| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0241/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/261 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 21.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0241/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч М.А-, С.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э- овогт М-гийн А-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт С-ийн С- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018001840257 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эмэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э- овогт М-гийн А- /РД: /,
Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эмэгтэй, 54 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 2, нөхринй хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт С-ийн С- /РД: /,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11 цаг 22 минутаас 11 цаг 55 минутын хооронд гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...зориуд худал мэдүүлэг өгсөн, мөн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрч С.С-ыг “...цайны газрыг худалдаж авсан гэж хэлж болохгүй шүү, ямар ч асуудал үүсэхгүй” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
Шүүгдэгч С.С- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 цаг 14 минутаас 11 цаг 08 минутын хооронд гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
Гэрч Д.З-гийн: “...Би Б- гэж хүнтэй 2005 онд гэр бүл болж амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2018 онд гэрлэлтээ цуцпуулж, дундын өмчлөлийн хөрөнгөө шийдвэрлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд хандсан. Б- бид хоёр 2016 онд хамт амьдарч байх үедээ түүний эгч А-гаас Дархан захын “Ө” нэртэй 9 дүгээр гуанзыг түрээслэх эрхийг 20.000.000 төгрөгөөр худалдаж авсан боловч нэрийг нь Б- бид хоёрт шилжүүлж өгөөгүй. Би А-д 2016 оны 10 дугаар сард 10,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр 10,000,000 төгрөгийг нөхөр Б-гаар дамжуулж өгсөн. Ингэж мөнгө өгөхийн тулд би хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авсан юм. Б- нь 2019 он гараад ажиллуулахаа болиод 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс уг гуанзыг түрээслэх эрх С-ын нэр дээр шилжсэн байсан. Ингээд Иргэний хэргийн шүүхэд А- мэдүүлэг өгөхдөө надаас мөнгө аваагүй гэж худал мэдүүлэг өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11 цаг 22 минутаас 11 цаг 55 минутын хооронд М.А-гаас гэрчээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан “...Тухайн 9 дүгээр гуанзыг 2016 оноос хойш Батхуяг бид хоёр ажиллуулж байгаад 2017 оноос бид хоёр Б-, З- нарт түрээслүүлсэн. Б-, З- нар нь 1 жил гаруйн хугацаанд тухайн гуанзыг ажиллуулж байгаад түрээсээ төлж чадахгүй махны өрөнд орсон учир С-т түрээслүүлсэн. Бидний хооронд гуанзыг үнэлгээ тогтоож худалдсан асуудал байхгүй. Харин З-, Б- нараас хоорондоо ярилцаж байгаад 10,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тухайн мөнгөө төлсөн. Гуанз худалдах талаар мөнгө төгрөг аваагүй” гэх тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 95/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 цаг 14 минутаас 11 цаг 08 минутын хооронд С.С-оос гэрчээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан “...Манай нөхөр Э- 2019 оны 02 дугаар сард 9 дүгээр гуанзыг ажиллуулъя гэхээр нь би нөхрийгөө өөрөө мэд гэж хэлсэн. Ингээд 2019 оны 02 дугаар сард намайг А- дуудаж 9 дүгээр гуанзыг таны нэр дээр шилжүүлэх гэж байна гэж хэлээд түрээсийн гэрээг надад үзүүлсэн. Би тухайн гэрээтэй танилцаад гарын үсэг зурсан. 2-3 хоногийн дараа 9 дүгээр гуанзыг А-, Б- нараас хүлээж авахаар болоход би 2 жилийн өмнө нөхөр Э- болон Б-, З- нарын хонины сүүлний наймаа хийхээр авсан 3,300,000 төгрөгийг 9 дүгээр гуанзны хөргөгч, ширээ, сандал зэрэгт суутгаарай гэж хэлсэн. Би гуанзыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан талаар мэдэхгүй” гэх тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 94/,
М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Би урьд нь шүүх дээр худалдаагүй гэж худал мэдүүлэг өгсөн юм. Учир нь “Тээвэр Дархан” ХК-ийн өмч болох 9 дүгээр гуанзыг манай нөхөр Батхуягийн нэр дээр 2016 оноос түрээслэсэн. Тухайн түрээсийн гэрээгээр бид уг гуанзыг түрээслэгч л болохоос биш бусдад зарж борлуулах, худалдах эрх байхгүй. Тэгээд 2018 оны 11 дүгээр сараас хойш уг 9 дугаарын гуанзыг С-т зарахаар ярьж байгаад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг С-оос миний данс руу хийсэн. Дараа нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 9,100,000 төгрөгийг С-оос миний дансанд хийсэн. Ингээд 9 дүгээр гуанзыг С-т худалдсан мөнгө болох 19,100,000 төгрөгийг авч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр гуанзыг түрээслэх гэрээг “Тээвэр Дархан” ХК-тай С.С- байгуулсан. Ингээд “Тээвэр Дархан” ХК-ийн өмчийг бид хоорондоо ярьж тохироод худалдан борлуулсан тул өөрсдийн буруутай үйлдлээ нууж шүүхэд худал мэдүүлсэн юм” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13/,
С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Дархан зах дээр 9 дүгээр гуанзыг худалдаж авахаар боллоо. 20.000.000 төгрөг шилжүүлчих гэж манай нөхөр над руу утсаар ярьсан. Тэгээд би уг мөнгийг өөрийн гар утаснаас “Гуанз худалдаж авах” гэж бичиж шилжүүлсэн. Би А-гийн данс руу 19.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэх түрээсийн гэрээн дээр очиж гарын үсэг зурсан. Намайг шүүхээс дуудахаар нь би А- руу залгаад энэ тухай хэлэхэд “З- шүүхэд өгсөн байна, би танд нэг юм хэлье, тухайн гуанз нь “Тээвэр Дархан” ХК-ийн өмч учраас бусдад худалдаж, зарж болохгүй, тэгэхээр та худалдаж авсан гэж хэлж болохгүй шүү. Ямар ч асуудал үүсэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би А-тай ярьсны дагуу шүүх дээр очиж мэдүүлэг өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч М.Б-гийн: “...Цаг хугацааг нь нарийн тодорхой хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан өөрийн төрсөн дүү А-гийн Дархан зах дээр түрээслэн ажиллуулдаг 9 дугаарын гуанзыг цаашид ажилгүй байхаар авч ажиллуулъя гэж ярьж тохиролцсон. Анх ярьж тохиролцохдоо 20,000,000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон юм. Тэгээд эхний урьдчилгаа 10,000,000 төгрөгийг манай эхнэр З- манай эхнэр А-д өгсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гэрт байсан мөнгөнөөс бэлэн 8.000.000 төгрөгийг аваад хүрэхгүй байсан тул З- над руу 2,000,000 төгрөгийг шилжүүлэн 10,000,000 төгрөг болгоод зах дээр очоод дүү А-д бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хуулийн дагуу явагдаж буй мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд оролцож буй хэн боловч үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасан бол зөвхөн үнэнийг ярих үүрэгтэй бөгөөд баталгаа гаргасны дараа худал мэдүүлсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Худал мэдүүлэг өгөх нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхол, шүүн таслах үйл ажиллагааны эсрэг чиглэсэн гэмт үйлдэл ба нийгмийн хор аюул нь шүүн таслах ажиллагаанд ноцтой алдаа гарах эрсдлийг ихээр нэмэгдүүлдэгт оршино.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч М.А-г Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.С-ыг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа М.А-гийн хэлсний дагуу зориуд худал мэдүүлэг өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нарт тус тус оногдуулсан торгох ялыг тус тус 5 сарын хугацаанд, шүүгдэгч М.А- сар бүр 200,000 төгрөгөөр, шүүгдэгч С.С- сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э- овогт М-гийн А-г шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б- овогт С-ийн С-ыг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э- овогт М-гийн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Б- овогт С-ийн С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-, С.С- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд шүүгдэгч М.А- сар бүр 200,000 төгрөгөөр, шүүгдэгч С.С- сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-, С.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД