Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар  2020/ШЦТ/894

 

 

                                                        

           

 

 

 

2020        12          16                                   2020/ШЦТ/894

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч О.Л /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Занийхан овогт О.Лд холбогдох эрүүгийн 2011 00000 1065 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч Занийхан овогт О.Л., Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 08ы өдөр Баянхонгор аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “......” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн ... дугаар хороо, Туулын... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаар .................................

  /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч О.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед иргэн Э.П халааснаас түүний эзэмшлийн 1.435.500 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ-Си загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Лоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ...Тухайн үед би согтуу байсан ба маргааш нь эрүүл болоод Э.П эгчид утсыг авсан талаараа хэлэх гээд хэлж чадаагүй ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

          Шүүгдэгч О.Лоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ Уг нь тоглох журмаар авсан. Тэгээд камерын бичлэг байгаа гэж хэлэхэд нь уулзаад өгсөн” гэв. 

Хохирогч Э.Паас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед ажил тараад ажлын газрын хүмүүсийн хамт гараад бид нар Чингэлтэй дүүргийн.. дугаар хороо, .... хойд талын “...” караокед орсон ...Тэгээд би ариун цэврийн өрөө орох гээд хувцсаа өмсөөд халааснаасаа утсаа хартал байхгүй байсан ба би ажлын газрын хүмүүстээ миний утас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд манай ажлын газрын хүмүүс бүгд миний утсыг хайгаад ерөөсөө олдоогүй. Тэгээд утас олдохгүй байсан болохоор бид нар 02 цагийн үед бүгдээрээ гэртээ явцгаасан. Маргааш нь би өмнөх орой явсан бүх газраар утсаа хайж явсан ба тус караокед ирээд камерын бичлэгийг шүүж үзэхэд манай ажлын газрын хамт ажилладаг О.Л гэдэг залуу миний утсыг авсан байсан. Тэгээд би О.Л руу залгаад миний дүү эгчийнхээ утсыг өгчих үү гэж хэлэхэд би аваагүй гэж хэлэхээр нь эгчид нь бичлэг нь байна гэхэд О.Л за эгчээ уучлаарай дүү нь тоглоод авсан байсан юм гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-8х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15х/,

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16-17х/,

“....” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЧД1-20-648 дугаартай дүгнэлт /хх-19-20х/,

Шүүгдэгч О.Лийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч О.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” караокед иргэн Э.П халааснаас түүний эзэмшлийн 1.435.500 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ-Си загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.435.500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч О.Л нь хохирогч Э.Пд Айфонэ-Си загварын хар өнгийн гар утас /хх-16х/-ыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч О.Лийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг диск /СиДи/-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Занийхан овогт О.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.435.500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг диск /СиДи/-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба  О.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН