| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/02282/И |
| Дугаар | 1308 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 1308
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 43 гудамж, 745 тоотод оршин суух, Тогоруутан овогт Батхуягийн Дэлгэрцогт /РД:РЭ88112914/, Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 416 байр, 63 тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбаатарын Одсүрэн /РД:ХБ83031217/ нарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Шинэ өргөө хотхон 610 дугаар байр, 23 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхцэцэгийн Хэрлэнтуулд /РД:НЦ86030560/ холбогдох Гүйцэтгэсэн ажлын хөлс 25 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрцогт, Ч.Одсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №15/01 тоот “Барилгын туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ”-гээр иргэн М.Хэрлэнтуул нь Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Б.Дэлгэрцогт, Ч.Одсүрэн нартай гэрээ байгуулж холбогдох гүйцэтгэх ажил болон ажлын хөлс, төлбөрийн нөхцлийг сайтар тохиролцсон юм. Тус гэрээнд заасан ажлыг гүйцэтгэгч талын зүгээс гэрээгээр тохиролцсон нөхцөл шаардлагын дагуу хугацаандаа бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгсөн юм. Гэрээт ажлыг гүйцэтгэх явцад гэрээний урьдчилгаа хөлс болон бусад төлбөрийг хэсэгчилэн хүлээн авч байсан бөгөөд энэ талаар тухай бүр гэрээний хавсралтанд тэмдэглэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Мөн 7 300 000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх барилгын материалыг гэрээт ажлын хөлсний тодорхой хэсэгт тооцож хүлээн авсан юм. Энэ тухай баримтыг мөн талууд гарын үсэг зурж баталгаажуулж гэрээнд хавсаргасан болно. Гэрээт ажлыг актаар хүлээлгэн өгсөнөөс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, төлж барагдуулах талаар ямар нэгэн санал, санаачлага гаргаагүй тул гэрээнд заасан алдангийн хамт нийт 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хандаж байна. Захиалагч талаас ажлын хөлсийг бүрэн төлөөгүйгээс гэрээт ажлыг чанартай хийж гүйцэтгэхийн тулд шаардагдсан ажиллах хүчний цалин хөлс, хоол хүнс, унааны зэрэг урсгал болон зайлшгүй зардлыг бидний зүгээс өөрсдийн дотоод нөөц бололцоогоо шавхаж бүрэн шийдвэрлэсэн юм. Иймд иргэн М.Хэрлэнтуулаас 25 000 000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч М.Хэрлэнтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн М.Хэрлэнтуул миний бие иргэн Т.Энхболд, Н.Болдбаатар нарын Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 20 айлын орон сууцны барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ажлын ачаалал болон гүйцэтгэх хугацаа зэрэг олон шалтгаан нөхцлийн улмаас би туслан гүйцэтгэгч авахаар болж улмаар 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн Чулуунбаатар овогтой Одсүрэнтэй “Барилгын туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан. Ингээд туслан гүйцэтгэгч болох иргэн Ч.Одсүрэн болон түүний ажилчид болох хэсэг хүмүүс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн оны 9 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн боловч энэ нь гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, чанарын шаардлага болон барилгын зураг, норм, стандартад огтхон ч нийцээгүй ажил хийж гүйцэтгэсэн байсан. Хийсэн ажил нь ч шаардлага хангаагүйн зэрэгцээ барилгын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлд сөргөөр нөлөөлж, улмаар барилгын ажлыг зогсооход хүрсэн. Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагчийн инженер шалгахад дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байсан. Үүнд: Зоорийн давхарын хучилтын бетон угсралтын ажил шаардлага хангаагүй, 1 дүгээр давхарын хэв угсралтын ажлын явцад бэхэлгээ болон тулгуур сайн хийгдээгүйгээс цутгалтын үед консол унжиж барилгын чанарт ноцтой нөлөөлсөн гэж үзэн захиалагчийн зүгээс барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхийг зогсоосон болно. Өөрөөр хэлбэл туслан гүйцэтгэгч Одсүрэн, Дэлгэрцогт нарын буруутай үйлдлээс болж барилгын ажлыг цааж үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд захиалагч талаас ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бидэнтэй гэрээгээ цуцалж, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг одоог ч хүртэл төлж барагдуулаагүй байгаа болно. Дээрх нөхцөл байдлуудаас авч үзвэл туслан гүйцэтгэгч Ч.Одсүрэн, Дэлгэрцогт нар нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15/01 дугаартай барилгын туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээний 8.2.2-д заасан “Туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь Монгол Улсын барилга байгууламжийн чанарын шаардлагад нийцэхгүй бөгөөд засвар хийхээс татгалзсан”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Туслан гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэлийн чанарыг батлах бөгөөд ажил гүйцэтгэлтэй холбогдох бүх асуудлыг хариуцна” зэрэг болон гэрээний 9.2 болон гэрээний бусад хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгчийн үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас захиалагч болон бусад туслан гүйцэтгэгч буюу иргэн М.Хэрлэнтуул миний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учирсан болно. Түүнчлэн нэхэмжлэлд дурьдсанаар акт үйлдэж ажлаа бүрэн дүүрэн хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэсэн бөгөөд энэ нь огт үндэслэлгүй, одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байгаа болно. Иймд хариуцагч М.Хэрлэнтуул миний бие нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй 25 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...-нэхэмжлэгч нар болох Б.Дэлгэрцогт, Ч.Одсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 25 000 000 төгрөгийн зарим хэсэгт болох 10 000 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байгаа болно. -хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15 000 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 50 хувь буюу 7 500 000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 7 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болов. Зохигч талуудын эзгүйд эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Одсүрэн, Б.Дэлгэрцогт нар нь хариуцагч М.Хэрлэнтуулд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 25 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Дэлгэрцогт, Ч.Одсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 25 000 000 төгрөгийг 10 000 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 15 000 000 төгрөгийн хэмжээнд зохигч эвлэрч, уг 15 000 000 төгрөгийн хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 15 000 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 7 500 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 7 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Мөн хариуцагч нь шинжээчийн зардал болох 142 500 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Одсүрэн, Б.Дэлгэрцогт нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Хэрлэнтуулд холбогдох гүйцэтгэсэн ажлын хөлс 25 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч 15 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь 15 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 15 000 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 7 500 000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 7 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хэрлэнтуулаас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Одсүрэн, Б.Дэлгэрцогт нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын жу рмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
| ||||
| |