Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 96

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогч Д.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 07 сарын 09-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 18 дугаар гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 01 сарын 08-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 03-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 122 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 05 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл.

Шүүгдэгч Б.******* нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 03 сарын 22-23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Март"-ын ******* тоотод оршин суух хохирогч Д.*******ийн байшингийн цонхоор нэвтэрч хурган дотортой эмэгтэй хүний дээл, жижиг хөгжим, ор хөнжлийн даавуу 3 ширхэг, компьютерийн процессор зэргийг хулгайлж 435000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй учир мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ "...Би 2016 оны 03 сарын 22-ны өдөр...эмээгийнхээ гэр рүү явахдаа хулгай хийсэн. Хэрлэн сумын 2 дугаар багийн Мартын ******* тоот айлыг харж байсан, тухайн айл ер хүнгүй байдаг байсан. Би тэр айлын баруун урд талын цонхыг нь түлхэж онгойлгоод дотогш ороод...эмэгтэй хурган дотортой дээл, хөгжим,...процессор зэргийг авсан...Би ганцаараа явсан...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..." гэжээ. /хх 64-65/

 

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай аймагт байдаг гэр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Мартын ******* тоотод байдаг юм. Биднийг хөдөө гэртээ байхад аймагт байдаг гэрт хулгай орсон талаар манай ах 2016 оны 03 сарын 20-ны өдөр утсаар хэлсэн. Тэр өдөр нь ирээд харахад ухаалаг будаа агшаагч, аяны зориулалттай дүүш хоёр алдагдсан байсан. Энэ хоёр эд зүйл нь нийт 160000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан учраас хохирлын хэмжээнд хүрэхгүй гээд прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон юм.

Мөн 2016 оны 03 сарын 22-ны өдөр дахин хулгай орж хурган дотортой эмэгтэй хүний дээл, хөгжим, процессор, ор хөнжлийн даавуу 3 ширхэг алдагдсан байсан.

Эдгээрийг нийт 435000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үүнээс эмэгтэй хүний хурган дотортой дээлийг буцааж авсан, бусдыг нь аваагүй байгаа. Иймд 285000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

Хохирогч Д.******* /хх 10-11, 48/, гэрч Д. /хх 54/, Б. /хх 49-50/, 

Э. /хх 53/, Ё. /хх 11/, Л. /хх 12/, М. /хх 13/, З. /хх 16/, О. /хх 51/, Ж. /хх 52/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн 60, 59 тоот /хх 16-17, 22-24/ дүгнэлтүүд, Эд зүйлийн үнэлгээ /хх 26-27, 47/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-43/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 44/, Сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх 103-104/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 45-46/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 72/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73-94/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.******* нь давтан үйлдлээр /ялтай байхдаа/ 2016 оны 03 сарын 22-23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Мартын 1 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух хохирогч Д.*******ийн байшингийн цонхоор нэвтэрч хурган дотортой эмэгтэй хүний дээл, жижиг хөгжим, ор хөнжлийн даавуу 3 ширхэг, компьютерийн процессор хулгайлж 435000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч Д.*******, гэрч Д., Б., Э., Ё., Л., М., З. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлийн үнэлгээ, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  олж  авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******т холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж үзлээ.

     Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ийн орон байранд 2016 оны 03 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө, 2016 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус тус нэвтэрч эд зүйл хулгайлсан байх ба прокурорын шатанд 2016 оны 03 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө эд зүйл хулгайлж 160000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан  "бага бус хэмжээний хохирол"-д хүрэхгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн / хх 103-104/, мөн шүүгдэгч нь урьд өмнө үйлдсэн гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин шинээр гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний "давтан" шинжид хамааруулж хэргийг зүйлчилсэн нь тус тус үндэслэлтэй байна гэж үзнэ.

Шүүгдэгч нь 2016 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Д.*******ийн эд хөрөнгийг хулгайлж нийт 435000 төгрөгийн хохирол учруулснаас 150000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой эмэгтэй хүний дээлийг буцаан /хх 41-44/ өгч,  хоёр талдаа өсгөгчтэй жижиг хөгжим, процессор, ор хөнжлийн даавуу зэрэг буюу түүний үнэ 285000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс 285000 төгрөг гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.    

     Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Б.*******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчиийн ар гэр болон өрхийн орлогын байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй боловч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн арилгаагүй байх тул түүний эзэмшлээс 368 м2 талбай бүхий газар битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээвэл зохино.           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* *******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Б.*******т оногдуулсан 6 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарласан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт ялтан нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.*******аас 285000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Мартын ******* тоотод оршин суух, хохирогч Бүрд овогт Дамбын ******* /ЖЯ83071100/-т олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан Б.*******ын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 18 дугаар гудамжны 03 тоотод байршилтай 368 м2 талбай бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.

7. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Б.*******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.*******ын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.      

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                       Ү.ОДГЭРЭЛ