Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,  

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Л.Б-,

Гэрч: Т.Б-, Р.О-,

Шүүгдэгч: Т.Б-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905005220270 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р.Б-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Р.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Б-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцадаа Л.Б-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ТЭЦ-4-ийн зам дээр болсон явдал. Баруун талаас орж ирсэн машинд тормос гишгэж урдуураа оруулснаас болж Болдбаатар хойноос сигналдаад уурлаж хажуугаар шахаж зогсоод бууж ирсэн. Бууж ирээд намайг шууд барьж авч зодох гэсэн. Манай эхнэр, дүү хоёр салгах гэтэл гарыг нь угз татаж намайг цохих гээд байсан. Тэр хооронд миний хөл рүү өшиглөж гэмтээсэн. Манай дүү цагдаа дуудсан. Айхтар зодолдсон асуудал болоогүй. Болдбаатар өөрөө машиндаа ороод суучихсан. Тэр хооронд хоёр хүн ирээд, гурвуулаа нийлээд намайг зодох гэсэн. Бичлэгт бүгд байгаа. Түрхэн хугацаанд болоод өнгөрсөн асуудал. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Цагдаа дээр очиж анхны мэдүүлэг өгсөн. Цагдаа ирэхэд ямар ч цус байгаагүй. Би Болдбаатарын хамрыг цохьсон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

Хохирогч Л.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ТЭЦ-4-с Гурвалжингийн уулзвар явж байхад “Хайс” маркийн 81-38 УНП улсын дугаартай машин гүйцэт түрүүлэх гэхээр гүйцэт түрүүлүүлэхгүй зам голлож яваад байсан. Би анхааруулах дохио өгөөд гүйцэт түрүүлэх гэтэл буруу талын цонх нь онгорхой нэг эмэгтэй хуруугаа гозойлгоод байсан. Тэгээд би урд нь гарч зогсоод “чи одоо яагаад байгаа юм бэ” гэхэд цуг явж байсан хоёр эмэгтэй нь хоёр талаас зууралдаад эргээд хартал хамар луу цохьсон. Тэгээд би утсаа аваад ах руугаа ярьсан. Цуг явж байсан хоёр эмэгтэй нь цагдаа дуудсан байсан. Цагдаа дээр очиход гомдол саналтай хүн нь гомдлоо өг гэсэн...” гэв.

Гэрч Т.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ТЭЦ-4-ийн зам дээр явж байсан. Тухайн үед дүүдээ туслах зорилгоор ажилтай явж байсан. Бид нар гол замаар явж байхад араас нэг машин түрүүлж гүйцээд орж ирсэн. Тэр машинд зам тавьж өгөөд явж байтал араас нэг машин сигналдаад 2, 3 удаа шахаж дайраад байсан. Тухайн үед аргаа бараад машин тэрэг эвдэх нь гээд бид зогссон. Тэр үед Болдбаатар машинаас орилоод буугаад ирсэн. Манай дүү Оюуныг түлхээд манай нөхрийг заамдаж авсан. Намайг очтол бас миний гарыг мушгисан. Бид явъя гээд салгасан. Нэг мэдэхэд өөр машин ирээд хоёр залуу бууж ирээд манай нөхрийг барьж авсан. Би тухайн үед бичлэг хийгээд сайн анзаарч чадаагүй...” гэв.

Гэрч Р.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ТЭЦ-4-өөс Гурвалжингийн гүүр давах гээд явж байсан. Гурвалжингийн гүүрнээс Хөсөг трейд төвөөс нэг машин гарч ирээд манай машиныг сигналдаад байсан. Бид нарыг явж байхад 2, 3 удаа гүйцэт түрүүлэх гээд дайрч шахаад байсан. Тухайн зам гүйцэт түрүүлэх ямар ч боломжгүй ганц л урсгалтай зам байсан. Гурвалжингийн гүүр дөхөж ирээд манай машиныг хааж зогссон. Болдбаатар тухайн үед их ууртай бууж ирээд ахыг заамдаж авсан. Би дундуур нь ороод хорих гэтэл намайг түлхсэн. Би машин руугаа очиж утсаа аваад цагдаа дуудсан. Хэсэг хугацааны дараа машинтай 2 залуу ирээд гурвуулаа манай ахыг зодох гээд байхад би очоод та нар хүн аллаа гээд салгасан...” гэв.

Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Гурвалжингийн гүүр даваад ТЭЦ-4 рүү эргэдэг уулзвар дээр байдаг хүнсний дэлгүүрийн урд 25-06 УНХ улсын дугаартай Шаланз машинтай явж байхад жижиг микро автобусыг би гүйцэд түрүүлэх гэтэл тэр машин миний урд огцом тоормос гишгээд зам голлож яваад байсан. Мөн жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй цонхоо онгойлгож хуруу гараа гозойлгоод байсан. Би гүйцэж түрүүлээд тэр машины урд нь гарч зогсоод чи яаж яваад байгаа юм аятайхан яваач гэхэд тэр машины жолооч эрэгтэй бууж ирээд намайг заамдсан би зөрүүлээд заамдсан. Тэгээд хэрэлдэж байхад машин дотроос нь 2 эмэгтэй бууж ирээд над руу дайрсан. Тэгээд хэрэлдэж байгаад салахад тэр залуу газраас чулуу аваад миний хамар руу цохьсон. Миний хамарнаас цус гоожиж байхад 2 эмэгтэй нь гарнаас зуураад, эрэгтэй нь чулуугаар дахиад цохих гээд байсан. Би тэгэхээр нь төрсөн ах Болдбаяр руу залгаад ахыгаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/,

Гэрч Р.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр залуу машинаас орилж бууж яаж яваад байгаа юм гээд тэр залуу ирээд юу гэнээ гэсэн чинь намайг түлхэж унагаагаад ах Р.Б-тай барьцалдаад ноцолдож байхад ...би машин руугаа очоод утсаа аваад цагдаа дуудаж байхад 5-8 минутын дараа 25-27 УББ дугаартай машин ирээд манай машиныг шахаж зогсоод 2 залуу бууж ирээд манай ах болох Р.Б- руу дайрч ирээд манай ахыг өшиглөж нүүр рүү нь цохиод гарыг нь мушгиад дайрсан. ...Манай ах Батжаргал нь Болдбаатартай заамдалцаад ноцолдож байсан би хэнийг хаана нь юугаар цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө том тэрэг урдуур шахаад зогсоод шууд бууж ирээд манай нөхөр бас машинаасаа буугаад өөдөөс нь очсон. Тэгээд манай дүү Оюун цуг буугаад очсон гэтэл яг яаж цохьсон гэдгийг нь хараагүй Оюун газар унасан манай нөхөр нөгөө жолоочтой барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь би салгах гээд очсон. Тэгээд чи согтуу юм уу, яагаад ингээд байгаа юм бэ, эмэгтэй хүн цохиод байгаан гэхэд миний баруун гарнаас атгаад нөгөө тийш нь мушгиад мөрний үеэр гэмтсэн. Одоо хүртэл зовиуртай байгаа. Тэгээд байж байхад цуг явсан гэх нэг залуу нь буугаад ирсэн бид нарыг манай нөхөр болон дүү хүүхэн болох Оюунд гар хүрээд байсан. ...Бид нар тухайн үед ямар нэг эмнэлэгт үзүүлээгүй ажилтай байсан учраас нээх удахгүй 2-3 хоноод Эрхүү хот яваад 7-8 хоноод ирсэн. Гэтэл цагдаад гомдол гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Гэрч Л.Болдбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед манай дүү Болдбаатар над руу залгаад намайг хүмүүс зодоод байна, та хүрээд ирээч гэхээр нь хаана байгаа юм гэхэд Хөсөг трейд өнгөрөөд байгаа гэсэн. Тэгэж хэлэхээр нь би хүргэн Дашнямыг дагуулаад Болдбаатарын байгаа газар очсон. Намайг очиход нэг жижиг тэрэг зогсчихсон манай дүүгийн урд зогссон байсан. Би очоод тэр жижиг тэрэгний ард зогссон. Намайг очиход манай дүү цус нөжтэйгээ холилдсон машиныхаа хажууд нэг залуутай зууралдчихсан хажууд нь байсан 2 эмэгтэй хажуунаас нь цохичихсон зогсож байсан. Би очоод дундуур нь ороод салгах гэтэл нас нь арай жоохон залуу эмэгтэй нь намайг маажих гээд урдаас дайрахаар нь би гарыг нь атгаад холдуулчихаад дүү рүүгээ хартал нэг залуу манай дүүтэй зууралдчихаад байсан. Би та нар болилдоо гэж хэлсэн чинь манай дүүтэй зууралдаад байсан залуу салахгүй байхаар нь би дундуур нь ороод манай дүү рүү дайраад байсан залууг дуудаж холдуулаад та нар цагдаа дуудсан юм уу гэхэд дуудсан гэж нэг нь хэлсэн. Би тэгэхээр нь дуудаагүй байж магадгүй гэж бодоод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Гэрч Б.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Болдбаяртай хамт ажил дээр нь машин янзалж байхад Болдбаатар, Сигнэт дээр хүрээд ир гэж байна хоёулаа явъя гэсэн. Тэгээд би Болдбаяртай хамт Сигнэт хүнсний дэлгүүрийн ойролцоо очиход Болдбаатар цустайгаа хутгалдчихсан нэг залуутай зууралдчихсан байж байсан. Бид хоёрыг очиход Болдбаатар нүүр рүү чулуугаар цохисон гэж байсан. Болдбаяр очоод Болдбаатар руу дайраад байсан залууг тэвэрч аваад зогссон удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 48/,

Шинжээчийн 1490 тоот дүгнэлтэд: “...Л.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 50/,

Яллагдагчаар Р.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би явж байхад ард явсан том тэрэг хажуугаар сигналдаж хөдөлгөөн ихтэй байхад 2-3 удаа сигналдаж гүйцэж түрүүлэх оролдлого хийж хажуугаар гүйцэж түрүүлэн гарч ирээд шахаж миний машины урд зогссон. Би зогсоход нь урд шахаж зогссон машины жолооч бууж ирээд дайрч урдуураа яах гэж машин оруулаад байгаа юм бэ гэж хэлээд гуя руу өшиглөхөд нь дүү, эхнэр хоёр салгах гэтэл тэр хоёрын гарыг мушгиад татаад унагахаар нь би тэр залууг бариад авсан чинь миний толгой руу гараар цохихоор нь би зөрүүлээд цохьсон. Удалгүй манай дүү эхнэр хоёр цагдаа дуудсан чинь тэр залуугийн хамарнаас цус гарлаа гээд хүн дуудаад хаанаас ч юм бүү мэд 2 залуу гарч ирээд гурвуулаа над руу дайрч намайг нэг нь тэвэрч аваад дайраад миний толгой руу цохиж хөл рүү өшиглөсөн. Намайг тэвэрч байсан залууг мордож унагааж доороо оруулахад нөгөө хоёр салгах гэж нилээн зууралдаж түлхүүлээд миний дүү Оюуны гар утас унаад эвдэрсэн. ...би чулуугаар нүүрэнд нь цохьсон зүйл байхгүй. Харин сүүлд нь олуулаа дайраад байхаар нь чулуу барьж тэр хүмүүсээс өөрийгөө хамгаалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 6-7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 73-80/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн “хохирогчид гэмтэл учруулаагүй, тухайн үед надад гэмтэл учирсан”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго бүрэн тогтоогдоогүй, хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн хамар руу чулуугаар цохисон гэдгийг тогтоох боломжгүй байна. Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх боловч шүүгдэгч нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

Мөн гэрч болох шүүгдэгчийн эхнэр, төрсөн дүү, хохирогчийн төрсөн ах, хадам ах нар нь мөн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсрэг, түүний эрх зүйн байдлыг дордуулсан мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Харин худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн үйл баримт болсон өдрөө хохирогч шүүх эмнэлэгт үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн тогтоогдсон.

Шүүгдэгч Р.Б- нь хохирогчийн үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Р.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Б-тай маргалдах явцадаа Л.Б-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Л.Б-ын: “...тэр машины жолооч эрэгтэй бууж ирээд намайг заамдсан би зөрүүлээд заамдсан. Тэгээд хэрэлдэж байхад машин дотроос нь 2 эмэгтэй бууж ирээд над руу дайрсан. Тэгээд хэрэлдэж байгаад салахад тэр залуу газраас чулуу аваад миний хамар руу цохьсон. Миний хамарнаас цус гоожиж байхад 2 эмэгтэй нь гарнаас зуураад, эрэгтэй нь чулуугаар дахиад цохих гээд байсан. Би тэгэхээр нь төрсөн ах Болдбаяр руу залгаад ахыгаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/, гэрч Л.Болдбаярын: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед манай дүү Болдбаатар над руу залгаад намайг хүмүүс зодоод байна, та хүрээд ирээч гэхээр нь хаана байгаа юм гэхэд Хөсөг трейд өнгөрөөд байгаа гэсэн. Тэгж хэлэхээр нь би хүргэн Дашнямыг дагуулаад Болдбаатарын байгаа газар очсон. ...Намайг очиход манай дүү цус нөжтэйгээ холилдсон машиныхаа хажууд нэг залуутай зууралдчихсан хажууд нь байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/, гэрч Б.Дашнямын: “...Сигнэт хүнсний дэлгүүрийн ойролцоо очиход Болдбаатар цустайгаа хутгалдчихсан нэг залуутай зууралдчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 48/, шинжээчийн 1490 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч нь шүүгдэгч миний хамар руу чулуугаар цохиж гэмтэл учруулсан гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар чулуугаар цохиж гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Р.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Б- нь хохирогчтой зам тээврийн хөдөлгөөний маргааны улмаас түүний нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Р.Б-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Р.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн шинээр гарган өгсөн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шүүгдэгчийн шинээр гарган өгсөн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР