Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/699

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Хохирогч Ч.Ч, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х овогт Х-ын Б-д холбогдох эрүүгийн 1905022000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайт 33 дугаар гудамж 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /             / Х овогт Х-ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах S бааранд иргэн Ч.Ч-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах S бааранд иргэн Ч.Ч-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд өгсөн: “...Ч эгч согтуу байсан. Миний эмзэг сэдвийг хөндөж, намайг хүүхдээ алсан алуурчин гээд хэл амаар доромжлоод байсан. Би та одоо болио гэхэд өөдөөс орилж, дайраад байсан. Би алгадаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Ч-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үеийн бичлэг сидинд байгаа. Тэр бичлэгт хэн нь зодоод байгаа нь тодорхой харагдана. Эмчилгээний зардалд 830.500 төгрөг, мөн өмгөөлөгчийн зардалд 500.000 төгрөг, шүүх эмнэлгийн 8.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ...Баянгол дүүргийн 14-р хорооны S нэртэй бааранд Ц эгч, Б, А нөхрийн хамт, Б, Н нөхрийн хамт бид нар ороод нэг шил архи авсан. Тэгээд бүжиглээд суугаад бүжиглээд суугаад тэгж байгаад бүгдээрээ бөөгнөрөөд суусан. Тэгээд маргаад А над руу юм шидсэн би яаж байгаа юм бэ гээд босоход Б намайг дарсан. Ц эгч дарсан. Тухайн үед би согтолттой байсан, цохиулаад манарсан байсан. Тэгээд би яг сайн санахгүй байна. Уг баарнаас гараад маргалдсан. Утас байхгүй болохоор цагдаа дуудаж чадаагүй тэгээд гэртээ харисан. Надад учирсан гэмтлийг Б учруулсан. Бааранд намайг зодсон... Эмчилгээ хийлгэсэн 850.000 төгрөгийн хохирол гарсан. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 тал/,

 

Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 сарын 15-нд Н-ийн төрсөн өдөр болоод бид Б-, Б, О, Г, Н-, Б, бид нар Б нэртэй караокед ороод хоол идээд нэг шил 0,75 литрийн архи хүний нэг нэг пиво авсан тэгээд Ч араас орж ирээд хоол унд идчихээд нялх хүүхэдтэй юм чинь харина гэж байсан. Тэгээд хамт бааранд орьё гэж ярилцаад Ч эгчийг Ц эгч эртхэн харь гэрт чинь хүүхэд чинь хүлээж байгаа хоол ундыг нь хүргэж өг гээд бид нар Sеа ороход араас ороод ирсэн. Тэгээд бааранд ороод нэг шил 0,75 литрийн архи 6 ус захиалж уусан. Бид нар гарч бүжиглэж байгаад би ширээн дээр суухад Ч эгч би 21 настай банди нартай хамт явах байсан гээд Б ахын хажууд нь суугаад янз бүрээр оролдоод намайг буудал аваад орчих гээд байсан. Байнга налаад энгэр заамыг нь илээд байсан. Б ах эрэгтэй хүн бол зодчих юмсан гэсэн. Би нялх хүүхэдтэй байж эртхэн явахгүй юм уу гэхэд М-гийн шээс үхнэ үү байна уу чамд хамаагүй эхийгээ үхүүлж ханадаггүй чамд хамаагүй гэсэн. Би уурлаад ууж байсан усны тагийг шидсэн. Би байнга архи уухаараа яагаад агсам согтуу тавьж байдаг юм бэ? гэсэн. ...Б- Ч эгчтэй хэрэлдээд Б- эгчийг хүүхдүүдээ алсан алуурчин гээд орилж байсан хоорондоо маргалдаж байсан. Ц эгч би аргалъя гээд очсон тэгээд Ц эгч нэлээн тайвшруулах гээд дарсан. Гар өвдөөд байна энийг ирээд аваадахаач гэхээр нь би очиход миний гарнаас угзарсан Ч эгч орилоод дөхүүлэхгүй байсан. Тэгээд би гараад явчихсан. ...Ц эгч Б- эгчийг Ч согтуу байна гэрт нь хүргэж өг гээд тэгээд бид нар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

 

Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ...Би дуу захиалаад бид нар гарч бүжиглэж байгаад буцаад суусан. Тэгэхэд Ч өөр эрэгтэй хүмүүстэй ширээ рүү яваад байсан. Б- очиж авч ирсэн. А Ч эгчээ оройтчихлоо гэртээ харь гэсэн тэгэхэд Ч, А-ийг үхүүлж ханадаггүй янхан минь чамайг хорин нэгтэй банди нар тоохгүй намайг тоогоод байгаа биз дээ гэхэд А чи миний үхэл зовлонгоор тоголлоо чи юу юм гээд усны бөглөө шидсэн. Ч босоод орилоход Б- дарахад Б-ыг 3 хүүхдээ алсан алуурчин янхан гэж орилсон. Тэгэхэд Б- уурлаад чи адилхан эмэгтэй эх хүн байж би ямар хүүхдээ алсан алуурчин юм уу гээд нүүр рүү нь хоёр удаа цохисон. Ч-гийн нүүр хавдсан байсан. Тэгээд зууралдсан байхаар нь би салгаад өвөр дээр нь суусан тэгээд дээрээс нь дарсан. Ч орилоод байсан тэгээд гайгүй болохоор нь бид нар гаръя гээд хувцасаа өмссөн. Ч хувцасаа хаячихаад цагдаа дууд гээд орилоод гүйсэн. Зөөгч залууг заамдсан байсан. Би салгах гэхэд намайг заамдаж хэл амаар доромжилсон. Тэгээд Б ирээд гарнаас нь татаад гар руу нь цохиод салгасан. Ч муухай хараагаад орилоод байхаар нь Б яаж ийм хүн үлдээхэв би аргалаад гаръя гээд би гарсан. Араас орилоод надруу дөрвөн эцгийн дөрвөн хүүхэд төрүүлсэн янхан авгай минь гээд надруу гүйгээд ирсэн. Би толгой руу нь түлхсэн. Тэгээд Г больё, явъя гээд бид нар цаашаа явсан. Ч үлдсэн бид нар холдоогүй явж байхад араас хэл амаар доромжлоод орилоод байсан. Би Б- куртикийг нь барьсан байхаар нь наадахаа ганцааранг нь орхиж болохгүй шүү юманд орчих вий гэрт нь хүргэж өгөөрөй гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

 

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Б нэртэй караокед О, А нөхрийн хамт, Б-, Б, Н-, З, О нарын хамт ороод сууж байхад араас Ч орж ирсэн. Тэгээд 2 шил архи, найман пиво авч хувааж уусан. Тэгээд уг караокеноос гараад Sнэртэй бааранд О, А нөхрийн хамт, Б-, Б, Н- бид нар ороод нэг шил архи ус аваад сууж байсан хамт байсан хүмүүс бүжиглэж байсан. Тэгээд нэг залуу ирээд энэ нэг эгчээ аваач гэсэн. Б- Ч-г очиж авч ирсэн. Ч миний хажууд суугаад намайг хамт явъя буудал орьё гээд байсан. Би нялх хүүхэдтэй юм байж чи эртхэн харь гэсэн. Тэгэхэд Ч М-гийн шээс үхнэ үү яана та нарт ямар хамаатай юм гэсэн. Б- та одоо болил доо ямар аймаар юм бэ? Гэхэд Б-ыг чи муу алуурчин янхан гээд хэрэлдсэн. Б- чи хүнийг доромжлохгүй шүү гээд дараад 2-3 удаа алгадсан. Тэгээд Ч Б-ыг заамдсан байсан. О очиж салгаад Б-ыг холдуулаад Ч-гийн дээр дарж суусан. Тэгээд хамт явсан хүмүүс босоод явсан Ч араас нь хэл амаар доромжлоод яваад байсан. Тэгээд О-ийн хувцаснаас зуураад байхаар нь би гар луу нь цохиж тавиулаад О-ийг аваад бүгдээрээ гарсан. О Б-д чи наадахаа гэрт хүргэж өгээрэй гээд явсан. ТҮЦ-ийн хажууд А рүү дайраад татаж чангаагаад байсан. ...Б- Ч-г алгадсан. Өөр зодож цохисон хүн байхгүй. Ч хүмүүс рүү очоод зуураад дайраад байсан... /хх-ийн 21-22 дахь тал/

 

Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Цохисон гэм буруугаа ухаарч байна. Тухайн үед Ч.Ч намайг хэл амаар доромжилсон болохоор уураа барьж чадахгүй цохичихсон...” /хх-ийн 56-57 дахь тал/ гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Ч.Ч-гийн биед зовхи, хамрын нуруу, дух, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт хохирогчийн гэрэл зураг, хохиролтой холбоотой нэхэмжлэх, төлбөрийн баримт, хяналтын камерын бичлэг бүхий сиди  /хх-ийн 24, 27, 28-29 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.   

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон өдөр хохирогч, шүүгдэгч болон нэр бүхий гэрчүүд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогч архи уусны улмаас өөрийгөө хянах чадвараа алдаж зүй бус үг, үйлдэл гаргасаны улмаас шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар 2 удаа цохисон болох нь талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан хохирогч Ч.Ч, гэрч Д.О-, Б.Б, Ц.А- нарын мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн үйл явцыг харуулсан хяналтын камерын бичлэгээр тодорхой нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.Б-ын хохирогч Ч.Ч-гийн нүүрэн тус хэсэгт 2 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Ч.Ч-гийн биед зовхи, хамрын нуруу, дух, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хэргийн 24 дэх талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь нотлогдсон байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 0000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Х.Б- нь хохирогч Ч.Ч-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.Б-ын 2019 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах S бааранд иргэн Ч.Ч-г цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ч-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо тогтоолгох зорилгоор шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 8000 төгрөг, хор уршгаа арилгаж эмчилгээ хийлгэхээр Ганзүү эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчүүлж 830.500 төгрөгийг бодит зардал гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирлын талаарх нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчид хохирол, түүнтэй холбоотойгоор бодит зардал учирсан болох нь тодорхой байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн Ганзүү эмнэлгийн тамга зөрүүтэй, зарлагын баримт биш орлогын баримт үйлдэх ёстой гэж мэтгэлцснийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж, хэргийн 29 дэх талд авагдсан нотлох баримтын хүрээнд 838.500 /найман зуун гучин найман мянга таван зуу/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Х.Б-аас гаргуулж хохирогч Ч.Ч-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

Харин хохирогчийн өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. Учир нь хохирогч өөрөө, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Х.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулг, гэрч Г.М-ын мэдүүлэг /хх-ийн 61-70 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шинжлэн судлуулсан бөгөөд уг нотлох баримтуудаар шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Х.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди нь хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг учир хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, Бүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 838.500 /найман зуун гучин найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Ч-д олгож, 500.000 төгрөгийн өмгөөллийн зардал гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө Бүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА