Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/260

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0179/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч М.Н-, Ж.Ө-, Ж.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт М-ы Н-, Т- овогт Ж-ы Ө-, Т- овогт Ж-гийн А- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818008020163 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, ... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2011 оны 07 сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт М-ы Н- /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 13 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т- овогт Ж- Ө- /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Хонгор сум, ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т- овогт Ж-гийн А- /РД: /,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Н-, Ж.Ө-, Ж.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Н-, Ж.Ө-, Ж.А- нар нь 2018 оны 10 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг “Хуурай” гэх газар хууль бусаар газрын хэвлийд халдаж 690.9 м куб талбайд олборлолт явуулж, 230 гр алт олборлосон, байгаль орчинд 1,464 295.79 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хууль ёсны төөлөгч Т.А-гийн “...2018 онд Б-, А- нарын нөхөрлөл хуурай гэх бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох гэрээтэй байсан, гэхдээ бол яг Ж.А-, Ж.Ө-, М.Н- нарын ухаж ашигт малтмал олборлосон гээд байгаа газар бол зөвшөөрөлтэй газарт багтахгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Гэрч Ж.Бү-ын “...Надад огт тийм зүйл байхгүй харин наад хүмүүс чинь тэр газрын ойролцоо бичил уурхайн бичиг баримттай учраас намайг цуг оролцсон мэтээр харагдуулах гэж миний нэрийг дурдсан байна миний бичил уурхайн зориулалттай газар ойролцоогоор 2-3 км зайтай газар байдаг. Надад наад асуудал огт хамаагүй. ...манай нөхөрлөл Хан бүрэн тулга гэх нэртэй, миний нэр дээр байдаг, наад асуудалд ямар ч хамаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

Гэрч Н.Б-ын “...Ө- гэх хүнийг танина урьд өмнө хамтран ажиллаж байсан, миний ковшийг түрээсээр авч Зүүнхараа руу 2017 онд авч явж байсан. ...2018 оны 10 сарын 11-ны өдөр хаана ковш байсан талаар мэдэхгүй, надаас түрээсээр авч явдаг байсан. Ө- гэх хүн Хонгор сумын нутаг дэвсгэрт давхар түрээслээд хууль бус юм хийж Шарын голын сумын цагдаагийн журмын хашаанд орсон байна лээ, би 2018 оны 10 сарын үед ковш чинь журмын хашаанд байна, авч чадахгүй байна гэж хэлэхээр нь ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

 

Шүүгдэгч М.Н-гийн “...2018 оны 10 дугаар сард Ө-, А- бид гурав ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан юм. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, эхний өдөр бид нар угаалт хийгээд 100 гаруй грамм алт олсон байх. Би арай тусдаа байсан юм, маргааш нь хүрээд ирсэн чинь А-, Ө- хоёр надтай хамтарч ажиллахгүй, чамд техник байхгүй, газар байхгүй, бид хоёр хамтарч ажиллах боломжтой байна гэхээр нь би тэгвэл өчигдөр ажилласан алтнаасаа авна гэж хэлж маргаан болоод би 5 сая төгрөгт бодож 60 гаруй грамм алт аваад явсан. Тэр алтыг тушаахад 5 сая гаруй төгрөг болсон. түүнээс Ө- 2,500,000 төгрөгийг авсан. Үлдсэн 2,500,000 төгрөгийг аваад өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн юм. ...Ө-, А- бид гурав л энэ газар ямар нэгэн зөвшөөрөлгүй гэж мэдэж байсан. Бусад ажилчид энэ талаар огт мэдэхгүй цалин авахаар ажиллаж байсан" гэх мэдүүлэг /хх 96-97/,

 

Шүүгдэгч Ж.Ө-ийн “...2018 онд сар өдрийг сайн санахгүй байна. Би Сэлэнгэ аймгийн Гахайт гэх газар Улаанбаатар хот руу явах гээд байж байтал Н- ирж уулзаад “надад газар байна, техник хэрэгтэй байна” гэхээр нь би 2 ковш, 1 экскаватор ажиллуулахаар болоод эхний нэг өдөр тэнд ажилласан, маргааш орой нь тухайн Н-гийн газар очиж хонож байрласан юм. Тэгээд маргааш нь Н-тай хамтарч ажиллахааргүй болоод Аптансүх бид хоёр тэндээ үлдээд байж байтал цагдаа нар ирээд баригдсан. .12-77 УН улсын дугаартай ковш ажилласан. Тухайн ковш эвдрээд задалж төмөрт тушаагаад алга болсон. Нөгөө ковш нь эвдэрхий байсан, тэнд угаасаа ажиллаагүй, хүнээс түрээсэлсэн байсан болохоор хүнд нь өгсөн. Тэр хүний нэрийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,

 

Шүүгдэгч Ж.А-ийн “...Би 2018 оны зун Б-тай хамтарч “Хан бүрэн тулга” нөхөрлөл байгуулж Хонгор сумын засаг дарга, “Р М” ХХК-тай хамтарсан гэрээ хийж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед Н-тай танилцаж байсан. Тэгж байх үед 2018 оны 10 сарын орчим энэ ухсан газрыг Б- бид хоёр хайж явж байгаад олсон, тэр үед цагдаа нар тэр газрыг зөвшөөрөлгүй ухаж болохгүй гэж хэлсэн учраас Б- яваад өгсөн. Би гэрээ хараад үлдсэн, ...Яг газар дээр бол 2 ковш, 1 экскаватор байсан. Нэг ковш нь ажиллахгүй эвдэрсэн байсан учраас цагдаа нар нэг ковшийг Шарын голын цагдаа дээр авчирсан. ...Би Н- Ө- бид гурав ярьж тохироод тухайн газрыг ухсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-25/,

 

2019 оны 11 сарын 18-ны өдрийн Монслов ХХК-ийн шинжээчийн “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хуурай” нэртэй газарт иргэд нийт 690.9 м куб талбайд олборлолт явуулж нийт хохирлын хэмжээ 1,464,295.79 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 3,191,155.14 төгрөг /хх-ийн 59-67/ гэх 19/093 дугаартай байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ тогтоосон дүгнэлт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдсан, олборлолт явуулж 230 гр алт олборлосон үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд М.Н-, Ж.Ө-, Ж.А- нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, ...газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан ба хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас учирсан хохиролд байгаль орчинд учирсан хохирлоос гадна төрийн нийтийн өмчид хамаарах баялаг буюу олборлосон алт мөн хамаарна.

 

Иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар хууль бусаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь хамтран хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч нарын байгаль орчин, газрын хэвлийд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож гаргуулах, хууль бусаар олборлосон алтыг тухайн үеийн ханшаар тооцон гаргуулж улсын орлогод болон Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна.

 

Дархан-Уул аймаг дахь Монгол Банкны хэлтсийн “...2018 оны 10 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 99,911.55 төгрөг,  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 грамм алт худалдан авах үнэ 100,609.36 төгрөг байна. Жич: Долоо хоногийн баасан гаригийн хаалтын ханш нь дараа долоо хоногийн даваа гариг хүртэл хүчинтэй” гэх 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А-38 дугаар албан бичиг /хх-ийн 233/-ээр гэмт хэрэг үйлдэгдэх үед 1 гр алт дунджаар 99,911.55 төгрөгийн үнэтэй байсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрх алтны ханш нь байгалийн алтыг тодорхой хэмжээнд цэвэршүүлж Монгол банкинд тушаах үед тооцох ханш ба шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед “олборлосон алтаа ченжүүдэд 1 граммыг нь 80,000 төгрөгөөр тушаасан” гэж мэдүүлжээ.

 

Тухайн олборлосон алтыг худалдан борлуулсан тул ямар сорьц, агуулга бүхий алт байсан болохыг нарийвчлан тогтоож хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 1 гр алтны үнэлгээг 80,000 төгрөгөөр тооцон шүүгдэгч нараас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Иргэний нэхэмжлэгч Т.А нь шүүгдэгч М.Н-, Ж.Ө-, Ж.А- нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан.

 

Шүүгдэгч нар байгаль орчин, газрын хэвлийд учруулсан хохирлыг хууль заасан нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон нөхөн төлсөн байна.

 

Гэм буруутай эсэх шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хууль бусаар олборлосон 230 гр алтыг 1 граммыг нь 80,000 төгрөгөөр тооцон нийт 18,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 6,133,333 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авсан хугацаанд шүүгдэгч М.Н- нь 3,000,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хүү, торгуулийн 100190000988 тоот дансанд, 3,133,333 төгрөгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн барьцааны 100190005350 тоот дансанд, шүүгдэгч Ж.Ө-, Ж.А- нь тус бүр 6,133,333 төгрөгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн барьцааны 100190005350 тоот дансанд тус тус байршуулсан байна.

 

Дээр дурдсанчлан шүүгдэгч нар хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн тусгай дансанд төлөх ёстой боловч уг сангийн дансыг шүүх хуралдаанаас өмнө олж тушааж чадаагүй тул тус шүүхийн барьцааны 100190005350 тоот тусгай дансанд байршуулжээ.

 

Шүүгдэгч М.Н- нь 3,000,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн хүү, торгуулийн 100190000988 тоот дансанд тушааж баримтын хуулбарыг ирүүлсэн байх ба хаана тушааснаас үл хамааран төрийн сангийн орлого болох тул энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 100190005350 тоот тусгай дансанд байршуулсан шүүгдэгч М.Н-гийн 3,133,333 төгрөг, шүүгдэгч Ж.Ө-, Ж.А- нарын тус бүр 6,133,300 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот данс руу шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж, шилжүүлгийн баримтын хуулбарын 1 хувийг хэрэгт хавсаргах, 1 хувийг тус тус шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Эрдэнэцогтод даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар шийтгэх тогтоолоор гэмт хэргийн хохиролд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.Н-, Ж.Ө-, Ж.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх, “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч М.Н-, Ж.Ө-, Ж.А- нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хариуцуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой ба ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг.

 

Шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч нар хууль бусаар ашигт малтмал олборлохдоо эвскаватор, авто ачигч, шороо угаах зориулалттай төхөөрөмж ашигласан, уг эвскаватор, авто ачигч, шороо угаах зориулалттай төхөөрөмж нь бусдын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

“Капитал зууч” ХХК 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр дээрх техник, тоног төхөөрөмжийн үнийг “...Самсунг-352 маркийн эксковатор /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 1 ширхэг, Лонкинг сдм 853 маркийн 12-77 УН улсын дугаартай авто ачигч /ковш/ Хятад улсад үйлдвэрлэгдсэн, өнгө үзэмж, чанар байдал муудсан 1 ширхэг, шороо угаах зориулалттай төхөөрөмж /скрубер/ хуучирсан, өнгө үзэмж чанар муудсан 1 ширхэг зэрэг эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 30,000,000 төгрөг” гэж тогтоожээ. /хх-ийн 76-78/

 

Шүүгдэгч нар үнэлгээний талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусдын өмчлөлийнх бол эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан тул Самсунг-352 маркийн эксковатор /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн/ 1 ширхэг, Лонкинг сдм 853 маркийн 12-77 авто ачигч /ковш/ Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 1 ширхэг, шороо угаах зориулалттай төхөөрөмж /скрубер/ 1 ширхэг зэрэг эд хөрөнгийн үнэ 30,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус тус 10,000,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-, Ж.Ө-, Ж.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт М-ы Н-, Т- овогт Ж-ы Ө-, Т- овогт Ж-гийн А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Б- овогт М-ы Н-, Т- овогт Ж-ы Ө-, Т- овогт Ж-гийн А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд М.Н-, Ж.Ө-, Ж.А- нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Н-, Ж.Ө-, Ж.А- нараас Самсунг-352 маркийн эксковатор /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн/ 1 ширхэг, Лонкинг сдм 853 маркийн 12-77 авто ачигч /ковш, Хятад улсад үйлдвэрлэгдсэн/ 1 ширхэг, шороо угаах зориулалттай төхөөрөмж /скрубер/ 1 ширхэг зэрэг эд хөрөнгийн үнэ 30,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн барьцааны 100190005350 тоот дансанд байршуулсан М.Н-гийн 3,133,333 төгрөг, шүүгдэгч Ж.Ө-, Ж.А- нарын тус бүр 6,133,333 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот данс руу шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газарт, шилжүүлгийн баримтын хуулбарын 1 хувийг хэрэгт хавсаргах, 1 хувийг тус тус шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Эрдэнэцогтод даалгасугай.

 

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-, Ж.Ө-, Ж.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД