Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 923

 

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00923

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, UB town 81А байр, 6 тоотод оршин суух Намид овогт Жигжидсүрэнгийн Оюунжаргалын /РД:МР82052005/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 45 байр, 108 тоотод оршин суухШешури төлек овогт Шынайн Айдосд /РД:БЭ85033019/ холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар  сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал /ШТЭҮ-0236/, хариуцагч Ш.Айдос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч  Ж.Оюунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 онд Оюунжаргал би химийн бодис худалдах, худалдан  авах бизнес хийх гэж ХХК байгуулаад агуулах түрээслээд, бизнес хийх хүмүүстэйгээ холбоо тогтоогоод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд уг ажиллагаа явуулахад зайлшгүй бүрдүүлэх баримт шаардлагатай байсан тул уг баримтуудаа бүрдүүлэх гэтэл хамтран ажиллах түншүүдтэйгээ Лондонд уулзах шаардлагатай болсны улмаас 2015 оны 9 сард Лондон явсан.

Иймээс өөрийн ажлаа Ш.Айдостой ажил гүйцэтгэх гэрээ хийж ажлыг хийхэд шаардлагатай бичиг баримтаа үлдээгээд намайг эзгүйд миний агуулахад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, мэргэжлийн хяналтын газраас агуулахын  дүгнэлт гаргуулахад шаардагдах баримт бичгийн хамт үнэлгээний мөнгө болон Айдосын ажлын хөлсөнд нийт 6 000 000 төгрөг /5 000 000 төгрөг ажлын хөлс 1000 000 төгрөг/ бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэтэл Айдос нь миний даалгасан ажлыг огт хийгээгүй, өөрийн сургуулийн төлбөр болон хувийн хэрэгцээнд зориулсан байсан. Үүний улмаас миний бизнес зогсож, алдагдалд орсон учир зөвшөөрлөө аваагүй, агуулахад химийн бодис ямар ч боломжгүй байсан тул бизнес эрхлэгчтэй хийсэн гэрээ цуцлагдаж уг гэрээнүүдийн хохирол нийт 20 000 000 төгрөгийг төлсөн.  

Иймээс Айдосоос ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу үндсэн мөнгө 6 000 000 төгрөг, алданги 5 400 000 төгрөг, нийт 11 400 000 төгрөгийг гаргуулан өгнө үү.

 Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцаад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 7 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Тиймээс хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

            Хариуцагч  Ш.Айдос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие Оюунжаргалтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр түүний захисан ажлыг тодорхой хэмжээгээр явуулж байсан бөгөөд байгаль орчны  үнэлгээ хийгэх, мэргэжлийн хяналтын газраас агуулахын дүгнэлт гаргуулахаар миний бие ажиллаж байсан бөгөөд байгаль орчны үнэлгээ хийлгэхээр тохирсон компанийн тухайн ажлыг хариуцсан мэргэжилтэн уг ажлыг хаяж гадагшаа сурахаар явж, байгаль орчны  яамны мэргэжилтнүүд солигдох, надад ажлаа даалгасан хүний зүгээс бичиг баримт дутмаг байх зэргээр хойшилсоор ирсэн. Сүүлд Ж.Оюунжаргал бид харилцан ярилцаж уг ажлыг зогсоохоор шийдсэн бөгөөд миний бие түүнээс авсан 6 000 000 төгрөгнөөс 100 000 төгрөгийг бэлнээр,  1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж түүний хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа болно.

Цаашид  хурдан  хугацаанд  түүнээс  авсан мөнгөний  үлдэгдэл болох 4 900 000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахад бэлэн байна. Мөн түүний нэхэмжилсэн алдангийг Оюунжаргалтай харилцан тохиролцож тодорхой хэмжээгээр бууруулан төлж, түүний хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Энэхүү үйл ажиллагааг шүүхийн эвлэрүүлэн зуучлалын аргаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эв зүйгээр шийдвэрлэх хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж эвлэрүүлэн зуучлагч томилон  ажиллуулж өгөхийг хүсье.

Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Н.Оюунжаргалаас 6 000 000 төгрөг авсан нь үнэн, 1 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Тиймээс үлдэх 4 900 000 төгрөгийг, алданги болох 2 600 000 төгрөгийн хамт нийт 7 500 000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй. Алданги нь 2 450 000 төгрөг байгааг ойлгож байгаа боловч 2 600 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, зөвшөөрч байна гэв.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Оюунжаргал нь хариуцагч Ш.Айдосд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “1.Нэхэмжлэгч Ж.Оюунжаргал нэхэмжлэлийн шаардлага болох 11 400 000 төгрөгний 3 900 000 төгрөгнөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 7 500 000 төгрөг болгон багасгав. 2.Хариуцагч Ш.Айдос нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 7 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөв.” гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 11 400 000 төгрөгийг 3 900 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 7 500 000 төгрөгийн хэмжээнд зохигч эвлэрч, хариуцагч нь уг 7 500 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 30-нд 3 750 000 төгрөг, 2017 ны 5 дугаар сарын 10-нд 3 750 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 350  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас зохигчийн эвлэрсэн хэмжээний буюу 7 500 000 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Оюунжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Айдосд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 7 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь уг 7 500 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр 3 750 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 3 750 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчЖ.Оюунжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөгийг гаргуулж,нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН