Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1816

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

  2020             10           19                                         2020/ШЦТ/1816

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч М.Очбадрах,   

Нарийн бичгийн дарга Н.Солонго,

Шүүгдэгч Н.Т , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т т холбогдох эрүүгийн 2002 00425 0263 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Н.Т , Монгол Улсын иргэн,

                                                                                                                               

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Т  нь 2020 оны 6 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй 95.5954 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны орчим худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Н.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “      ” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Н.Т ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвсийг Төв аймгийн Бор нуур сумын нутаг дэвсгэрээс ганцаараа явж түүсэн өвсөө биедээ авч явж байгаад 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг[2],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4551 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн обьектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2” гэж дугаарласан 2ш ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ илэрч байна.

3. Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ нь НУБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

4. “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн уутны хамт нь 90 гр, цэвэр жин нь 88 гр, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн уутны хамт нь 10,546 гр, цэвэр жин нь 7,5954 гр байсан ба ургамал мэт зүйл тус бүрээс 0,1 гр-г шинжилгээнд зарцуулав” гэх дүгнэлт,[3]

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 840 дугаартай:

“1. Н.Т  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2. Н.Т  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Н.Т  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Н.Т  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Н.Т  нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020.08-р сараас 2020.08.19-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Н.Т  нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Н.Т т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Н.Т  нь мансууруулах сэтгэцэд эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт,[4]

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4741 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н.Т  НЭ98091638 2020/08/18” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт,[5]

 

Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол,[6]

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл,[7]

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[8],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[10] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Т  нь 2020 оны 6 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй 95.5954 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны орчим худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Н.Т ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвсийг Төв аймгийн Бор нуур сумын нутаг дэвсгэрээс ганцаараа явж түүсэн өвсөө биедээ авч явж байгаад 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг[11], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4551 дугаартай дүгнэлт,[12] Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 840 дугаартай гэх дүгнэлт,[13] Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4741 дугаартай дүгнэлт,[14] Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол,[15] Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл[16] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бол” гэж хуульчилсан байдаг.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4551 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Н.Т өөс хураагдсан “өвс” мэт зүйлээс “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/” илэрч, “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ нь НУБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарч байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд  иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

 

Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүй байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Н.Т  нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг түүж цуглуулсан нь, улмаар уг бодисыг өөрийн биедээ авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэх шинжүүдийг бүрэн хангаж байна.

 

Мөн шүүгдэгч Н.Т  нь “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар худалдаалах зорилгогүй болох нь тогтоогджээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Н.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинж болох хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг тул шүүгдэгч Н.Т  бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохын дурьдах нь зүйтэй байна.     

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Т  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Н.Т т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх санал, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Н.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлж байгаа, их дээд сургуульд суралцдаг, мансууруулах сэтгэцэд эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэргийг харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон, эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, ёс суртахуун, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслахад чиглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч Н.Т т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”  гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Н.Т  нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан 88 грамм цэвэр жинтэй, “2” гэж дугаарласан 7,5954 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэнцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч И.Цэнддоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Т ийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Т т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Т  нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан 88 грамм цэвэр жинтэй, “2” гэж дугаарласан 7,5954 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэнцэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Н.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ       

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас

[10] Хавтас хэргийн 15-20 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас