Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/863

 

 

 

 

 

 

 

 

2020            10           02                                       2020/ШЦТ/863

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч  Н.Энхболд,

шүүгдэгч Г.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Г.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905049931385 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ........ ашигт малтмал, технологийн их сургуульд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт,  Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хороолол ... байр ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.А-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.А- нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Могүмб констракшны байранд байсан хохирогч Д.Т-ыг цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн 375.592 төгрөгний зээлийг төлүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.А- мэдүүлэхдээ: “Миний буруу” гэв.

 

Шүүгдэгч Г.А- нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Могүмб констракшны байранд байсан хохирогч Д.Т-ыг цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн 375.592 төгрөгний зээлийг төлүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.Т-ын “...Би өөрөө хувиараа Lend.mn цахим банкны зээлийг чөлөөлдөг юм. Харин 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний зээл чөлөөлнө гэж нэртэй facebook хаяг руу baatar baatar гэсэн нэртэй facebook-ын хэрэглэгчээс Нөмөр ББСБ-гийн зээл чөлөөлөх санал ирсэний дагуу тухайн хүний зээлийг 3 хувийн хүүтэйгээ төлж барагдуулаад өөрийнх нэр дээр дахин зээл авч өөрийнхөө мөнгийг гаргуулж авахаар болоод тухайн хүний нэвтрэх нэр кодыг аваад тэр хүний нэрийн өмнөөс Нөмөр нэртэй цахим банк руу нэвтэрч 375.693 төгрөгний зээлийг нь хаагаад дахин зээл авах гэсэн боловч Key mobi-гийн зээл хэтэрсэн тул дахин зээл авах боломжгүй гэх хариу ирсэн. Тэгэхээр нь би тухайн хүнтэй чатаар холбогдож энэ талаар хэлэхэд надад за гэж хэлчихээд миний facebook чатыг блоклоод алга болчихсон. Миний хувьд тухайн этгээдийг танихгүй байсан. Мөн тэр хүний facebook нь Baatar Baatar нэртэй хуурамч хаяг байсан тул хэн гэдэг хүн байсныг мэдээгүй.  Тэгэхдээ тэр хүнтэй чаталж байгаад 470009403 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны дугаарыг нь олж авсан. Мэдээж энэ дансны дугаарыг хэрэглэж намайг хуурсан гэж бодож байна. 375.693 төгрөгөө нөгөө этгээдээс нэхэмжилж байна. Хэрвээ хохирлын мөнгөө олоод авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг, /хэргийн 19-20 дугаар хуудас/

“... Ганбаатарын Амгаланбаатар гэдэг хүн нь зээлээ төлүүлээд орох ярианы эрх нь хаагдсан утасны дугаар өгч тэр дор нь facebook хаягаа блоклосон нь залиланийн шинжтэй гэж үзэж би тэр дор нь цагдаад хандсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Нөмөр кредит ББСБ-ын зээлийн дансны хуулга. /хэргийн 54-55 дугаар хуудас/

 

Г.А-ын яллагдагчаар өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний Нөмөр апликейшнээс зээлсэн зээлийн хугацаа болсон байсан. Надад мөнгө байхгүй байсан учраас би Facebookзээл чөлөөлдөг зарын дагуу нэг хүнтэй холбогдож зээл чөлөөлөх үү гэхэд чөлөөлнө гэсэн би нэвтрэх кодоо тэр хүн рүү чатаар явуулсан. Өдөр 15 цагийн үед тэр хүн чиний 375.592 төгрөгийн зээлийг би төлчлөө, би төлсөн мөнгөө авах гэтэл зээл гарахгүй байна. Нөмөр апликейшнээс чамайг Богд банкны кредит картаа хаалга гэж байна гэхээр нь би маргааш нөгөөдрөөс мөнгөтэй болгоод хаалгая гэж бодож явсаар маргааш нь утсаа хаясан. Би Богд банкны 100.000 төгрөгийн зээлийн карттай 30.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэгээд өөрийнхөө facebook-ыг нээх гэтэл кодоо мартсан байсан учраас шинэ хаяг нээсэн. Би зээлээ хаалгасан 375.592 төгрөгөө төлж барагдуулна гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.А-ын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Прокуророос Г.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

   Хохирогч Д.Т-ын “... 2020.09.21-нд 375.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5068095160 гэсэн дансанд шилжүүлж авсан. Иймд Г.А-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн  хүсэлт /хэргийн 65 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зоруудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ