| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0867/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/874 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/874
2019 11 13 2019/ШЦТ/874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул
Улсын яллагч: Н.Булганчимэг
Шүүгдэгч: Ж.Т, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811 0168 30035 дугаартай эрүүгийн 2 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Бист караокед тогооч ажилтай гэх, ам бүл 4, эх, эгч, эхнэрийн хамт,
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Т нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ….. дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Олон үндэсний зоог нэртэй газар ажиллаж байсан иргэн Б.Дын гар утсаар чинь яриад өгье гэж хуурч Самсунг эс-6 маркын гар утсыг залилан авч 200.000 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” авто угаалгын газарт иргэн Б.Эоос гар утсаар чинь яриад өгье гэж хуурч, Самсунг нөүт-5 маркын гар утсыг залилан мэхэлж авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Боос гар утсаар чинь яриад өгье гэж хуурч Самсунг галакси эс-4 маркын гар утсыг залилан авч бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэр, Содон хороололд байрлах “Олон үндэсний зоог” дотор 15 цагийн орчимд байж байсан чинь урьд өмнө нь тогооч хийж байсан Ж.Т гэх залуу орж ирээд гар утсаараа ганц яриулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би самсунг эс 6 маркын гар утсаа өгсөн. Миний гар утсыг аваад гарсан. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор анзаарч сайн хараагүй. Хэсэг хугацааны дараа гар утсаа санаад Ж.Т орж ирэхгүй болохоор нь би өөрийн 90177995 дугаарын утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан”гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 170-171-р хуудас/
Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Б нэртэй авто угаалгын газарт 2009 оноос хойш ажиллаж байна. Түвшин гэх залуу намайг энэ угаалгын газарт ажиллаж байхаас өмнө гарчихсан юм байна лээ. Түүнээс хойш ажиллаж байгаагүй. 2018 оны 5 дугаар сарын 31ны өдөр Түвшин гэгч угаалгын газарт ажилд орох гээд ирж байна гээд ирсэн. Нэлээн удаан манай дарга Мыг хүлээсэн ба тэр үедээ над дээр ирж юм ярьсан. Тэгээд утсаар чинь нэг яриадхъя гээд Самсунг нөүт-5 маркын гар утсыг авсан. Угаалгын газрын үүдэн дээр яриад зогсож байгаад гарчихаад буцаж орж ирээд намайг ажил ихтэй үед гараад явсан байна. Өөрийнхөө 88093093 руу зохион байгуулагчийн утаснаас залгахад холбогдох боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 14-15-р хуудас/
Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ буюу Хүнсний … дүгээр дэлгүүрийн хойд талд байх албан контор дээрээ ажилтай байсан. Ингээд би дуудлаганд явчихаад өдөр цайны цагийн үеэр миний зүс таних өмнө нь манай байгууллагад ажиллаж байсан Т гэх залуу ажил дээр ирчихсэн ажлын гадаа сандал дээр сууж байсан. ...би дуудлаганд явчихаад 15 цагийн орчим ажил дээрээ ирэхэд Т мөн л ажлын гаднга талын сандал дээр сууж байсан. Тэгээд Т надад хандан хөгшөөн хүлээж байгаа хүн ирэхгүй байна. Би утасгүй байна. Чиний утсаар нэг ярих гэсэн юм гэж гуйхаар нь утсаа өгч яриулсан. ...нэг хүнтэй ярьж байгаад миний утсыг буцаагаад өгсөн. Ингээд би ажил руугаа ороод ажлаа хийгээд сууж байхад Т гаднаас орж ирээд миний утсыг дахин яръя гэж гуйсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж өгчихөөд ажлаа хийгээд сууж байсан. Энэ хооронд Т миний утсаар ярьж байгаад гараад явсан. Би тухайн үед нээх юм бодоогүй ажлаа хийгээд сууж байсан. Ингээд гаднаас манай ажлын Чүлтэмжамц ах орж ирээд утсаа өгч байгаач гэж асуусан ба би хүнд өгчихсөн гадаа ярьж байгаа байх гэж хэлсэн. Тэгээд би утсаа авахаар ажлаасаа гарахад Т байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 56-57-р хуудас/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 166-167-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтаст хэргийн 26-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтаст хэргийн 62-р хуудас/
“Арвижих эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №18/112 тайлан /1-р хавтаст хэргийн 181-р хуудас/
Хаан банкны орлогын мэдүүлэг, Д.Бын хүсэлт /2-р хавтаст хэргийн 5-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Ж.Т-н хүсэлт /2-р хавтаст хэргийн 4-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч Д.Бын хүсэлт /хавтаст хэргийн 112-р хуудас/
Шүүгдэгч Ж.Т-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 76-77-р хуудас/
Яллагдагч Ж.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 69-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Олон үндэсний зоог нэртэй газар ажиллаж байсан иргэн Б.Дын гар утсаар чинь яриад өгье гэж хуурч Самсунг эс-6 маркийн гар утсыг залилан авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” авто угаалгын газарт иргэн Б.Эоос гар утсаар чинь яриад өгье гэж хуурч, Самсунг нөүт-5 маркийн гар утсыг залилан мэхэлж авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Боос гар утсаар чинь яриад өгье гэж хуурч Самсунг галакси эс-4 маркийн гар утсыг залилан авч бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Д, Б.Э, Д.Б, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, “Арвижих эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №18/112 тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Т нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Ж.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Б.Эод 350.000 төгрөг, Д.Бод 120.000 төгрөг, Б.Дт эд зүйлийг хүлээлгэж өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ж.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Т нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 704 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцогдож мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Ж.Тд холбогдох эрүүгийн 1811 0168 30035 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар 2019/ШЗ/545 тоот захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Ж.Т-д холбогдох эрүүгийн 1808027270737, 1811016830035 дугаартай хэргүүдийг хүлээн авч хянан хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 704 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ж.Тд холбогдох эрүүгийн 1808027270737, 1811016830035 дугаартай хэргүүдийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Ж.Т-г гэм буруутайд тооцож, тэнсэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг дээд шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буюу бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйлд заасан торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ж.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ж.Т-д сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР