Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2015/0479

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн С- аймгийн Е- сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын MV-00000дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан талбайтай давхцалтай гэсэн үндэслэлээр кадастрын бүртгэлд бүртгэн авч үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хязгаарласан болно.

Иймд ашигт малтмалын ашиглалтын MV-00000дугаартай тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж цуцалсан Геологи, Уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаар шийдвэрийн Б- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нөхөх олговор авах боломжоор хангасан шийдвэрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар Б- ХХК нь 3512А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой боловч уг хугацаанд төлбөрөө төлөөгүй нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаар цуцлагдах үндэслэл бүрдсэн байна.

Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолууд гарахаас өмнө буюу 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дээрх шалтгаанаар цуцлагдсан тул Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй болно.

Иймд Б- ХХК-иас гаргасан ашигт малтмалын ашиглалтын 3512А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 451 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаар шийдвэрийн Б- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нөхөх олговор авах боломжоор хангасан шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие Ж.Батмагнай энэ хэрэгт Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон ба Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6/116 дугаартай тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх чөлөөг надад олгосон бөгөөд залгуулан 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн.

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг тус хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаярт хүлээлгэн өгсөн боловч Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байдал бий болсныг шүүхэд утсаар мэдэгдсээр байтал хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагаанд Төрийн захиргааны байгууллагыг төлөөлж оролцох боломжийг олголгүй шүүх хурлыг хийсэн нь манай байгууллагын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байна.

Нэхэмжлэгчээс 2012 онд нөхөх олговор авах хүсэлтийг ирүүлэхээс өмнө уг тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дэх жилийн төлбөрийг 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор урьдчилан төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Б- ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын 3512А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий захиргааны акт байтал шүүх тусгай зөвшөөрлийг цуцлахдаа мөн хуулийн 56 дугаар зүйлийг 56.1.3-т заасны дагуу цуцлах ёстой байжээ гэж дүгнэсэн нь буруу байна.

Уг тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 6/5743 тоот мэдэгдлийг Б- ХХК нь хүлээж авснаа болон энэ мэдэгдэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл дурдсан үндэслэлийг зөвшөөрөхгүй байх нотлох баримтаа ирүүлээгүй болохоо нэхэмжлэгч шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч байгаагаа нотлож тайлбарласан байхад шүүх анхаарч үзээгүй байна.

Дээрх мэдэгдлийг хүлээж авсны дараа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаар шийдвэрээр ашиглалтын 3512А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэснийг нэхэмжлэгч мэдсээр байсан ба уг шийдвэрт гомдлыг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй атлаа 5 жилийн дараа тусгай зөвшөөрлийг сэргээн, нөхөх олговор авах нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг гэж заасан байна. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тусгай зөвшөөрлөө цуцлуулсан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн өөр урт нэртэй хуулийн хилийн заагт хамрагдсан 8553А тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2012 онд нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын газарт ирүүлэх хүртлээ төлж ирсэн атлаа маргаан бүхий тусгай зөвшөөрлийг урт нэртэй хуульд хамрагдсан тул төлөөгүй гэсэн нь ойлгомжгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Түүнчлэн урт нэртэй хуулийн хилийн заагт хамрагдсан бусад тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигч нараас нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын журамд зааснаар ирүүлэх хүртлээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн болон ихэнх тусгай зөвшөөрлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа байдалд бүрэн гүйцэд дүгнэлтийг шүүх гаргаагүй байна.

Гэтэл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайх ашиглахыг хориглох тухай хууль нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдан мөрдөгдөж байгаа ба энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хилийн заагийг батлах тухай журам нь Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан нь урт нэртэй хууль гарснаас хойш даруй 2 жил 1 сарын дараа, мөн энэ хуулийн 4.6 дахь хэсэгт заасан нөхөх олговор олгох журам нь Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан нь урт нэртэй хууль батлагдсанаас даруй 1 жил 3 сарын дараа үйлчилж эхэлсэн болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

Хариуцагчаас Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаар шиийдвэрийг нэхэмжлэгч Б- ХХК-ийн хаягаар хүргүүлсэн болон хүлээн авсан эсэх талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх нь Засгийн газрын 2008 оны 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Засгийн газрын 2005 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн нотлох баримтыг гаргуулаагүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ шүүх биелүүлээгүй байна.

Дээрх хүчингүй болсон Засгийн газрын 2005 оны 34 дүгээр тогтоолоор баталсан журмын 1.2-т Энэхүү журамд Шуудангийн тухай хуулийн 23.1-д зааснаас гадна гаалийн болон тээврийн байгууллагын аюулгүй байдлын шалгалтын явцад шуудангаар илгээхийг хориглосон зүйл агуулсан байж болзошгүй нь илэрсэн илгээмж хамаарна гэж заасан байх ба Шуудангийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хаяггүй буюу хаяг дутуу бичигдсэнээс хаягийг тодорхойлох, хаягт заасан этгээдийг тогтоож, зохих эзэнд нь хүргэж гардуулах боломжгүй шуудангийн илгээмжийг хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж гэнэ гэж зааснаас үзвэл хаяггүй буюу дутуу бичигдсэн шуудангийн илгээмжид хамааралтай зохицуулалт байхаас биш Б- ХХК-ийн хаягаар хүргүүлсэн шуудангийн илгээмжид хамаарахгүй зохицуулалт байгааг анхаарч үзээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгчээс манай эзэмшлийн MV-00000тусгай зөвшөөрлийг ...нөхөн олговор авах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад оруулсан, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан талбайтай давхцалтай гэсэн үндэслэлээр кадастрын бүртгэлд бүртгэн авч үйл ажиллагааг хязгаарласан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр энэхүү тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн 2010 оны 977 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нөхөн олговор авах боломжоор хангасан шийдвэр гаргуулах гэж, хариуцагчаас ...тус компанийн эзэмшилд байсан MV-00000дугаартай тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2011 оны Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоол, 2012 оны Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолууд гарахаас өмнө цуцлагдсан... хэмээн маргажээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан ...Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заажээ.

Хариуцагч Ашигт малтмалын газраас 2011 оны 5-7346 дугаар Нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх тухай албан бичгийг[1] нэхэмжлэгч Б- ХХК-д, 2012 оны 1-1764 Тодорхойлолт хүргүүлэх тухай[2] Сангийн яаманд хүргүүлсэн албан бичгийн хавсралтад нөхөн олговор авах аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтын 47-д Б- ХХК-ийн МҮ003512 дугаар тусгай зөвшөөрлийн нөхөн олговор авах материалыг 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч баталгаажуулж байсан зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий актыг хууль зүйн хүчинтэй гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан албан бичгүүд, Тусгай зөвшөөрлийн эх хувь хүлээн авсан тухай акт[3]зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн MV-00000тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан 2009 оны 977 дугаар шийдвэрээ хариуцагч өөрөө үгүйсгэжээ.

Иймд анхан шатны шүүх хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн нөхцөлд нэхэмжлэгчийн эзэмшлийн MV-00000дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 977 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгож, нөхөн олговор авах боломжоор хангасан шийдвэр гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 6/5743 тоот мэдэгдлийг Б- ХХК нь хүлээж авсан, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэлд дурдсан үндэслэлийг зөвшөөрөхгүй талаарх нотлох баримтаа ирүүлээгүй..., тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэснийг нэхэмжлэгч мэдсээр байж уг гомдлыг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй атлаа 5 жилийн дараа тусгай зөвшөөрлийг сэргээн, нөхөх олговор авах нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, дээр дурдсанчлан маргаан бүхий тусгай зөвшөөрлийн тухайд хариуцагчаас нэхэмжлэгч болон холбогдох төрийн захиргааны байгууллагад нөхөн олговор олгуулахаар албан бичиг хүргүүлж байсан, түүнчлэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагт хамрагдсан гэх үндэслэлээр маргаан бүхий тусгай зөвшөөрлийн эх хувийг Уул уурхайн судалгааны хэлтсээс 2012 онд хүлээн авснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байхын зэрэгцээ Ашигт малтмалын газрын 2010 оны баримт бичиг хүлээлцэх дэвтэрт Б- ХХК-д явуулсан 2010 оны 6/5743 тоот албан бичгийг хүлээн авсан эсэх талаар тэмдэглээгүй, хариуцагчаас хуульд зааснаар мэдэгдэх үүргээ хэрхэн хэрэгжүүлснээ нотолж чадаагүй байна.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангасан, хариуцагчийг төлөөлсөн ажилтанд итгэмжлэл гаргуулан ирэх, хавтаст хэрэгтэй танилцах боломжийг олгосон[4]байх боловч хариуцагчаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар төлөөлөгчөө томилж ирүүлээгүй, түүнчлэн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар, нотлох баримтыг гаргаж байсныг харгалзан шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Төрийн захиргааны байгууллагыг төлөөлж оролцох боломжийг олголгүй шүүх хурлыг хийсэн нь манай байгууллагын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байна гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 90 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас

 Энхт