Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1387

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/01387

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Твин парк” цогцолборын хотхоны байранд байрлах “Твин парк” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Твин парк” цогцолбор хотхоны 102 байр, 602 тоотод оршин суух Түмэндэмбэрэлийн Зоригтбаатарт холбогдох

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд  1 177 900 төгрөг гаргуулахыг хүссэннэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр  сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Б.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

“Твин парк” хотхоны 102 дугаар байрны 602 тоотод оршин суугч буюу сууц өмчлөгч Т.Зоригтбаатар нь 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл нийт 19 сарын төлбөр, нийт 1 172 700 төгрөгийг /нэг сарын төлбөр 65 150 төгрөг/ төлөөгүй байгаа бөгөөд түүнд Иргэний хуулийн болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдсэн. Сууц өмчлөгч Т.Зоригтбаатар нь хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хүссэн, эс хүссэн ч хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно. 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Твин парк” цогцолборын нийт оршин суугчдын хурлын тогтоолоор сууц өмчлөгчдийн СӨХ-ны төлөх төлбөрийг 65 150 төгрөгөөр тогтоосон байдаг.

г

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэжээ. Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3 дахь хэсэгт “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж тус тус заасны дагуу орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт “Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.8, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Зоригтбаатараас 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл 19 сарын төлбөр 1 172 700 төгрөг, нотариатын зардал 5 200 төгрөг нийт 1 177 900 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг СӨХ-ны төлбөрт 497 094,5 төгрөгийн алданги гарч байгаа боловч нэхэмжлэлийн үнийн дүнд уг алдангийг тооцож оруулаагүй болно.

            “Твин парк” СӨХ-ны нэхэмжлэлтэй М.Зоригтбаатарт  холбогдох нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Твин парк” СӨХ нь хариуцагч Т.Зоригтбаатарт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд  1 177 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.   

Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 117 900 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                     

                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.                  .”Твин парк” СӨХ-ны  нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Зоригтбаатарт холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд  1 177 900 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32 820  төгрөгний  16 410   төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаас 16 410  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

             

 

ШҮҮГЧ                          Д.ХУЛАН