.Цэнгэлбаяр нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “... БГД-ийн Засаг дарга асан Д.Оросоо нь Үндсэн хууль, Иргэний хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Төрийн албаны тухай зэрэг хуулийг илт зөрчин хууль бус захирамж гаргасан нь шүүхээр нотлогдон, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/626, 2014 оны А/60 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон. 13 жил амьдарч байгаа миний амины орон сууц, газар эзэмших албан ёсны эрхийг бидэнд огт мэдэгдэлгүйгээр хүчингүй болгож, өөр хүнд шилжүүлсэн БГД-ийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамж болон 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хууль зөрчсөн гэмт үйлдэл гэж үзэж байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гарган, өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт төлсөн 10.0 сая төгрөгийг Баянгол дүүргийн Засаг дарга асан /Д.Оросоо/-аас гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү... ” гэжээ. Хариуцагч Д.Оросоо би нэхэмжлэгч Х.Цэнгэлбаяртай иргэн хүнийхээ хувиар ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй тул иргэн надад холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй бөгөөд тухайн үед буюу 2013-2014 онд би төрийн албан тушаал хашиж байхдаа хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед гаргасан захирамж тул уг асуудал нь хэрвээ хохирол гэж үзэх үндэслэлтэй бол Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасны дагуу хууль тогтөөмжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах... ”-аар заасан.
Уг хуулийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 10 сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамж болон 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/60 дугаар захирамж нь иргэн Х.Цэнгэлбаярын эрх ашиг хөндөгдөж өөрт нь хохирол учруулсан гэж үзэж байгаа бол уг хохирлыг төрөөс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Уг иргэний хэргийн жинхэнэ хариуцагч би биш болно.
Уг захиргааны хэрэг нь зөвхөн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд тухайн үед Засаг даргын хувьд давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болмогц захирамж гарган нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг нь сэргээн хамгаалж байсан болно.
Иргэн хүн хууль зүйн туслалцаа авах нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд ямар хэмжээний төлбөр төлөх нь ч хувь хүний сонголт байдаг. Зөвхөн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэрэг дээр 10.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байгаа болно.
Иймд иргэн Х.Цэнгэлбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2013 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед иргэн н.Нармандах нь гомдол гаргасан, уг гомдолд 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй объектыг миний зөвшөөрөлгүйгээр өөр хүн эзэмшиж байна гэсэн. Тэгээд би энэ талаар газрын байцаагчид хэлэхэд судалж үзье гэж хэлсэн. н.Нармандах гэж хүний ямар нэг хүсэлт гаргаагүй байхад газрыг Х.Цэнгэлбаярын нэр дээр шилжүүлсэн байсан. Х.Цэнгэлбаяр нь хүсэлт гаргаж газрыг 2008 онд өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. 2013 онд н.Нармандах гэж хүн Баянгол дүүргийн Засаг даргыг буруутгасан бөгөөд энэ талаар судалж үзээд захирамж гаргаж Х.Цэнгэлбаярт шилжүүлсэн газар эзэмших эрхийг дуусгавар болгож н.Нармандах нь энэ газрын эзэмшигч байхад Х.Цэнгэлбаярын хүсэлтээр нэр шилжүүлсэн нь буруу байна гэж үзэж газрыг н.Нармандахад шилжүүлэх нь үндэслэлтэй байна гээд шилжүүлсэн. Газрын албанаас энэ талаар маргааныг шүүхээр шийдвэрлүүлээд дараа нь газрын эзэмшигчид газар эзэмших эрхийг нь олгох нь зүйтэй гэж тайлбарлаж байсан. Захиргааны хэргийн шүүхэд намайг хариуцагчаар татаж шүүх хурал болж миний захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хэргийн нөхцөл байдлын хувьд н.Нармандах нь байшин барьсан бөгөөд “Хас банк”-нд ажилладаг Х.Цэнгэлбаяртай холбогдож зээл авах талаар ярьж тохирсон байсан. Харин н.Нармандахыг гадаад явах хооронд Х.Цэнгэлбаяр хүсэлт гаргаж газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг юм. Шүүхээс шийдвэрлэхдээ үл хөдлөх хөрөнгийг газартай нь хамт байлгах ёстой гэж үзэж шийдвэрлэсэн. Бид давж заалдах гомдол гаргаагүй анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлүүлсэн. Би хуульд заасан үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 10.000.000 төгрөг төлсөн гэдэгт итгэлгүй байна, энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжилж байгаа төлбөрөө хохирол гэж үзэж байгаа юм бол Төрийн албаны тухай хуульд Төр хариуцна гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэх эрхтэй гэдгийг хэлмээр байна. Би тухайн үед ямар нэг алдаа гаргаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Цэнгэлбаяр нь хариуцагч Д.Оросоод холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хохирсон тул өмгөөлөгчид төлсөн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс болох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь хууль зөрчиж тушаал гаргаагүй, албан үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан, мөн өмгөөлөгчид хөлс төлсөн эсэх талаарх баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Х.Цэнгэлбаяр нь Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийн №0101002439 дугаар бүхий гэрчилгээ авч, 2008 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 239 дүгээр “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар амины орон сууцны зориулалтаар 203 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж эрхийг баталгаажуулан эзэмшиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 37-39-р хуудас/
Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамжаар “тус дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 431 м.кв газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 239 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ холбогдох материалын бүрдэл дутуу байхад шилжүүлсэн” гэж үзэж, иргэн Хаданхясаа овогтой Цэнгэлбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. /хэргийн 40-р хуудас/
Нэхэмжлэгч Х.Цэнгэлбаяр нь Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд иргэн Х.Цэнгэлбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбатын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №212 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Цэнгэлбаярын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/60 дугаар захирамжийн иргэн Г.Нармандахад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн иргэн Г.Нармандахад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Х.Цэнгэлбаяр миний газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 4-14-р хуудас/
Зохигч талууд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №212 дугаар шийдвэр гарсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Оросоо төрийг төлөөлж бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа зориуд санаатайгаар хууль зөрчин захирамж гаргаж, өмчлөх эрхэнд халдсаны улмаас уг эрхээ сэргээлгэхээр өмгөөлөгчид үйлчилгээ үзүүлсэний төлбөр төлж хохирсон тул 10 000 000 төгрөгийг хууль бус шийдвэр гаргасан албан хаагч өөрөө хариуцах ёстой гэж тайлбарласан.
Хариуцагчаас хууль бус захирамж гаргаагүй, уг газартай холбоотой маргаантай өргөдөл гомдол ирсэн учраас нэхэмжлэгч Х.Цэнгэлбаярын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарлаад энэ нь түүний шүүхэд ирүүлсэн Г.Нармандахын гаргасан өргөдөл, бүртгэл хяналтын картын маягт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж маргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №212 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/626 дугаар захирамжийг гаргасан эсэх талаараа маргаагүй бөгөөд мөн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/601 дугаар захирамжаар “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 239 дүгээр захирамжаар тус дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд амины орон сууцны зориулалттай иргэн Х.Цэнгэлбаярт эзэмшүүлсэн 203 м.кв газрын газар эзэмших эрхийг сэргээжээ. /хэргийн 37-р хуудас/
Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” тул хууль бус захирамж гаргасан этгээд Д.Оросоо хохирлыг төлөх үүрэгтэй гэсэн боловч хариуцагч нь уг захирамжийг Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-14,37-55-р хуудас/
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний” гэж төрийн албан тушаалын ангиллыг заасан ба 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаал”-д хамаарахаар, харин хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцана” гэж тус тус заажээ.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан, хариуцагч нь төрийн улс төрийн албан тушаалыг эрхэлж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан байх тул нэхэмжлэгчийн иргэн Д.Оросоогоос хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт 10 000 000 төгрөгийг төлж хохирсон болох нь хэрэгт авагдсан өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ, захиргааны шүүхийн шийдвэрээр нотлогдоно, өмгөөлөгч Ч.Ганбатаас өмгөөллийн хөлс төлсөн баримтыг шүүхэд гаргуулж болно гэж тайлбарласан бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №01 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч Х.Цэнгэлбаяр нь өмгөөлөгч Ч.Ганбаттай гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 17-18-р хуудас/
Нэхэмжлэгч Х.Цэнгэлбаяр, өмгөөлөгч Ч.Ганбатын хооронд байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 1.1-д “энэхүү гэрээний Б тал нь А талын нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. 1.2-д “гэрээгээр тохиролцсон хууль зүйн үйлдлийг хийсний дараа төлбөрт 10 000 000 төгрөгийн хөлс олгоно” гэж харилцан тохиролцжээ. /хэргийн 17-18-р хуудас/
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээнд заасан 10 000 000 төгрөгийг өмгөөлөгч Ч.Ганбатад хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт төлсөн болохыг баримтаар нотлоогүй бөгөөд шүүх хуралдаанд баримтыг өмгөөлөгч Ч.Ганбатаас гаргуулж болно гэсэн боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, уг баримтыг өөрөө олж авах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгч Х.Цэнгэлбаярын хариуцагч Д.Оросоод холбогдуулан гаргасан хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч А.Цэрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Цэнгэлбаярын хариуцагч Д.Оросоод холбогдуулан гаргасан хууль зүйн туслалцааны үзүүлсний төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Цэнгэлбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Д.РЕНЧЕНХОРОЛ