Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/771

 

 

 

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Т ийн Л д холбогдох ...  дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэр хотхоны 67а байрны 102 тоотод түр оршин суух, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Хөнжил гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хариад овогт Т ийн Л  /РД:.../,  

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Л нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 59 минутад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хаан” банкны Дамба дахь тооцооны төвийн “АТМ”-д үйлчлүүлж байсан иргэн Б.Г ийн “виза картнаас мөнгө гаргуулж авах” хүслийн дагуу түүний картыг нь “АТМ”-д уншуулж хохирогчид “таны карт ажиллахгүй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн “Хаан” банкны ...  тоот данс бүхий виза картнаас 500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны ...  тоот данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Л нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 59 минутад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хаан” банкны Дамба дахь тооцооны төвийн “АТМ”-д үйлчлүүлж байсан иргэн Б.Г ийн “виза картнаас мөнгө гаргуулж авах” хүслийн дагуу түүний картыг нь “АТМ”-д уншуулж хохирогчид “таны карт ажиллахгүй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн “Хаан” банкны ...  тоот данс бүхий виза картнаас 500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны ...  тоот данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ...  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Т.Л гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 07 цаг өнгөрөөд ...Дамба дахь Хаан банкны үүдэнд байж байтал нэг үл таних өндөр настай ах ирээд хаан банкны картнаас мөнгө шилжүүлээд өгөө гэхээр нь би хаан банкны АТМ рүү орсон. Тэгтэл тэр ах надад картаа өгөөд энэ төрийн банкны данс руу мөнгө шилжүүлээд өг гээд хаан банкны картаа өгсөн. Би тэр ахын өгсөн дансруу нь мөнгө шилжүүлэх гэхэд болохгүй байсан. Тэгээд тэр ахад болохгүй байна гээд хэлсэн. Тэгээд тэр ах дэвтэрээ ухаад байхаар нь тэр хооронд нь өөрийнхөө хаан банкны ...  гэсэн тоот данс руу шилжүүлэн аваад болохгүй байна гэж хэлээд явсан. ...надад мөнгөний хэрэг байсан болохоор би залилан авсан юм. ...би залилан авсан мөнгөө ойр зуурын эд зүйл аваад дууссан. ...би гэмт хэрэг үйлдэж байгаагүй. ...би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний бие АТМ-ээс мөнгө авч чаддаггүй хүнээр авахуулдаг. ...тэгтэл 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Дамбадаржаагийн эцэс дээр байдаг Хаан банкны салбар дээр үдээс өмнө ирээд АТМ дээр оочирлож зогсож байгаад хажууд байсан хар өнгийн хувцастай, нүүрэндээ масктай, үүргэвчтэй цүнх үүрсэн 20-30 орчим насных байж болохоор эмэгтэй хүнд ах нь АТМ-ээр гүйлгээ хийж чаддаггүй чи ахдаа туслаач гэж хэлээд би өөрөө тэр хүнд картаа өгөөд пин кодоо хэлж өгсөн үү эсхүл өөрөө картаа хийчихээд өөрөө пин кодоо хийсэн эсэхээ санахгүй байна. Би тэр эмэгтэйд картаа өгчихөөд утсаар яриад анхаарал сарничихсан байсан бөгөөд тэр эмэгтэй таны карт болохгүй ажиллахгүй байна гэж хэлээд миний картыг буцаагаад надад өгсөн тэгэхээр нь би тэр эмэгтэйг явсны дараа банкны ажилтанд хэлж байгаад 500.000 төгрөгийг гаргуулж авсан ба үлдэгдлээ шалгаад үзтэл миний авсан 500.000 төгрөгөөс гадна дахиад 500.000 төгрөг дутаж байсан. Тэгэхээр нь дансны хуулгаа аваад үзтэл ...  дугаартай Л  гэх хүний данс руу намайг Хаан банкны үйлчлэгчээр 500.000 төгрөг авахуулахаас өмнө 500.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байсан. ...банкны ажилтан эмэгтэй надад камерын бичлэгийг үзүүлсэн. Яг нөгөө эмэгтэй авч байгаа нь харагдаж байна лээ. Одоо надад гомдол санал байхгүй, миний хохирлыг 2020 оны 06 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Батхишигийн Гилъяагийн “Хаан” банкны ...  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-24 дүгээр хуудас/,

“Хаан” банкнаас ирүүлсэн тус банкны Дамба дахь тооцооны төвийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “АТМ”-ын камерын бичлэг бүхий 1 ширхэг Си-Ди,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Т.Л гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тогтоол /хх-ийн 41 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г ийн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх өргөдөл /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ...  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Л нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 59 минутад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хаан” банкны Дамба дахь тооцооны төвийн “АТМ”-д үйлчлүүлж байсан иргэн Б.Г ийн “виза картнаас мөнгө гаргуулж авах” хүслийн дагуу түүний картыг нь “АТМ”-д уншуулж хохирогчид “таны карт ажиллахгүй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн “Хаан” банкны ...  тоот данс бүхий виза картнаас 500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны ...  тоот данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;  

Шүүгдэгч Т.Л нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Л гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Л нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 59 минутад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хаан” банкны Дамба дахь тооцооны төвийн “АТМ”-д үйлчлүүлж байсан иргэн Б.Г ийн “виза картнаас мөнгө гаргуулж авах” хүслийн дагуу түүний картыг нь “АТМ”-д уншуулж хохирогчид “таны карт ажиллахгүй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн “Хаан” банкны ...  тоот данс бүхий виза картнаас 500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны ...  тоот данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь:

хохирогч Б.Г ийн “...дансны хуулгаа аваад үзтэл ...  дугаартай Л  гэх хүний данс руу намайг Хаан банкны үйлчлэгчээр 500.000 төгрөг авахуулахаас өмнө 500.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байсан. ...банкны ажилтан эмэгтэй надад камерын бичлэгийг үзүүлсэн. Яг нөгөө эмэгтэй авч байгаа нь харагдаж байна лээ...” мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

шүүгдэгч Т.Л гийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

Батхишигийн Гилъяагийн “Хаан” банкны ...  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15-16 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-24 дүгээр хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Л г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Т.Л нь Б.Г  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн “Хаан” банкны ...  тоот данс бүхий виза картнаас 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...  тоот данс руу шилжүүлэн авч, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Б.Г нь хохирол барагдсан тул гомдолгүй гэж байх тул шүүгдэгч Т.Л г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Л “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус шүүхэд гаргав.

Шүүхээс шүүгдэгч Т.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримталсан болно.

Шүүгдэгч Т.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т ийн Л д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариад овогт Т ийн Л г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л гийн хөрөнгө орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.