Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/867

 

 

 

 

 

 

   2020           10           06                                     2020/ШЦТ/867

                                                                   

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005006581313 дугаартай хэргийг  2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо ... дугаар хороолол Дилав хутагт жамсранжавын гудамж, ... байрны ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Л.Б-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Б- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20-21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити-18 дугаар байрны  дулаан зогсоол дотор дур мэдэн явах үед тус байрны жижүүр, манаач Д.Ишдэмбэрэлээс гарахыг шаардсаны хариуд зүй бус авирлан хэрүүл маргаан өдөж улмаар жижүүрийн өрөөнд манаач Д.Ишдэмбэрэлийг даган орж түүний нүүр лүү нь гараараа цохиж, дээрээс нь дарж унагаан бие болон толгой, хацар луу нь цохих өшиглөх зэргээр зодож хацарт шарх, хацар, хамар, уруул, дал, чихэнд шарх, шалбаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити-18 дугаар байрны жижүүрийн өрөөнд Л.Б- нь Д.Ишдэмбэрэлээс камертай шүү, бүгдийг бичиж байгаа гэж хэлсний хариуд Сити-18 СӨХ-ны өмчлөлийн жижүүрийн өрөөний цонхыг хагалж хяналтын камерыг салган авч гадагш гарган шидэж хүлээн авагч, монитор, кабелын утас, хамгаалалтын хайрцаг, тэжээлийн блок, салаалагч, дүрс өсгөгч зэргийг эвдэж гэмтээн 538.600 төгрөгийн, иргэн Д.Ишдэмбэрэлийн хувийн өмч болох 36 инчийн зурагтыг авч гадагш гарган шидэж, зурагтын тавиур, цайны болон хоолны халуун сав, будаа агшаагч, сандал хогийн шүүр зэрэг ахуйн эд зүйлийг нь эвдэж гэмтээн 382.800 төгрөгийн, бусдад нийт 921.400 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгчдэгч Л.Б- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20-21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дувсгэрт байрлах Сити-18 дугаар байрны  дулаан зогсоол дотор дур мэдэн явах үед тус байрны жижүүр, манаач Д.Ишдэмбэрэлээс  гарахыг шаардсаны хариуд зүй бус авирлан хэрүүл маргаан өдөж улмаар жижүүрийн өрөөнд манаач Д.Ишдэмбэрэлийг даган орж түүний нүүр лүү нь гараараа цохиж, дээрээс нь дарж унагаан бие болон толгой, хацар руу нь цохих өшиглөх зэргээр зодож хацарт шарх, хацар, хамар, уруул, дал, чихэнд шарх, шалбаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити-18 дугаар байрны жижүүрийн өрөөнд Л.Б- нь Д.Ишдэмбэрэлээс камертай шүү, бүгдийг бичиж байгаа гэж хэлсний хариуд Сити-18 СӨХ-ны өмчлөлийн жижүүрийн өрөөний цонхыг хагалж хяналтын камерыг салган авч гадагш гарган шидэж хүлээн авагч, монитор, кабелын утас, хамгаалалтын хайрцаг, тэжээлийн блок, салаалагч, дүрс өсгөгч зэргийг эвдэж гэмтээн 538.600 төгрөгийн, иргэн Д.Ишдэмбэрэлийн хувийн өмч болох 36 инчийн зурагтыг авч гадагш гарган шидэж, зурагтын тавиур, цайны болон хоолны халуун сав, будаа ашгаагч, сандал хогийн шүүр зэрэг ахуйн эд зүйлийг нь эвдэж гэмтээн 382.800 төгрөгийн, бусдад нийт 921.400 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 19-21 дүгээр хуудас/

 

Хохирогч Д.Ишдэмбэрэлийн “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хархорин зах дээр зүс таних 2-3 хүнтэй таараад 0,5 литрийн 2 шил архи хувааж уугаад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити-18 дугаар байрны жижүүрийн өрөөнд хяналтын камеруудаа хараад сууж байтал орой 20-21 цагийн хооронд санагдаж байна, цагаа яг сайн хэлж мэдэхгүй байна. Дулаан зогсоол дотор машинуудын урдуур хар өнгийн хувцастай эрэгтэй хүн холхиод байхаар нь яваад очтол танихгүй эрэгтэй хүн байхаар нь  юу хийж яваа юм гар гэтэл юу гээд байгаа майжийсан хөгшин төгцөг вэ, ална шүү гээд гарахгүй болохоор нь өрөө рүүгээ орж утас авах гээд явтал араас өрөөнд орж ирээд хаалга түгжээд миний нүүр лүү гараараа цохиод дээрээс дарж суугаад толгой, бие рүү цохиод, зодож байхад оршин суугчид гадаа ирчихсэн болиоч гээд байхад тоохгүй зодоод байсан. Би камертай шүү, бүгдийг бичиж байгаа гэтэл намайг тавьчихаад өрөөн доторх эд зүйлийг цохиж, эвдээд хяналтын камерын дэлгэц болон миний өөрийн үздэг зурагтыг гадаа гаргаж шидээд дахиж намайг барьж аваад зодсон. Би босоод зугтах гэтэл миний нүүр лүү хөлөөрөө өшиглөхөд хацар язраад цус гарч байхад миний хоолойноос багалзуурдаад ойртвол энийг чинь алчихна шүү гээд орилоод байсан. Оршин суугчид уг залууг арай гэж салгаад холдуулсан байхад цагдаа ирсэн. ... Хар өнгийн хувцастай залуу намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан. Хацар руу өшиглөх үед хацар язарч 6 оёдол тавиулсан. Бусад гэмтлүүд нь гараараа болон хөлөөрөө өшиглөж зодох үед учирсан.

... 3 литрийн цайны халуун сав 18.000 төгрөг, хоолны сав 15.000 төгрөг, будаа агшаагч 38.000 төгрөг, том хуванцар сандал 2 ширхэг нь 20.000 төгрөг, хогийн шүүр 12.000 төгрөг эдгээрийг бүгдийг нь захаас 2019 онд авч байсан. 36 инчийн хавтгай дэлгэцтэй өнгөт телевизорыг 2018 онд СӨХ-ны даргаас шинээр нь 350.000 төгрөгөөр авсан. Гэрт тавьдаг хоолны шүүгээний дээд талын тавцан цөм цохисон байна лээ. Уг шүүгээг 2018 онд захаас 180.000 төгрөгөөр авч байсан.

Мед траума эмнэлэгт толгойны томографын зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Цээжний зураг 20.000 төгрөгөөр авхуулсан. Эмийн сангаас 30.000 төгрөгөөр эм авсан. Ажлын байран дээрээ зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал болон байгууллагын хөрөнгө, хувийн хөрөнгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нарантуяагийн  “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагын жижүүрээр ажилладаг Д.Ишдэмбэрэл хүнд зодуулсан. Манай уг жижүүрийн өрөөний эд хогшлыг эвдсэн тухай манай захирал Цэвэлмаа надад хэлж байсан. Харин уг эд хогшлын үнэлгээ нь 538.600 төгрөг болсон. Мөн камерын засварын хөлс болох 60.000 төгрөгийг Ти Жи Эд Эн байгууллагаар хийлгэж одоог хүртэл нэхэмжлэлийг манай байгууллагад ирүүлсэн. Уг үйлчилгээний төлбөр 60.000 төгрөг, нийт манай байгууллага 598.600 төгрөгийн хохирол учирсан.

... Уг нийт 538.600 төгрөгийн эд зүйл нь Сити-18 СӨХ-ны өмч юм. Одоо эдгээр зүйлийг засуулаад хэрэглэж байгаа”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч Ш.Цэвэлмаагийн “... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед гэртээ байхад 91918405 дугаарын утаснаас залгаад харуулын жижүүрийн өрөөнд зодоон болоод байна гэхээр нь доошоо дулаан зогсоол руу буугаад очтол жижүүрийн өрөөний эд зүйлсийг эвдээд, жижүүрийн өрөөний үүдэнд жижүүр Ишдэмбэрэлийг танихгүй залуу газар унагачихсан толгойгоор нь газар мөргүүлээд толгойг нь мушгиж байгаад Ишдэмбэрэлийг татаж оруулаад хаалгаа хаагаад түгжчихсэн. Удалгүй хаалганы хажуу талын цонхыг нөгөө залуу хагалчихсан. Би 102 руу залгаж цагдаа дуудсан. Жижүүрийн өрөөн дотор Ишдэмбэрэлийг зодож байгаад нөгөө залуу гараад ирсэн. Тэгээд тэлээгээ сугалаад Ишдэмбэрэлийг зодох гэхэд нь оршин суугч Авирмэд тэлээг нь булаагаад автал Ишдэмбэрэлийг цагдаа иртэл гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд зодоод байсан. Салгах гэхээр  ойртвол ална шүү гээд орилоод ойртуулахгүй байсан.  Камерын дэлгэц нэг ширхэг 250.000 төгрөг, хүлээн авагч нэг ширхэг 160.000 төгрөг, санах ой нэг ширхэг 280.000 төгрөг, кабелын утас хоёр ширхэг 320.000 төгрөг, хамгаалалтын хайрцаг нэг ширхэг 15.000 төгрөг, тэжээлийн блок нэг ширхэг 35.000 төгрөг, салаалагч нэг ширхэг 20.000 төгрөг, дүрс, өсгөгч дөрвөн ширхэг 20.000 төгрөг. 2017 онд Баянгол дүүргээс СӨХ-нуудын дунд камерын уралдаан зарлах үед суурилуулсан юм. Янзлуулахын тулд ажлын хөлсөнд 240.000 төгрөг төлсөн.

... Камерт бичигдсэн боловч Ишдэмбэрэлийг зодсон залуу бүх камеруудыг эвдэх үед бичлэг нь устсан байна лээ. Ишдэмбэрэл жаахан халамцуу архи үнэртэж байсан. Зодсон залуу нь нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг. / хэргийн 44 дүгээр хуудас/

Гэрч Д.Авирмэдийн “... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг өнгөрч байсан санагдаж байна. Ажлаа тараад гэртээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити-18 дугаар байранд ирээд дулаан зогсоол руу машинаа оруулах гэтэл дулаан зогсоолын хажуу талын манаачийн байрны үүдэнд манаач Ишдэмбэрэл гуай миний нэрээр дуудаад, намайг хүн зодоод байна гэхээр нь машинаасаа буугаад очтол гэрийнх нь бүх эд зүйлийг эвдээд зурагт дэлгэцийг нь гадаа гаргаад хаячихсан, хаалга нь онгорхой, дотор нь хар өнгийн хувцастай залуу орон дээр нь суучихсан хяналтын камерын төхөөрөмжийн утаснуудыг суга суга татаад сууж байхаар нь чи яаж байгаа юм болиоч гэтэл наад мууг чинь алнаа гэхээр нь яахаараа хүн алдаг юм чи гэтэл Ишдэмбэрэл гуай хажуугаар гэр лүүгээ ороод битгий юм эвдээд бай гэтэл нөгөө залуу босч ирээд заамдаж бариад цааш нь ор луу түлхэж унагаад хаалгыг нь хаачихсан. Би хаалгыг нь таттал онгойхгүй байсан. Цонхоор нь хартал Ишдэмбэрэл гуай дээр өвдгөөрөө дарчихаад гараараа толгой бие рүү нь цохиод байсан. Би утсаа гаргаж ирээд зураг автал нөгөө залуу зураг авч байгааг мэдээд куртикээрээ нүүрээ хаагаад цонх цохиж хагалаад гэрлийг нь унтраагаад дахиад Ишдэмбэрэл гуайг зодоод байхаар нь би СӨХ-ны дарга Цэвэлмаа руу залгаад манаачийг согтуу залуу зодоод алах нь гэтэл удалгүй гараад ирсэн. Би хаалгыг нь нүдээд байсан чинь нөгөө залуу хориод минутын дараа хаалгаа онгойлгосон. Яваад ортол Ишдэмбэрэл гуайн дээрээс дарчихсан хүзүүг нь мушгих гээд барьчихсан байсан. Би болиоч чи хүн аллаа шүү дээ гээд очоод салгах гэхэд ойртвол энийг аллаа гээд толгойг нь мушгих гээд байхаар нь ойртож чадахгүй хэсэг ярилцаж байгаад гэнэдүүлээд нэг гарыг нь мултлаад автал нөгөө гараараа завьжинд нь хийгээд гэдийлгээд татаад байсан. Цаана явж байсан нэг залууг дуудаад энд хүн алах гээд байна гэтэл хүрээд ирсэн. Би машинаа зам дээр тавьсан учир араас машин орох гээд дуут дохио өгөөд байхаар нь би машинаа дулаан зогсоол руу оруулчихаад дөнгөж буцаад иртэл Ишдэмбэрэл гуайг хаалганы босгон дээр хэвтүүлчихсэн дахиад хүзүүг нь мушгих гээд сууж байхаар нь нь тэнд байсан хүмүүс бүгдээрээ хүн аллаа гээд орилж хашгирч байгаад арай гэж гарыг нь тавиулаад Ишдэмбэрэл гуайг татаад автал хацарнаас нь цус гараад язарчихсан байсан. Тэгтэл нөгөө залуу Ишдэмбэрэл гуайг ааваа би танай охиныг хайрладаг, хоёр хүүхдээ бодооч гээд орилоод байж байхад цагдаа ирээд нөгөө залууг бариад машиндаа хийж байхад Ишдэмбэрэл гуайн эхнэр нь ирэхээр нь танай хүргэн юмуу, алах гэж байна шүү дээ гэтэл энэ манай хүргэн биш гэж байсан. Нөхрөө аваад эмнэлэгт хурдан очиж үзүүл бие нь муу байна гэтэл эхнэр нь аваад явна гээд үлдсэн. Тэр залуу бараг 30-40 минут орчим толгой тархи руу нь цохиж зодсон. Ишдэмбэрэл гуайн амнаас нь хөөс гараад байсан. Дээр нь хоёр өвдгөөрөө өвдгөлчихсөн, гараараа учиргүй дээрээс нь нүдээд зодоод байсан. Архи бол уусан байсан. Гэхдээ ухаан санаагаа алдаад тасарсан хүн биш байсан. Бүгдийг ойлгож мэдээд байсан. Зураг авлаа гэж уурлаад нүүрээ нуугаад цонх цохиж хагалсан. Бид нарыг салгаад авсаны дараа хадам аав гэж худлаа хэлээд байсан. Ишдэмбэрэл гуай бага зэрэг уусан байсан байх. Би гэхдээ сайн анзаараагүй. ...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 46-47 дугаар хуудас/

 

            Гэрч Т.Баяраагийн “... Цэвэлмаа над руу залгаад танай нөхрийг энд хүн зодоод алах нь хурдан ир гэхээр нь би яваад очтол нөхөр Ишдэмбэрэлийн хацар язраад цус гарчихсан гадаа зогсож байсан. Зодсон гэх хүнийг цагдаагийн машинд суулгаад аваад явж байсан. Харуулын өрөө рүү очтол хамаг эд зүйл эвдээд хяналтын камерын дэлгэц болон бид хоёрын өөрсдийн үздэг телевизорыг гаргаад хаячихсан байсан.

... Намайг ирэхэд бүх зүйл болоод дуусчихсан байсан. ... Намайг ирэхэд баруун талынх нь хацар луу өшиглөсөн гээд хацар нь язарчихсан цус гоожоод байхаар нь Гэмтлийн эмнэлэгт аваачиж оёдол тавиулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2434 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

“1. Д.Ишдэмбэрэлийн биед хацарт шарх, хацар, хамар, уруул, дал, чихэнд шарх, шалбаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

            4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 60-61 дүгээр хуудас/

 

            Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 64-65, 68-69 дүгээр хуудас/

 

            Л.Б-гийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүрэнхий болж байхад Булган аймгаас орж ирээд 10 дугаар хорооллын автобусны буудлын ард буугаад гэр лүүгээ алхаж явахдаа дэлгүүр орж нэг шил Хараа нэртэй архи авч шороон далан дээр суугаад ганцаараа уусан. Тэгээд цаашаа гэр лүүгээ алхаж байгаад 12 давхар Сити-18 дугаар байрны хажуугаар алхаж байгаад нилээн согтуу байсан болохоор бүдрээд уг байрны дулаан зогсоол руу өнхрөөд орсон. Тэгсэн жижүүр гээд эрэгтэй, эмэгтэй хоёр гарч ирээд намайг гар гэсэн. Намайг гарах гэж байхад тэр хоёр архичид дандаа энд цуглаж байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би гарлаа гэж байсан. Тэгээд би тэрнээс хойш юу ч санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь эрүүлжүүлэх байранд сэрсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 83-86 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Л.Б-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт  зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт хохирогч Д.Ишдэмбэрэлийн “Миний биед эмчилгээнд зориулсан төлбөрөө бүрэн авсан учир гомдолгүй” гэсэн хүсэлт, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нарантуяагийн “Сити-18 СӨХ-д төлөх камерын төлбөрийг бүрэн барагдуулсан нь үнэн болно. Өөр тооцоо байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 124-127 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хураагдсан зүйлгүй, Л.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлж, хор уршгийг арилгасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх”  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Л.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Л.Б-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн  түүний эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хураагдсан зүйлгүй, Л.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ