Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/0500

 

А.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-, Д.О- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн А.Н-ын нэхэмжлэлтэй, ТЕГ-н даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...А.Н- нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ТЕГ-н даргын 334 дүгээр тушаалаар 10 дугаар тойргын Тахарын албанд шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн шүүхийн харуул хуягаар ажиллаж эхэлсэн. А.Н- нь тус албанд ажиллахдаа сахилга бат, ёс зүй хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ямар нэгэн дутагдал зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ТЕГ-н даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаартай тушаалаар А.Н-ыг илтэд үндэслэлгүйгээр, хууль зөрчиж ажлаас халах шийдвэр гаргасан. Тухайлбал ТЕГ-н даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаартай тушаалын 1, 2 дэх хэсэгт Албан үүргээ гүйцэтгэж байхдаа албаны дүрэмт хувцастай явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн, шалтгаангүйгээр ажил тасалсан тул гэх үндэслэлийг зааж Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Тахарын албан хаагчийн ёс зүйн дүрэм, Тахарын албаны хөдөлмөрийн дотоод журмуудын холбогдох зүйл заалтуудыг удирдлага болгон ажлаас халсан.

А.Н- нь 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жижүүрийн хувиартай байсан бөгөөд тухайн үедээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2 дугаар байрны шүүхийн харуул хуягаар жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж байсан удаа байхгүй. А.Н- 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа эрүүл ирж байсныг ажил хүлээлцсэн тахар, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил хүлээн авсан тахарууд гэрчилнэ. Мөн А.Н- нь ажлын бус цагаар Тахарын албаны дүрэмт хувцастай явдаггүй бөгөөд ажил тарах буюу жижүүр буух үед ажлын байран дээрээ байх шүүгээнд хувцасаа сольж хадгалдаг.

Ажлаас халахдаа Б.Б-, Б.Э- нарын мэдүүлгийг үндэслэсэн бөгөөд тэд шалгалтын үеэр нэг өөр мэдүүлэг өгөөд шүүхэд нэг өөр мэдүүлэг өгсөн байна. Нэхэмжлэгчийг удаа дараа архи ууж байсан гэдэг тайлбарыг өгдөг бөгөөд өмнө сануулах арга хэмжээ авсан, хамт олны хурлаар авч хэлэлцсэн гэж хэлж байгаа боловч өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна.

ТЕГ-н даргын тушаал бүхэлдээ хууль бус байна. Өөрөөр хэлбэл А.Н- ямар хуулийн заалтыг зөрчсөн учраас түүнийг ямар үндэслэлээр халсан нь тодорхойгүй. Тиймээс нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ. үү гэжээ.

 

Хариуцагч ТЕГ-н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

...ТЕГ-н даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэгч А.Н-ын гаргасан гомдлын шаардлага нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч А.Н- нь ТЕГ-н даргын тушаалаар Аравдугаар тойргийн тахарын албаны шүүхийн харуул хуягаар томилогдон ажиллаж байсан. А.Н- нь тус албанд ажиллах хугацаандаа 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр "албаны дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн" нь тогтоогдсон тул холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Шүүхийн харуул хуяг, туслах тахараар ажиллаж байсан А.Н-ын гаргасан зөрчилд Аравдугаар тойргийн тахарын албаны дарга Д.Дагвасүрэнгийн баталсан төлөвлөгөөний дагуу албаны шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртлэх хугацаанд явуулсан болно. Дээрх зөрчилд холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албаны шалгалтаар А.Н- нь "Албаны хувцастай архи ууж, хувцасаа хаяж явсан нь миний буруу" гэсэн тайлбарыг өгч, тайлбартай танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан, албаны шалгалтын ажиллагааг дуусгаж, материалыг 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тэмдэглэл үйлдэн А.Н-д танилцуулсан. Мөн тэмдэглэлийн зөрчилд оногдуулсан сахилгын шийтгэлийн саналын талаарх тайлбар хэсэгт А.Н- нь " ...архи уусан миний буруу..." гэсэн байгаа нь албаны шалгалтын материалд хавсаргагдсан байна. Мөн дээрх зөрчилтэй холбогдуулан тухайн үед хамт архи уусан гэх иргэн Б.Э-ээс тайлбар авсан ба Б.Э- нь тайлбартаа "...Эрүүлжүүлэхээс гараад Э.Галбаатар, А.Н- хоёр хүнсний 1 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг бааранд орсон, 19.00 цаг хүртэл тэр хоёр шил архи уусан. А.Н- уусан архиныхаа мөнгөө төлөхгүй явсан. Явахдаа ажлынхаа дээгүүр өмсдөг хувцасыг орхиод явсан..." гэсэн байна. Энэ нь албаны дүрэмт хувцасыг бусдад барьцаанд үлдээсэн зөрчил болж байгаа юм.

ТЕГ-н дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор А.Н-д холбогдох зөрчилд Маргаан хянан шийдвэрлэх комисс байгуулсан. Маргаан шийдвэрлэх комиссоос 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Аравдугаар тойргийн тахарын албаны шүүхийн харуул хуягаар ажиллаж байсан туслах тахар А.Н-ын гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан ТЕГ-н даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дүгээр тушаал үндэслэлтэй" тухай дүгнэлтийг гаргасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ТЕГ-н даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаар бүхий Э.Галбаатар, А.Н- нарыг ажлаас халах тухай тушаалын А.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, А.Н-ыг 10 дугаар тойргийн Тахарын албаны шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн харуул хуягийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.Н-ын ажлаас халагдсан 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлхи ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговрыг зохих журмын дагуу тооцон олгохыг ТЕГ-н даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ТЕГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-, Д.О- нар давж заалдах гомдолдоо:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна.

ТЕГ-н даргын 5/71 дүгээр тушаалд дурдсан Тахарын албаны алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.10-д"албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа, ...албаны хувцастай явах үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх..." -ийг хориглоно гэсэн нь Э.Галбаатар, А.Н- нарт хамаарч байгаа болно. Учир нь Э.Галбаатар нь ажлын байрандаа архидан согтуурч байсан болон А.Н- нь албаны хувцастай явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн тус тус албаны шалгалтаар нотлогдсон. Түүнчлэн албаны хувцастай архидан согтуурах үедээ А.Н-, Э.Галбаатар нар нь хамтдаа явж байснаа тайлбар болон гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байдаг.

Нэхэмжлэгч А.Н-ын гаргасан зөрчилд албаны шалгалт хийж зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт "хариуцагч... ялгаж тайлбарласан" гэсэн нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч болон нэхэмжлэгч талын асуусан асуултын дагуу хариуцагчийн зүгээс холбогдох хариултыг өгсөн байхад "ойлгомжгүй" гэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьж, илэрхий алдаатай гарсан шүүхийн шийдвэр гэж үзэж байна. Мөн ТЕГ-н даргын 5/71 дүгээр тушаал нь ямар хууль тогтоомж дүрэм журамд заасан шаардлагыг хангахгүй байгааг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй байна.

ТЕГ-н дарга нь 5/71 дүгээр тушаалыг гаргахдаа Засгийн газрын 1995 оны "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ын 4-д заасан "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй"гэсний дагуу Тахарын албанд мөрдөгдөж байгаа холбогдох дүрэм, журмыг үндэслэн албаны шалгалтыг явуулж сахилгын шийтгэл ногдуулсан. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан ямар зөрчил гаргасан, эсхүл албан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн үндэслэлээ дурдаагүй" гэсэн нь учир дутагдалтай юм. Учир нь нэхэмжлэгч А.Н- нь төрийн жинэхэн албан хаагчаар ажиллаж байсан туршлагаатай, Тахарын албаны тухай хуулийн 28.1-д заасан Тахарын албанд батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагад алба хаагчаар гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй,35 хүртэлх насны Монгол улсын иргэнийг эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйншаардлага, шалгуур үзүүлэлтийг харгалзан томилно" гэсэн шаардлагыг хангасан тул томилсон байдаг. А.Н- нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан төдийгүй төрийн албаны ёс зүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болоод үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг зөрчихгүй, ёс зүйг эрхэмлэж ажиллах туршлагатай гэж үзэн Тахарын албаны алба хаагчаар томилсон билээ.

Нэхэмжлэгч А.Н- нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй. Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг үүргийг хуулиар тусгайлан хүлээлгэсэн үүрэг тул ТЕГ-н даргын 5/71 дүгээр тушаалд заавал тусгах шаардлагагүй юм.

Хэргийн материалд авагдсан Н.Э- гэгч эмэгтэйн гэрчийн мэдүүлэгт "А.Н- нь баранд байхдаа албаны футболкоо буруу харуулан өмссөн" гэсэн нь А.Н- нь өөрийн гаргаж байгаа буй зөрчлийг илт мэдэж байсан хэрнээ санаатай зөрчиж, нуун дарагдуулах үйлдэл хийсэн нь төрийн жинхэнэ алба хаагчийн ноцтой зөрчил болно. А.Н- нь Тахарын албаны хуулиар хүлээлгэсэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй шүүхийн байрны аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах харуул хуягийн үүргийг гүйцэтгэж байсан. Төрийн тусгай алба хаагчийн хувьд албаны хувцас хэрэглэлээ хэрхэн хэрэглэх талаар мэдэх зайлшгүй үүрэгтэй. Дээрх ёс зүйн зөрчлийг гаргаж болохгүй төрийн тусгай алба хаагч байтал хариуцлагагүйгээр тэр тусмаа бүр санаатайгаар албаны хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа архи үнэртүүлэн ирж байсан зэрэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Төрийн жинхэнэ алба хаагч тэр тусмаа төрийн тусгай алба хаагч нь ёс дүрмийг ягштал баримтлан мөрдлөг болгон ажиллах ёстой.

Төрийн жинхэнэ алба хаагчийн хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулсныг үгүйсгэсэн шүүхийн шийдвэр гаргасан нь төрийн албанд буруу жишиг тогтох нөхцөлийг бүрдүүлж байна.

Шүүхийн шийдвэр алдаатай, хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гарсан нь Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан төрийн албанд баримтлах зарчим мөнхүү хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "захирах, захирагдах ёс", 4.2.5-д "төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх" зарчмуудыг алдагдуулж байна. А.Н- нь дээрх үйлдлээрээ Монгол Улсын үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана" гэсэн байдгийг илт зөрчсөн.

Түүнчлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тайлбар зэрэг нь зөрүүтэй байгаа нь төрийн албан хаагчийн үүргээ чин шударгаар гүйцэтгэх эсэхэд эргэлзээ төрж байна. ТЕГ-н даргын 5/71 дүгээр тушаал хууль тогтоомж, дүрэм журмын дагуу сахилгын арга хэмжээ ногдуулах урьдчилсан арга хэмжээг авсан, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нотлогдсон, шинж байдлыг харгалзан үзсэн үнэдэслэл бүхий захиргааны акт байхад хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэж шийдвэр гаргасанд хариуцагч талаас гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч, хариуцагчид гардуулж өгсөн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шүүхийн шийдвэр нь хоорондоо зөрүүтэй байгааг харгалзан үзнэ үү. Үүнийг шүүгчийн ёс зүйн алдаа гэж үзэж байгаа тул хариуцагчийн зүгээс энэхүү зөрчилд тусгайлан гомдол гаргах болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа юуны түрүүнд тус хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эсэх, албан үүргээ биелүүлсэн эсэх, түүнчлэн гаргасан зөрчлийнх нь шинж байдал, зөрчил гаргагч зөрчлийг анх үйлдсэн эсхүл давтан үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзахаар байна.

Төрийн албан хаагч нь төрийн албанд ажилласан дадлага туршлагыг үл харгалзан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар мөн хуулийн 25, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах өөрөөр хэлбэл, хэрэв зөрчил дутагдал гаргасан бол захиргааны зүгээс түүнд нь тохирсон шийтгэлийг ногдуулахаар байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...А.Н- нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, ...ёс зүйг эрхэмлэж ажиллах туршлагатай гэж Тахарын албаны алба хаагчаар томилогдсон, төрийн албаны болон ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүх нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнээгүй, харин хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа ямар зөрчил гаргасныг, эсхүл албан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн үндэслэлийг тодорхойлж заагаагүйн дээр зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзээгүйгээс хариуцагчийн нэхэмжлэгч А.Н-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тодорхой нөхцлийг харгалзах талаар зааж зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасантай нийцээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий актад Төрийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Тахарын албан хаагчийн ёс зүйн дүрэм, Тахарын албаны Хөдөлмөрийн дотоод журмын зүйл заалтуудыг баримталсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...албаны хувцастай явах үедээ согтууруулах ундаа хэрэглэх-ийг хориглоно гэсэн Тахарын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалт нь нэхэмжлэгч А.Н-д хамаарна гэжээ.

Хэдийгээр хариуцагчаас нэхэмжлэгч А.Н-ыг дээрх зөрчлийг гаргасныг шалгаж тогтоосон гэх боловч түүнийг өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй баримтаар нотлоогүй байх тул маргаан бүхий акт нь ТЕГ-н Хөдөлмөрийн дотоод журам-ын 14 дүгээр зүйлийн 14.2-т ...ёс зүйн зөрчлийг удаа дараа зөрчсөн ажилтан алба хаагчид Ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна гэж заасантай нийцэхгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэг, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ