Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 15

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.А, Б.Э, Ч.Т нарын гомдолтой

            Хариуцагч: ОАМХГХХУБ Д.Б-т холбогдох “ОАМХГХХУБ-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0063636, 0063637, 0063638 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0007/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, Б.Э, Ч.Т, тэдгээрийн өмгөөлөгч О.С, хариуцагч Д.Б, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.А, Б.Э, Ч.Т нар шүүхэд гаргасан гомдолдоо: “Бид Д.А, Б.Э, Ч.Т нар нь ** ХХК-д 2014 оноос өнөөдрийг хүртэл тогоочоор ажиллаж ирсэн. “**” ТӨҮГ-ын АБК хоолны газар 2020 оны 3 сарын 09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх явц буюу ширхэгийн хоол пирошки хийж байхад тогооны дээр байх агааржуулалтаас ус гоожиж улмаар хайрч байсан халуун тосруу орж тос үсэрсэн. Энэ явдал байнгын шинжтэй давтагдаж байсан. Энэ үйл явдлыг **ХХК-ний ажилтан А.Ш хуушуурын тосонд санаатай ус хийж буудуулсан гэж ЦГ-т мэдээлэл өгч, улмаар ЦГ зөрчлийн хэрэг үүсгэн, болсон үйл явдлыг МХГ шалгах ёстой гэж шилжүүлсэн. МХГ хөдөлмөрийн улсын байцаагч Д.Б бид 3-г Зөрчлийн тухай хуулийн 10.15-р зүйлийн 1.2-т заасан зөрчил гаргасан гэж үзэж тус бүр 300,000 төгрөгөөр торгосныг бид үндэслэл муутай гэж үзэж байна. МХГ-ын улсын байцаагч биднийг халуун тос руу ус хийж буудуулах санаатай 2 удаагийн үйлдэл хийсэн нь тодорхой харагдаж байна. Тогооч Д.А, Ч.Т, Б.Э нар үгсэж зохион байгуулан идэвхитэй оролцсон нь тогтоогдож байна гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Бид өөрсдийнхөө ажиллаж байгаа ажлын байрандаа санаатайгаар өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулах үйлдэл хийх ямар ч шаардлагагүй юм.

            Уг шийтгэлийн хуудсанд ХАБЭАТХуулийн 18.2.1, 18.2.7 гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байна. Бид уг заалт нь юун тухай заалт болохыг мэдэхгүй. Хуулийн энэ заалт нь ямар зөрчил болох талаар хэлээгүй Зөрчлийн хэрэгт байгаа нотлох баримттай танилцаагүй. Зөрчлийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй. Шийтгэлийн хуудсыг авъя гэхэд ч өгөхгүй гэж байснаа 1%-г тус бүр өгсөн. Иймд шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр АБК салбар дээр хуушуурын тосонд пирошки хайрч байхад тос дэвэрсэн. Тэрийг манай байгууллагаас Цагдаагийн байгууллагад тос буудуулсан гэсэн үндэслэлээр дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллага дээр дуудлага өгсний дараагаар маргааш нь эхлээд 3 хоног ажилдаа яваагүй. Ажилд оруулахгүй шалтгаанаа болохоор ажлаас халж байгаа гэсэн. Цагдаагийн байгууллагын Эрдэнэ гэдэг байцаагч дээр очиж асуухад танай энэ хэрэг бид нарт огт хамааралгүй, Мэргэжлийн хяналт газарт шилжүүлсэн. Тийм учраас та гурав ажилдаа явах шаардлагатай гэж хэлсэн. Ерөнхий менежер Ш дээр очиж бид нар ажилдаа оръё. Ажилдаа явах шаардлагатай гэтэл гүйцэтгэх захирал З-тэй уулзаж байж ажилд оруулах эсэхийг чинь шийднэ гэсний дагуу З даргатай уулзахад буруу ойлголцсоны үндсэн дээр ийм асуудал үүссэн байна. Та гурвын ажилд яваагүй хоногийн мөнгийг чинь нөхөж олгоод ажилд чинь явуулъя гэсэн. Ажилд орсны дараа Мэргэжлийн хяналтын газраас тогооч Ч.Т рүү ярьж мэдүүлэг өгнө үү гэсэн байсан. 2020 оны 03-р сарын 17-ны өдөр би чөлөө авчихсан эмнэлэг дээр явж байсан учраас Ч.Т тогоочийг ярихад би Мэргэжлийн хяналт дээр очсон. Эхлээд Ч.Т тогооч мэдүүлэг өгч дараа нь Б.Э тогооч мэдүүлэг өгсөн. Дараа нь би мэдүүлэг өгсөн. Зөрчлийн хэрэг үүсгэсэн гэж танилцуулаагүй. Танай байгууллагаас гомдол ирсний дагуу энэ хэрэг дээр та нараас мэдүүлэг авч байгаа юм гэсэн. Тухайн үед би Д.Б байцаагчид “Манай байгууллага дээр очиж агааржуулалтын систем болон бусад зүйлтэй танилцвал яасан юм бэ”. Ядаж халих, дэврэх, буудах гэдэг үгний утга хүртэл өөр байна. Буудна гэдэг чинь тосонд байгаа пирошки маань дээшээ өрсөхийг хэлнэ. Тос халина гэдэг нь тогооноосоо хальж дэврэхийг хэлнэ гэж байцаагчид хэлсэн. Гэтэл байцаагч надад хангалттай хэмжээний нотлох баримт, зураг ирсэн учраас ажлын байран дээр чинь очиж танилцах шаардлагагүй гэсэн. Мэдүүлэг өгөөд гарын үсэг зураад гарсан. Энэ хэмжээнд хүрнэ гэж бодоогүй. 2020 оны 03-р сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналт дээр ирж гарсан шийдвэртэйгээ танилцана уу гэсэн. Гэтэл 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр тус бүр бид гурвыг торгосон байсан. Үүнийг зөвшөөрөхгүй  гэж хэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.15 гэдэг нь ямар учиртай заалт юм. Бид нар үүнийг чинь мэдэхгүй байна гэтэл интернет ертөнцөөс өөрсдөө олоод судалчихгүй юу даа. Надад тайлбарлаж өгөх зав алга гэсэн. Шийтгэлийн  хуудсаа авъя гэтэл цаанаасаа асууж байж өгнө гэдэг хариулт хэлсэн. Б.Э тогооч бид Д.Б байцаагчийн өрөөнөөс гараад Ж даргын өрөөнд орсон. Бид гурав ийм хэргээр явж байна гэтэл танай энэ хэргийг би сайн мэдэж байна. Наад зах нь бид нар боорцог хайрахад гурилаа хүйтэн усаар зурахад яадаг билээ. Тэрийг хүртэл бодолцож үзэж наад хэргээ сайн шийдээрэй гэж би байцаагчдаа хэлсэн гэсэн. Зөрчлийн тухай хуулийг мэдэхгүй. Бид 3 яах ёстой вэ гэтэл Захиргааны хэргийн шүүхэд хандаж болно гэсэн. Д.Б байцаагч өөрөө гарын үсэг зуруулж шийтгэх хуудас өгсөн. Бид 3-ыг 300.000 төгрөгөөр торгосон. Үүнийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Манай байгууллага дээр Хөдөлмөр эрүүл ахуйн аюулгүй, орчин нөхцөлд ажиллах ёстой гэдэг. Гэтэл бид нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд ажилладаггүй.  Манай агааржуулалтын систем ажилладаггүй. Бид 3-ыг үгсэн хуйвилдаж тос буудуулсан гэдэг үндэслэлээр бид 3-ыг 300.000 төгрөгөөр торгосон байгаа. Халуун тос руу 2 удаагийн үйлдлээр ус хийж тос буудуулсан нь тодорхой харагдаж байна гэж бид 3-ыг торгосон. Бид 3-т байцаагч зөрчлийн хэрэг үүсгэж байгаа шүү гэж огт хэлээгүй. Танай байгууллагаас гомдол ирсэн шалгаж байгаа гэж хэлсэн. Тухайн үед бичлэг үзүүлсэн. Нотлох баримттай танилцуулаагүй. Тос дэвэрч байсан асуудал өмнө нь манай байгууллага дээр 3 удаа байсан. Энэ талаар шалгаад өгөөч гэхэд тэр чинь бид нарт хамаагүй гэсэн. Иймд торгуулийн шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

            Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байцаагч бид гуравт та нар ийм, ийм эрх, үүрэгтэй шүү гэж хэлээгүй. Ийм эрх, үүргийг хүлээнэ шүү ч гэж хэлээгүй. Тийм нотлох баримттай танилцах ёстой гэсэн зүйлийг танилцуулаагүй. Мэдүүлэг өгөөд болчихдог юм байна гэж бодсон. Ажлын байран дээр очоод танилцаач гэхэд очих шаардлагагүй гэсэн. Эрх, үүрэг гэдэг зүйлтэй дэлгэрэнгүй танилцаагүй байцаалт өгсөн. Тэгээд гарын үсэг зур гэхээр нь байцаалт өгөөд болчихож байгаа юм байна гэж бодож гарын үсэг зурсан.” гэв.

            Нэхэмжлэгч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрх, үүрэгтэй танилцуулаагүй. 2020 оны 03-р сарын 26-нд мэдүүлэг авсан. Энэ дээр гарын үсэг зурчих гэсэн. Тэгээд 300.000 төгрөгөөр торгож байна гэхэд 3-уулаа нийлээд 300 000 төгрөг юм уу. Нэг хүний 100 000 төгрөг юм уу гэсэн. Гэтэл нэг хүний 300.000 төгрөг гэж хэлсэн. ” гэв.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө Зөрчлийн тухай хуулиар нарын журамлагдсан. Зөрчилд холбогдож байгаа хүний эрх, үүргийг заавал тайлбарлаж тэр ажиллагаанд оролцох эрх үүргээ таньж мэдсэнээр ажиллагаанд оролцох эрх хэрэгжүүлэх боломж нь гарч ирнэ. Тэгэхээр энэ эрх, үүргийг хэрэгжүүлээгүй байгаа нь нэхэмжлэгч нарын хамгийн сүүлд 03-р сарын 26-ны өдөр шийтгэлийн хуудсыг мэдээд Ж дарга дээр орж, Улсын байцаагчийн өөрийнх нь хэлснээр прокурор дээр хамт очно. Дараа нь хэрэггүй юм байна гэдэг асуудлаас улбаалж энэ шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй гэдэг байдлаас эхэлж байгаа. Тэр үед компаний захирал З, ХАБЭА-ын мэргэжилтэн Ш, менежер А нар ямар мэдүүлэг, баримт өгснийг мэдээгүй явсан. Энэ ажиллагаанд үнэхээр ХАБЭА-н тухай хуулийг зөрчсөн байна гээд 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна гэхэд бид нарыг үүнийг зөвшөөрөхгүй гэсэн. Хэрвээ энэ хүмүүс эрх, үүргээ мэдэж байсан бол энэ ажиллагаан дээр шинжээч томилуулъя. Ийм гэрчийг асуугаад өг гэдэг ажиллагааг хийлгэх боломжтой байсан. Тэр боломжоо алдсан учраас хамгийн сүүлд шийтгэлийн хуудастай танилцсаны дараа зөвшөөрөхгүй гээд явж байгаа. Өнөөдөр нас биед хүрсэн хүмүүс учраас юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэж байх ёстой гэдэг хүн бүхэнд тийм шаардлага тавих боломжгүй. Энгийн хүмүүсийн гаргадаг алдаа бол байцаалт өгчихөөд гарын үсэг зураарай гэхээр уншихгүй зурдаг. Өмгөөлөгч оролцоод та наад мэдүүлгээ уншиж танилцаж байгаад зур гэхээр уншиж үздэг. Эрх, үүргийг танилцуулаагүй авсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт мөн үү, үгүй. Шударга шүүхээр шүүлгэх, нотлох баримтыг шалгуулах Үндсэн хуульд заасан хүний субъектив эрхийг зөрчихгүй байхтай холбоотой заалтууд учраас энэ зөрчлийн хэргийг шалгахдаа эдгээр хүмүүсийн Үндсэн хуульд заасан нотлох баримт шалгуулах хүсэлт гаргаад байхад би тийшээ очих шаардлагагүй гээд сууж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хоёрдугаарт энэ ажиллагаанд эрх, үүргээ мэдэхгүйтэй холбоотой албан ёсоор хүсэлт гаргаж чадаагүй байна. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулаагүй гэж энэ 3 хүн хэлж байна. Байцаалт авсны дараа энэ дээр зур гэхээр нь гарын үсгээ зурсан гэж байна. Зөрчлийн тухай хуульд ямар эрх, үүрэг байдгийг мэдэхгүй учраас энэ ажиллагааг хийлгээгүй өнгөрсөн байгаа асуудлыг анхаарч үзэх ёстой. Энэ 3 хүнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1, 2.7-р зүйлийг зөрчсөн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-д заасан зөрчлийн хэргийн шинжийг агуулж байна. Ийм учраас  энэ зүйл хэсэгт зааснаар торгох арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийтгэл хуудас бичсэн байна. Шийтгэлийн хуудас бол Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлд зааснаар захиргааны акт мөн. Энэ гомдлыг яагаад гаргасан гэхээр нэгдүгээрт хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх зөрчигдсөн байгаа. Хоёрдугаарт нотлох баримт шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг байцаагч зөрчсөн. Нотлох баримт шалгуулаад өгөөч гээд байхад тэрийг хүлээж аваагүй. Өнөөдөр бүхэл бүтэн 27 зөрчил гаргаж ХАБЭА-н тухай хуулийг зөрчсөн аж ахуйн нэгжид Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 1 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Гэтэл сарын 680000 төгрөгийн цалинтай хүмүүсийг 300000 төгрөгөөр торгосон байна. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйл нь өөрөө ямар зөрчил юм бэ гэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчих гэсэн байгаа. Энэ зөрчлийг үйлдсэн байна гэж үзэж байгаа бол “**” ХХК Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрхэн яаж хэрэгжүүлсэн юм. Энэ хуульд заасан ажил олгогчийн үүргийг хэрхэн яаж хэрэгжүүлсэн юм. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг яаж өгч байсан юм. Энэ хуулийг зөрчил шалгахдаа заавал харгалзаж үзэх ёстой байсан. Үүнийг харгалзахгүйгээр 18.2.1, 2.7-д заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэж дүгнэж байгаа нь захиргааны актын эрх зүйн шаардлага буюу зайлшгүй баримтлах ёстой шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Захиргааны акт буюу шийтгэлийг оногдуулахдаа захиргааны акт гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг баримтлаагүй гэж үзэж байгаа. Энэ хэрэг нь гомдлоор үүсгэж байгаа гомдлын хэрэг байгаа. Захиргааны шийтгэл оногдуулахдаа захиргааны үйл ажиллагаанд дараахи хуулийг баримтлан гэж Захиргааны ерөнхий хуулийн 4.2-д заасан байна. Нэгдүгээрт хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчмуудыг улсын байцаагч бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчдын эрх, үүргийг танилцуулаагүйгээс эдгээр хүмүүсийн эрхийг хязгаарласан байгаа. Хуульд үндэслэх зарчимд захиргааны акт нийцсэн байх ёстой гэж байгаа. Захиргааны актыг гаргахдаа тодорхой хэм хэмжээг үндэслэсэн байх бөгөөд тухайн актанд тавигдаж байгаа шаардлага байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2.1, 2.7 гэж заасан байгаа боловч ажил олгогч ажилтнуудынхаа өмнө ямар үүрэг хүлээх ёстой юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан байгаа. Мөн хуулийн 27.3.1-д “Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх” гэж заасан байна. 27.3.2-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, 27.3.3 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” гэж заасан байхад яагаад энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа улсын байцаагч энэ зүйл заалтуудыг харгалзаж үзэхгүйгээр энэ хүмүүст шийтгэл оногдуулаад байгаа юм бэ. Энэ акт бол энэ хуульд заасан шаардлагуудыг бүрэн дүүрэн хангаж чадаагүй байна. Мөн тус хуулийн 28-р зүйлд ажил олгогчийн үүргийг зааж өгсөн байна. Тус хуулийн 28.1.1 “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл ажил олгогч энэ үүргийг хэрхэн яаж биелүүлж байсан юм. 2019 оны батлагдсан гэх дүрэм, журмыг яагаад байгаа эсэхийг нь шалгаж үздэггүй юм. Энэ зөрчлийн хэргийг шалгахдаа холбогдох хууль тогтоомжид заасан эдгээр заалтуудыг харгалзаж үзэх ёстой байсан. 28.1.4 ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж байгаа. Энэ зөрчлийг шалгахдаа ажил олгогчийн зүгээс энэ хуулийг хэрэгжилтийг яаж хэрэгжүүлж байгааг шалгах ёстой байсан. Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах үүрэгтэй байна. Тэгвэл 2019 онд батлагдсан дүрмийг хэрхэн яаж мөрдүүлсэн юм. Энэ хүмүүст хэрхэн яаж танилцуулсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хэрхэн яаж өгдөг байсан юм. Энэ нь ямар бичиг баримтанд хэрхэн яаж тусгагдсан юм гэдгийг шалгах ёстой байсан. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий зарчимтай хамт явж байдаг. Хуулийн өмнө нь эрх тэгш байх, аливаа асуудлыг тал бүрээс нь нягт нямбай шалгах үүргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байгаа субъектэд даалгасан байгаа. Энэ зарчмыг ерөөсөө хэрэгжүүлээгүй. Энэ 3 хүнд очих шаардлагагүй, хангалттай нотлох баримт ирсэн гэж ганцхан бичлэг дээр үндэслэж хэлж байна. Та холбогдох хууль тогтоомжийнхоо заалтыг харгалзаж үзэх ёстой байсан. Ийм учраас энэ захиргааны актыг хууль бус гэж үзэж байна. Үндсэн хуулийн 16.4-д заасан хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангуулах, нэр төрийг нь доромжилж болохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх энэ эрхүүд нь зөрчигдөж зүйн байдал нь дордсон байна. Энэ захиргааны акт бол эдгээр хүмүүсийн хуульд заасан ашиг сонирхлыг зөрчиж гаргасан акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж энд ажиллаж байгаа ажилчдыг хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж захиргааны акт гаргаж байгаа нь хууль бус акт гэж үзэж байна гэв.” гэв.

            Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харьяаллын дагуу 119/1299 дугаартай гомдол мэдээлэл манайд албан бичгээр ирсэн. Энэ албан бичигт “**” ХХК-ийн салбар хариуцсан менежер Ш-ын өгсөн мэдүүлэг, ХАБЭА-г хариуцсан менежер А-ын өгсөн мэдүүлэг, Д.А-ийн мэдүүлэг өмгөөлөгчгүйгээр өгөхгүй гэсэн тэмдэглэлийн хамт 2020 оны 03-р сарын 12-ны өдөр ирсэн. Үүний дагуу 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 202500286 дугаартай зөрчлийн хэрэг нээж хуулийн дагуу прокуророос дугаар авч хэргийг хянуулсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн албан бичиг, мэдүүлгүүдтэй танилцаж юуны түрүүнд компаний захирал З-ийг дуудаж мэдүүлэг авсан. Бичлэгийн тухай мэдүүлгүүд дээр дурдагдаж энэ бичлэгийг нотлох баримтаар аваач гэсэн хүсэлт ирүүлснийг тухайн үед нь CD дээр хуулж нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээрэй гэсэн хариу өгч маргааш нь энэ бичлэгийг авсан. Дараа нь хүний нөөц хариуцсан Ш-аар бичлэг дээр гарч байгаа хүмүүсийг таниулах гэрчийн мэдүүлэг авсан. Би хэнийг нь ч танихгүй. Бичлэг дээр гарч байгаа хүмүүсийг холбогдогчоор тогтоож мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу авсан. Эрх, үүргийг нь уншиж өгсөн. Би хэлтсийн даргын үүргийг хавсарч хийж байгаа хүний хувьд өрөөндөө ганцаараа сууж байгаа. Би холбогдогчийн эрх, үүргийг нь уншин өгч танилцуулаад эрх, үүрэгтэйгээ танилцсан гэдэг дээр гарын үсгээ зурсан байгаа. Яагаад эрх үүрэг танилцуулаагүй гэдгийг ойлгохгүй байна. Эрх үүрэг танилцсан гэж гарын үсэг зурсан. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв байна гэж  2 удаа гарын үсэг зурсан. Эрх үүрэг танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. Энэ талаархи баримтаа шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Шүүхэд өгсөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлд дурдсан асуудал бүрээр нь тайлбар бичсэн. Нэгдүгээрт шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах гомдол гаргасан байгаа. Би үүнийг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-д заасан үйлдлийг үндэслэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үйлдсэн учраас энэ 3 шийтгэлийн хуудаснууд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хуулийн зүйл заалтуудыг мэдэхгүй гэж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2-д ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэний үүргийг заасан байдаг. 18.2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалт байдаг. Энэ үүргийг "**" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын өдөр тутмын зааварчилгааны дэвтэр дээр нь байдаг. Хуулбарыг нь нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн. Энэ өдөр 03 дугаар сарын 09-ний өдрийн зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурсан байгаа. Тогоочоор олон жил ажилласан хүмүүс энэ заалтыг мэдэхгүй байна гэж байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-д “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 10.15-д заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж үзэж хуульд заасан хэмжээгээр 300000 төгрөгөөр торгосон. Тэрнээс биш хүслээр нь  дунд нь 300000 төгрөгөөр торгох эрх, хууль зүйн үндэслэл байхгүй. Гуравдугаарт нь нотлох баримттай танилцаагүй, эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй гэдэг зүйл ярьж байна. Түрүүний мэдүүлэг дээр эрх үүргийг нь уншин танилцуулсан гэдгээ хэлсэн. Нотлох баримттай танилцаагүй гэдэг нь 2020 оны 03-р сарын 25-ны өдөр шийдвэр гаргаад хүмүүсээс мэдүүлэг авч бичлэг нотлох баримтаа шинжлэн судалж шийдвэр гаргасан. Үүнийгээ 3 нэхэмжлэгчид тус бүрт нь танилцуулсан байгаа. 300000 төгрөгөөр торгосон гэдгээ танилцуулж шийтгэлийн хуудсаа өгсөн. Шийтгэлийн хуудас дээр гарын үсэг зурахгүй, зөвшөөрөхгүй гэсэн. Хяналтын прокуророос гарын үсэг зурахгүй тохиолдолд шийтгэлийн хуудасны нэг хувийг холбогдогчид өгч явуулж болох уу гэдгийг лавлаж асуусан. Гэтэл татгалзсан тухай тэмдэглэл бичүүлээд зөвшөөрөхгүй гэдгээр гарын үсэг зуруулаад өгч явуулж болно гэсний дагуу гарын үсэг зурахаас татгалзав гэдгийг нь бичүүлж авсан. Тэгэхээр гарын үсэг зураагүй, танилцуулаагүй, хаана, яаж хандахаас мэдэхгүй байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Шийтгэлийн хуудасны 10 дахь заалтад Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй тухай дурдаж өгсөн байгаа. Ажлын байр дээр очоогүй гэж байна. Би 2019 оны 05 дугаар сард Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалтаар очиж байсан. “**” ХХК бол хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр өө сэвгүй компани бол биш. Маш их алдаа дутагдал, сайжруулах шаардлагатай зүйлс байгаа. Энэ үед агааржуулалтын замд будаг нь халзарсан зүйл байсан. Гэхдээ агааржуулалт нь салхивчны хоолойн дээр суурилсан. Сайжруулах шаардлагатай байсан. Миний хувьд 09-р шаардлага бүхий албан шаардлага, зааварчилгаа өгч байсан. 2019 оны 09-р сард албан шаардлагын биелэлт хангалтгүй байсан. Хангалтгүй байсан учраас Зөрчлийн тухай хуулиар компани дээр торгуулийн арга хэмжээ авч байсан. Компаниас биш үйлдвэрээс хамаарах асуудал байсан. Тэрэнтэй холбоотой **т хүртэл зөвлөмж хүргүүлж байсан. Миний хувьд 5 шийдвэрийг “**” ХХК-д гаргаж ажиллаж байгаа. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өгсөн юм байна. Өмнө нь тийм зүйл байгаагүй. Гэхдээ бичиг баримт, өөрсдийнхөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж байгаа байдал нь ахиж байгаа юм байна. Яг алдаа дутагдалгүй газар биш. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль дээр зөвхөн компани бүх ажилтан хариуцлага хүлээдэг. Тогоон дээр ажиллаж байгаа хүн, түүний хажууд ажиллаж байгаа хүн бүгд үүрэг хариуцлагатай ажиллах ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй байна.” гэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тэдгээрийн тайлбар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар,  түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.А, Б.Э, Ч.Т нараас ОАМХГХХУБ Д.Б-т холбогдуулан “Улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0063636, 0063637, 0063638 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            ОАМХГХХУБ-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0063636, 0063637, 0063638 дугаар шийтгэлийн хуудсуудаар зөрчилд холбогдогч Д.А, Б.Э, Ч.Т нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1, 18.2.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж, уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулжээ.

            “**” ХХК-д тогооч ажилтай Д.А, Б.Э, Ч.Т нар нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажиллаж байх хугацаандаа 09:30-11:10 цагийн хооронд хуушуур хайрч байсан халуун тосондоо 2 удаа ус хийсэн болох нь 2025000286 дугаартай зөрчлийн хэргийн материал, хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгээр тус тус нотлогдож байна.

            МХГХХУБ Д.Б нь “**” ХХК-ийн тогооч Д.А, Б.Э, Ч.Т нарын үйлдлийг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй, зөрчлийг бүрэн шалгаж, бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон байна.

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтаны нийтлэг үүргийг тодорхойлсон бөгөөд, 18.2.1-т “ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”  гэж зааснаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм журмыг чанд мөрдөж, өөртөө болон бусдад эрсдэл учруулахгүйгээр гүйцэтгэхээр заажээ.

            Мөн “**” ХХК-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/18 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай журам”-ыг баталж, журмын 11-ийн 11.1-ээр “Ажилчдын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”-ыг журамлаж ажилтан ажлын байрандаа өөрийн болон хамт олныхоо аюулгүй байдлын төлөө мөрдөж ажиллахаар зохицуулжээ. 

            Дээрхи хуулийн заалтууд болон журамд заасан заалтуудыг тогооч Д.А, Б.Э, Ч.Т нар зөрчсөн, тодруулбал ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөлгүй, өөрсдийгөө болон бусдад эрсдэл учруулахаар халуун тосонд 2 удаагийн үйлдлээр ус хийсэн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй.   

            Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” зааснаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...торгоно.”  зааснаар шийтгэл  оногдуулах үндэслэл болно.         

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс “Улсын байцаагч Д.Б нь зөрчлийн холбогдогч нарт эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, “**” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад тэнд ажиллаж байгаа ажилчдад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, мөн урьд өмнө нь хэд хэдэн удаа агааржуулалтаас ус гоожиж халуун тос руу орж байсныг тогтоогоогүй” гэж маргаж байгаа бөгөөд энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч ...шийдвэрлэх “ гэж зааснаар Хаан бууз ГОК-ийн салбар хариуцсан ерөнхий менежер А.Ш Орхон аймгийн Цагдаагийн газарт 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаснаар Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Н гомдлыг хүлээн авч ажиллагаа хийн, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1100-1239 дугаар тогтоолоор харьяаллын дагуу Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4-д заасан чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг хуульчлан заасан байхад гомдолд дурдаагүй өөрөөр хэлбэл тухайн нөхцөлд “**” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах эрхгүй гэж шүүх үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-ын 2.1- 2.10, 3.1-3.4-т заасан холбогдогч нарын эрх үүргийг мэргэжлийн хяналтын  Хөдөлмөрийн улсын байцаагч Д.Б тайлбарлаж өгөөгүй, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж тайлбарласан боловч холбогдогч Ч.Т, Б.Э, Д.А нарт эрх үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдлоо.

Иймд МХГХХУБ-ийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн арга хэмжээ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна/, 3.1 дүгээр зүйлийн 2 /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна/-т зааснаар зөрчлийн шинж байдал, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон, хуульд заасан үндэслэл журмын хүрээнд гарсан гэж үзэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.А, Б.Э, Ч.Т нарын ОАМХГХХУБ Д.Б-т холбогдуулан гаргасан “ОАМХГХХУБ-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0063636, 0063637, 0063638 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.А, Б.Э, Ч.Т нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА