Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
Хэргийн индекс | 138/2016/0100/э |
Дугаар | 97 |
Огноо | 2016-09-06 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 97
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Улсын яллагч Д.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Нямсүрэн
Шүүгдэгч Ө.Нэргүй нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номчин овогт Өлзийхутагийн Нэргүйд холбогдох эрүүгийн 201611000198 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Номчин овогт Өлзийхутагийн Нэргүй, Дорнод аймгийн Матад суманд 1974 оны 12 сарын 31-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЖ74123111/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн "Буян-Өндөр" гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 8 сарын 17-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл.
Шүүгдэгч Ө.Нэргүй нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг "Петрочайна Дачин тамсаг" ХХК-ний 19 дүгээр талбайн хашаанд байрлах агуулахын хашаанаас буюу агуулах саванд нэвтэрч 2016 оны 04 сарын 19-ний өдөр "Тоёото ланд круйзер-70" маркийн 46-57 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж 97 ширхэг газрын тосны шүүр трубаг хулгайлж 9383780 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ө.Нэргүй мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ "...2016 оны 04 сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд газрын тосны 19 дүгээр талбайн төв кэмпээс баруун хойд зүгт байдаг эвдэрхий машинууд хаясан хашаа руу өөрийнхөө машинд сэлбэг харахаар очсон. Эвдэрхий машинууд байсан газраас өөрийнхөө машинд нэг ширхэг труп авахад хашаан дотор уутанд хийсэн олон нүхтэй трубанууд хураагаад тавьчихсан байсан. Уг трубануудын хажуу талд машинаа ойртуулж авчраад ойролцоогоор 100-аад трубаг ачаад гэрийнхээ чигт яваад 5-6 км зайд хагас трубаг нь буулгаж, үлдсэн трубаг гэртээ ачирсан. Гэртээ авчирсан трубануудаа ачаад Дорнод аймагт ирээд Дэхт гэдэг газар байдаг зүс таних айлд труба болон машинаа орхиод аймгаас хадам ах Батмөнхийг дуудаж гэртээ хүргүүлсэн. Маргааш өдөр нь машинаа очиж аваад уг айлын эзнээс "труба авах уу" гэж асуусан чинь "авна" гэхээр нь 47 ширхэг трубаг нэг гахайгаар сольсон. Гахайг 210000 төгрөгт бодож авсан юм. Үлдэгдэл трубагаар хашаа хийнэ гэж бодож байсан боловч буцаан өгсөн...Би ганцаараа явсан ба трубаг 20-30 минутын хооронд ачсан.../хх 91-92/,...Ийм зүйл хулгайлж авсандаа маш их гэмшиж байна. Дахин хулгай хийж байхгүй..." гэжээ. /хх 95-96/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай компанийн агуулахын хашаа төв кэмпээс 800-гаад метр зайд байрладаг. 2016 оны 04 сарын 19-21-ний хооронд газрын тосны шүүр труба 240 ширхэг алдагдсан юм. Мөрдөн байцаалтын шатанд 97 ширхэг трубаг энэ Нэргүй гэж хүн авсан гэдэг нь тогтоогдсон. 97 ширхэг трубаг биетээр нь хүлээлгэн өгч, компанийг хохиролгүй болгосон учир манай байгууллагын зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Р.Болдбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ "...2016 оны 04 сарын 20-ны өдрийн орчимд...Хэрлэн сумын 5 дугаар багт...айлаас олон нүхтэй, 2 метрийн урттай 47 ширхэг трубаг нэг ширхэгийг нь 5000 төгрөгт бодож 235000 төгрөгөөр худалдаж авсан. Би авсан трубанаас 12 ширхэгийг нь Мөнхбатад өгсөн. Би өөрт байсан 35 ширхэг трубаг Хэрлэн сумын 3-р баг Танкийн 8-2 тоотод байдаг ах Сүхбаатарынд тавьсан байхад нь цагдаа нар ирээд хурааж авсан байсан...Би 235000 төгрөгөө нэхэмжилнэ..." гэжээ. /хх 56-57/
Иргэний нэхэмжлэгч Р.Болдбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ "...Би Нэргүйгээс нэхэмжлэх зүйлгүй, нийт 235000 төгрөгийг авсан...Шүүх хуралд оролцох боломжгүй, чөлөөлж өгнө үү..." гэжээ. /хх-т задгай/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Нямсүрэн /хх 53-54/, гэрч Жен Шинь /хх 58-59/, Э.Солонго /хх 62-63/, Ч.Мөнхбат /хх 71-72/, Б.Энх-Амгалан /хх 60-61/, Н.Баярчимэг /хх 75-80/, Н.Баянмөнх /хх 81-82/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Эрүүгийн хэрэг учралын газарт үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, Иргэний нэхэмжлэгч Р.Болдбаатарын 35 ширхэг труба хадгалсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, Трубаны зарцуулалтын тооцоо /хх 13/, Алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 14, дугааргүй 1 хуудас/, Бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн эд хөрөнгийн жагсаалт /хх -15, дугааргүй 3 хуудас, 155-158/, Шүүгдэгч Ө.Нэргүйгээс 50 ширхэг труба хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-41/, Ч.Мөнхбатаас 12 ширхэг труба хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 42-43/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 50/, Иргэний нэхэмжлэгч байгууллагад 97 ширхэг труба хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 48-49/, Сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх 180-181/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 35/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-38/, Шүүгдэгч Ө.Нэргүйн эзэмшлээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 33-34, 44-46/, Эд зүйлийн үнэлгээ /хх 36, 47/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 100/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 159-173/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ө.Нэргүй нь 2016 оны 04 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутагт байршилтай "Петрочайна Дачин тамсаг" ХХК-ний 19 дүгээр талбайн агуулахын хашаанд нэвтэрч, "Toyota Land Cruiser 70" маркийн 46-57 ДОР улсын дугаартай автомашин хэрэглэж газрын тосны шүүр труба 97 ширхэгийг хулгайлж 9383780 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Нямсүрэн, иргэний нэхэмжлэгч Р.Болдбаатар, гэрч Жен Шинь, Э.Солонго, Ч.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Баярчимэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Эрүүгийн хэрэг учралын газарт үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Иргэний нэхэмжлэгч Р.Болдбаатарын 35 ширхэг труба хадгалсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Трубаны зарцуулалтын тооцоо, Алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ, Бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн эд хөрөнгийн жагсаалт, Ө.Нэргүйгээс 50, Ч.Мөнхбатаас 12 ширхэг труба хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Иргэний нэхэмжлэгч байгууллагад 97 ширхэг труба хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж олж авсан хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Нэргүйд холбогдох хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ө.Нэргүйг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болох ба хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ "Toyota Land Cruiser 70" маркийн 46-57 ДОР улсын дугаартай автомашиныг хэрэглэсэн, уг автомашин нь шүүгдэгч Б.Нэргүйн өмч болох нь шүүгдэгчийн болон гэрч Н.Баярчимэг /хх 75-76/, Солонго /хх 62-63/ нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 35/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-38/ зэргээр тус тус нотлогдсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ө.Нэргүйн өмчлөлийн "Toyota Land Cruiser 70" маркийн 46-57 ДОР улсын дугаартай автомашиныг хурааж, улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ө.Нэргүйн ЖЖ74123111 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг өөрт нь буцаан олгох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шүүгдэгч нь "Петрочайна Дачин тамсаг" ХХК-нд төлөх төлбөргүй тул түүний өмчлөлөөс 816 м2 газар битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, харин "Toyota Land Cruiser 70" маркийн 46-57 ДОР улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Номчин овогт Өлзийхутагийн Нэргүйг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Өлзийхутагийн Нэргүйг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ө.Нэргүйд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт ялтан нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан Ө.Нэргүйн өмчлөлийн "Toyota Land Cruiser 70" маркийн 46-57 ДОР улсын дугаартай, хөх өнгийн, 10000000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Ө.Нэргүйд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан Ө.Нэргүйд мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Ө.Нэргүйн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 багийн Хивсний 7 дугаар гудамжны 02б тоотод байршилтай 816м2 талбай бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, "Toyota Land Cruiser 70" маркийн 46-57 ДОР улсын дугаартай, хөх өнгийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 14-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.
8. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ө.Нэргүйн ЖЖ74123111 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчинтөгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ө.Нэргүйд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 09 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ