Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 924

 

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00924

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа наадамчдын зам гудамж, 706 байрны 48 тоотод оршин суух Өндөрүүд овогт Халтаахүүгийн Пүрэвдоржийн /РД:ПМ61121911/ нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                                                                    

            Нэхэмжлэгч Х.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Х.Пүрэвдорж миний бие 1979 оны 11 сарын 26-ны өдрөөс эхлэн Барилгын  материалын экспедицид Төвийн геологийн экспедицийн өрмийн слесерээр, ээлжийн мастераар, мөн 1995 оныг хүртэл тасралтгүй өрмийн ээлжийн мастераар ажилласан юм. Миний ажиллаж байсан байгууллагын тушаал олдохгүй байна.

Иймд намайг 1979 оноос 1995 он хүртэл БМЭК-ийн төвийн геологийн экспедицид ээлжийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний ажилд орсон тушаал минь архиваас шүүлгээд олдохгүй байгаа юм. 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 1995 оныг хүртэл Барилгын материалын экспедицэд, Төвий геологийн удирдах газарт өрмийн мастераар ажиллаж байсан. Сүүлд “Алмаз” ХХК-нд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Гэтэл Хөдөлмөрийн дэвтэрт тушаал бичигдсэн байж, архиваас гарч ирэхгүй байна. Иймд миний улсад ажилласан байдлыг минь тогтоож туслана уу гэв.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Х.Пүрэвдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Х.Пүрэвдоржийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал нь үрэгдсэн, уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Үндсэсний Төв Архивын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн №03-2/1699 тоот лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.   

Нэхэмжлэгч Х.Пүрэвдорж нь 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Барилгын  материалын экспедицэд өрмийн слесерь, өрмийн ээлжийн мастераар тус тус ажиллаж байсан болох нь:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №410 дугаар Халтаахүүгийн Пүрэвдоржийг 1979 оны 11 дүгээр сарын 26-нд нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосон шийдвэр /хэргийн хуудас/,

Х.Пүрэвдоржийн 1979 оны 11 дүгээр  сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн “...1979.11.26 Барилгын материалын экспедицид уул өрмийн слесерээр авч ажиллуулав. Барилгын материалын  экспедицидийн даргын 1979.11.29 өдрийн 114 дүгээр тушаалаар,

1982.3.05 Барилгын материалын экспедицид өрмийн ээлжийн мастераар томилон ажиллуулав. Барилгын материалын  экспедицидийн даргын 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тушаалаар,

1982.8.15 СнЗ-ийн 141 дүгээр тогтоолоор экспедиц, тус төвийн геологийн экспедицийн мэдэлд шилжүүлэв. Барилгын материалын  экспедицидийн даргын 1982 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар тушаалаар,

1982.08.15 Төвийн геологи экспедицийн хайгуулын ангид өрмийн мастераар томилов. Төвийн геологийн экспедицийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаалаар,

1995.01.01 Хөдөлмөрийн дэвтрийн бичигтийг дуусгавар болгон 02099644 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

1998.12.25 Хөдөө шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. “Алмаас” ХХК-ний захирлын 1998 оны 12 сарын 25-ны өдрийн 89 тоот тушаалаар гэсэн бичилтүүд /хэргийн 6-7-р хуудас/

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №540 дугаар Х.Пүрэвдоржийг “Тэргүүний геологич” тэмдгээр шагнаж олгосон үнэмлэх /хэргийн 8-р хуудас/,

Төвийн геологийн экспедицийн Түүхэн цагийг эзэлсэн түүчээ хайгуулчид номны Х.Пүрэвдоржийн танилцуулга /хэргийн 9-10-р хуудас/,

нэхэмжлэгч Х.Пүрэвдоржтой хамт ажиллаж байсан гэрч Н.Алтангэрэлийн “...1979 оноос 1990 он хүртэл Барилга материалын Экспедицидэд ажиллаж байсан.  Тэр үед надтай хамт Пүрэвдорж ажилладаг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/, түүний 1969 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд /хэргийн 18-19-р хуудас/,

гэрч С.Энхболдын шүүхэд гаргасан “би 1980 онд Их сургууль төгсч ГУУҮЯамны харьяа Барилга материалын экспедицэд инженер геологчоор ажиллаж эхэлсэн юм. 1995 оныг хүртэл ажилласан, энэ хугацаанд Х.Пүрэвдорж нь надтай хамт нэг байгууллагад өрмийн ээлжийн мастераар ажиллаж байсныг тодорхойлж тодорхойлолтыг хавсаргав” гэх тайлбар, түүний 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд /хэргийн 14-15-р хуудас/,

нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

 

Иймд Өндөрүүд овогт Халтаахүүгийн Пүрэвдоржийг 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Барилгын материалын экспедицэд уул өрмийн слесерээр, Төвийн геологийн экспедицийн хайгуулын ангид өрмийн ээлжийн мастераар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Өндөрүүд овогт Халтаахүүгийн Пүрэвдоржийг 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Барилгын материалын экспедицэд уул өрмийн слесерээр, Төвийн геологийн экспедицийн хайгуулын ангид өрмийн ээлжийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН