Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/705

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Хохирогч Г.А,

Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Н.О-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт О- гийн Т- д холбогдох эрүүгийн 1806034810000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .................. өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнсний нярав мэргэжилтэй, ............ ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ............. 0000 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД: /, Б овогт О- гийн Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч О.Т- нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш Плаза” төв дотор иргэн Г.А-тай 1 жилийн хугацаатай 1.600.000 төгрөгийг хүүгүй зээлэх гэрээ байгуулан, өөрийн автомашинаараа буузны борлуулагчаар ажиллахаар тохирсон боловч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Г.А-ыг хуурч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Т-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч О.Т- нь иргэн Г.А-д өөрийн хөргүүртэй машинтай, уг машинаар бууз борлуулж өгнө, машинаа барьцаанаас авах, засахад 1.600.000 төгрөг хэрэгтэй гэж хэлж, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш Плаза” төв дотор иргэн Г.А- нь 1 жилийн хугацаатай 1.600.000 төгрөгийг хүүгүй зээлэх гэрээ байгуулан авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч О.Т- шүүх хуралдаанд өгсөн: “...Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Надад нэг ах машин байгаа чи авбал аваарай, Банк бус санхүүгийн байгууллагад байгаа гэсэн. Би уг нь тэр машиныг аваад Г.А-ын буузыг борлуулж өгнө гэж бодсон. Гэхдээ тэр ахтайгаа холбогдож чадаагүй, машин нь хаа байсныг мэдэхгүй. Мөнгийг нь бага багаар үрээд дуусгасан...” гэв.

         Хохирогч Г.А- шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр О.Т- нь надтай зарын дагуу холбогдож ирсэн. Би түүнд өөрөө машинтай байх хэрэгтэй гэж хэлэхэд Т-  “надад машин байгаа, гэхдээ аккумлятор хэрэгтэй байгаа, бага зэрэг засвар үйлчилгээ хийх хэрэгтэй, бас банк бус санхүүгийн байгууллагад 1 сая 200 мянган төгрөг төлнө, нийлээд 1 сая 600 мянган төгрөг гаргаж өгөх юм бол борлуулалтын ажлыг хиймээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Т- д хүүгүй мөнгө зээлнэ гээд 3 дугаар сарын 6-ны өдөр Ш зах дээр очиж мөнгө өгч, гэрээ байгуулсан. Үүнээс хойш Т намайг залгахад утсаа авахгүй байж байгаад нэг удаа ирж уулзсан. Тухайн үед нэг хөргөгч авч ирчихээд “түр барьцаанд тавиад зээлсэн мөнгөө өгнө” гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш Т надтай дахин уулзаагүй. Би энэ хэргээс болж зөндөө хохирсон гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын дундуур борлуулагч ажилд авна гэсэн зарын дагуу О.Т- гэдэг залуу ирсэн бөгөөд цалингаа 5 кг тутамд 2000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Түгээлтэнд явахад амбаартай машин хэрэгтэй тул машинаа засварлах санхүүжилт олгож өгөөч гэсний дагуу 1.600.000 төгрөгийг хүүгүй зээлэх гэрээ байгуулсан. Үүнээс хойш Т-  нь манай цех дээр хоёр удаа ирсэн боловч машинаа засуулж амжаагүй, хүнд зодуулаад хавиргаа хугалсан гэсэн шалтгаанаар 7 хоногийн чөлөө авсан. 10 хоногийн дараа машинаа янзлуулж чадаагүй гэж ирсэн учир би зээлийн гэрээгээ өөрчлөн барьцаатай хийе гэхэд өөрийн эхнэр Ш овогтой Э гэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн БГД, 9-р хороо Горькийн 0000 тоот хаягт байрлалтай цагаан хуудас авчирч ирэхэд би газрын гэрчилгээ биш болохоор барьцаанд авах боломжгүй учир буцаасанТүүнээс хойш залгахад миний утсыг авахгүй, өөр дугаараас залгахад авчихдаг байсан ба барьцаанд тавих хөлдөөгчийг хөдөөнөөс автобусаар авч ирж чадахгүй байна, Хэнтий аймагт мал туугаад явж байна, хотод очоод малаа зараад мөнгийг чинь өгье гэхчлэн шалтгаан хэлдэг байсан. О.Т- нь мөнгө авсан цагаасаа хойш банк бусаасаа машин чөлөөлж авч чадаагүй байна, манай эгч банк бус дээр өөрийн нэр дээрээ тавьсан учраас чөлөөлж авч болоогүй, Манжур руу аялалд явсан байгаа, ирэхээр нь машинаа аваад очъё, машиндаа засвар үйлчилгээ хийж байна гэдэг байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хамтран ажилласан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 52 тал/” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай “Вишн Фанд” ББСБ-д Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2019.03.26-ны өдөр 0000 дугаартай албан тоот ирүүлсэн. Үүний дагуу “Вишн Фанд” ББСБ-ийн дотоод марс программд О- гийн Т- гийн регистерийн дугаар болон нэрээр нь шүүж үзэхэд манай байгууллагаас ямар нэгэн зээл авч байгаагүй, бүртгэлд нэр нь байхгүй байсан. Мөн 0000 улсын дугаартай ямар нэгэн автомашин барьцаанд байгаа эсэх талаар шүүж үзэхэд бүртгэлгүй байсан. Ингээд манайд ямар нэгэн бүртгэлгүй байсан учраас 2019 оны 3 дугаар сарын 28-ны 0000 дугаартай албан тоотыг хүргүүлсэн. Манайд Т-  нь ерөөсөө барьцаанд эд зүйл тавиагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

 

 Шүүгдэгч О.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сард иргэн А-тай буузны бизнес буюу бууз түгээх ажил дээр хамтран, хамтарч ажиллахдаа өөрөө машинтай, түүнийг засварлаж байгаад хамтран ажиллана гэж худал хэлж урьдчилгаа 1.600.000 төгрөг авч гэрээ байгуулсан. Ингээд А-аас авсан 1.600.000 төгрөгийг машиндаа зарцуулалгүй өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаад дууссан. ...Ажил хийе гэж бодсон боловч болоогүй юм. Тэгээд мөнгө нь бага багаар үрэгдэж явсаар байгаад дуусчихсан юм. 0000 дугаартай серийн дугаарыг нь мэдэхгүй машин байсан. Уг машин нь одоо нэрийг нь санахгүй ямар ч мэдээлэл байхгүй хүнээс 0000 дугаартай цэнхэр өнгийн “Хьюндай пронтер” маркийн автомашин авахаар ярьчихсан юм. Тэгээд таньдаг нэрийг нь мэдэхгүй, таньдаг ахаас гуйж байгаад барьцаанд тавиулсан юм. Тэр ахын талаар одоо ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээд “В” ББСБ-д барьцаанд тавьсан гэж сонсоод тэгж хэлсэн юм. “В” ББСБ-д барьцаанд тавиагүй, анх цагдаад баригдахдаа худлаа зохиогоод “В” ББСБ-д барьцаанд тавьсан гээд хэлчихсэн юм ... Бусдад худал хэлж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн маань миний буруу, Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 57 тал/ гэх мэдүүлэг,

 

 “В” банк бус санхүүгийн байгууллагын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаартай албан бичигт “...О-  овогтой Т-  болон Хьюндай Пронтер” маркийн 0000 улсын дугаартай машин бүртгэлгүй байгааг тодорхойлов...” гэх /хх-ийн 32 тал/ албан бичиг зэрэг нотлох баримтуудаар хамаарна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор О.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19, 34 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 35 тал/,  эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 37 тал/, хохирол 200.000, 800.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч О.Т- нь өөртөө машин байхгүй атлаа надад хөргүүртэй машин байгаа, буузны борлуулалт хийх боломжтой гэж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Г.А-аас 1.600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хохирогчид 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.Т-гийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш Плаза” төв дотор иргэн Г.А-тай 1 жилийн хугацаатай 1.600.000 төгрөгийг хүүгүй зээлэх гэрээ байгуулан, өөрийн автомашинаараа буузны борлуулагчаар ажиллахаар тохирсон боловч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Г.А-ыг хуурч залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, О.Т-г “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Г.А- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан 1.600.000 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 800.000 төгрөг, шүүх хуралдаанд 200.000 төгрөг авсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-гээс төлөгдөөгүй хохирол 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Т- нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Т- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Т-д тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт О- гийн Т- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Т- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Т-гээс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д олгосугай.

 

5. Шүүгдэгч О.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА