Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 17

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Г.М-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАБӨСЗДТГД-д холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “БӨСЗДТГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж, 2020 оны 01 дүгээр сарын 30-наас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0008/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч Ш.Ө, гэрч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.  

              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2013 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг төгсөж, улмаар Орхон аймгийн БӨСЗДТГД-ын 2013 оны 09 сарын 05-ны өдрийн 142/2 дугаар тушаалаар Засаг даргын нарийн бичгийн ажилд томилогдсон. 2015 оны 09 сарын 11-ний өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн. 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/04 тоот тушаалаар иргэдтэй харилцах асуудал хариуцсан ажилтнаар томилогдож, улмаар Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 03 сарын 25-ны 06 тоот тогтоолын дагуу 2016 оны 04 сарын 01-ний өдрийн Б/22 тоот тушаалаар Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтнаар 6 сарын туршилтын хугацаатай томилогдсон. БӨСЗДТГД-ын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн Б/38 тоот “Тангараг өргүүлэх тухай” тушаалын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон.

Миний бие 2016 оны 8 сард охин Т.Э, 2018 оны 05 сард хүү Т.А нарыг төрүүлсэн тул 2016 оны 06 сарын 06-наас 2020 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2020 оны 01 сарын 16-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, ажилдаа орох өргөдлөө Засаг даргын Тамгын газарт гаргасан. Гэтэл 2020 оны 01 сарын 30-ны өдөр намайг дахин 6 сарын туршилтын хугацаатай томилсон БӨСЗДТГД-ын Б/25 тоот тушаалыг надад танилцуулсан ба уг тушаалыг миний бие зөвшөөрөөгүй. Уг тушаалыг эс зөвшөөрч Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 07 дугаар тогтоолоор 6 сарын туршилтын хугацаатай гэснийг хасч өөрчилсөн ба БӨСЗДТГД-ын 2020 оны 01 сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалын холбогдох хэсгийг хуульд нийцүүлэн өөрчилж, 2020 оны 04 сарын 03-ны дотор хариу ирүүлэхийг БӨСЗДТГД Ш.Ө-т даалгасан боловч өнөөдрийг хүртэл хууль бус тушаалаа  өөрчилж, албан тушаалд томилохгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.2 дахь хэсэгт холбогдох захиргааны байгууллага нь гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулжээ.           

Иймд Орхон аймгийн БӨСЗДТГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6 сарын туршилтын хугацаатай томилсон Б/25 тоот тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд хугацаагүйгээр томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, 2020 оны 01 дүгээр сарын 30-наас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, БӨСЗДТГД-д ажилдаа орох хүсэлт өгсөн. Ажилд томилсон тушаал гаргаж өгөхгүй удаан явсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-нд ажилд томилсон тушаал танилцуулсан. Уг тушаал нь 6 сарын туршилтын хугацаатай томилсон тушаал байсан. Яагаад ийм тушаал гарч байгаа юм бэ? гэхэд өмнөх тушаал чинь туршилтын хугацаатай гарсан тушаал байна гэсэн. Маргааш ирж тушаалаа аваарай гэсэн. Би 01 дүгээр сарын 31-ний өдөр тушаалаа гардаж авсан. Гэтэл 01 дүгээр сарын 30, 31-ний өдрийн цагийн тооцоо хийж 2 өдрийн цалин надад олгосон. Би ажлаа хүлээж аваагүй. Ажил хүлээж авсан акт байхгүй. Би тушаалаа хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус тушаал дээр ажиллахгүй гэдгээ хэлсэн. Та энэ тушаал дээр туршилтын хугацаатай ажилла гэсэн. Туршилтын хугацаанд ажилдаа орлоо гэхэд ямар нэгэн шалтгаанаар хэзээ ажлаас халах юм гэдгийг би мэдэхгүй. Би та нарт итгэхгүй байна. Тийм учраас ажилдаа ороогүй. Хэрвээ би ажилдаа орсон бол энэ тушаалыг хүлээн зөвшөөрсөн болно. Намайг 2 сар ажиллаад Төрийн албаны тангараг өргөсөн гэж байна. Үгүй, би Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилд орж байсан. 2016 оны 01-р сарын 14-ний өдөр Төрийн үйлчилгээний албан тушаалд Иргэд, олон нийттэй харилцах албан тушаалд томилогдож миний материалыг Төрийн албаны зөвлөл рүү явуулж би 2016 оны 04 дүгээр сард энэ албан тушаалд томилогдсон. Энэ хугацаанд би хангалттай сайн ажиллаж чадна гэдгээ харуулсан учраас тангараг өргүүлсэн. Ингээд намайг жинхэлсэн байгаа. Энэ тушаалыг биелүүлэхгүй намайг хохироож байна.

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлж ажиллуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.М БӨСЗДТГД-ын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчийг 2020 оны 01-р сарын 30-ны өдөр туршилтын хугацаатай томилсон тушаал гаргасан. Уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны Салбар зөвлөлд гомдол гаргасан. Гомдлын дагуу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 07 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолоор 6 сарын туршилтын хугацаатай тушаалаа өөрчилж хуульд нийцүүлэх шийдвэр гаргаж, үүнийгээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг БӨСЗДТГД-д даалгасан. Гэтэл энэ тушаалаа хууль бус болохыг мэдсээр байж өнөөдрийг хүртэл өөрчлөхгүй, нэхэмжлэгчийг албан тушаалд нь хугацаагүй томилохгүй эрх ашгийг нь хөндөж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02-р тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадна гэдгээ нотолж харуулсан төрийн жинхэнэ албан хаагчийг холбогдох байгууллага нь тангараг өргүүлж төрийн жинхэнэ албан хаагч болгоно” гэж байгаа. Гэтэл Тамгын газрын даргын 2016 оны 05 дугаар  сарын 31-ний өдрийн 38 дугаартай тангараг өргүүлэх тухай тушаалаар тангараг өргөсөн. Энэ тушаал нь хүчинтэй байгаа. Энэ тушаалын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа юм. Тангараг өргүүлэх тушаал нь цаашаа төрийн албанд үр дүнтэй ажиллаж чадах юм байна гэдгийг нотолж албан ёсны захиргааны акт шийдвэр гарсан. Тэр нь өнөөдөр хүчинтэй хэвээр байгаа. Өмнө нь өөр Тамгын газрын дарга байсан байж болно. Гэхдээ өмнө нь А гэдэг хүн Тамгын газрын дарга байж байгаад Б гэдэг хүнээр солигдчихоор тушаал хүчинтэй байсан ч хэрэглэх боломжгүй, дагаж мөрдөхгүй гэдэг зүйл биш. Энэ тушаал бол хүчинтэй байгаад Г.М тангараг өргөсөн. Ийм тушаал байсаар байхад буруу тангараг өргүүлсэн гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Туршилтын хугацаатай томилсон тушаалыг нь хүчингүй болгоод хугацаагүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах ёстой. Хугацаатай томилсон тушаалыг хүчингүй болгож хугацаагүйгээр томилсон тушаал гаргахыг даалгах гэж байгаа. Өмнө нь ажиллаж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллая гэж байгаа юм.

            Г.М 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалаар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна. Нэгэнт тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон хүнийг дахиж турших тухай ойлголт байх боломжгүй. Хоёрдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаарт зүйлд заасны дагуу хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад хүсэлт гаргаж байгаа албан хаагчийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч биелүүлэхгүй байна. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад, чөлөө аваад буцааж ажилдаа орохоор эхнээс нь ажиллуулах ёстой юм уу. Хууль тогтоогч бол албан тушаалд нь үргэлжлүүлж ажиллуулах үүргийг хуульчилж өгсөн. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах гэж тодруулж байна. Мөн үргэлжлүүлж ажиллуулаагүйгээс болж 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй. Авах ёстой цалин хөлсөө авч чадаагүй. Хүүхэд асрах чөлөөтэй гэж нийгмийн даатгалыг нь төлсөн байна. Гэтэл хариуцагч болон гэрч нар ажлаа хүлээж аваад ажлаа хийж байсан мэтээр тайлбарлаж байна. Тэгсэн байж хүүхэд асрах чөлөөтэй гэж нийгмийн даатгалыг нь төлж болохгүй байх. Г.М хүсэлтээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Хүсэлт гаргаснаас хойш 5, 6 сар болох гэж байна. Сүүлд мэдэгдэл явуулсан байна. Ирж ажил, ажиллахгүй бол арга хэмжээ авна гэсэн байна. Туршилтаар тушаал гаргасныг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор ийм байдлаар асуудалд хандаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.

Хариуцагч Ш.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч Г-ийн М нь 2013 оноос Засаг даргын туслах, нарийн бичгээр ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Иргэдтэй харилцах асуудал хариуцсан ажилтнаар томилогдсон. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын “Иргэд, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн” сул орон тоонд Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Г.М нэр дэвшүүлснийг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар тус орон тоонд туршилтын 6 сарын хугацаагаар томилсон. Г.М туршилтаар ажиллах хугацаандаа 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтнаар дахин томилсон. Түр томилгоотой албан хаагчийг дахин албан тушаалд томилсон томилгоо нь Төрийн албаны тухай хууль /2002 оны хууль/-ийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор /Засгийн газрын 2019 оны 09 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/ батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус зөрчсөн байдаг.

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан /ТАЗ-ийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/ “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 6-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно” гэж заасныг зөрчин 04 дүгээр сарын 01-нд туршилтын хугацаагаар томилогдон хоёрхон сар ажилласны дараа тангараг өргүүлсэн нь хууль, журмыг зөрчсөн. Тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Г.М тангараг өргүүлэхээр шийдвэрлэсэн ч 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг олгосон байдаг. Иймд тус албан хаагчийн тангараг өргүүлсэн, томилсон асуудал нь хууль, журмыг зөрчиж байх тул Засаг даргын Тамгын газар тус албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон гэх асуудлыг хянан зөвлүүлэхээр Монгол Улсын Төрийн албаны төв зөвлөлд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3/394 тоот албан хүсэлтийг хүргүүлсэн байгаа. Г.М хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгаж ажилд орох хүсэлт өгснийг шийдвэрлэн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны Б/25 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар түр томилсон. Тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тус тушаалыг Г.М-д танилцуулан ажил хүлээлцэн ажилдаа орохыг зөвлөсөн боловч албан хаагч нь өөрөө ажлаа гүйцэтгээгүй тул тус хугацааны цалин хөлсийг олгох шаардлагагүй” гэжээ.

Хариуцагч Ш.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.М хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Туршилтын 6 сарын хугацаа чинь дуусаагүй гэсэн. “Төрийн жинхэнэ албан хаагчийн туршилтын хугацааг хэрэглэх, болзол журам” гэж байгаа. Энэ журмын 6-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг томилно” гэж заасан. Г.М анх 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэд, олон нийт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилж 04 дүгээр сарын 18-ны өдөр дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх тухай гээд давхар томилчихсон. Тангараг өргүүлэх хүсэлт нь Иргэд, олон нийт, гадаад харилцааны мэргэжилтнээр тангараг өргүүлчихсэн байгаа. Төрийн албанд ийм амархан ордог болчихсон юм уу. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулиар сул орон тоон дээр орох төрийн албаны шалгалт өгч туршилтын хугацаанд хангалттай сайн ажилласан тохиолдолд үүнийг хэрэглэдэг байгаа. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн шаардлага, зөвлөмжийг бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл ямар үндэслэлээр Г.М буцааж томилох гээд байгаа талаархи үндэслэлээ зааж өгөөгүй байсан. Г.М аваагүй биш авсан. Тийм болохоор цалин хөлсийг нь буцааж олго гэснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл туршилтын хугацаагаар авч үр дүнгээ хангалттай биелүүлсэн тохиолдолд бид нар цаашид тушаалаа сунгаж ажиллах боломжтой гэдгийг Засаг дарга болон миний бие хэлсэн байгаа. Чамайг ажилд авахгүй гэж хэлээгүй. Харин туршилтын хугацаатай ажилд авъя. Энэ хугацаанд чи ажлаа хийж бай. Өөрийнхөө юу хийж чаддаг гэдгээ харуулчих гэж ярьсан. Тангараг өргөх хуучин тушаалыг зөрчилтэй гэж үзэж байна. Үр дүнг нь дүгнэсэн тайлан байхгүй. Тийм хүнийг яахаараа тангараг өргүүлсэн байдаг юм. Үүн дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн цалин хөлс олгох дээр хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

           Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г.М-аас ОАБӨСЗДТГД-д холбогдуулан “БӨСЗДТГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд хугацаагүйгээр томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, 2020 оны 01 дүгээр сарын 30-наас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “албан тушаалд хугацаагүйгээр томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

            Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Нэг. БӨСЗДТГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай тогтоол[1], Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар[2] Г.М нь Иргэд, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтнаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын 6 сарын хугацаатайгаар төрийн захиргааны албан тушаалд томилогджээ.

            Орхон аймгийн БӨСЗДТГД-ын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 дугаар “Тангараг өргүүлэх тухай” тушаалын[3] дагуу Г.М нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг”[4] өргөсөн байна.

            Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 /Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно/, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар “Журам батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 6-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно” гэж заажээ.

            Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 18 дугаар зүйлийн 2, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын дагуу Г.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийт хариуцсан мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаандаа тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нь түүнийг төрийн жинхэнэ албан хаагч болгосон гэж үзнэ.

            Г.М нь туршилтын 6 сарын хугацаагаа гүйцээгээгүйгээр жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан, түүний төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж, хэрхэн дүгнэсэн, туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хангалттай биелүүлсэн, цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа хэрхэн нотлон харуулсан зэргийг нотлох баримт байхгүй хэдий ч холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлэхээр шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагч болгосон өмнөх үйл баримтыг одоо үгүйсгэх үндэслэлгүй. 

            Тийм учраас Г.М-ийн хүүхдээ асрах чөлөөгөө дуусгаж, ажилдаа орох асуудлыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуульд зааснаар шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангах учиртай.

            Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч Г.М нь жирэмсний болон хүүхэд асрах чөлөө дуусахаас өмнө ажилдаа орох хүсэлтээ гаргахад ОАБӨСЗДТГД нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар түүнийг дахин туршилтын хугацаагаар төрийн албанд томилох шийдвэр гаргасан нь хууль бус байна.

            Тодруулбал, Төрийн албаны тухай хууль /2017 оны 12 дугаар сарын 07/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 /Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно/, 4.4 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна/  61 дүгээр зүйлийн 61.1.10 /Хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа/, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 /Хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.../-т зааснаар ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй нь төрийн жинхэнэ албан хаагч хүүхэд асрах чөлөөгөө дуусахаас өмнө хүсэлтээ гарган ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хуульд заасан баталгааг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар “Г.М ажилд томилох тухай” тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг дахин туршилтын хугацаагаар томилсон нь хууль бус байх бөгөөд энэхүү хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй.

           Хоёр. “Албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн тухайд: Г.М нь Орхон аймгийн БӨСЗДТГД-ын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авч, 2016 оны 8 сард болон 2018 оны 5 сард тус тус хоёр дараалан хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлэн эдэлсэн байна. 

            Тэрээр хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, ажилдаа орох хүсэлтээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт гаргажээ.

            Гэтэл ОАБӨСЗДТГД-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 /Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно/, 4.4 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна/, 41 дүгээр зүйлийн 41.3 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна/, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 /Хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.../-т заасныг тус тус зөрчиж, түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй нь хууль бус байх тул Г.М өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.  

            Гурав. 2020 оны 01 дүгээр сарын 30-наас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Орхон аймгийн БӨСЗДТГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хууль бус тушаал болон Г.М ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгаа зөрчигдсөн болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдсон.

            Г.М нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас хүсэлт гаргасан үеэс ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан “албан тушаалын цалин хөлс, ...авах” баталгаагаар хангагдаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг Г.М-д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ОАБӨСЗДТГД /Ш.Ө/-д даалгаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хууль /2002.06.28/-ийн 18 дугаар зүйлийн 18.2, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн ОАБӨСЗДТГД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн БӨСЗДТГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар “Г.М ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Г.М Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний  албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж, хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг Г.М-д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ОАБӨСЗДТГД /Ш.Ө/-д тус тус даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ

                                                    

 


[1] ХХ-ийн 37 дахь тал.

[2] ХХ-ийн 5 дахь тал.

[3] ХХ-ийн 9 дэх тал

[4] ХХ-ийн 40 дэх тал.