Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2015/0449/З |
Дугаар | 221/МА2015/0485 |
Огноо | 2015-10-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0485
С- ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн шийдвэрлэх үүргээ зөрчиж манай компанийн гаргасан өргөдлүүдийг хүлээн авч бүртгэхгүй хууль ёсны эрх, ашиг сонирхолыг маань хөндөж байна.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн цахим бүртгэлийн Х201504061062 болон Х201504061068 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Төрөөс тогтоосон талбайд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан /Уул уурхайн сайдын 2015 оны 1/85 албан бичгээр/ бөгөөд тэдгээрээс хэлэлцэж зөвшөөрсний дагуу Монгол Улсын дэд бүтцийн хөгжил: ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлогын хүрээнд нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийш хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ нь Ашигт малтмалын газар хуульд заасан чиг үүргийн хэрэгжүүлж буй зохион байгуулалтын ажил болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.2, 9.1.11, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.16-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтэст холбогдуулан гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн цахим бүртгэлийн Х201504061062 болон Х201504061068 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрел хүссэн өргөдлийг авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах шаардлага бүхий С-ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С- ХХК-ийн захирал Ш.А- давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16. ...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх үүрэгтэй гэж заасныг баримтлан мэтгэлцсэн.
Харин шүүхээс биднийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь хэсэгт заасны дагуу ...мэтгэлцсэн гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь ...хуульд үндэслэсэн байна гэж заасан бөгөөд шүүхээс Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолыг үндэслэсэн байгаа нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байна гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлийг үзэхэд XXI.2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Ашигт малтмалын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхайн сайд Р.Ж- Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох системийг олон нийтэд танилцуулах сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг Уул уурхайн сайд Р.Ж-эд даалгав гэжээ.
Гэтэл шүүхээс ...Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж, дэмжигдсэн 104 дүгээр солбицлийн баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эхний ээлжинд сонирхогч хуулийн этгээдүүдээс авахаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Учир нь Засгийн газрын 239 дугаар тогтоолоор зөвшөөрсөн талбайд сонирхогч хуулийн этгээдүүдээс өргөдөл гаргах эрх нь нээгдсэн бөгөөд Хууль зүйн яамнаас ирүүлсэн 6/1857 албан тоотоор 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоор заасан тушаал захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг хуулиар тусгайлан заасан байна.
Иймд шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 8, 9, 10, 11 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг баримтлан шийдвэрлэсэн байна гэж үзэж байна.
2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх нээгдсэн.
Сонирхогч хуулийн этгээд нь өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэхийн тулд Ашигт малтмалын газраас VPN (virtual private network) төхөөрөмжийг 280.000 (хоёр зуун наян мянга) төгрөгөөр худалдан авч уг төхөөрөмжөөр хандалт хийх 14 хоногийн эрхийн 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр нээлгэдэг. Онлайнаар өргөдлийн дугаар авахын тулд өдөр дунджаар 500 орчим компани өрсөлддөг бөгөөд үүнээс эхний 120 компанид өргөдлийн дугаар олгодог.
Онлайнаар өргөдлийн дугаар авсны дараа Ашигт малтмалын газрын Ашигт малтмалын газрын төрийн сангийн 900018003 тоот дансанд өргөдөл тус бүрт үйлчилгээний төлбөрт 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөг тушаасан Кадастрын хэлтэст өргөдлөө гаргадаг.
Бид дээрх журмын дагуу VPN төхөөрөмжийг худалдан авч хандалт хийх эрхээ 14 хоногоор нээлгэн өргөдлийн дугаар олгохоор зарлагдсан өдөр буюу 2015 оны 04 сарын 06-ны өдөр цахим бүртгэлийн өргөдлийн Х201504061062
болон Х201504061068 дугаар авсан.
Цахимаар авсан өргөдлийн дугаар бүхий хуудсанд өргөдөл хүлээн авах хугацааг заасан байдаг бөгөөд бид 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авахаар тогтоосон хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдлөө гаргахад хүлээн авахаас татгалзсан.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдөл хүлээн авахаас татгалсан эс үйлдэхүй нь манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан үйл ажиллагаа явуулж байгаа мөн өргөдөл гаргасан талбайнууд нь Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор чөлөөлөгдсөн талбайд хамаарч байсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгүй өргөдлийг хүлээн авалгүйгээр буцаасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.1,19.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн шүүхээс Ашигт малтмалын газар нь Улсын Их Хурал, Засгийн газар, Уул уурхайн яамнаас гаргасан чиглэл, бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллагын хувьд зөвхөн зарлагдсан талбайд л хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах үүрэгтэй юм гэж дүгнэсэн байна.
Эндээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор чөлөөлөгдсөн талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасан үүргээ зөрчсөн эс үйлдэл гэж үзэж болохоор байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 70 дугаар зүйлийн 70.3-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасан.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол, тайлбартаа ...ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь манай гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хүлээн авч бүртгээгүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг л гаргасан, тусгай зөвшөөрөл олгох тухайд маргаагүй..., шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлийн холбогдох заалт буюу хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн..., ...манай тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбайнууд нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор солбилцлыг тогтооосон талбай байсан... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Уул уурхайн сайдын 2015 оны 1/85 дугаар албан бичгээр ...тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны хуралдаанд танилцуулж, хэлэлцэж зөвшөөрсний дагуу ...нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийшэх хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд нээлттэй зарлан мэдээлсэн, мөн уг мэдээллийг Ашигт малтмалын газрын вэбсайтад байршуулж, олон нийтэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулсан. Ийнхүү мэдээлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасан Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тухайн асуудал хариуцсан Засгийн газрын яам болон агентлагаас нийтэд мэдээлэх замаар хэрэгжүүлсэн үйлдэл юм, ...Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр 104 дүгээр уртрагаар хувааж дэс дараатайгаар тусгай зөвшөөрлийг олгох ажлыг зохион байгуулж байгааг тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй... гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн ...АМГКХэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу манай өргөдлийг хүлээн авч, бүртгэх байтал хүлээж аваагүй нь хууль бус... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжсэн буюу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэх хариуцагчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хуулийн зохицуулалтыг зааж тодорхойлсон агуулга бүхий ...Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам, өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу С- ХХК-ийн өргөдлийг заавал хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй... гэсэн өмнөх дүгнэлттэйгээ зөрчилдсөн агуулга бүхий дүгнэлтийг хийсний зэрэгцээ шийдвэрийн үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй байгааг зөвтгөх боломжгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчинтавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 9.1.11-д геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх гэж заасан байна.
Хавтаст хэрэгт Уул уурхайн яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажил-ын танилцуулга, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлээс[1] гэх баримтууд авагдсан хэдий ч шүүх хариуцагчийн ...104 дүгээр уртрагийн зөвхөн баруун хэсэгт тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн..., ...104 дүгээр солбицлын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд зарлан мэдээлсэн... гэх тайлбаруудыг нотлох баримтуудыг цуглуулж, үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, шүүхийн ...Уул уурхайн яам нь ...бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж, дэмжигдсэн 104 дүгээр солбицлын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эхний ээлжинд сонирхогч хуулийн этгээдүүдээс авахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 10.1.3-т ...заасантай бүрэн нийцсэн..., ...захиргааны байгууллагын хувьд зөвхөн зарлагдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах үүрэгтэй, ...хариуцагчийн зүгээс өргөдлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах боломжгүй... гэх дүгнэлтийн үндэслэл болох Засгийн газрын хуралдаанаас дээр дурдсан хуульд заасан журмын дагуу гарсан шийдвэр, хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрлийг аль бүс нутагт олгох талаар олон нийтэд хэрхэн зарласан талаарх баримт хавтаст хэрэгт бүрэн гүйцэд авагдаагүй байна.
Ийнхүү шүүх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 104 дүгээр уртраг-аар зааглаж олгох талаар төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гарсан эсэх, түүнчлэн энэ талаар хариуцагчаас олон нийтэд хэрхэн зарласан зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 70 дугаар зүйлийн 70.3-д заасантай нийцэхгүй байна.
Зүй нь, хайгуулын тусгай зөвшөөрлийг нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт олгох талаар төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэрийг гаргасан эсэх, түүнчлэн тусгай зөвшөөрлийн өргөдлийг хариуцагчаас хүлээж авахаасаа өмнө олон нийтэд зарлаж, мэдээлсэн эсэхийг бүрэн гүйцэд тодруулж, улмаар эдгээр нь хариуцагчийн нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан-ыг зөвтгөх үндэслэл болох эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.
Шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн, шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, үнэлж дүгнээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ