| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00346/И |
| Дугаар | 1104 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1104
| 017 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2017/01104 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Худалдааны гудамж холбооны 2/20 дугаар байр, 01 тоотод оршин суух, Олгонуд овогт Батмөнхийн Мөнгөнцэцэгийн /РД:УМ90080609/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, өөрийн байранд байрлах Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ТӨААТҮГазарт холбогдох
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын Б/526 тоот тушаалыг хүчингүй болгож,ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд /ШТЭҮ-0968/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, гэрч Ц.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Олгонуд овогт Батмөнхийн Мөнгөнцэцэг миний бие 2009 онд Энэтхэг улсад онгоцны үйлчлэгчийн академийг, 2012 онд БНСУ-д агаарын үйлчилгээний ангийг, 2014 онд мөн БНСУ-ын зочид буудлын менежментийн ангийг тус тус төгссөн бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Захирлын 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн А/17 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу дугаар Т-26/27-2015 тоот туршилтын болон түр хугацаагаар ажиллагчидтай байгуулах хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад ВИП танхимын үйлчлэх ажилчин гэсэн ажлын байрны тодорхойлолттойгоор ажил үүргээр гүйцэтгэж эхэлсэн.
2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагч, зорчигч үйлчилгээний алба гэх ажлын байрны тодорхойлолтоор дугаар 16/12 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн ажилтан болон ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, 2016 оноос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шинэ захирлаар Д.Мөнхбаатар томилогдон ирж ажилласан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын эхээр хүний нөөцийн мэргэжилтэн М.Пүрэвсүрэн намайг дуудаж ямар ч үндэслэл тайлбар хэлэлгүйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/811 тоот тушаалаар тус нисэх буудлын Зорчигч үйлчилгээний албаны Хүндэт зочны танхимын ээлжийн орон тоог цөөрүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоо 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр мэдэгдэж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/526 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 12 дугаар сарын 28-нд надад өгсөн бөгөөд би 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан болно.
Бид нар 24 цаг ажиллаж 48 цаг амрах журмаар ээлжээр ажилладаг байсан бөгөөд Зорчигч үйлчилгээний албаны Хүндэт зочны танхимын ээлжийн орон тоог цөөрүүлж, 24 цаг ажиллуулж 24 цаг амраахаар болж байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/526 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргав.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би онгоцны буудлын үйлчилгээний мэргэжлээр гадаадад сурч байгаад Монгол улсад ирж “Чингис хаан” ОУНБ-д 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гадаад ВИП танхимын үйлчилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа тушаал дэвшиж 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр дотоод ВИП танхимын ээлжийн зохион байгуулагчийн албан тушаалд жинхэлсэн. 2016 оны 12 дугаар сарын эхээр ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл ирсэн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэг дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл манай ВИП танхимд 6 хүн ажиллаж байхад намайг сонгож ажлаас чөлөөлсөн тул би гомдолтой байгаа. Би уг хүмүүсээс мэргэжил арга зүйн хувьд илүү гэж боддог. Ямар нэг шалгуур тавьж би унаад ажлаасаа гарсан бол гомдол гаргахгүй байсан байхад үндэслэлгүйгээр л халсан. Иймд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч үйлчилгээний албаны ээлжийн зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.
Хариуцагч талаас бүтцийн өөрчлөлт хийж, орон тоог цөөрүүлсэн, мөн ашиггүй ажиллаж байсан тул бүтцийн өөрчлөлтөд оруулсан гэж тайлбарладаг боловч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажилчдын цалин их, олсон орлого бага, ашиггүй ажиллаж байсан гэдэг нь үндэслэлгүй. Намайг ажлаас гарснаас хойш дахин хүн авч ажиллуулж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус нисэх буудлын Зорчигч үйлчилгээний албаны ээлжийн зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.Мөнгөнцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ИНЕГ-ын даргын 2016 оны “Зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/811 тоот тушаалаар хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчийн орон тоог 6 байсныг 5 болгон цөөрүүлжээ. Ингэхдээ орон нутгийн заалны зохион байгуулагчийг цөөрүүлсэн бөгөөд учир нь 2016 оны хувьд тус Бизнес танхим нь нийт 14 074 580 төгрөг, сард дунджаар 1 172 881 төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд ажилтнуудын цалинд нэг сард дунджаар 7 054 801 төгрөгийн зарлага гаргасан. Иймд тус заалны зохион байгуулагч болон худалдагчийн орон тоог тус бүр нэгээр цөөрүүлэх арга хэмжээг авсан. Ийнхүү орон тоо цөөрүүлэх арга хэмжээг авахдаа тус зааланд зохион байгуулагчаар ажилласан жил, туршлагыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу Б.Мөнгөнцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсгийг баримтлан Б.Мөнгөнцэцэгт нэг сарын өмнө мэдэгдэж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилласан жилээс хамаарч 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон тоо цөөрүүлэх болсон шалтгаан нь цалингийн зардал ихэссэн энэ нь хэрэгт авагдсан баримтууд, 2016 оны дотоод ВИП танхимын таксийн болон худалдааны орлого, ажилчдын цалингаар нотлогдоно. “Чингис хаан” буудлын ажилчдын тоог тодорхой хэмжээгээр бүтцийн өөрчлөлтөөр бууруулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан, үүнд зорчигч үйлчилгээний албаны дотоод хүндэт зочны танхимын зохион байгуулагчийн албан тушаал орсон байгаа. Бид бүтцийн өөрчлөлтөд оруулахдаа ажиллаж байсан хүмүүсийн ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзаж үзсэн. Үлдсэн хүмүүс нь бүгд нэхэмжлэгчээс илүү удаан хугацаанд ажиллаж байгаа гэдэг нь баримтаар гэрчийн мэдүүлгээр нотлогдоно, мөн дахин хүн авч ажиллуулсан гэдэг нь үндэслэлгүй, бид жирэмсний амралттай байсан хүний оронд ажиллуулаад тухайн хүн нь ажилдаа орсон тул хөдөлмөрийн гэрээг нь цуцласан байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг нь хариуцагч Буянт ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ТӨААТҮГазартхолбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын Б/526 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн, орон тоог цөөрүүлсэн тушаал нь хууль зөрчсөн, ажлын байрыг цөөрүүлсөн байж уг ажлын байранд дахин ажилтан авч ажиллуулж байгаа тул хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн.
Хариуцагч нь зохион байгуулалтын бүтэцтэй холбоотойгоор орон тоог цөөрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцласан, орон тоог нь цөөрүүлж, ажлын байр нь байхгүй болсон учир ажилд эгүүлэн тогтоох боломжгүй, ажилласан жил, туршлагыг нь харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” №Б/526 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.7 дахь заалт, Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2016-2017 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 4.1 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/811 дүгээр тушаалыг үндэслэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоог нь цөөрүүлсэн Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагч Б.Мөнгөнцэцэгтэй байгуулсан гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 9-р хуудас/
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно. /хэргийн 10-р хуудас/
Нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчаар 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Хөдөлмөрийн №16/12 тоот гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-8-р хуудас/
Зохигч 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №16/12 тоот хөдөлмөрийн гэрээ болон 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №09/12 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.
Хариуцагч Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” №Б/526 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/811 дүгээр тушаалыг үндэслэнХөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/526 тоот тушаал нь хууль зөрчсөн, 24 цаг ажиллуулж 24 цаг амраахаар болж байгаа нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй, орон тоог цөөрүүлэхдээ надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцласан нь тодорхойгүй гэжээ.
Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/526 тоот тушаал нь хууль зөрчөөгүй, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №А/811 тоот тушаалаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын орон тоог баталсан бөгөөд зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчийн орон тоо 5 болж орон тоо цөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байна.
Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачаалалыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой тооныхыг хасах явдал юм. Энэ үед ажиллаж байгаа ажилтнуудаас аль чадвартай, мэргэжилдээ илүү сайныг нь үлдээх зарчмыг ажил олгогч баримтлах бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон тоог цөөрүүлэхдээ ажилтнуудын ажилласан жил, туршлагыг нь харгалзсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №А/355 тоот “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Зохион байгууллалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Чингис хаан Олон улсын нисэх буудлын зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог 767-гоор тогтоон хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан байна.
Уг тушаалын 2 дугаар хавсралт болох “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын орон тоонд “...Ес.Зорчигч үйлчилгээний алба, Зохион байгуулагч, Хүндэт зочны танхимын, ээлжийн 6“ гэсэн орон тоотой байжээ. /хэргийн 25-33-р хуудас/
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №А/811 тоот “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог 748-аар тогтоон хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталжээ. /хэргийн 48-р хуудас/
Дээрх тушаалын 2 дугаар хавсралт болох “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын орон тоонд “...Арван гурав. Зорчигч үйлчилгээний алба, Зохион байгуулагч, Хүндэт зочны танхимын, ээлжийн 5” гэж орон тоог цөөрүүлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 49-56-р хуудас/
Нэхэмжлэгч нь бүтэцийн өөрчлөлт хийсэн нь хууль бус, орон тоог цөөрүүлснөөр Хөдөлмөрийн хууль зөрчигдөнө гэсэн боловч хариуцагч нь Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.6-д “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шууд харъяа алба, байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийг батлах, иргэний нисэхийн бусад байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих” бүрэн эрхийн хүрээнд гаргасан тушаалын дагуу орон тоог цөөрүүлсэн байх тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Зохигч талууд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №А/355 тоот тушаалаар хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчийн 6 орон тоонд Ч.Долгорсүрэн, Л.Янжинцэцэг, Н.Бадамханд, Б.Мөнгөнцэцэг, Э.Батцэцэг, З.Алтанзул нар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №А/811 тоот тушаалаар уг албан тушаалд Н.Бадамханд, Ч.Долгорсүрэн, Л.Янжинцэцэг, Ц.Болорчимэг, Э.Батцэцэг нар ажиллаж байгаа талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь Буянт ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №Б/219 тоот тушаалаар Терминалын үйлчилгээний албанд гадаад ВИП танхимын үйлчлэх ажилчнаар Г.Болормаагийн хүүхдээ асрах чөлөөний хугацаанд түр орон тоонд, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №Б/306 тоот тушаалаар Терминалын үйчилгээний албанд гадаад ВИП танхимын үйлчлэх ажилчнаар түр орон тоонд, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/434 тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний албанд хүндэт зочны танхимын үйлчлэх ажилтнаар түр ажиллаж байгаад 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №Б/42 тоот “Б.Мөнгөнцэцэгийг жинхлүүлэн ажиллуулах тухай” тушаалаар 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс зорчигч үйлчилгээний албанд хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчаар жинхлэн ажилласан байна. /хэргийн 22-24, 36-р хуудас/
Харин 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №Б/346 тоот Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын буудлын захирлын тушаалаар Ч.Долгорсүрэнг Зорчигч үйлчилгээний албаны гадаад ВИП танхимын ээлжийн зохион байгуулагчаар, Ц.Болорчимэгийг дотоод ВИП танхимын ээлжийн зохион байгуулагчаар, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/136 тушаалаар Ц.Мөнхтуулыг Л.Янжинцэцэгийн ээлжийн амралтын хугацаанд Гадаад ВИП танхимын ээлжийн зохион байгуулагчаар, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/255 тушаалаар Терминалын үйлчилгээний албаны дотоод ВИП танхимын ээлжийн зохион байгуулагч Ц.Болорчимэгт 2015 оны 6 дугаар сарын 01-нээс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний хүртэл тэтгэмжгүй чөлөө олгож, Болорчимэгийг хүүхдээ асрах чөлөөний хугацаанд дотоод ВИП танхимын ээлжийн зохион байгуулагчаар түр шилжин ажиллаж байгаа Э.Батцэцэгийг үргэлжлүүлэн түр ажиллуулахаар томилсон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилласан жил, туршлагыг харгалзсан гэх тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 82, 84, 119-р хуудас/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж зааснаар орон тоо цөөрүүлсэн гэсэн боловч дахин ажилтан авч ажиллуулж байгаа болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн.
Хэрэгт авагдсан Буян ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/81 тушаалаар “Ж.Цэндхүүг Зорчигч үйлчилгээний албанд хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчаар 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс Ц.Болорчимэгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр ажиллуулсугай” гэсэн боловч 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/205 тушаалаар “хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлт гаргасан Ц.Болорчимэгийг Зорчигч үйлчилгээний албанд хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажилуулах, хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчаар түр ажиллаж байгаа Ж.Цэндхүүтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас нь чөлөөлсөн” болох нь тогтоогдож байна. /хэргийн 98-99-р хуудас/
Өөрөөр хэлбэл Ц.Болорчимэгийн жирэмсний амралтын хугацаанд Э.Батцэцгийг түр томилж, Э.Батцэцэг нь өөр ажилд жинхлэн томилогдсон тул З.Алтанзулыг түр томилсон, З.Алтанзул нь өөр ажилд шилжсэн тул Ж.Цэндхүүг зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчаар түр томилсон болох нь шүүхэд гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгсөн Ж.Цэндхүү, Ц.Болорчимэг нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан Буянт ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын 2016 оны 8 сарын 31-ний өдрийн Б/315 тоот, 2016 оны 9 сарын 26-ны өдрийн Б/354 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/129 тоот, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалуудаар тус тус нотлогдож байх тул цөөрүүлсөн орон тоог дахин бий болгосон гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 105-114-р хуудас/
Иймд ажил олгогч Буянт ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ТӨААТҮГазрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/526 тоот тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №А/811 тоот тушаалууд нь хууль зөрчөөгүй, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчийн орон тоог цөөрүүлсэн байх тул Б.Мөнгөнцэцэгийг урьд эрхэлж байсан хүндэт зочны танхимын ээлжийн зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэгийн хариуцагч Буянт ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ТӨААТҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаарзүйлийн 160.1.2-дзаасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй Буянт ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ТӨААТҮГазарт холбогдох 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын Б/526 тоот тушаалыг хүчингүй болгож,ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН