Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч Ж.Г /цахим сүлжээгээр/,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Гын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Гт холбогдох 201601080307 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ж-н Г, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: ........................../,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Шүүгдэгч Ж.Г нь Д.Атэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газар амарч байсан иргэн Ж.Н, Д.Э нарын байрлаж буй байшинд хууль бусаар нэвтэрч гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 998.500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч О.Хт “автомашины сэлбэг 2.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5035319384 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг,

хохирогч Б.Эт “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5926010091 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг,

хохирогч П.Цт “автомашины сэлбэг 600.000 төгрөгөөр зарна” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5023300900 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг,

хохирогч Б.Лд “автомашин 4.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5023300900 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг,

хохирогч Д.Чд “автомашин 11.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 300.000 төгрөг,

хохирогч Б.Зт “автомашины сэлбэг 2.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5820140176 дугаартай дансаар 2016 оны 11 дугаар сарын 5-ны өдөр 400.000 төгрөг,

хохирогч Н.Жд “автомашин 8.100.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5005485096 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг,

хохирогч Н.Дд “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5005485096 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,

“Unegui.mn” сайтад “Япон автомашин хямдхан зарна” гэх зар байршуулж улмаар зарын дагуу холбогдсон хохирогч О.Бт “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5019477512 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөг,

хохирогч С.Гад “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5019477512 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 8.000.000 төгрөг,

хохирогч Д.Бд “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг,

хохирогч А.Тт “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг,

хохирогч Р.Цд “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5166224878 дугаартай дансаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг,

хохирогч Т.Бт “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5166224878 дугаартай дансаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг,

хохирогч Т.Хд “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5429198985 дугаартай дансаар 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4.500.000 төгрөг,

хохирогч Э.Од “автомашин 9.500.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5429198985 дугаартай дансаар 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөг,

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Гээс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Хаан” банкны 528328136 дугаарын дансаар 500.000 төгрөг,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Бгаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Хаан” банкны 5007400165 дугаартай дансаар 2.500.000 төгрөг,

Орхон аймгийн нутаг дэвсгэрт хохирогч О.Баас 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Хаан” банкны 5028328136 дугаартай дансаар 350.000 төгрөг, нийт 19 хүнээс 39.650.000 төгрөгийг тус тус хуурч, цахим хэрэгсэл буюу “Үнэгүй.мн”, “Унаа.мн”, “Фэйсбүүк” зэрэг вэб сайт ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэл эвдэж, залилан авч, залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гт 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

Боржигон овогт Ж-н Гыг бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ж.Гыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Гын биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Гын цагдан хоригдсон 544 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гаас 40.398.500 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Нд 460.000 төгрөг, хохирогч Д.Энхтуяад 288.500 төгрөг, хохирогч О.Бт 350.000 төгрөг, хохирогч Б.Гт 500.000 төгрөг, хохирогч Ч.Бд 2.500.000 төгрөг, хохирогч О.Хт 1.000.000 төгрөг, хохирогч Б.Эт 2.000.000 төгрөг, хохирогч П.Цт 600.000 төгрөг, хохирогч Б.Лд 1.000.000 төгрөг, хохирогч Д.Чд 1.300.000 төгрөг, хохирогч Б.Зт 400.000 төгрөг, хохирогч Н.Жд 1.500.000 төгрөг, хохирогч Н.Дд 1.000.000 төгрөг, хохирогч О.Бт 3.000.000 төгрөг, хохирогч С.Гад 8.000.000 төгрөг, хохирогч Д.Бд 3.000.000 төгрөг, хохирогч А.Тт 2.000.000 төгрөг, хохирогч Р.Цд 2.000.000 төгрөг, хохирогч Т.Бт 2.000.000 төгрөг, хохирогч Т.Хд 4.500.000 төгрөг, хохирогч Э.Од 3.000.000 төгрөг тус тус олгож,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Д.Ад   холбогдох   эрүүгийн   1707000000158   дугаартай   хэрэг тусгаарласан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Нямбаяр, Алтангэрэл нартай хулгай хийх зорилгоор Тэрэлж рүү Нямбаярын машинаар Алтангэрэл, Нямбаяр бид гурав явсан бөгөөд Хаадын тамга нэртэй амралтын газрын үүдэнд ирж Нямбаяр машиндаа үлдэн хүн харж, Алтангэрэл бид хоёр амралт руу орсон бөгөөд миний бие цонхоор нь орж хоёр цүнхийг авсан. Цүнхнээс мөнгөн бүс, “S2” загварын гар утсыг аваад цүнхийг автомашины цонхоор хаясан. Нямбаяр уг гар утсыг авсан бөгөөд Нямбаяр гар утсыг мөрдөн байцаагчид өгсөн. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, гар утас зэрэг эд мөрийн баримт байхад хэргийг хэрэгсэхгүй болгож, Нямбаярыг ял завшиж байгаад гомдолтой байна. Миний бие 2016 оны 11 дүгээр сард прокурор Эрдэнэбаярт хандаж хүсэлт гаргаж байсан ба уг хүсэлттэй холбогдуулан мөрдөн байцаагч Мөнх-Очир хэд хэдэн залилангийн үйлдэл дээр гэрчийн мэдүүлэг авсан. ...2017 оны 3 дугаар сарын 30-нд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Энэ хугацаанд уг хэрэгт хүсэлт, гэрчийн мэдүүлэг зэргийг хэлэхэд хавтас хэрэгт тийм нотлох баримт авагдаагүй гээд авч үзээгүй. Гэрч Мягмарсүрэнгийн мэдүүлэг, банкны орлого, зарлагын баримт зэрэгт хохирогч Батсайханы 3 сая, Төрцэцэгийн 2 сая төгрөг авсан үйлдлийг шалгаад үл таних залуугийн хийсэн 2.800.000 төгрөгийн үйлдлийг шалгаагүй. Мөрдөн байцаалт дуусахад мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцуулаагүй бөгөөд миний бие шүүх дээр ирэхэд нь танилцсан. Миний бие хэргийн материалтай мөрдөн байцаалтын шатанд танилцсан бол дээр дурдсан орхигдуулсан 2.800.000 төгрөгийн үйлдэл болон хүсэлт гомдол гаргах байсан эрхийг хязгаарласан. Ёндондаржааг залилсан гэмт хэргийг үйлдэхэд хоёр хүн ярьж байгаа нь нэг нь Наагий болон Болд гэж хүн болж утасны дугаар өгдөг байсан. 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хохирогч Галбадрахын 8 сая төгрөгийг гэрч Сандагдоржийн дансанд хийлгэсэн. Энэ мөнгийг Сандагдоржийн данснаас Наагий эхнэр болон найзынхаа данс руу шилжүүлэн авсан байдаг. Наагий тухайн үед “цагдаа дуудвал таксинд явж байсан юм гээд хэлчихье” гээд мөнгийг шилжүүлж авсан. Уг залилангийн гэмт хэрэгт Наагийгаас бусад жолооч, хамгаалагч, гэрч нар ямар ч хамааралгүй. Мөн Наагий нь хохирогч Цэндбаярын 600.000 төгрөгийг гэрч Ёндондаржаагийн дансыг ашиглаж эмэгтэй хүн оруулж авсан байдаг. Энэ залилангийн гэмт хэргийн бусдад учруулсан хохирол 39.650.000 төгрөг байдаг. Мөн хохирол төлбөрт 300.000 төгрөг, 250.000 төгрөг төлсөн ба буцаан өгсөн гар утасны үнэтэй нийлээд 748.000 төгрөг болсон. Үүнийг хохирол төлбөрөөс хасч тооцоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж заасан 50.000 нэг буюу түүнээс дээш гэж заасан. Иймд энэ хэргийг нэмж нэгтгэн эрх зүйн байдлыг дээрдүүлж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмнө нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад Ж.Г болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан. Тухайн гомдолдоо өөрт нь өөр бусад хэрэг байгаа тул энэ хэргийг нэгтгэж шалгуулах тухай хүсэлт гаргасан. Үүний дагуу хэргүүдийг нэгтгэж шалгасан. Ж.Гтай цагдан хорих байранд очиж уулзаж байсан. Өөр ямар хэрэг байдаг талаар мөрдөгч мэдүүлэг авч байсан. Нийт бүх цагдаагийн газраар Ж.Гтай холбоотой ямар нэгэн хэрэг байвал нэгтгэж шалгах тухай хүсэлтийг гаргаж байсан. Ингээд Ж.Гаас мэдүүлэг авахад надад өөр ямар нэгэн хэрэг байхгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Тэгэхээр Ж.Гын хувьд үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон, ямар нэгэн байдлаар өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй. Иймд анхан шатны шүүх шийдвэрийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Шүүгдэгч Ж.Г нь Д.А гэгчтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газар амарч байсан хохирогч Ж.Н, Д.Энарын байрлаж байсан байшинд хууль бусаар нэвтэрч, гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 998.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Энхтуяагийн “...05 цагт байрандаа орж ирэхэд миний цүнх алга болсон байсан. Хохирлыг барагдуулж өгнө үү. ...Надад нийт 300.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Би тухайн үед гар утсаа буцааж авсан.” гэх мэдүүлэг /хх1, х21-22/,

Хохирогч Ж.Нгийн “...Амралтын байшинд ортол вакум цонх нь нээгдчихсэн миний болон Энхтуяагийн цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х24-25/,

Б.Нямбаярын сэжигтнээр өгсөн “...амралтын гадаа очоод намайг “зогсож бай” гэж хэлээд тэр хоёр амралт руу ороод бараг 1 цаг орчим болсон байх нэлээн удсан тухайн үед би тэр хоёрыг хүлээгээд унтчихсан байсан. Тэгсэн гэнэт автомашины хаалга онгойлгож орж ирээд “За болчихлоо явъя” гэж хэлэхээр нь би автомашинаа бариад хот руу орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх1, х43/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1, х7-10/, эд зүйлс хураан авах тогтоол, тэмдэглэл /хх1, х11-13/, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх1, х14-15/, Эд зүйлийн үнэлгээ /хх1, х47-48/, шүүгдэгч Ж.Гын “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Хулгай хийх зорилгоор Налайх явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар;

2. Мөн шүүгдэгч Ж.Г нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 сарын хооронд “Автомашинд чинь таарах сэлбэг хямд зарна, автомашин хямд зарна, Би Замын Үүдэд гаальд ажилладаг, Замын-Үүдийн гааль дээр байгаа, урьдчилгаа мөнгөө яаралтай шилжүүл” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл буюу “Үнэгүй.мн”, “Унаа.мн” вэб сайтууд,  фэйсбүүк зэрэг олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэл эвдэж, нэр бүхий 19 хохирогчоос 39.650.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Б /хх6, х18-19/, хохирогч Б.Г /хх6, х13-14, хх7, х11/, хохирогч Ч.Б /хх6, х16, 128/, хохирогч О.Х /хх2, х158-160, хх4, х200-201/, хохирогч Б.Э /хх3, х45-46, 214, хх4, х192-193/, хохирогч П.Ц /хх3, х151-152, хх4, х214/, хохирогч Б.Л /хх3, х110, 206, хх4, х188-189/, хохирогч Д.Ч /хх3, х48, хх4, х206-207/, хохирогч Б.З /хх2, х108-109, хх4, х190-191/, хохирогч Н.Ж /хх1, х86, хх4, х198-199/, хохирогч Н.Д /хх1, х88-89, хх4, х204-205/, хохирогч О.Б /хх2, х185/, хохирогч Д.Б /хх3, х18-20, хх4, х194-195/, хохирогч А.Т /хх1, х180-182, хх4, х208-209/, хохирогч Р.Ц /хх2, х83/, хохирогч Т.Б /хх2, х83, хх4, х202-203/, хохирогч Т.Х /хх4, х52, х196-197/, хохирогч С.Г /хх1, х232-233/, хохирогч Э.О /хх4, х150/, гэрч И.Тэмүүжин /хх6, х59/, гэрч Л.Цэрэгням /хх1, х125/, гэрч Ч.Мандхай /хх1, х90-91/, гэрч Н.Уянга /хх2, х186/, гэрч Б.Дашням /хх4, х53-54, х154-157/, гэрч Ж.Мягмарсүрэн /хх1, х188-190, хх3, х21-23/, гэрч Г.Мөнх-Эрдэнэ /хх1, х112-113/, гэрч П.Энх-Амгалан /хх6, х78/ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн банкны хуулга, санхүүгийн мэдээллүүд, цахим сүлжээ, вэб сайтуудад зар байршуулсан мэдээллийг бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа... Нэг байшингийн гэрэл асаалттай, цонх онгорхой байхаар нь би ороод хоёр цүнхийг авсан... Би таксины жолооч болон хамгаалалтын албаны ажилтнуудын банкны картуудыг нь ашиглаж хүмүүсийн мөнгийг шилжүүлж залилсан, “Үнэгүй.мн”, “Унаа.мн” зэрэг сайтуудад сэлбэг, машин зарна гэсэн зар байршуулж хүмүүстэй харьцаж байсан” гэх зэргээр үйлдсэн хэргээ дэлгэрэнгүй байдлаар хүлээн мэдүүлсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Гыг “бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Гт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Гын гаргасан “Хулгайн үйлдэлд Нямбаярыг ял завшиж байгаад гомдолтой, хохирогч Батсайханы 3 сая, Төрцэцэгийн 2 сая төгрөг авсан үйлдлийг шалгаад үл таних залуугийн хийсэн 2.800.000 төгрөгийг орхигдуулсан.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, шүүгдэгч Ж.Г нарт холбогдуулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм хэрэгт Б.Нямбаярыг шалгасан бөгөөд түүнд холбогдох үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хэрэгсэхгүй болгож 22 дугаартай тогтоол гаргасан,

шүүгдэгч Ж.Г нь хохирогч Д.Бд “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, хохирогч А.Тт “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн “Хаан” банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлтүүдийг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гын нь нэр бүхий 19 хохирогчоос 39.650.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, залилан мэхлэх гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэхүү зүйлчлэлийг “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцсон, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байгаа” талаар дүгнэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх залилах гэмт хэргийн онц хүндрүүлэх шинж нь тухайн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэний дээр гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.   

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Гыг бусдад “их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэн бусдын эд хөрөнгийг залилсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь буруу болжээ.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-200 түүнээс дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүлэх замаар тооцож байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар нэгжээр буюу 1000 төгрөгийг 300-50000 түүнээс дээш дахин тэнцүүлэн ойлгохоор хуульчилсан тул шүүгдэгч Ж.Гын үйлдсэн гэмт хэргийн хохирлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд зааснаар тодорхойлох нь түүний эрх зүйн байдалд ашигтай гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан бөгөөд Ж.Г нь нэр бүхий 19 иргэнд 39.650.000 төгрөгийн хохирол учруулсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу нэр бүхий 19 хохирогчийг залилж 39.650.000 төгрөгийн хохирол учруулсан зэргийг харгалзан 3 жил хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Ж.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гт 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Боржигон овгийн Ж-н Гыг бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ж-н Гыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Гын биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Ж.Гт оногдуулсан 5 жилийн хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                             Ц. ОЧ