Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/940

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, улсын яллагч Р.Очирсүрэн, хохирогч Т.О, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ гэрч Ч.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ц-ийн Э-т холбогдох эрүүгийн 1808 0465 01213 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мааяа овогт Цэдэнгийн Энхбаяр Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1981 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 02- 08 насны гурван хүүхдийн хамт амьдардаг, хххх тоотод оршин суух, урьд ял шийтгэл: -Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед хххх тоотод оршин суух иргэн Т.Оын хашаанд хураалттай байсан хар өнгийн үүргэвч, шаргал өнгийн юүдэнтэй куртик, цэнхэр өнгийн куртик, жинсэн өмд, өмдний суран тэлээ, пиджак, ноосон цамц 3 ширхэг, хар өнгийн богино савхин куртик, нокиа маркийн гар утасны цэнэглэгч, “Сонота-6” маркийн автомашины түлхүүр, “Samsung s-6 edje” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 409.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг: Шүүгдэгч Ц.Э: Мэдүүлэг гаргахгүй гэв. Хохирогч Т.О мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манайх монгол гэрээ буулгаад унь, тоондоо будаг хийж байтал орой болчихоор нь эд зүйлээ гялгар уутаар хучаад унтсан. Зүүрмэглэж байтал хашаанд хүн яваад байна гэж эхнэр хэлэхээр нь би гараад хартал хашаанд нэг нохой байсан. Тэгээд хашаанаас гараад хартал нэг хүн явж байхаар нь араас нь очтол миний куртикийг өмссөн, манай хүүхдийн цүнхэнд хувцас хийгээд үүрсэн, “Samsung s6 edje” загварын гар утсыг авсан байсан ба дэлгэц нь хагарсан байсан. Мөн нокиа загварын гар утасны цэнэглэгч, машины түлхүүр зэргийг авсан байсан. Энэ хүнээс хувцсаа буцааж авсан. Харин “Samsung s6 edje” загварын гар утасны дэлгэц хагарсан болохоор ашиглах боломжгүй болсон тул гар утасны үнэ 240.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв. Гэрч Ч.Должинсүрэн мэдүүлэхдээ: “Samsung s6 edje” загварын гар утас нь миний утас юм. Энэ утсыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аваад 2 хонож байсан, тэгээд хулгайд алдсан. Гар утсыг хулгайлсан хүн дэлгэцийг нь хагалсан байсан. Үүнээс өмнө утас хэвийн ажиллаж байсан. Гадаа шкафныхаа доор хийсэн байхад гар утсыг олоод аваад явсан байсан. Т.О нь миний нөхөр бөгөөд бид гэрлэлтийн баталгаатай тул гар утасны төлбөрийг хохирогчоор тогтоогдсон нөхөр Т.О нэхэмжилнэ гэв. Хоёр. Эрүүгийн 1808 0465 01213 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд: 1. Хохирогч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цаг агаар дулаахан байхаар нь эхнэр бид хоёр гэрээ буулгаад гэрийнхээ, унь, тоон зэргийг будсан юм. Тэгэхдээ гэрийнхээ тавилгуудыг хашааны баруун талд нэг тэгш газар тавиад дээгүүр нь гялгар уутаар бүтээж, хучаад орхисон. Тэр оройноо эхнэр, хүүхэд бид хэд дүүгийн гэрт орж хонох гэсэн боловч дүү маань гэртээ ирэхгүй байхаар нь дутуу барьж байсан байшиндаа майхан засаад орой 23 цагийн үед ороо засаад хэвтсэн. Гэтэл манай эхнэр Ч.Должинсүрэн “хөгшөөн хашаан дотор юм пижигнээд дуугараад байна, хүн яваад байгаа юм биш үү, чи гараад хараадхаач” гэхээр нь нохой хуцахгүй байна шүү дээ, гайгүй болчих байлгүй дээ гэсэн. Тэгээд удаагүй дахиад хашаан дотор юм дуугараад гэрийн тавилганууд бүтээсэн байсан гялгар уут шаржиганаад дуугараад байхаар нь би хувцсаа өмсөөд гартал хашааны хаалга нээгдчихсэн манай нохойтой том саарал нохой хээлтэж байсан. Тэгэхээр нь хашаанаас гараад харсан чинь хашааны булан тойроод нэг залаа манай хүүхдийн хичээлдээ үүрдэг хар өнгийн цүнхийг үүрчихсэн явж байхаар нь араас нь далан дээр гараад харсан чинь тэр залуу цүнхтэй юмаа нэг хашааны буланд тавиад буцаж ирээд манай нохойтой хээлтэж байсан том саарал нохойгоо аваад буцаад цүнхтэй юм нь дээрээ очсон. Тэгэхээр нь би энэ залуу манайхаас хулгай хийсэн байна гээд тэр залуу дээр яваад очтол нохой нь над руу дайрсан. Тэгэхээр нь газраас чулуу аваад шидсэн чинь нохой нь сулраад зугтаад явсан. Тэгээд би тэр залууг очоод барьж аваад “чи яагаад хулгай хийгээд байгаад юм бэ” гэсэн чинь тэр залуугаас нилээн архи үнэртсэн байдалтай, “би хулгай хийгээгүй” гээд өөдөөс эсэргүүцээд байхаар нь би хүүхдийнхээ цүнхийг тэр залуугаас авсан...Тэр залуу бас миний шар юүдэнтэй куртикийг өмсчихсөн байхаар нь куртикээ тайлж аваад явсан. Тэгээд хашаандаа ороод гэрийнхээ тавилгууд дээр очоод харсан чинь эд юмсыг маань бүгдийг нь тараагаад хаясан байсан...Тэгэхээр нь би дахиад юм алга болчихсон юм шиг санагдаад, ямартай ч манайхаас юм хулгайлсан залуу дээр дахиж очье гэж бодоод хашаанаас гараад урагшаа явж байхаар нь очсон чинь нэг приус машины толийг хулгайлах гээд оролдоод зогсож байхаар нь очоод бариад авсан...тэгсэн тэр залуу манай эхнэр Ч.Должинсүрэнгийн “Samsung s6 edje” маркийн гар утсыг гартаа барьчихсан байхаар нь аваад харсан чинь дэлгэц нь хагарсан байсан. Тэгээд уур хүрээд “чи яахлаарай манайхаас хулгай хийсэн юм бэ өөр юм хум хулгай хийсэн үү” гээд куртикнийх нь халаасыг уудлаад үзсэн чинь миний нокиа маркийн гар утасны нарийн цэнэглэгч, “Соната-6” маркийн машины түлхүүр гарч ирэхээр нь буцааж авсан. ...Гэрийнхээ хамаг тавилгыг гэрээс зөөгөөд хашаан дотроо зайдуу газар аваачаад ил тавиад дээгүүр нь гялгар уутаар бүтээсэн байсан. Харин гар утас, утасны цэнэглэгч, машины түлхүүр зэрэг нь хувцасны шүүгээн дотор байсан. Хувцас хунар мөн адил шүүгээн дотор байсан... “Samsung s6 edje” маркийн гар утсыг хулгайд алдагдахаас өмнө 2 хоногийн өмнө “Теди” төвөөс 240.000 төгрөгөөр худалдан авсан. -Манай бага хүү Одмандахын хичээлдээ үүрдэг хар өнгийн үүргэвчийг өнгөрсөн жил Хархорин захаас 25.000 төгрөгөөр худалдан авсан. -Миний цэнхэр өнгийн жинсэн өмд, миний өөрийн өмсдөг 3 ширхэг ноосон цамц, цэнхэр өнгийн дан пиджак, цэнхэр өнгийн хэрээстэй хавар намрын куртик, бор өнгийн ширэн өмдний тэлээг хулгайлсан. Уг хувцас хунарыг тэр залуу манай хүүхдийн цүнх нь дотор хийчихсэн байсан...Гар утасны дэлгэц хагарсан...утасны хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29), 2.Гэрч Ч.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны...орой харанхуй болоод тэр үед манай нөхөр бид хоёр өөрсдийн дутуу барьсан байшиндаа майхан бариад хэвтэж байтал манай нөхрийн дүү эхнэр хүүхдийн хамт гэртээ ирсэн. ...тэгээд удалгүй хүний хөлийн чимээ болон гялгар уутны чимээ сонсогдоод бас төмөр дуугараад байсан. Тэр үед нь би бодохдоо машины эд ангийн хүн хулгайлаад байх шиг санагдсан. ...нөхөртөө “манай хашаанд хүн яваад байна, хулгайч юм шиг байна” гэхэд манай нөхөр “за юу гэж хулгайч орж ирдэг юм нохой хуцна шүү дээ” гэж...хэлсэн. ...тэгээд би нөхөртөө нэг л биш байна хүн яваад байна гэхэд манай нөхөр босоод гарсан. Тэгээд манай нөхөр хүн байна гээд гарсан. Би араас нь хамт гараад хартал манай хашаанд том нохой байсан...тэгээд нөхөртэйгөө зогсож байтал манай хашаа руу нохойгоо авах гэж ирэхэд нь танихгүй хүнийг барьж цагдаад өгсөн... “Samsung s6 edje” маркийн гар утсыг 240.000 төгрөгөөр “Тэди”-гээс худалдаж авч байсан. Тухайн үед хулгай хийсэн, авч явсан цүнхтэй хувцаснуудаа олж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07) -гэрч Ч.Должинсүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн “... “...хүүгийн цүнхэн дотор манай нөхрийн өмд, ноосон цамц, өмдний тэлээ, мөн тэр хулгайч өөрийнхөө куртик дээрээ манай нөхрийн шар юүдэнтэй куртикийг өмсчихсөн явж байхаар нь аваад гэртээ орж ирсэн. Тэгээд бид хоёр...гар утсаа хийсэн тавиуртай шкафан дотор утсаа байна уу гээд харсан чинь алга байсан. Тэгээд манай нөхөр тэр хулгайчийн араас яваад хашааны гадаа аваад ирсэн. Тэгэхдээ утас, бас миний гар утасны цэнэглэгч машины түлхүүр зэргийг авчихсан байна шүү дээ гээд хүрч ирсэн, чиний гар утасны дэлгэцийг нь хагалчихсан байна гээд нөхөр маань хэлсэн. Тэгээд нөхрөөсөө утсаа аваад харсан чинь дэлгэц нь хагарчихсан байсан. ...цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө түрүүвчтэй бэлэн мөнгө алга болсон талаар мэдүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь гэгээ оронгуут юм хумаа үзтэл эмх замбараагүй болгоод газарт гаргаад хаячихсан байсан хувцасны доор дарагдсан байсан. Тэгэхлээр түрүүвчтэй бэлэн мөнгө алдагдаагүй. ...миний өөрийн “Samsung s6 edje” маркийн гар утас, хүүхдийн хар өнгийн үүргэвч, нөхрийн хавар намрын шаргал өнгийн юүдэнтэй куртик, хавар намрын цэнхэр өнгийн куртик, жинсэн өмд, өмдний суран тэлээ, дан пиджак, ноосон 3 ширхэг цамц, хүүгийн хар өнгийн богино савхин куртик, нокиа маркийн гар утасны нарийн цэнэглэгч, “Сонота 6” маркийн машины түлхүүр зэрэг эд зүйлсийг тэр залуу хулгайлан авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31), 3. Шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би тэр өдөр архи уугаад нилээн согтсон байсан. Болсон асуудлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан нилээн орой болсон байсан. Нэг айлын хашааны гадна би тэр айлын эзэн залуутай маргалдаад зогсож байсан. Намайг хулгай хийсэн гээд бариад авчихсан, явуулахгүй байгаад байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би зарим юмыг юу ч санахгүй байна...Гудамжинд тааралдсан зүс таних хоёр залуутай архи уусан. Тэр хоёртой далан дээр архи уучихаад салсан. Тэгээд хойшоо гэр рүүгээ өгсөж яваад тасарсан байсан. Нэг мэдэхэд цагдаад баригдаад ирсэн. Надаас утас гарч ирсэн байсан. Бодохдоо согтуугийн халуунд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан болохоор хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56), 4. “Samsung s6 edje” загварын гар утас хүлээн авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гар утсыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 15-16, 19), 5. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “... Ц.Эын зургийг түүнтэй ижил төстэй бусад 3 эрэгтэй хүний фото зурагтай 1-4 гэж дугаарлан тавьж, Ц.Эын зургийг 3 дугаарт тавьж, бусад 3 хүний зургийг 1, 2, 4 дугаарт тавив. Хохирогчийг таньж олуулах ажиллагааны өрөөнд оруулж ирэн эрх, үүрэг танилцуулж, танай гэрээс 2018 оны 10 дугаар сарын 03- ны шөнө хулгай хийж байгаад баригдсан гэх залуу эдгээр залуучуудын дунд байна уу гэхэд хохирогч Т.О “би хараад шууд танина, тэр залуугийн царайны ерөнхий төрхөөр нь хараад танина гээд 3 дугаарт тавьсан Цэдэн овогтой Энхбаярын зургийг зааж энэ залуу яах аргагүй мөн байна, би хараад шууд таньж байна, тэр залуу надад баригдахдаа ээрч яриад байсан гэв...” гэсэн тэмдэглэл, ажиллагааны талаарх гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-22), 6. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...Ц.Эын зургийг түүнтэй ижил төстэй бусад 3 эрэгтэй хүний фото зурагтай 1-4 гэж дугаарлан тавьж, Ц.Эын зургийг 1 дугаарт тавьж, бусад 3 хүний зургийг 3, 2, 4 дугаарт тавив. Гэрч Ч.Должинсүрэнг таньж олуулах ажиллагааны өрөөнд оруулж ирэн эрх, үүрэг танилцуулж, танай гэрээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө аль залуу хулгай хийж танай нөхөрт чинь баригдсан юм бэ гэхэд Ч.Должинсүрэн харж байснаа 1 дугаарт тавьсан Ц.Эын зургийг зааж энэ хүн манай гэрээс хулгай хийгээд баригдсан хүн мөн байна, би хараад шууд таньж байна гэв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24), 7. “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 40-41, 46-47), 8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69), ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 66), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 68), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт I.Гэм буруугийн талаар. Шүүгдэгч Ц.Э нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 05-144а тоотод, 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор иргэн Т.Оын “Samsung s6 edje” загварын гар утас, “Сонота-6” автомашины түлхүүр, нокиа загварын гар утасны цэнэглэгч, эрэгтэй юүдэнтэй куртик, пиджак, жинсэн өмд, үүргэвч, савхин куртик ноосон цамц зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, Т.Оад 385.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: -хохирогч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цаг агаар дулаахан байхаар нь гэрээ буулгаад гэрийнхээ, унь, тоон зэргийг будаж, гэрийн тавилгыг хашааны баруун талд нэг тэгш газар тавиад дээгүүр нь гялгар уутаар бүтээж, хучаад орхисон. ...орой 23 цагийн үед ороо засаад хэвтсэн. Гэтэл манай эхнэр Ч.Должинсүрэн “хөгшөөн хашаан дотор юм пижигнээд дуугараад байна, хүн яваад байгаа юм биш үү, чи гараад хараадахаач” гэсэн. ...би хувцсаа өмсөөд гартал хашааны хаалга нээгдсэн байсан, ...хашаанаас гараад харсан чинь хашааны булан тойроод нэг залуу манай хүүхдийн хичээлдээ үүрдэг хар өнгийн цүнхийг үүрчихсэн явж байхаар нь араас нь далан дээр гараад харсан чинь тэр залуу цүнхтэй юмаа нэг хашааны буланд тавиад буцаж ирээд ...том саарал нохойгоо аваад буцаад цүнхтэй юм нь дээрээ очсон. ...би энэ залуу манайхаас хулгай хийсэн байна гээд тэр залуу дээр яваад очсон. ...би тэр залууг очоод барьж аваад “чи яагаад хулгай хийгээд байгаад юм бэ” гэсэн чинь тэр залуугаас нилээн архи үнэртсэн байдалтай би хулгай хийгээгүй гээд өөдөөс эсэргүүцсэн. ...би хүүхдийнхээ цүнхийг тэр залуугаас авсан. ... Тэр залуу бас миний шар юүдэнтэй куртикийг өмсчихсөн байхаар нь тайлж авсан. Тэгээд хашаандаа ороод гэрийнхээ тавилгууд дээр очоод харсан чинь эд юмсыг маань бүгдийг тараагаад хаясан байсан...Тэгэхээр нь би дахиад юм алга болчихсон юм шиг санагдаад, ...юм хулгайлсан залуу дээр дахиж очье гэж бодоод хашаанаас гараад урагшаа явж байхаар нь очсон. ...тэгсэн тэр залуу манай эхнэр Ч.Должинсүрэнгийн “Samsung s6 edje” маркийн гар утсыг гартаа барьчихсан байхаар нь аваад харсан чинь дэлгэц нь хагарчихсан байсан. ... куртикнийх нь халаасыг уудлаад үзсэн чинь миний нокиа маркийн гар утасны нарийн цэнэглэгч, Соната-6 маркийн машины түлхүүр гарч ирэхээр нь буцааж авсан. ... Самсунг s6 edje маркийн гар утсыг хулгайд алдагдахаас өмнө 2 хоногийн өмнө “Тед” төвөөс 240.000 төгрөгөөр худалдан авсан. .... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, -гэрч Ч.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны...орой харанхуй болоод тэр үед манай нөхөр бид хоёр өөрсдийн дутуу барьсан байшиндаа майхан бариад хэвтсэн. ... удалгүй хүний хөлийн чимээ болон гялгар уутны чимээ сонсогдоод бас төмөр дуугараад байсан. ...нөхөртөө “манай хашаанд хүн яваад байна хулгайч юм шиг байна”, ...нэг л биш байна хүн яваад байна гэхэд манай нөхөр босоод гарсан. ...нөхөртэйгөө зогсож байтал манай хашаа руу нохойгоо авах гэж ирэхэд нь танихгүй хүнийг барьж цагдаад өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07), -мөн түүний дахин мэдүүлсэн “...миний өөрийн “Samsung s6 edje” маркийн гар утас, хүүхдийн хар өнгийн үүргэвч, нөхрийн хавар намрын шаргал өнгийн юүдэнтэй куртик, хавар намрын цэнхэр өнгийн куртик, жинсэн өмд, өмдний суран тэлээ, дан пиджак, ноосон 3 ширхэг цамц, хүүгийн хар өнгийн богино савхин куртик, нокиа маркийн гар утасны нарийн цэнэглэгч, Сонота 6 маркийн машины түлхүүр зэрэг эд зүйлсийг тэр залуу хулгайлан авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, -шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тэр өдөр архи уугаад нилээн согтчихсон байсан. ...Намайг хулгай хийсэн гээд бариад авчихсан. ...Надаас утас гарч ирсэн байсан. Бодохдоо согтуугийн халуунд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан болохоор хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56) -“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 40-41, 46-47), гар утас хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 15), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18) Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 20-24) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогджээ. Мөн шүүгдэгч Ц.Э нь хохирогч Т.Оын хашаанд байсан шкаф болон ил байсан эд хөрөнгийг нь хулгайлсан байх тул түүнийг агуулах саванд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй ба, түүнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв. Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эыг хохирогчид 409.800 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн ба үүнд хохирогч “Samsung s6 edje” гар утсыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 240.000 төгрөгөөр худалдан авсан гэсэн байхад хөрөнгийн үнэлгээний байгууллага нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 264.000 төгрөгөөр үнийг тогтоосныг үндэслэн тус үнээр хохирлын дүнг тооцож яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүх хохирогчийн гар утас худалдан авсан үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоох үндэстэй гэж үзэж, нийт хохирлын дүнг 385.800 төгрөгөөр зөвтгөн шийдвэрлэв. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч, эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар. Шүүгдэгч Ц.Э нь хохирогчийн 385.800 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлснаас 145.800 төгрөгийн эд хөрөнгийг хохирогчид буцааж өгсөн байна. Харин хохирогчийн “Samsung s6 edje” загварын гар утасны дэлгэцийг хагалж, цаашид ашиглах боломжгүй болгосон байх тул утасны үнийг гаргуулах үндэстэй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь гар утсыг 240.000 төгрөгөөр худалдан авсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгчээс 240.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв. II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “...шүүгдэгч Ц.Э нь эхнэр, бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг тул түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, харин гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгах талаар Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үүрэг хүлээлгэх арга хэмжээг авч өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Улсын яллагчаас Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол дээрх ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эт гэмт хэргийн хор уршиг арилгах талаар арга хэмжээг 2 сарын хугацаанд авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв. III. Бусад асуудлаар Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Samsung s6 edje” гар утсыг улсын яллагч нь хохирогчид буцаан олгох саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж, цаашид ашиглах боломжгүй болсон гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан зардал болох хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээний хөлс 18.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “Дамно” ХХК-нд олгохоор шийдвэрлэж, эрүүгийн 1808 0465 01213 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч М овгийн Ц-ийн Э-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эт гэмт хэргийн хор уршиг арилгах талаар арга хэмжээг хоёр сарын хугацаанд авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаашид ашиглах боломжгүй болсон “Samsung s6 edje” загварын гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Мөнхнямд даалгасугай. 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510 дэх хэсэгт зааснаар Ц.Эаас 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Т.Оад олгосугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эаас 18.000 (арван найман мянга) төгрөгийг гаргуулж “Дамно” ХХК-нд олгосугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА