Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/864

 

 

 

 

 

 

 

 

 

2020           10           02                                        2020/ШЦТ/864

 

 

 

                              

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Э.Х- түүний өмгөөлөгч Л.Батаа,

хохирогч М.Мэндбаяр түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005000001317 дугаартай хэргийг  2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ... үүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ... дүгээр ангийн гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Х-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Х- нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний их сургуулийн автобусны буудал орчим иргэн М.Мэндбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мэндбаяр мэдүүлэхдээ:Тухайн орой бид хоёр мөнгөний зөрүүнээс болоод маргалдаад намайг зуураад авсан. Өмнө нь юм л болвол надтай жоохон хүүхэд шиг ноцолдоод зууралдаад байдаг байсан. Тэр үед яагаад ч юм тэвчээр барагдаад уур хүрээд тэврээд авахад нь хүзүүнээс нь сугадаад авсан юм. Би тавь гэсэн чинь тавихгүй газар унагана гээд байсан. Солиороод бай, тэгвэл би тавихгүй гээд муудалцсан, тэгээд намайг газар унагаасан. Би босож ирээд хэрэлдээд чи муу дандаа яагаад ингэж байдаг юм  бэ, өөрөөсөө том биетэй хүмүүсийг чадахгүй байж, жижигхэн биетэй бид нарыг дандаа ингэж байхын гэж би Хурцгэрэлд хэлсэн. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад намайг нэг удаа тонгорч унагаасан. Босож ирсэн чинь машины урд гараа салаавчлаад зогсоод байхаар нь бага зэрэг ам зөртөл намайг хоёр удаа алгадсан. Тухайн үед би зөрүүлээд нэг удаа алгадсан. Гэтэл намайг зөрүүлээд миний баруун талын шанаа руу цохисон. Үүний дараа миний баруун талын шанаа гэмтсэн байсан” гэв.

 

Шүүгдэгч Э.Х- нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний их сургуулийн автобусны буудал орчим иргэн М.Мэндбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.Мэндбаярын “... Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Хурцгэрэл сүртэй амьтан бэ, юундаа сүржигнээд байгаа юм бэ гээд надад уурлаад надтай маргалдаад, миний хоёр талын хацар луу гараараа алгадаж баруун талын эрүү, шанаа руу гараараа атгаж байгаад нэг удаа маш хүчтэй цохиж гэмтлийг учруулсан.

Хурцгэрэл ер нь бол тоглоомоор ч юм шиг, маазраад ноцолдох гээд байдаг юм. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ч мөн адил тэгж маазарч ноцолдож байгаад би уурлаад чи дандаа ингэж байх юм надад хэцүү байна гээд уурлахад Хурцгэрэл сүртэй юм бэ чи гээд намайг алгадаад зодож гэмтэл учруулсан.

... 3.109.190 төгрөгний эмчилгээний зардал гарсан. Хурцгэрэл надад 2.000.000 төгрөг одоогоор өгсөн байгаа. Би Хурцгэрэлээс өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байна. 6 сарын дараа дахин эрүүгээ хадуулсан хадаасаа авхуулах ёстой. Тэр үед ямар зардал гарахыг би одоогоор мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9504 дугаартай:

“1. М.Мэндбаярын биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1, 2, зүүн доод 1, 2-р шүдний сулрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх тархи доргилт, баруун доод 1,2, зүүн доод 1,2-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

Э.Х-ийн яллагдагчаар өгсөн “... Би ажлын хажуугаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Монголын Үндэсний Их Сургуулийн автобусны буудал орчим машинтайгаа зогсож халтуур хийдэг юм. Мэндбаяр ч гэсэн тэнд халтууранд явдаг юм. Мэндбаяртай энгийн танилууд байгаа юм. 2020 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Монголын Үндэсний Их сургуулийн автобусны буудал орчим таксинд явах гээд зогсож байхад Мэндбаяр ч мөн адил тэнд байсан юм. Таксиныхаа төлбөрийг 23 цагийн үед Баянхошуу руу 2000 төгрөгөөр явна гэж хэлтэл Мэндбаяр 1500 төгрөгөөр ачна гэж хэлэхээр нь би автобусны буудал дээр бараг 1000 төгрөгөөр хүн зөөж байхад гээд Мэндбаяр надад уурлахаар нь би Мэндбаяртай маазарч тоглоод Мэндбаярын суга руу гараа хийгээд ноцолдож байтал Мэндбаяр гэнэт над руу уурлаад чи яахаараа намайг ингэж байдаг юм гээд намайг боож аваад Мэндбаяр надтай хамт газар унаад надад уурлаад байхаар нь чи тэгээд яах юм гээд Мэндбаярыг алгадсан чинь Мэндбаяр намайг буцаагаад нэг удаа миний зүүн шанаа руу цохихоор нь буцаагаад Мэндбаярын эрүү шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Мэндбаяр гэр лүүгээ яваад өгсөн. Мэндбаяр гэр лүүгээ явчихаад буцаж дүүтэйгээ ирээд би ярьж болохгүй байна гээд хамт Гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхэд эрүү нь хугарсан байна гэсэн. Миний шанаа улайсан байсан. Хүзүү бас улайсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байгаагүй юм. Би Мэндбаярыг хоёр удаа хацар луу нь алгадаж баруун талын эрүү шанаа руу нь гараараа нэг удаа цохисон.

... Би Мэндбаярт дансаар 2.000.000 төгрөг, дээрээс нь Мэндбаярын эрүүл мэндийн даатгалыг нь 3 жилээр нь 117.000 төгрөгөөр бөглүүлж өгсөн.  Эн Ар Би эмнэлэгт 131.000 төгрөгөөр эмнэлэгт хэвтэхэд авдаг нарийн шинжилгээ Мэндбаярт хийлгүүлж өгсөн. Мөн манай эхнэр Мэндбаярт бэлнээр 200.000 төгрөг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-47 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Х-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгч Э.Х-ийн М.Мэндбаярыг шанаан тус газар нь цохиж эрүү ясны хугарал гэмтэл учруулсан үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүний энэ хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч М.Мэндбаярт 1,160,190 төгрөг /хэргийн 30-33 дугаар хуудас/ тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х- нь 2.448.000 төгрөг төлсөн, хохирогч М.Мэндбаяр хүлээн авсан талаараа мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч М.Мэндбаярын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны орлого 560.000 төгрөг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг мөнгийг хохиролд тооцох боломжгүй байна.

Харин хохирогч М.Мэндбаяр нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч М.Мэндбаярын гаргасан иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй, харин өмгөөллийн үйлчилгээний хөлс тул уг мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Мэндбаяр баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Х-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.Х-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Х- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Э.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Мэндбаяр нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч М.Мэндбаярын өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ