Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/518

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч С.А, А.Ц,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.А, А.Ц нарт холбогдох эрүүгийн 1711000220174 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 14ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1953 оны 11 сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны, Яргайтын 7-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Стайл салонд үсчин ажилтай, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 7-3 тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 01 сарын 7-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 14 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Яллагдагч С.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 6 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын 7 дугаар гудамжинд 9 настай Очирхүүг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, яллагдагч А.Ц нь 2017 оны 6 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын 7 дугаар гудамжинд 16 настай Б.Сүхбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ааас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Би 2017 оны 6 сарын 11-ний өдөр 17 цагийн үед Цэрэнчимэд, охин Цэрэнпил нарын хамт гэрлүүгээ харьж явсан юм. Гэтэл гудамжинд манай зээ хүү Алтаншагай 3 хүүхэд хашаанд шахаад зогсчихсон байсан. Тэгээд охин, хүү бид 3 машинаасаа буугаад очтол манай зээ хүү энэ гурван хүүхэд намайг зодчихлоо гээд уйлаад ирсэн. Тэгэхээр нь би тэр 3 хүүхдийн дундах хүүхдийг нь миний урдуур өнгөрөхөөр нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгээд бид 3 зээ хүүгээ аваад гэрлүүгээ явсан. Ийм л асуудал болсон юм..гэсэн мэдүүлэг /хх 51/

 

Шүүгдэгч А.Цээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Би 2017 оны 6 сарын 11-ний өдөр 17 цагийн үед аав Амарсайхан, эгч Цэрэнпил нарын хамт гэр лүүгээ харьж явсан юм. Гэтэл гудамжинд манай дүү Алтаншагайг 3 хүүхэд хашаанд шахаад зогсчихсон байсан. Тэгээд аав, эгч бид 3 машинаасаа буугаад очтол манай дүү ирээд энэ гурван хүүхэд намайг зодчихлоо гээд уйлаад ирсэн. Тэгэхээр нь би тэр гурван хүүхдийн дундах хүүхдийг нь барьж өгч байгаад дүү Алтаншагайгаар нүүр лүү нь цохиулсан. Тэгээд өөрөө том хүүхдийг нь саамдаж байгаад нэг удаа алгадсан.. гэсэн мэдүүлэг /хх 55-57/

 

            Насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбатаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би 2017 оны 6 сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед байхаа дүү Очиргарьд, Очирхүү нарын хамт худгаас ус авч байтал худаг дээр нэг хүүхэд усны шланкаар ус цацаад байхаар нь би болиоч гэж тэр хүүхдэд хэлчихээд усаа аваад гэрлүүгээ явсан. Бид нар явж байхдаа хөлбөмбөгийн бөмбөг урдаа өшиглөөд туугаад явж байсан. Тэгж байгаад Очиргарьд бөмбөгөө хол явчихаар нь нөгөө хүүхэд ойрхон байсан болохоор бөмбөг аваад өгөөч гэж гуйтал тэр хүүхэд нөгөө бөмбөгийг маань айлын хашаа давуулаад шидчихсэн. Тэгээд Очиргарьд тэр хүүхдийг дуудаад чи яаж байгаа юм бэ гээд хэлээд нөгөө айлын хашаа руу оруулж бөмбөгөө авахуулаад явах гэж байтал нөгөө хүүхэд Очиргарьд луу салаавч гаргаад май гэчихээд цаашаа зугтаасан. Энэ үед гудамжинд ах, ээж, өвөө гурав нь портер машинтай ирж таараад зогссон ба нөгөө хүүхэд ах, ээж, өвөө дээрээ гүйж очоод намайг энэ хүүхдүүд зодоод байна гэж худлаа хэлсэн..машин барьж байсан ах нь намайг заамдаж аваад боогоод чи яасан хэгжүүн юм бэ гээд гараараа нүд лүү цохиод мөргөж зодсон. Өвөө нь бол миний баруун гарын булчин луу нэг удаа гараараа цохисон. Тэр ах нь манай дүү Очиргарьдыг барьж байгаад дүүгээрээ нүүр лүү нь энийг цохь гээд цохиулаад байсан. Тэгээд байж байгаад Очирхүү гэрээс хүн дуудаад манай ээж ирээд салсан. Тэр хүүхдийн ах нь гээд Цэрэнчимэд гэдэг залуу надад гэмтэл учруулсан.. гэсэн мэдүүлэг  /хх 18-19/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Очиргарьдаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ..ах болон өвөө нар нь машинаас бууж ирээд бид нарыг бариад хашаанд тулгаж байгаад ах нь Сүхбат ахыг зодсон. Харин өвөө нь миний гэдэс лүү гараараа цохиод 2 удаа алгадсан. Мөн манай дүүг зугтаасан байхад нь очиж авчираад газар унагааж чирээд зодож байсан.. гэсэн мэдүүлэг /хх 22-23/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Очирхүүгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ..өвөө нь мөн ах нь Очиргарьдыг зодсон. Миний харснаар тэр өвөө нь манай ах Очиргарьдыг овгор шороон дээр гаргаад заамдчихсан байсан. Тэр хүүхдийн ах нь манай ах Сүхбатыг зодсон.. гэсэн мэдүүлэг /хх 26-27/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7739 тоот дүгнэлтэнд: ..Б.Сүхбатын биед баруун нүдний дээд доод зовхи алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэсэн дүгнэлт /хх 37/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7740 тоот дүгнэлтэнд: ..Б.Очиргарьдын биед  тархи доргилт, хүзүүнд зулгаралт, хүзүү зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.. гэсэн мэдүүлэг /хх 39/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7741 тоот дүгнэлтэнд : Б.Очирхүүгийн биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, хүзүү, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэсэн дүгнэлт /хх 41/

 

Шинжээс эмч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ..үзүүлэгч Б.Очирхүүгийн дүгнэлтэнд тусгагдсан баруун гуяны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Очиргарьдын хувьд тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Сүхбатын гэмтлийн хувьд хүзүүний зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нүдэнд үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн мэдүүлэг /хх 42-43/

 

Шүүгдэгч С.Аы иргэний үнэмлэхний лавлагаа /хх 60/,оршин суугаа газрын лавлагаа /хх-65/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68/, шүүгдэгч А.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 61/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар 2017 оны 6 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын 7 дугаар гудамжинд шүүгдэгч С.А нь 9 настай насанд хүрээгүй хохирогч Очирхүүг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч А.Ц нь 16 настай насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч нар өөр өөр этгээдэд гэмтэл учруулсан боловч нэг цаг хугацаанд, нэг газарт, нэг шалтгааны улмаас хамт явж байсан хохирогч нарыг тус тус барьж авч зодсон байх тул шүүгдэгч нарын үйлдлийг бүлэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.А, А.Ц нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч С.Аыг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч А.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ялын саналыг танилцуулж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.А, А.Ц нарыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.А, А.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.А А.Ц нарыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч А.Цэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А. А.Ц нарыг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, А.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.А, А.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүгдэгч С.А, А.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР