Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0484

 

Увс аймгийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Увс аймгийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улаангом сумын Засаг даргын 2016 оны 5 сарын 20-ны өдрийн 549 тоот шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Монгол Ардын намын хорооноос ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаар албан бичиг нь хуулийн дагуу албан хэвлэмэл өнгөт албан бланк ашиглаагүй хуулбар бланк дээр дарга нь гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулсан байх нь Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд нөгөө талаас Улсын бүртгэлд бүртгүүлсэн улс төрийн нам нь өөрөө хэвлэмэл өнгөт албан бланк ашиглахгүй байх энэхүү албан бичиг хуулийн хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байх юм.

Увс аймгийн Монгол Ардын намаас ирүүлсэн “Жагсаал зохион байгуулах тухай” албан бичигтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хорооны шударга бус шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийх утга бүхий бөгөөд Сонгуулийн хорооны чухам ямар шийдвэрийг шударга бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй, шийдвэр гаргасан гэх байгууллагын нэршил нь буруу, өөрөөр хэлбэл, Увс аймгийн Сонгуулийн хороог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хороо гэж албан бичигтээ тусгаж өгсөн нь эрх зүйн хувьд чадамжгүй албан бичиг гэдгийг баталгаажуулж өгч байгаа нэг хэлбэр болж байна.

Аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэн 1500 орчим иргэд сонгогчид жагсаал цуглаан оролцоно гэж албан бичигтээ бас тусгаж өгсөн байдаг. Энэ нь нэг талаас иргэд сонгогчид руу буюу гадагшаа чиглэсэн шинжтэй, иргэд сонгогчдод ямар нэгэн ил, далд хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, буруу ташаа мэдээлэл өгөх асуудал үүсч болзошгүй цаашлаад Сонгуулийн хороонд ямар нэгэн хэлбэрээр нөлөөлөх арга хэлбэр байх тул сумын Засаг даргын зүгээс бүргэхээс татгалзаж, Сонгуулийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтыг зөрчих асуудал үүсч болзошгүй юм. Нөгөө талаас Ю.Цэдэнбалын талбайд 1500 орчим иргэд сонгогч багтах багтаамжийн хүрэлцээгүй гэж үзсэн.

Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 549 дүгээр албан бичиг хууль тогтоомжийн хүрээнд гаргасан болохыг баталгаажуулж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “Маршал Ю.Цэдэнбалын талбайд жагсаал зохион байгуулах тухай” Монгол Ардын намын хорооны мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын үйлдэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нийцээгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Увс аймгийн Монгол Ардын намын хорооноос Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д: Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ: 1/ шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол; 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол; 3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол” гэж заасан байхад хариуцагч хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан нь буруу байна.

Түүнчлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 “Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно”, 1/ “нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал”, 2/ “цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар”, 3/ “радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар”; 4/ “олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах”; 5/ “эмнэлгийн байгууллага”; 6/ “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт” гэж заасан газарт Увс аймгийн Монгол Ардын намын хороо жагсаал цуглаан зохион байгуулах талаар мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн жагсаалт цуглаан зохион байгуулах талаар мэдэгдэл өгөөгүй байна.

Хариуцагч албан тушаалтан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан жагсаал, цуглаан хийх журмын дагуу материалаа ирүүлсэн эсэх, мэдэгдэл нь хуульд заасан хориглолтод хамаарч байгаа эсэхийг хянасны үндсэн дээр уг мэдэгдлийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр байтал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах гэдэгт хамаарч байгаа, мөн Сонгуулийн тухай хуулийн уг асуудалд хамааралгүй зүйл, заалтыг баримтлан мэдэгдлийг шууд бүртгэхээс татгалзсан нь буруу болжээ.

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч Увс аймгийн Монгол Ардын намын хорооны эрх, ашиг сонирхол, тодруулбал, хуулиар хориглоогүй, зөвшөөрөгдсөн газар, эрх бүхий этгээд нь улс төр, нийгэм эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодлоо илэрхийлж жагсаал, цуглаан зохион байгуулах эрх зөрчигдсөн байна.

Хариуцагч албан тушаалтан “хуулбар бланк дээр дарга нь гарын үсэг зурж ирүүлсэн нь албан бичиг хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй, шийдвэр гаргасан, байгууллагын нэршил буруу байсан” гэх боловч эдгээр үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт гараагүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Д.БАТБААТАР