Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/508

 

 

 

 

 

 

   2022         05        12                                    2022/ШЦТ/508       

 

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

 Шүүгдэгч О.А,  түүний өмгөөлөгч О.А /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н

Улсын яллагч: Э.Б нар оролцсон эрүүгийн 2209000000536 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг, Хайрхандулаан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, яс үндэс Халх, боловсролгүй, мэргэжилгүй, Нью ворлд зочид буудалд үйлчлэгч ажилтай гэх, ам бүл 3, Эцэг, эхийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 2 дугаар баг, Нарт гэх газар оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч, одоогоор Улаанбаатар хот, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ч овогтой О.А

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью ворлд гэх” нэртэй зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд иргэн У.Э-ын түрээслэн авсан байсан 408 тоот өрөөнд цэвэрлэгээ хийх зорилгоор орж, улмаар хохирогч У.Э-ын тус өрөөнд үлдээсэн байсан “Реал ми 7” загварын хар саарал өнгийн гар утас болох эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 799.200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000000536 дугаартай хэргээс:

Хохирогч У.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

Д эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгийг хуулсан сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 28-30 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.А нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью ворлд гэх” нэртэй зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд иргэн У.Э-ын түрээслэн авсан байсан 408 тоот өрөөнд цэвэрлэгээ хийх зорилгоор орж, улмаар хохирогч У.Э-ын тус өрөөнд үлдээсэн байсан “Реал ми 7” загварын хар саарал өнгийн гар утас болох эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 799.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч У.Э-ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажилладаг “Н" зочид буудалд өөрийн нөхрийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тухайн өдөр манай нөхөр, нөхрийн цэргийн найз Мөнхбаяр манай үеэл эгч Үүрцайх, эгчийн нөхөр Мажаачим нар байсан. Тэгээд доод талд байрлах караокед орж дуулчхаад маргааш нь ажилтай байсан учраас нөхөр бид хоёр захиалсан 408 тоот өрөөндөө орж хоёулаа унтаж амарсан. Манай нөгөө гурав, 3 давхарт байрлах 306 тоот өрөөнд орж амарцгаасан. Би “Н” зочид буудалд гоо сайханчаар ажилладаг болохоор өглөө сэрээд доошоо ажил руугаа орсон. Намайг ажилдаа орсны дараа нөгөө хэд 306 тоот өрөөг цэвэрлүүлээд, 408 тоот өрөөнд бөөндөө сууцгааж байсан. “... би  А гэж үйлчлэгчээс эгчийнхээ гар утсыг харсан уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би зохион байгуулагчтай ярьж байгаад хяналтын камер шүүлгэсэн. Тэгтэл 408 тоот өрөөнд эхлээд А гэдэг үйлчлэгч охин орчхоод байж байгаад өрөөнөөс гарч ирээд дараа нь угтагчийг дуудсан байна лээ. Уул нь эхлээд угтагч өрөөг хүлээж авсны дараа үйлчлэгч нар өрөөг цэвэрлэдэг юм. Гэтэл А эхэлж орж ирээд өрөөнд орчхоод байж байгаад угтагчийг дуудсан. Өөр хүн огт тэр өрөөнд ороогүй байна лээ. Би тэгээд анкетен дээрээс дугаарыг нь харж байгаад А гэх охин руу залгаад утас өгчих би шагналыг нь өгнө гэж хэлэхэд А хараагүй үгүй, гээд байсан, тэгэхээр нь би цагдаад мэдэгдье гэж хэлээд утсаа тасалсан. “...Миний алдсан гар утас “Реал ми 7” загварын хар саарал өнгийн ар тагтай гар утас байсан. Онцлог содон гэхээр шинж байхгүй, тунгалаг өнгийн Резинэн кейстэй байсан, ямар нэгэн зураас, сэв байхгүй байсан, Би гар утсаа 2021 оны 10 сард Сайн электрониксоос 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утсаа одоо анх авсан үнээрээ үнэлнэ...” гэсэн мэдүүлэг,

Хяналтын камерын “...2022.03.05-ны өдрийн 15:03:00 цагаас бичлэг эхлэх бөгөөд бичлэгт коридорт буудлын үйлчлэгч О.А нь цэвэрлэгээний тэргийг коридорын дунд хэсэгт байрлуулан тавьсан ба 408 тоот өрөө рүү ганцаараа цэвэрлэгээний ямар нэг эд зүйлгүй орж байж байгаад 15:04:01 цагт өрөөнөөс хальт цухуйгаад буцаж ороод 15:04:03 цагт өрөөнөөс гарч ирж байгаа нь бичигдсэн байх бөгөөд 408 тоот өрөөнд өөр хэн нэгэн орж байгаа бичлэг байхгүй, өрөөнөөс гарч ирээд коридорт цаад үзүүрт зогсож байгаад коридороос лифтэнд сууж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл,

Д хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “...үнэлэгдэж буй хөрөнгө нь 799.200 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч О.А-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч У.Э-ын өмчлөлийн эд хөрөнгө болох эд зүйлсийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 Иймд шүүгдэгч О.А-д Сүхбаатар дүүргийн Прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.А-г гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: шүүгдэгч О.А-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүх О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч О.А нь Реал ми 7” загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-25/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ч овогтой О.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч О.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН