Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/418

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: Б.Т-,

Хэлмэрч: Б.Саранчимэг,

           Шүүгдэгч: Л.Э-, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Э-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905002680098 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Э-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хадам аав Б.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Локо” нэртэй пабад үйлчлүүлж байгаад иргэн Ю.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хадам аав Б.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мөн иргэн Ю.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Л.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч М.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хүүхдүүд бүгд ханиад хүрээд халуураад байсан. Заяа гадагшаа гараад ирье гэж хэлэхээр нь би хурдан ирээрэй гэж хэлээд явуулсан. Тэгээд Заяа ирэхгүй байж байгаад согтуу ирээд маргаан гарсан. Э- хүүхдээ өөрөө хүмүүжүүлдэггүй. Миний охиныг байнга зоддогийг мэддэг. Би орчуулгын хөлсийг өгөөгүй байгаа...” гэв.

Хохирогч Ю.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Локо” нэртэй пабад ороод 10-д шил “Нийслэл” нэртэй пиво уугаад ...нөгөө залууг маргалдаж зодолдоод байсан 2 залуугаас нь салгаад уулзаад “наад залуугаа танихгүй юм бол зодоон хийж яахав дээ эвлэрчихээ” гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм бэ” гээд над руу дайраад, бид хоёр ноцолдоод байж байхад манай 2 найз гарч ирээд юу болсон талаар асуугаад бид хоёрыг салгасан. Би нөгөө залуугаас салаад юм яриад зогсож байтал надтай маргалдаж байсан залуу миний араас нүүрэн тус газар гараараа цохьсон. Гэмтлийг надтай маргалддаг залуу учруулсан. ..намайг Э- гэдэг залуу цохиж гэмтээсэн. Сүүлд утсаар ярихад өөрийгөө Э- гэж хэлж байсан. Нэг удаа гараараа нүүр рүү цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 113-114/,

Хохирогч М.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин Заяа манай гэрт хүргэн Э-, 2 хүүхдийн хамтаар байсан. Тухайн үед манай эхнэр, охин Заяа, 2 зээ нар маш их ханиадтай байсан мөртлөө хүргэн Э-той хамт эм авна гэж гэрээс гараад 2019 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө гаднаас хоёулаа согтуу орж ирсэн .Тэр үед би унтаж чадахгүй охиноо хүлээгээд байсан болохоор тэр хоёрыг орж ирсэн даруйд гэрийнхээ хаалгыг тайлахад хүргэн Э- шууд миний толгой руу, өөрийнхөө толгойгоор мөргөөд, намайг цохиж зодсон. Тэгээд толгойг сугандаа хавчуулж байгаад толгой руу гараараа маш их цохьсон. Тэгээд намайг өшиглөөд байсан. Манай эхнэр, манай охин нар хүргэнийг салгах үед хүргэн Э-ыг найз нь гээд нэг залуу аваад гэрээс гараад явсан. Бас намайг ухаан алдаад сэргэхэд манай хүргэн гартаа алах барьчихсан намайг цохих гээд “ална даа пизда минь ална” гээд байсан. Тэгээд хүргэнийг гараад явсан хойно миний бие маш муу байсан болохоор 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цагдаад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-24/,

Гэрч Б.Баатархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд үл таних залуу “за за болъё” гээд Анхаа тэр 2 тайвширсан. Энх-Амгалан, Анхаа бид гурав доошоо өрөө рүүгээ орох гээд байж байтал Анхаа цаашаа текрүү хараад зогсож байхад нөгөө маргалдаад байсан үл таних залуу араас нь очоод хажуу талаас нь нэг удаа гараараа цохьсон. Тэр үед би очоод нөгөө залууг нь бариад авсан. Тэр үед Анхаа ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь нүд нь хавдчихсан байсан. Тэгээд зөөгч охин цагдаа дуудаж өгье гээд цагдаа дуудсан. ...4-5 өдрийн дараа Анхаатай ярьсан чинь нүд гэмтэлтэй байна, хагалгаанд орно, нөгөө залууг яаж олж авна гэхээр нь би Локо бааранд очиход тус пабын зөөгч охин нөгөө залуу тооцоогоо маргааш нь хийсэн. Надад утасны дугаар нь байгаа гэсэн. Тэгэхээр нь би уг дугаар руу залгаад “чамайг хэн гэдэг юм бэ, чиний цохьсон хүн чинь одоо нүдний хагалгаанд орох гээд байна, чи ирж уулз гэхэд би ярьж байгаад цуг эмнэлэг орно гэсэн”, тэгэхээр нь Анхаад дугаарыг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/,

Гэрч Л.Ариунзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Анхаа гэх ах намайг өмөөрөөд зодоон хийх гээд байсан хүмүүсийг салгасан, удалгүй Анхаа ахын найзууд нь бас нөгөө хүмүүсийг салгаад байж байтал шивээстэй залуугийн найз нь хүн болгон руу үсчээд дайраад байсан ба Анхаа ахыг шивээстэй залуутай хамт явж байсан залуу нүүр рүү нь 1 удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/,

Гэрч Т.Заяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цаг өнгөрч дөнгөж гэртээ ортол манай аав бид хоёрын өөдөөс дайраад барьж аваад, тэр хоёр барьцалдаад коридорын булан руу явсан. Тэгээд нэг харсан чинь Э-ын амнаас цус гарчихсан, аав газар уначихсан, Э- аавын цээж рүү 2 удаа өшиглөж байсан. Тэр үед манай нөхрийн найз Ганпүрэв ирж таараад Э-ыг салгаад гарсан, харин ээж цаад өрөөнөөс гарч ирээд аавыг аваад өрөө рүүгээ ороод хаалгаа цоожилсон. Харин би нөхөр болон найз Ганпүрэвийн хамтаар хадам аав, ээжийн гэрт очиж хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч Ж.Мандахбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний хүү Тогтохбаярыг яагаад шөнө архи уучихсан орж ирж байгаа юм бэ гэж дохионы хэлээр хэлээд алгадчихсан гэж байсан. Тэгтэл Тогтохбаяр нь намайг цохиж унагаад хэд хэдэн удаа цохиод багалзуурдаж унагаад намайг өшиглөсөн гэж надад хэлсэн. Одоо миний хүүгийн эрүүний зүүн хэсгээр хавдчихсан, дух хавдчихсан, хүзүү орчмоор нь болон нуруу нь тэр чигтээ улаан хүрэн болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 4-5/,

Шинжээчийн 753 тоот дүгнэлтэд: “...Ю.А-ын биед зүүн нүдний дотор, доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 87/,

Шинжээчийн 1050 тоот дүгнэлтэд: “...Б.Т-ын биед баруун дээд, доод зовхи, дух, хүзүү, зүүн бугалга, хэвлий, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

Яллагдагчаар Л.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг үнэн зөв. ...Өөрийн хадам аавтайгаа учраа олж чадаагүй миний буруу, одоо ахин ийм асуудал гаргахгүй, маш их гэмшиж байна. ...хохирогч Ю.А-ын ...нүүр рүү нь гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41, 103-104/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогч нарын өргөдөл /хх-н 3, 75/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 8-13, 47-58, 92-95, 105-109, 127-128/, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх-н 72/, Хохирлын баримтууд /хх-н 116/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 120/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Л.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хадам аав Б.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Локо” нэртэй пабад үйлчлүүлж байгаад иргэн Ю.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хадам аав Б.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мөн иргэн Ю.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Ю.А-ын: “...Би нөгөө залуугаас салаад юм яриад зогсож байтал надтай маргалдаж байсан залуу миний араас нүүрэн тус газар гараараа цохьсон. Гэмтлийг надтай маргалддаг залуу учруулсан. ..намайг Э- гэдэг залуу цохиж гэмтээсэн. Сүүлд утсаар ярихад өөрийгөө Э- гэж хэлж байсан. Нэг удаа гараараа нүүр рүү цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 113-114/, хохирогч М.Т-ын: “...хүргэн Э- шууд миний толгой руу, өөрийнхөө толгойгоор мөргөөд, намайг цохиж зодсон. Тэгээд толгойг сугандаа хавчуулж байгаад толгой руу гараараа маш их цохьсон. Тэгээд намайг өшиглөөд байсан. Манай эхнэр, манай охин нар хүргэнийг салгах үед хүргэн Э-ыг найз нь гээд нэг залуу аваад гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-24/, гэрч Б.Баатархүүгийн: “...Анхаа цаашаа текрүү хараад зогсож байхад нөгөө маргалдаад байсан үл таних залуу араас нь очоод хажуу талаас нь нэг удаа гараараа цохьсон. Тэр үед би очоод нөгөө залууг нь бариад авсан. Тэр үед Анхаа ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь нүд нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/, гэрч Л.Ариунзаяагийн: “...шивээстэй залуугийн найз нь хүн болгон руу үсчээд дайраад байсан ба Анхаа ахыг шивээстэй залуутай хамт явж байсан залуу нүүр рүү нь 1 удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/, гэрч Т.Заяагийн: “...нэг харсан чинь Э-ын амнаас цус гарчихсан, аав газар уначихсан, Э- аавын цээж рүү 2 удаа өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, гэрч Ж.Мандахбаярын: “...миний хүү Тогтохбаярыг яагаад шөнө архи уучихсан орж ирж байгаа юм бэ гэж дохионы хэлээр хэлээд алгадчихсан гэж байсан. Тэгтэл Тогтохбаяр нь намайг цохиж унагаад хэд хэдэн удаа цохиод багалзуурдаж унагаад намайг өшиглөсөн гэж надад хэлсэн. Одоо миний хүүгийн эрүүний зүүн хэсгээр хавдчихсан, дух хавдчихсан, хүзүү орчмоор нь болон нуруу нь тэр чигтээ улаан хүрэн болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 4-5/, шинжээчийн 753, 1050 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Л.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг тус тус хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Энхотогтох нь согтуурсан үедээ хохирогч Ю.А-тай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч М.Т-тай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Энхотгтох, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Э-ын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ю.А-, М.Т- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ю.А- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний төлбөрийг барагдуулж хохиролгүй болсон гэж мэдүүлсэн бичгээр хүсэлт /хх-н 130/ гаргасан, хохирогч М.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Л.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 720 цаг нийтэд тустай ажил хийлэгх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Л.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заажээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хэлмэрчийн зардал болох 1 цагийн 25.000 төгргийг мөрдөн байцаалтын шатанд 2 цаг, шүүх хуралдаанд 1 цаг, нийт 3 цагаар тооцон 75.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хэлмэрч Б.Саранчимэгт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Э-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэж ялаар шийтгэсүгэй
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э- нь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 75.000 төгрөг гаргуулж хэлмэрч Б.Саранчимэгт олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР