Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 18

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЕА Б.М, ГХБХБГМ Г.Б, БӨСУБЗД Г.Г нарт холбогдох

            1.“Б” ХХК-иас зуруулж, батлуулсан  “Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 

            Хариуцагч: ОАГХБХБГ болон тус газрын ХБКЗТМАХМ  /О.Ч/, МХГЭАХХХУБ Д.Л,  ОБГД Г.Г, АЕА Б.М нарт холбогдох,

            2. ““Б” ХХК-иас зуруулж, батлуулсан  “Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын  шифр:V-05/2019  зургийг хүчингүй болгуулах”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2019/0013/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.       

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, М.Г, хариуцагч Б.М, Г.Б, Г.Г, хариуцагч нарын өмгөөлөгч М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.  

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.А миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, “Ш” ХХК-ийн шатахуун түгээх станцын ард байрлах 1231 м.кв газрыг Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үндсэн дээр 8 жилийн хугацаатайгаар авто засварын үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг. Энэхүү хууль ёсны дагуу эзэмшиж буй газар дээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө /Д төв/ байрладаг бөгөөд би уг үл хөдлөх хөрөнгийг авто засварын үйлчилгээний зориулалтаар ашигладаг болно. Манай “Д” төвийн хажууд иргэн Д.Б нь “Х” нэртэй авто засвар, угаалга ажиллуулдаг ба тэрээр 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай төвийн урд хаалгыг хааж мөн хэрэггүй болсон дугуйны хог овоолж эхэлсэн. Түүний энэхүү хашаа барьж, хог овоолж буй газар нь нийтийн эзэмшлийн газар юм. Энэхүү асуудлын талаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан гомдол гаргасан. Улмаар Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14-03/207 дугаартай гомдлын хариуг ирүүлсэн ба уг албан бичигт “Х авто засварын гадна талын ногоон байгууламж, тохижилтын зураг” гэх нэртэй зургийг хавсаргасан байсан. Энэхүү зурагтай миний бие танилцаж үзэхэд миний эзэмшиж буй газрын хил заагийг давуулж зурагдсан байсан ба энэ асуудлаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт, Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд тус тус зургийг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Дээрх гомдлуудыг холбогдох байгууллагууд хүлээн авсан боловч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас хариуг огт өгөөгүй болно. Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн огноотой 2/1363 дугаартай “Өргөдөл шилжүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт “Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зургийг давхцуулан баталсан бол холбогдох өөрчлөлтийг оруулах, хэрэв эрх зөрчигдсөн бол газар эзэмших эрхтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлж, өргөдлийн хариуг иргэн Д.А-д өгөхийг үүрэг болгосон албан бичгийг ОАГХБХБГ-ын даргад хүргүүлсэн талаар дурьдсан болно. Энэхүү албан бичгийн дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Б-ээс хариу авах талаар хүсэлт тавихад Д.Б нь хариу огт өгөөгүй байна.

            “Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг”-ийг УБЗД, Орхон аймгийн ГХБХБГМ Г.Б, ОАЕА Б.М гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэхүү зургийг үйлдсэн он сар нь 2017 оны 02 дугаар сар байх ба миний эзэмшиж буй газартай давхацуулан зурсан, манай байгууллагад ийм зураг үйлдэж байгаа тухай болон үйлдсэн талаар урьд өмнө нь огт мэдэгдээгүй, Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй зэрэг нь зургийн хууль бус болохыг харуулж байна. ОАГХБХБГ-ын дарга Д.Ц нь уг зурагтай холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн огноотой шаардах хуудас гэх хуудсыг манай төвд хаяглан ирүүлсэн бөгөөд газар чөлөөлөхийг шаардаж байгаа бусдын эзэмшиж буй газрыг, эзэмших эрх хэвээр хадгалагдаж байхад булааж авах гэсэн оролдлого болж байна. Иймд “Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг хууль бус тул хүчингүй болгож өгнө үү”[1].

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан. Ийнхүү нэхэмжлэгч Д.А-ийн “Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг” хууль бус тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлж хүчингүй болгосон байх боловч уг зургийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг”-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж байна”[2]

            Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “...Хариуцагч нь хэзээ гаргасан нь тодорхойгүй “Б” ХХК-ийн “Х” авто засварын газрын гадна тохижилт ногоон байгууламжийн шифр:v-05/2019 дугаартай зургийг гаргаж ирж шүүхэд өгсөн. Энэхүү зургаар манай засвар, худалдааны үйл ажиллагааг хязгаарлаж өрсөлдөгч “Б” ХХК-д давуу байдал бий болгосон. Тодруулбал, манай засварын газар нь “Б” ХХК-ийн үйл ажиллагаатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ба ижил төрлийн үйл ажиллагааг манай төв урд хаалгаараа явуулбал “Б” компанийн ашиг орлого багасах эрсдэл бий болох нөхцөл байдлыг бий болгохгүй байх үүднээс зургийг баталсан байдаг. Мөн нөгөө талаас манай төв нь урд зүгт үйлчлүүлэгч нарыг хүлээж авах хаалга гаргасан байтал уг хаалгыг хааж зураг зурж ямар ч хүн болон тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болгож хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулж байна. “Б” ХХК-ийн “Х” авто засварын гадна тохижилт ногоон байгууламжийн шифр:v-05/2019 дугаартай зургийг батлахдаа хуульд огт үндэслээгүй өөрөөр хэлбэл ямар хуульд үндэслэж зургийг баталж байгаа нь тодорхойгүй эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг гаргасан байна. Иймд “Б” ХХК-ийн “Х” авто засварын газрын гадна тохижилт ногоон байгууламжийн шифр:v-05/2019 дугаартай зургийг хүчингүй болгож өгнө үү”[3] гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х” авто засварын урд талын ногоон байгууламжийн зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Х авто засварын урд талын ногоон байгууламжийн зураг зурагдахдаа Захиргааны тухай хуулийг зөрчиж, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс саналыг нь авч, мэдэгдэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр ногоон байгууламжийн зургийг хууль бусаар зурсан байдаг. Бидний зүгээс үүнийг мэдэж гомдол гаргасны дараагаар дахин шинэчлэгдэж зураг гарсан. Энэ зургийг дахин гаргахдаа мөн л бид нарт мэдэгдэлгүйгээр зургаа гаргаж баталсан болохыг бид шүүх хуралдаан дээр мэдэж, танилцсан. Иймд дээрх зургийг хууль бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төр захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа Захиргааны тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хуулийг зөрчиж ногоон байгууламжийн зургийг  гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 онд гарсан зураг дээр ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан бол мэргэжлийн байгууллага өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эхний зураг координатын цэг буюу солбицлын цэг гэж байх ёстой. Тийм цэг байгаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хоёр дахь зураг он, сар, өдөр байхгүй. Ганцхан он л тавигдсан байдаг. Геодези, зураг зүйн тухай хуулинд ямар ч зураг дээр солбицлын цэг гэж байх ёстой гэдгийг заасан байгаа. Дээрх хоёр зурагт ийм зүйл байхгүй. 2018 оны үед манайхыг хүсэлт өгөхөд Шатахуун түгээх станц болон ногоон байгууламжийн зураг хийгдсэн байгаа учраас танайх өргөтгөл хийж болохгүй гэсэн ямар нэгэн тайлбар өгч байгаагүй. Энэ нь хэрэгт авагдсан материалаас харагдана” гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Ш” шатахуун түгээх станцын хойд талд байрлах “Б” ХХК-ийн харъяа “Х” авто засвар болон угаалга, дугуй засварын газартай зэргэлдээ оршдог хөршүүд юм.  Энэ газарт Д.А 1231 м2 газар эзэмшдэг. Уг газрын зориулалт нь авто засвар болон авто сэлбэгийн худалдаа эрхлэх зориулалттай газар юм. Дээрх газрыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу тус эзэмшиж эхэлсэн. Уг газарт 2015 оноос хойш авто засварын газрыг томруулах ажлыг хийж байсан. Нэхэмжлэлийн шаардлага бүхий өргөтгөлийг 2017, 2018 онд барьсан. Энэ ажиллагааг хийх явцад “Б” ХХК болон түүний төлөөлөгч С, Б нар нь урагшаа хаалга гаргаж болохгүй гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан. Эдгээр хүмүүс нь өөрсдийн өрсөлдөгч байгууллагаа өөрсдийнхөө үйл ажиллагаанд саад болно гэж янз бүрийн үйлдэл хийж байсан. Энэ ногоон байгууламж барих гэж байгаа газар нь ертөнцийн зүгээр “Д”  төвийн урд талд буюу төв замаас үйлчлүүлэгч авах боломжгүй нөхцөл байдал үүсгээд байгаа. Энэ зургийг баталж байгаа гэдэг нэрийдлээр хариуцагч нар зөвшөөрөл өгсөн байдаг. Үүнийгээ хариуцагч нар үүрэг болгож байгаа акт гэж тайлбарладаг. Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Б энэ зургийг зурж, үүнийг нь ОАЕА Б.М, УБЗД Г.Г нар баталсан. Энэ зураг нь иргэн Д.А-ийн эзэмшлийн газартай давхардсан зураг байсан. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандахаасаа өмнө Геодези, зураг зүйн газарт гомдол гаргахад зургаа эргэж хар гэсэн утга бүхий албан бичгийг ирүүлсэн байсан. Өмнөх зургаа хүчингүй болгож шифр 05/2019 гэсэн зургийг дахин гаргасан. Энэ зураг дээр Д.А-ийн эзэмшлийн давхардаж байсан хэсгийг өөрчилж баталсан байсан. Нэхэмжлэгчийн төв замаас үйлчлүүлэгчээ авах боломжийг хааж баталсан байсан. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол одоог хүртэл хөндөгдсөн хэвээрээ байгаа гэж бидний зүгээс үзэж  “Б” ХХК-ийн авто засварын гаднах ногоон байгууламжийн зураг гэсэн нэртэй 2017 онд зурагдсан зургийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. 2019 онд мөн бид нарт мэдэгдэхгүйгээр баталсан зургийг мөн хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Монгол Улсын Үндсэн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтны мөрдөх ёстой маш чухал заалт байдаг. Үүнд: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”  гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл “Х” авто засварын газарт төрийн албан тушаалтан болон төрийн байгууллага давуу байдал олгож болохгүй. Нэг нь туслах замаас үйлчлүүлэгч авдаг, нөгөө нь туслах замаас үйлчлүүлэгч авч болохгүй. Адилхан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага хуульд зааснаар адилхан үүрэг хүлээж, адилхан эрх эдлэх ёстойг заасан байгаа. Иймд хариуцагч шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх гэсэн гурван зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Бид нар хаалга гаргана гээгүй зүгээр л энэ хүмүүс зураг зурснаараа тухайн төвийн хаалга гаргах эрхийг хязгаарлаж байгаа. “Х” авто засварын газрын урд талд овоолсон шороо байдаг. Яагаад энэ газарт ногоон байгууламж барьж болоогүй заавал “Д” төвийн урд ногоон байгууламж барьж байгаа юм. Энэ нь өөрөө тэгш байдлыг хангахгүй хууль бус гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь “Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагаас захиргааны акт, хэм хэмжээний актыг гаргах, гэрээ байгуулах замаар иргэн хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох” гэсэн зохицуулалттай. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд зарчмыг заасан байгаа. Үүнд: “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж заасан байгаа. 4.2.1-д “Хуульд үндэслэх, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх” гэж байгаа. Гэтэл 2 удаа энэ зургийг зурж байх үедээ хариуцагч нар уг зураг нууц биш л бол бусад хүмүүст танилцуулах үүрэгтэй байгаа. Үүнийгээ нууц гэж үзэж “Д” төвд танилцуулаагүй, мэдэгдээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана” гэсэн зарчим байдаг. Энэ зарчмын дагуу огт ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа оролцуулах ёстой байсан. Ийм ажиллагаа мөн л хийгдээгүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, өөрөө хэлбэл гаргаж байгаа шийдвэрийнхээ бодит байдлыг тогтоосон нотлох баримтыг цуглуулах гэсэн байдаг.  Нотлох баримт цуглуулсан зүйл мөн л байхгүй. Иймд хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаж байна гэж үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйл болон 14 дүгээр зүйлийн 14.2-т дахь хэсэгт “Хүн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авч, эзэмших эрхтэй” гэж заасан. Энэхүү өмчийг хэн нэгнээр заалгахгүйгээр өөрөө ашиглах эрхтэй гэж заасан байгаа. Гэтэл Д.А-д дээрх эрхүүд байхгүй, хаалгаа урагш нь гаргаж болохгүй гэсэн зүйлийг ярьж шийдвэр гаргаж байгаа. Захиргааны албан тушаалтнуудын алдаатай шийдвэр болж байна. Барилга нь буруу баригдсан учраас хаалга гаргах ёсгүй гэж ярьж байгаа  нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 3.1.3-т зааснаар иргэн Д.А газар эзэмших гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшиж, өөрийнхөө эзэмшилд байлгаж байгаа хүн мөн. Энэ нь нийтийн эрх зүйн субъект болох хариуцагч нарын гаргаад байгаа шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх зөрчигдчихөөд байгаа эрхийн асуудал яригдаж байгаа. Яг адилхан 2 байгууллага байхад нэг нь төв зам руу харж үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө нь машин орох зай ч үгүй газар үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй. Мөн газар эзэмших эрхэнд халдсан тухай асуудал ярьдаг. Зураг нь өөрөө ойлгомжгүй байсан учраас бид нар анх нэхэмжлэлийн шаардлагадаа бичиж байсан зүйл бий. Яг бодит байдал дээр давхардаагүй л байна. Гэвч бид нар манай газар дээр мод тарьчихлаа гэдэг зүйл яриагүй. Яагаад ийм зүйл яриад байгааг нь ойлгохгүй байна. Би хаалгаар гаргаад бусадтай адилхан үйлчилгээ явуулах гэхээр миний бизнесийн үйл ажиллагаанд та нарын хийлгэсэн ногоон байгууламжийн зураг саад болохоор юм байна гэдэг зүйлийг л ярьж байгаа. Хариуцагч нарын үйлдэл Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн байгаа. Уг хуулийг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн шударга өрсөлдөх эрх зүйн орчинг зохицуулахаар гаргасан байгаа. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасан. Энэ нь “Д төвийн урд талын гарц болж магадгүй хэсэг дээр ногоон байгууламж барих асуудал. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 13 дугаар зүйлийн 13.2.3-т “Тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн” гэж, 13 дугаар зүйлийн 13.2.5-д “Зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 13 дугаар зүйлийн 13.2.7-д “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Иймд ногоон байгууламжийн зургийг батлаад байгаа эрх бүхий албан тушаалтнууд дээрх хуулийн заалтыг зөрчиж уг зургийг баталсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байна” гэв.

            Хариуцагч ОАГХБХБГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот албан даалгаврын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна орчныг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах “Х” авто засварын газар өөрсдийн хүсэлт, хөрөнгөөр нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр 2017 оны 5 дугаар сард гадна тохижилтын зураг хийлгэн хянуулж, холбогдох ажилтнуудаар батлуулсан. Уг зурагт “Д” авто завсарын барилгын урд хэсэг дэх, иргэн таны эзэмшил газрыг тухайн үед сул чөлөөтэй байснаар нь ногоон байгууламж бүхий газар гэж үзэн давхар харуулсан. Энэ нь иргэн Д.А-ийн хууль ёсны эзэмшил газарт иргэн Л.Б тохижилт хийх, мод тарихыг зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн зурагт заасан нийтийн эдэлбэр газрыг тохижуулахаар зөвшилцсөн болно. 2019 оны 5, 6 дугаар сард Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас, Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчтай хамтран 2 талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг газар дээр нь үзэхэд “Д” авто засварын газар нь хаалга хаасан, миний газрыг тохижилтын зурагт ногоон байгууламж төлөвлөж давхцуулан баталсан гэх гомдол гаргасан газар дээрээ холбогдох байгууллагад өргөтгөл барилга барих тухай албан ёсны мэдэгдэлгүй, барилгын батлагдсан зураггүй, ажил эхлэх зөвшөөрөл авалгүйгээр Барилгын тухай хуулийн 14.1.1, 26.2, 46.1.13 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.5, 2.1 дэх заалтыг тус тус зөрчин 2018 онд 6.4м*22.4 м хэмжээтэй зүүн талдаа машины нэг хаалгатай нэг давхар өргөтгөл барилгыг барьсан зөрчил гаргасан. Иргэн Д.Б “Д” авто засварын газар манай тохижилт хийж буй талбайруу авто машины хаалга гаргаад байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын 70353511 утсанд гомдол ирүүлсний дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас очиж шалган, иргэн Д.А нь зөрчилтэй барьсан өргөтгөлөө нэмж дахин машины хаалга гаргасныг тогтоон зөрчил арилгах шаардах хуудас хүлээлгэн өгсөн. Мөн дээрх шалгалтын явцад “Д” авто засварын газар нь газар эзэмших эрхгүйгээр нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй дугуй засварын газрыг сургуулийн бохирын шугам дээр байрлуулан авто засварын барилгаасаа техникийн шугам дур мэдэн татан холбож үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 27.4, 57.3 дахь заалт, Барилгын тухай хуулийн 14.1.1, 26.2, 46.1.13 дахь заалтыг болон холбогдох шугам сүлжээний дүрэм, журмыг тус тус зөрчсөн байна”[4]

            “Иргэн Д.А нь 2019 оны 06 дугаар сарын 06-нд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, 2019 оны 06 дугаар сарын 07-нд Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт албан бичгээр гомдол гаргахдаа “Миний эзэмшиж буй газрын урд зүгийн хэсгийг бусдын тохижуулах зурагт давхцуулан оруулсан, тохижилтын зургийг надад огт мэдэгдэлгүй гаргасан” гэсэн гомдол гаргасан байдаг. “Б” ХХК-ийн “Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг шифр: V-02/2017 болон V-05/2019 зураг тус бүр дээр геодези кадастр, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй байгууллагын У, Б нар шинжээчээр ажиллан газар дээр нь очиж бодитоор хэмжилт хийхэд иргэн Д.А-ийн эзэмшиж буй 1231 м.кв газартай давхцаагүй гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл энд иргэн Д.А-ийн эрх ашиг хөндөгдөөгүй гэсэн үг юм. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Орхон аймгийн Засаг дарга болон Баян-Өндөр сумын Засаг даргын гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдийн гадна тохижилт хийх ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар албан даалгаврын 1.2-д “Байгууллагын орчныхоо ногоон байгууламжийг сэргээн шинээр мод бут тарих, зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх” гэж заасныг үндэслэл болгон “Б” ХХК-ийн “Х авто завсарын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр: V-02/2017 болон V-05/2019 зургуудыг тус тус баталгаажуулсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр “тухайн хэсэгт хийсэн тохижилтын ажил 84 м.кв газар дээр 10 ширхэг мод таригдсанаас өөр ажил хийгдээгүй” гэж гарсан нь Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар албан даалгаврын хүрээнд хийгдсэн ажил болох нь харагдаж байна.

            2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2/1363 дугаартай албан бичигт “иргэний эзэмшсэн газартай давхцсан байдлаар хийгдсэн “Х авто засварын ногоон байгууламж, тохижилтын зургийг баталсан бол холбогдох өөрчлөлтийг оруулах, хэрэв эрх нь зөрчигдсөн бол газар эзэмших эрхтэй холбоотой зөрчлийг арилгах талаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх” гэж ирүүлсний дагуу V-02/2017 зургийг хүчингүйд тооцон иргэн Д.А-ийн “Миний эзэмшиж буй газрын урд зүгийн хэсгийг бусдын тохижуулах зурагт давхцуулан оруулсан” гэх гомдлыг залруулах үүднээс шинээр V-05/2019 зургийг ET-1 хуудаст эзэмшил газрыг ногоон байгууламж бусад хэлбэрээр тусгалгүй бусад өөрчлөлтгүй дахин баталгаажуулсан. V-02/2017 зургийг баталгаажуулах үед Д.А өргөтгөл барилгаа бариагүй байсан. Энэ нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай газарт өргөтгөл барилга барихаар гаргаж байсан хүсэлт, хүсэлтийг хэлэлцсэн аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, барилга, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, шийдвэрийн хариуг өгч байсан цахим санд бүртгэгдсэн мэдээлэл зэрэг баримтаар нотлогдож байна. Уг өргөтгөлийн барилгыг барилгын батлагдсан зураггүй, ажил эрхлэх зөвшөөрөлгүй Барилгын тухай хуулийн 14.1.1, 26.2, 46.1.13 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.5, 2.1 дэх заалтыг зөрчин барьсныг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 10 дугаар сарын 09-ний 590 тоот албан бичгээр иргэн Д.А-д, ...хүргүүлж байсан. Иймд “Б” ХХК-ийн “Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг шифр: V-05/2019 зурагтай холбоотой гомдол нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү”[5] гэжээ.

            Хариуцагч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Б” ХХК-ийн Х авто засварын гадна тохижилт, ногоон байгууламжийн зурагтай танилцаж тухайн үед хяналт тавихад...Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж нь Улаанбаатар хотод ажилтай байсан учраас ойролцоо чиг үүргийн дагуу миний бие зургийг баталгаажуулан гарын үсэг зурсан. Зургийг хянан үзэхэд “Д” төвийн урд хаалга зурагт тусгагдаагүй, бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад болохуйц зүйл тухайн үед байгаагүй, зөвхөн ногоон байгууламж байгуулах хэсэг зурагт тусгагдсан байсан. Энэ v-05/2019 дугаартай зурагт тусгагдсан ногоон байгууламж нь Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт /Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахад хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан норм ба дүрэм, журмыг мөрдөж, барилга байгууламжид тавигдах шаардлага, тэдгээрийн дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлыг тусгана/, 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт /Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна/, 12.6.3 дахь заалт /төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх/ гэсэн хуулийн заалтуудын шаардлагыг хангаж байсан болно”[6] гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Б” ХХК-ийн “Х” авто засварын газрын гадна тохижилт, ногоон байууламж шифр: V-05/2019 дугаартай зургийг ...Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.2-т “Барилга, байгууламжийн зураг төсөл галын аюулгүй байдлыг хангасан эсэх талаар гаргасан дүгнэлт болон магадлалд хяналт хийж шийдвэр гаргах” гэсэн заалтуудыг үндэслэн зургийг баталгаажуулсан нь Онцгой байдлын газрын хяналт, үйл ажиллагаа, хяналт шалгалт Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл харагдахгүй байна.

            ...Иргэн Д.А-ийн барилгын өргөтгөл нь урд хаалгаараа үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл, өргөтгөлийн ажлын зураг, мэргэжлийн байгууллагын баталгаажуулалтгүй байгаа нь харагдаж байна. Иргэн Д.А-ийн авто засварын газрын урагшаа гаргасан өргөтгөл нь Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.3-т “барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах”, 18.1-т “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх, барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг мөрдөнө”, 20.1-т “Барилга байгууламж, объект шинээр барих, засварлах, хийц, бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөнө” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл харагдаж байна.

            Энэхүү өргөтгөлийг барьснаар галын онц аюултай тэсэрч дэлбэрэх бодис ашигладаг, хадгалдаг, түгээдэг Шатахуун түгээх станцын барилга, байгууламжтай ойр байрлаж галын аюулгүй байдлыг алдагдуулж байна. ...Иймд иргэн Д.А-ийн барилга, байгууламжийн өргөтгөл нь Галын аюулгүй байдлыг хангуулах норм, нормативын баримт бичгийг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү”[7] гэжээ.

            Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн аймгийн Засаг даргын 01 дугаартай албан даалгавар гарсан байдаг. Үүний 1.2-т “Байгууллагын орчинд ногоон байгууламж байгуулж, шинээр мод тарьж, зүлэгжүүлж, цэцэгжүүлэх” талаар заасан байдаг. Энэ ажлын хүрээнд компанийн санал орж ирсэн. Тийм учраас ногоон байгууламжийг дэмжиж ажилласан. Энэ асуудал үүсээд судлаад үзэхэд зураг баталж байх явцад өргөтгөл, гараашийн хэсэг, хаалга гэх мэт зүйл байхгүй байсан. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас бид нар ямар нэгэн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон зүйл байхгүй. Аймгийн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн төлөвлөгөөг 2005 оноос 2020 оныг хүртэлх хийгдэхээр баталсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөнд 15 жилийн дараа өөрчлөлтүүд хийгдээд явдаг байгаа. Ийм учраас бид нар ерөнхий төлөвлөгөөндөө нарийн яг тийм байх ёстой гэж заагаагүй, өөрчлөлт хийгдээгүй. Одоо мөрдөж байгаа төлөвлөгөөгөөр энэ газар нь ногоон байгууламж гэж төлөвлөгдсөн учраас нарийн сайн мэдэгдэхгүй байгаа. Барилга байгууламж барихдаа мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч байж барилга, өргөтгөлийг барих ёстой байдаг. “Д” төвийн хувьд ийм зөвшөөрөл аваагүй. 2017 онд ийм зураг гарчихсан байгаа. Гэтэл  2018 онд  давуу байдал олгосон гэдэг нь үндэслэлгүй байна. Ерөнхийдөө Онцгой байдлын галын аюулгүйн норм, дүрэмд зааснаар Шатахуун түгээх станцтай зэргэлдээ орших байрлал нь хамгийн багадаа 25м гэж заасан байгаа. Одоо тэр өргөтгөл бариад байгаа хэсэг нь 25м орчихсон байгаа. Галын аюулгүй байдлынхан Ц даргад дүгнэлт өгсөн байгаа. “Энэ галд өртөх эрсдэлтэй байна” гэж дүгнэлт гаргасан. Энэ барилгыг барих боломжгүй байсан. Хаалга гаргана гэж нөгөө ногоон байгууламжийн асуудлыг үгүйсгээд байгаа. Энэ зураг уг барилгыг барихаас өмнө батлагдсан байсан зураг юм”[8] гэв.

            Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК нь “Ногоон байгууламж байгуулъя” гэж манай байгууллага дээр ирсэн. Бид нар та мэргэжлийн байгууллагаар зургаа хийлгэх ёстой гэж зөвлөгөө өгөөд явуулсан. Үүний дагуу “Б” ХХК нь “Виллкон” гэдэг зургийн компаниар тохижилтын зургийг хийлгэсэн байсан. “Виллкон” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй, зураг төсөл боловсруулах эрхтэй компани байсан. Ийм компанийн хийсэн зураглалыг холбогдох байгууллагууд зөвшилцдөг. Аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Хотын ногоон байгууламжид нэгдэх тухай” албан даалгавар байгаа. Үүний дагуу багуудад аймгийн захиргаанаас үүрэг даалгавар өгөгдөж Уурхайчин багаас “Б” ХХК-д ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хийх үүрэг өгсөн байдаг. Энэ зураг дээр газрын давхцал үүссэн гэж ярьдаг. Өмнө ч бас энэ талаар иргэн Д.А Мэргэжлийн хяналтын газар, манай байгууллага, Геодези, зураг зүйн газарт гомдол гаргаж хандсан. Үүн дээр давхцал үүсээгүй. Бид мэргэжлийн хүмүүсийн хувьд тухайн цэг координатаар шалгаж үзэхэд ямар нэгэн давхцал байхгүй байсан. Үүнийг мөн шинжээчээр ажилласан компани дүгнэлт дээрээ газрын давхцал үүсээгүй байна гэдгийг баталж өгсөн байгаа. Хоёр дахь зураг яагаад хийгдэх болсон бэ? гэхээр Д.А Геодези, зураг зүйн газарт гомдол гарсан байгаа. Уг гомдолд “Миний эзэмшиж буй газрын урд зүгийг давхцуулан гаргасан байна” гэж бичсэн байдаг. Үүний дагуу дахин 2 дахь зургийг гаргасан. Уг зурагтай нэхэмжлэгч тал дутуу танилцсан байдаг. Уг газрыг давхцуулж гаргасан зүйл байхгүй. Энэ зургийг гаргахад хаалга гаргасан өргөтгөл барилга нь баригдаагүй байсан. 2018 онд нэхэмжлэгч талаас аймгийн захиргаанд барилгын өргөтгөлийн ажлыг хийе гэсэн  хүсэлт гаргасан байдаг. Үүнийг аймгийн Засаг даргын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд тухайн хэсэгт барилгыг дэмжсэн шийдвэр огт гараагүй, харин тохижилт хийх шийдвэр гарсан байдаг. Энэ нь нотлох баримтаар байгаа. Агентлагаас бидэнд “Та нар үнэхээр хүний газрыг давхцуулж олгосон бол үүнийгээ арилга” гэж албан бичиг ирсэн байдаг. Үүний дагуу дахин 2 дахь зургийг гаргасан байдаг. Энэ 2 зургийн ялгаа нь гэвэл анхны зураг гарахад хоосон байсан хэсгийг 2 дахь зургаар ногоон байгууламж болгож харуулсан байгаа. Өөр ямар нэгэн өөрчлөгдсөн зүйл байхгүй. Эхний бүдүүвч зургийг хараад л миний  эрх, ашгийг боогдуулж хаалаа гэж гомдол гаргаад байгаа. Харин 2 дахь зураг нь үүнийг нь ялгаж салгахын тулд өнгө будгаар ялгаж гаргасан байгаа. Нэхэмжлэгч тал өөрөө зөрчилгүй юм шиг юм яриад байдаг. Энэ маргааны явцад бид нар бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч тухайн зөрчлийг шалгаж үзсэн. Үүнд тухайн өргөтгөл барилга нь Барилгын тухай хуулийг зөрчиж зөвшөөрөлгүй баригдсан байгаа. Зураг төсөлгүй баригдсан байгаа. Мөн энэ барилгад Онцгой байдлын газраас дүгнэлт бичиж гаргасан байдаг. Зургийн хувьд координатгүй гэж яриад байдаг. Зураг дээр зай хэмжээ өгөгдсөн байгаа. Энэ зай хэмжээ бол координат шиг адилхан нэгж байгаа. Үүнийг олон улсад дагаж мөрддөг. Эхний зурагнаас 2 дахь зураг өөрчлөгдсөн зүйл байхгүй. Би өөрөө мэргэжлийн хүний хувьд баттай хэлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[9] гэв.

            Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 онд миний бие аймгийн Засаг даргын албан даалгавар, Орхон аймгаар дамжин өнгөрдөг А1001 зам дагуу хотын өнгө үзэмжид нөлөөлөх газруудад албан даалгаврыг хүргүүлсэн. Үүний хүрээнд “Б” ХХК нь зураг төсөл гаргаад захирал нь надтай өөрийн биеэр ирж уулзсан. Аймгийн Засаг даргын албан даалгавар явж байгаа учраас тухайн үед татгалзах зүйлгүй байсан. Мөн мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт зөвшөөрлөө аваад ирсэн учраас зөвшөөрөл олгосон байгаа. Тухайн үед энэ өргөтгөлийн барилга байгаагүй. Энэ газар нь хогын цэг үүссэн газар байсан. Тухайн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” хийсэн байгаа. Үүний дараа гэрээнд өөрчлөлт орж иргэнтэй гэрээ хийхээр болж Д.Э өөрөө “Хариуцлагын гэрээ”-гээ байгуулж байсан”[10] гэв.

            Хариуцагч нарын өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 540 мкв газар эзэмшиж байсан. Энэ газар дээр тухайн ондоо нэмэгдүүлж нийт 1231 мкв болгож эзэмшсэн байгаа. Нэхэмжлэгч Геодези, зураг газарт гомдол гаргахдаа 182 мкв барилгатай гэсэн байгаа. Гэтэл 182 мкв гэж хэлчихээд бусад газар дээр зөвшөөрөлгүй барилга бариад сурчихсан. Хэдийгээр энэ нь хамааралгүй сонсогдож байгаа хэдий ч энэ барилга, байшинг ямар ч зөвшөөрөлгүй хууль бусаар барьдаг. Гэтэл урд талд өргөн зам баригдаад ирэхээр би ерөөсөө ийшээ хаалга гаргана гэдэг. Зүүн талдаа 4 ширхэг хаалгатай байж урд тал руугаа хаалга гаргах гээд хүний хийсэн ногоон байгууламжийг үгүйсгээд маргаад байдаг. Ингэж маргаан хийгээд явахдаа нөгөө байгаа зургийг уншиж ойлгохгүй болоод ирэхээр мөн л маргалдаад байдаг. Тэгэхээр Геодези, зураг зүйн газар энэ зургийг хүний газартай давхардсан байна уу?, үгүй юу? гэдгийг дахин шалгаж зургийг ойлгомжтой байдлаар гаргаад хариу өг гэсэн байгаа. Тэгээд 2 дахь зургийг хуульд заасан журмынхаа дагуу гаргаад батлаад өгсөн байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг миний хаалга гаргах эрхийг хаалаа гээд байдаг. Одоо болохоор тэр хаалга хийхгүй ногоон байгууламж байвал зүгээр гэнэ үү. Нэхэмжлэлээсээ татгалзаад байгаа юм уу, ямар нэхэмжлэл гаргаснаа ойлгохгүй байгаа юм уу. Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан хүний эрхийг ярьж байна. Гэвч хүний эрх нөгөөгийнхөө эрхээр хязгаарлагддаг. Бизнес эрхэлж байгаа гээд гаргах хаалгаа та нараар заалгахгүй гэж байна. Гэвч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж байдаг. Монгол Улсад засаг захиргааны хууль гэж бий. Энэ хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулаад зохих зөвшөөрлөө аваад хаалгаа хаанаа гаргах нь та бүхний эрх. Гэтэл дан хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Хариуцагч Г.Б тодорхой тайлбаруудыг өгсөн. Энэ хүний ярьсан зүйл бүгд хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа. Давуу байдал олгосон гэдэг. Эдгээрийг хүмүүсийг мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад Авлигтай тэмцэх газар, прокурор, цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Тэгээд тухайн байгууллагуудаас энэ хүмүүс давуу байдал олгоогүй юм байна гэж хэлсэн. Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, шинжээчээр ажилласан байгууллагууд нь олон удаагийн дүгнэлтээр энэ байгууллагын хаалгыг хааж, бизнесийн үйл ажиллагаанд саад болоогүй гэж дүгнэсэн байгаа. Өөрөө хууль бус барилга барьчихаад хууль бус шаардлага гаргаад байгаа нь хуульд нийцэхгүй. Ямар нэгэн байдлаар урд зам руу хаалга гаргана гээд дайраад байдаг. Гэтэл өөрийнх нь зүүн талд маш том талбай байдаг. Иймд байдлаар төр захиргааны байгууллагын ажилтнуудын ажил байдлыг хүндрүүлээд маргаад байгаа асуудал хууль зүйн үндэслэлгүй уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Гуравдагч этгээд “Б” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж байгуулах тухай “Х” авто засварын газрын зүүн талд ногоон байгууламж хийж зураг төслийг 2017 оны 5 сард Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, хотын Ерөнхий архитектор, багийн Засаг дарга нарын зөвшөөрлөөр батлагдсан зураг ба ногоон байгууламжийн ажлыг хийх үүрэг хүлээсэн. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс манай компанийн ажилчид ногоон байгууламж хийх ажлыг эхлүүлэн ажиллаж байтал нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хаалга гаргасан. Манай компани ногоон байгууламжийг бий болгох ажлаа хийж, мод тарьж газраа ногоожуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Д.А нь уг нийтийн эзэмшлийн газрыг эзэмших эрхгүй, эзэмших эрхгүй нийтийн эзэмшлийн газар болохыг мэдсээр байж ногоон байгууламж бий болгох үүргээ биелүүлж байгаа манай компанийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хаалга гаргасныг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууулалтын газраас шалгаж, хууль бус болох хариу өгсөн атал гомдоллоод байсан учир ногоон байгууламж хийсэн хэсэгт дахин зургийг өөрчилж 2019 онд ... нэхэмжлэгчийн эзэмшээгүй, нийтийн эзэмшлийн газарт батлагдсан зураг дахин гарсан ба манай байгууллага нь 2019 оны зургаар газар дээр тариалсан мод тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.  ...Харин тухайн нийтийн эзэмшил газар ногоон байгууламж байгуулах ажлыг хуулийн дагуу зохих шатны байгууллагын зөвшөөрөлтэй хийсэн бөгөөд бидний байгуулсан ногоон байгууламж бусдын эзэмших газартай давхцаагүй болно”[11] гэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК нь “Х” нэртэй авто сервесийн газрыг ажиллуулж, авто угаалга, авто засварын үйл ажиллагааг олон жил явуулж байгаа. Өрсөлдөгч болсон гэх компанийг тэнд үйл ажиллагаа явуулахаас өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан. “Б” ХХК нь Баян-Өндөр сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, мөн газар эзэмшиж байгаа эрх, үүргийнхээ дагуу, мөн тодорхой ногоон байгууламжийг байгуулах үүргийнхээ дагуу ногоон байгууламж байгуулах санал хүсэлтийг зохих байгууллагад нь гаргасан. Үүний дагуу ногоон байгууламжийн зураг 2017 оны 5 сард батлагдсан. 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зураг төслийнхөө дагуу ногоон байгууламжийн ажлыг эхлүүлсэн.  Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Д” төвөөс манайх энд хаалга гаргах ёстой гэсэн маргаан болж зөрчлийн хэрэг үүссэн. Тухайн ногоон байгууламжийн зургийг Д.А болон Д.Э гэдэг хүнд үзүүлтэл “Та нар хуурамч зураг үзүүлж байна” гэсэн гэдэг. Д.А, Д.Э нар ногоон байгууламж хийсний дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Бид нар эндээ хаалга гаргана” гэж маргалдаж ийм асуудал үүссэн байгаа. “Б” ХХК-ийн барьж байгуулсан ногоон байгууламж нь бусдын эзэмшиж байгаа газар руу халдсан зүйл байхгүй. Компанийн зүгээс бусдын эрх ашгийг хөндсөн зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч талаас энэ ногоон байгууламж чинь бид нарын үйл ажиллагааг хаагаад байна, бид нарыг бизнес эрхлэхэд саад болоод байна, Х авто сервес мянганы зам руу харсан нь буруу, манайх туслах зам руу харсан нь буруу юмаа гэдэг асуудлыг ярьдаг. Тэгэхээр үүнийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх үү, үгүй юу? гэдэг асуудал мөн яригдана. “Д” төвийн үүд хаалга нь хаашаагаа харах нь дурын асуудал биш. Үүнийг аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Энэ зөвшөөрөл өнөөдрийн байдлаар авагдаагүй байдаг. Анх нэхэмжлэл гаргахдаа “Надад хуулиар олгогдсон газар дээр газар давхардуулж хуулиар олгосон эрхийг зөрчөөд байна” гэж байсан. Одоо бизнесийн эрхийг зөрчөөд байна гэдэг. Энэ бизнесийн эрхийг зөрчөөд байгаа асуудал дээр Захиргааны хэргийн шүүх ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байгаа. Мөн төр, захиргааны байгууллагаас бизнесийн үйл ажиллагааг нь хязгаарлаж, хориглосон зүйл болон тийм нотлох баримт ч хэрэгт алга байна. Барилгын тухай хуулийн 14.1.1-д зураг төслийн дагуу тухайн барилга байгууламж баригдсан байх ёстой. Барилгын зураг төслийн дагуу баригдсан байх шаардлагыг нь энэ зураг зөрчөөд байгаа бол эрх ашиг зөрчигдлөө гэж ярина. Тэгэхээр тийм батлагдсан зураг төсөл байхгүй. Энэ ногоон байгууламж зураг батлагдсаны дараа өөрөө сайн дураараа барилга барьсан байдаг. Зөвшөөрөл аваагүй барилгаас болоод нэгэнт 2017 онд батлагдсан байсан зургийг хүчингүй болгох ёстой гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй. “Б” ХХК өөрийнхөө хөрөнгөөр мод тарьж, тохижилтын ажил хийсэн. Энэ ажлыг би өөрөө сайн дураараа санаачилж хийсэн учраас хэн нэгнээс мөнгө нэхэмжлэх зүйл надад байхгүй, энэ зураг төслийг хийх үедээ би хэний ч эрх ашгийг хөндөөгүй, хэнийг  ч хохироогоогүй гэдгээ хэлдэг. Харин нэхэмжлэгч тал өөрсдөө хаалга гаргаснаараа манай эзэмшлийн талбай руу халдаж орж ирэхээр байгаа гэдэг тайлбарыг хэлдэг. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 5 дугаар сард батлагдсан зургийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэдэг. Энэ нэхэмжлэлийг гаргахдаа газар давхардсан гэдэг үндэслэлээр гаргаж байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зураг төсөл давхардаагүй юмаа гэдэг нь хангалттай нотлогдож байгаа учраас хууль бус болохыг тогтоох үндэслэл байхгүй. 2017 оны тэр зургийг өөрчилсөн асуудал байгаа. Зургийг яагаад өөрчилсөн юм бэ гэдгийг хариуцагч нар хангалттай тайлбарлаж байна. Тэгэхлээр иргэн Д.А-ийн эзэмшиж байгаа газар руу халдсан зүйлийг төрийн байгууллага болон “Б” ХХК гаргаагүй юмаа гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан байна. Ер нь нэхэмжлэгч тал өөрийнхөө яг ямар хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа юм бэ? гэдгээ нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ зураг нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр огт хийгдээгүй. Иргэн Д.А-ийн бизнесээ явуулдаг объектын хаалга, үүдийг хаагаад байгаа асуудал мөн л байхгүй. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа одоо хэвийн л явагдаж байгаа. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн асуудлаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө гомдол гаргахаар байсан. Иймд “Б” ХХК-ийн батлуулсан зураг төслийг захиргааны эрх бүхий албан тушаалтан батлахдаа ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн гэх хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт болон бусад холбогдох баримт ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутад эхлэхэд шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О ирсэн бөгөөд бусад оролцогч болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, М.Г, хариуцагч Б.М, Г.Б, Г.Г, хариуцагч нарын өмгөөлөгч М.Э нар шүүх хуралдаан эхэлснээс хойш 3 минутын дараа ирж, тэдгээрийг хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүх хуралдааны танхимд оруулсан.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч 2 дахь удаагаа шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасныг хянан үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М-ын хүсэлтээр хойшилсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд 2 дахь удаагаа ирээгүй гэж нэхэмжлэлийг буцаах үндэслэлгүй гэж шийдвэрлэв.

            Иймд нэхэмжлэлийг буцаах үндэслэл байхгүй учраас шүүх хуралдаанд хоцорч ирсэн оролцогч нарыг оролцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар болон хариуцагчийн өмгөөлөгч нарын саналыг авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

            Шүүх хуралдаанд хариуцагч ОАГХБХБГ-ын дарга Д.Ц хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч Д.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар тайлбараа ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болоод гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нараас тэдгээрийг  байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

            Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, М.Г нар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-оос “Би өмнө уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод явж байсан учраас хэргийн материалтай танилцах шаардлагагүй, шүүх хуралдаанд миний эрх, үүргийг тайлбарлан өгсөн учраас хэргийн материалтай танилцах, эрх үүрэг тусгайлан тайлбарлуулах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлье” гэсэн хүсэлтийг тус тус гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

            Нэхэмжлэлийн талаар: Нэхэмжлэгч Д.А нь ОАЕА Б.М, ГХБХБГМ Г.Б, БӨСУБЗД Г.Г нарт холбогдуулан “Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг хууль бус тул хүчингүй болгуулах”[12]-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ““Б” ХХК-иас зуруулж, батлуулсан “Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[13].  

            Мөн ОАГХБХБГ болон тус газрын ХБКЗТМАХМ  /О.Ч/, МХГЭАХХХУБ Д.Л, ОБГД Г.Г, АЕА Б.М нарт холбогдуулан ““Б” ХХК-иас зуруулж, батлуулсан  “Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын  шифр:V-05/2019  зургийг хүчингүй болгуулах””-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ[14].

            Шүүхээс нэхэмжлэгч Д.А-ийн шүүхэд гаргасан ““Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох”, ““Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-05/2019 дугаартай зургийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.А нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уухайчин багийн нутаг дэвсгэрт “Авто засвар үйлчилгээ”-ний зориулалтаар 1231 м.кв газар эзэмших эрхтэй бөгөөд тухайн эзэмших эрх бүхий газар дээрээ “Д” нэртэй авто засварын төвийг ажиллуулдаг болох нь Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 000236403 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ[15] болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус нотлогддог.

            Нэхэмжлэгч Д.А нь ““Д” төвийн хажууд үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй авто засвар, угаалгын газрын зуруулж, УБЗД Г.Г, Орхон аймгийн ГХБХБГМ Г.Б, ОАЕА Б.М нарын гарын үсэг зурж баталгаажуулсан шифр: V-02/2017 дугаартай ““Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зураг” нь миний эзэмших эрх бүхий газартай давхардуулан зурсан”[16] гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Д.А-ийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт дээрх асуудлаар гаргасан гомдлыг тус газрын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/1363 дугаартай “Өргөдөл шилжүүлэх тухай” албан бичгээр[17] Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлжээ.

            Хариуцагч ОАГХБХБГ болон түүний мэргэжилтнүүд “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт дээрх асуудлаар гомдол гаргаж, тус газрын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/1363 дугаартай “Өргөдөл шилжүүлэх тухай” албан бичгийг хэрэгжүүлж, ...V-02/2017 зургийг хүчингүйд тооцон иргэн Д.А-ийн “Миний эзэмшиж буй газрын урд зүгийн хэсгийг бусдын тохижуулах зурагт давхцуулан оруулсан” гэх гомдлыг залруулах үүднээс шинээр V-05/2019 зургийг ET-1 хуудаст эзэмшил газрыг ногоон байгууламж бусад хэлбэрээр тусгалгүй бусад өөрчлөлтгүй дахин баталгаажуулсан”[18] гэж тайлбарладаг.

            Хэргийн оролцогчдын тайлбарлаж байгаагаас дүгнэхэд “Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 дугаартай зургийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дараа тухайн зургийг хүчингүй болгосон гэж үзэхээр байна.

            ““Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 дугаартай зураг”-ийг[19] “Б” ХХК нь зуруулж, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан байх бөгөөд уг ногоон байгууламж, тохижилт хийсэн газар нь нэхэмжлэгч Д.А-ийн эзэмших эрх бүхий газартай давхцаагүй болох нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21/2019 дугаартай шинжээчийн дүгнэлтэд[20] “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн эзэмшлийн Х авто засварын төвийн гадна хийгдэх “Ногоон байгууламж, тохижилтын ажил”-ын ерөнхий төлөвлөгөөний зургаас харахад иргэн Д.А-ийн газар дээр оруулан төлөвлөсөн харагдаж байгаа боловч газар дээр нь бодитоор очиж хэмжилт хийсэн ба энэ хэмжилтээр иргэн Д.А-ийн эзэмших эрх бүхий 1231 м.кв газартай давхцаагүй байна” гэснээр тогтоогдсон.

             Хариуцагчаас “...V-02/2017 зургийг хүчингүйд тооцон иргэн Д.А-ийн “Миний эзэмшиж буй газрын урд зүгийн хэсгийг бусдын тохижуулах зурагт давхцуулан оруулсан” гэх гомдлыг залруулах үүднээс шинээр V-05/2019 зургийг ET-1 хуудаст эзэмшил газрыг ногоон байгууламж бусад хэлбэрээр тусгалгүй бусад өөрчлөлтгүй дахин баталгаажуулсан” гэх тайлбар болон 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21/2019 дугаартай шинжээчийн дүгнэлтээс дүгнэхэд ““Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 дугаартай зураг” нь Д.А-ийн эзэмших эрх бүхий газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр давхцуулан зураг төсөл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Мөн ““Б” ХХК-иас зуруулж, батлуулсан ““Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр: V-05/2019 дугаартай зураг” нь нэхэмжлэгч Д.А-ийн эзэмших эрх бүхий газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй болох нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25/2020 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт[21] “.../шифр: v-05/2019/ зургаас харахад “Гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил” нь иргэн Д.А-ийн эзэмшил газар дээр зурагдаагүй бөгөөд бодит байдал дээр очиж үзэхэд тохижилтын ажил нь эзэмшил газар дээр нь хийгдээгүй байна. Мөн...иргэн Д.А-ийн эзэмших эрх бүхий 1231 м.кв газартай давхцаагүй байна” гэж дүгнэснээр тогтоогддог.

            Маргаан бүхий ногоон байгууламж, тохижилтын зурагт тусгагдсан газар нь гуравдагч этгээд “Б” ХХК болон нэхэмжлэгч Д.А-ийн хэн альны эзэмших эрх бүхий газарт хамаарахгүй, энэ газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 /Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна/-т зааснаар нийтийн эдэлбэрийн газарт хамаарах газар болох нь хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг нотолсон нотлох баримтууд[22], шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдов.

            Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон захиргааны эрх бүхий албан тушаалтнууд нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10 дахь хэсэгт “газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих” гэж, 23.3.5 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт “зураг төсөл, ...ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус зааснаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд “Б” ХХК-ийн зуруулсан ногоон байгууламж, гадна тохижилтын зургийг бататгаажуулсан нь хууль зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 /газар төрийн хяналт, хамгаалалтад байх/, 4.1.4 /газрыг..., хамгаалах, нөхөн сэргээх/-т заасан газар төрийн хяналт хамгаалалтад байж, газрыг хамгаалах, нөхөн сэргээх зарчимд нийцсэн байна.

            “Б” ХХК нь ““Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр: v-02/2019 дугаартай зураг”-ийг зуруулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулан ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 /бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх/-д заасан газар эзэмшигчийн үүргээ зөрчөөгүй, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгуллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэж зааснаар зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, баталсан зураг төслийн дагуу нийтийн эзэмшлийн газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

            Мөн Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар албан даалгаврыг[23] хэрэгжүүлж, “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хийх хариуцлагын гэрээ”[24]-нд заасан үүргийн хүрээнд хийсэн ногоон байгууламж, тохижилтын ажил нь бусдыг эзэмших эрх бүхий газартай давхцаагүй, бусад газар эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч талаас “Уг ногоон байгууламж, тохижилтын ажил нь газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарласан, төв замаас үйлчлүүлэгч авч үйлчилгээ үзүүлэх хаалгыг хаасан, орц, гарцыг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч Д.А-ийн эзэмших эрх бүхий газар дээр зүүн тийш харсан 3 хаалга бүхий авто засварын “Д” төв үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өргөтгөл барилгын батлагдсан зураг төсөлгүйгээр зүүн тийшээ харсан нэг хаалга, урагшаа харсан /маргаан бүхий газар руу/ нэг хаалга бүхий өртгөтгөл барилгыг нэмж барьсан байдаг.

            Тухайн өргөтгөл барилга нь эрх бүхий байгууллагаар батлагдсан зураг төсөлгүйгээр баригдсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06/39 дугаар дүгнэлт[25], “Д” авто засварын төвийн өргөтгөл барилгын зураг /эрх бүхий байгууллагаас баталгаажуулаагүй/[26], Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, барилга, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын шийдвэр[27]  зэрэг баримтуудаар нотлогдсон.

            Иймд нэхэмжлэгч Д.А-ийн эзэмших эрх бүхий газар дээр байрлах “Д” авто засварын төв нь урагшаа буюу төв замруу харсан орц, гарцтай байхаар эрх бүхий байгууллагаар баталгаажсан барилгын зураг төсөлгүйгээр өргөтгөл барилгыг барьж, ашиглаж байгаа нь тухайн газрын орц, гарц урагшаа харсан байх, түүгээр үйлчилгээ үзүүлэх ашиг сонирхол, газар эзэмшигчийн газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүйг нотолж байна.

            “Д” авто засварын төв нь зүүн тийш харсан 4 хаалгаар авто засварын үйлчилгээ явуулж байгаа нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлээр[28] тогтоогдож байгаа бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25/2020 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Иргэн Д.А нь эзэмшил газраа зориулалтын дагуу буюу зүүн талдаа гаргасан хаалгаараа авто засварын чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. “Б” ХХК-ийн зүгээс үйл ажиллагаа явуулахад нь ямар нэгэн байдлаар хязгаарласан нөхцөл байдал байхгүй байна”[29] гэж дүгнэлт гаргажээ.

            Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд ногоон байгууламж, тохижилтын ажил хийх зураг төсөл зуруулсан хуулийн этгээд болон зургийг баталгаажуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээс болж газар эзэмшигч Д.А-ийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй болсон, “Д” авто засварын төвийн орц, гарцыг хаасан, хязгаарласны улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 /гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах/ дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх зөрчигдөөгүй гэж үзнэ.

            Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл/ эс үйлдэхүй/-ийн улмаас Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, тухайн батлагдсан зургуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд ““Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр v-02/2017 дугаартай зураг”[30] нь хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байх тул энэхүү зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн онцгой ашиг сонирхол хангагдах үндэслэлгүй, мөн “Б” ХХК-ийн “Х” авто засварын газрын гадна тохижилт, ногоон байгууламжийн шифр: v-05/2019 зураг”[31]-ийг баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй байх бөгөөд захиргааны байгууллага, түүний албан тушаалтнуудын гаргасан шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч талаас “Захиргааны байгууллага, албан тушаалтнууд шийдвэр гаргах ажиллагааны бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, сонсох ажиллагааг явуулаагүй” гэж маргаж байгаа бөгөөд “Х авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр v-02/2017 дугаартай зураг” болон ““Б” ХХК-ийн “Х” авто засварын газрын гадна тохижилт, ногоон байгууламжийн шифр: v-05/2019 дугаартай зураг”-ийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэл хангагдахгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 23 дугаар зүйлийн 23.2.10, 23.3.5, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн ОАЕА Б.М, ГХБХБГМ Г.Б, БӨСУБЗД Г.Г нарт холбогдуулан гаргасан “Б” ХХК-иас зуруулж, батлуулсан  ““Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг, ОАГХБХБГ болон тус газрын ХБКЗТМАХМ  /О.Ч/, МХГЭАХХХУБ Д.Л, ОБГД Г.Г, АЕА Б.М нарт холбогдуулан гаргасан ““Б” ХХК-иас зуруулж, батлуулсан “Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын  шифр:V-05/2019  зургийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.А-аас гаргуулж, шинжээч “ГМОМОН” ХХК-д олгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ                                   

 


[1] ХХ-ийн I хавтас, 1-3 дахь тал

[2] ХХ-ийн I хавтас, 163-164 дэх тал.

[3] ХХ-ийн II хавтас, 191-192 дахь тал.

[4] ХХ-ийн II хавтас, 231-232 дахь тал.

[5] ХХ-ийн III хавтас, 136-137 дахь тал.

[6] ХХ-ийн III хавтас, 115-116 дахь тал

[7] ХХ-ийн III хавтас, 138-140 дэх тал.

[8] ХХ-ийн I хавтас, 62-63 дахь тал, 157 дахь тал, ХХ-ийн II хавтас, 125 дахь тал, 208 дахь тал.

[9] ХХ-ийн I хавтас, 62-63 дахь тал, 154-155 дахь тал, ХХ-ийн II хавтас, 132 дахь тал, 221 дэх тал.

[10] ХХ-ийн I хавтас, 62-63 дахь тал, 153 дахь тал, ХХ-ийн II хавтас, 133 дахь тал.

[11] ХХ-ийн I хавтас, 148 дахь тал.

[12] ХХ-ийн I хавтас, 1-3 дахь тал.

[13] ХХ-ийн I хавтас,163-164 дэх тал.

[14] ХХ-ийн II хавтас, 191-192 дахь тал.

[15] ХХ-ийн I хавтас, 8-12 дахь тал.

[16] ХХ-ийн I хавтас, 2 дахь талд.

[17] ХХ-ийн I хавтас, 13 дахь тал.

[18] ХХ-ийн III хавтас, 137 дахь талд.

[19] ХХ-ийн I хавтас, 180-187 дахь тал.

[20] ХХ-ийн II хавтас, 96-98 дахь тал.

[21] ХХ-ийн III хавтас, 80-82 дахь тал.

[22] ХХ-ийн II хавтас,13-89 дэх тал.

[23] ХХ-ийн I хавтас, 169 дэх тал.

[24] ХХ-ийн II хавтас, 213-214 дэх тал.

[25] ХХ-ийн I  хавтас, 170 дахь тал.

[26] ХХ-ийн II хавтас, 235-238 дахь тал.

[27] ХХ-ийн III хавтас, 4-13 дахь тал.

[28] ХХ-ийн I хавтас, 138-145 дахь тал.

[29] ХХ-ийн III хавтас, 80-83 дахь тал.

[30] Эх хувийг нотлох баримтаар хавсаргав.

[31] Эх хувийг нотлох баримтаар хавсаргав.