Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 19

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэл /дарга С.Э/-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: ОАБӨСЗДТГД Ш.Ө-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАБӨСЗДТГД Ш.Ө-ын “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэлийг Хамтын гэрээнд бүртгэхээс татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, тус Үйлдвэрчний эвлэлийг Хамтын гэрээнд бүртгэхийг түүнд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй 119/2020/0011/з тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, гэрч Ж.М, Б.Б, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэл /дарга С.Э/-ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Э” ТӨҮГ-ын ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны харъяа Үйлдвэрчний эвлэлийн холбооны  үйл ажиллагаанд ажилчид хангалтгүй гэсэн үнэлгээ өгч, цаашид үйлдвэрийн газрын ажилчдын эрх ашгийг хамгаалах үүднээс “Э” ТӨҮГ-ын “Э” үйлдвэрчний эвлэлийг үүсгэн байгуулж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.  

Тус Үйлдвэрчний эвлэлд сайн дураараа одоогоор 1000 шахам ажилтан гишүүнээр бүртгүүлсэн. Дээрх ажилтнууд нь “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гарах хүсэлтээ бичгээр өгснөөр шууд гарах эрх нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхол хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй” заалт, 3.2 дахь “Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн манай үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элссэн болно.

Улмаар бидний зүгээс “Э” ТӨҮГ-ын “Э” үйлдвэрчний эвлэлийг бүртгүүлэхээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г-д хандсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/45 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр бүртгэж авахаас татгалзсан.

Бид тус албан бичгийг хүлээж авсан даруйдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3.1.9 дэх заалтын дагуу Орхон аймгийн Засаг дарга Д.Б-д албан бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/637 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр мөн адил хариуг өгсөн.

Иймд ОАБӨСЗДТГД Ш.Ө-ын “Э” ТӨҮГазрын “Э” Үйлдвэрчний эвлэлийг хамтын гэрээнд бүртгэхээс татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, тус Үйлдвэрчний эвлэлийг “Хамтын гэрээ”-нд бүртгэхийг ОАБӨСЗДТГД Ш.Ө-т даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАБӨСЗД Д.Ө нь “Э” ТӨҮГ-ын “Э” үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээнд бүртгэхээс татгалзах захиргааны актыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын утга нь “Э” ТӨҮГ-ын ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Монгол үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх харъяа үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагаанд ажилчид хангалтгүй гэсэн дүгнэлт өгч цаашид үйлдвэрийн газрын эрх ашгийг хамгаалах үүднээс “Э” ТӨҮГ-ын дэргэдэх “Э” үйлдвэрчний эвлэл нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай үйлдвэрчний эвлэл нь одоогийн байдлаар 1 000 орчим гишүүд элсэн орсон байгаа. Дээрх 1000 гаруй ажилчид нь “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гарах хүсэлтээ бичгээр өгснөөр шууд гарах нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй гэсэн заалтуудыг тус тус үндэслэн манай үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элссэн болно. Улмаар бидний зүгээс “Э” ТӨҮГ-ын “Э” үйлдвэрчний эвлэлийг хамтын гэрээнд бүртгүүлэхээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г-д хандсан боловч 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 3/45 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн. Энэ албан бичигт ямар нэгэн хуулийн зүйл заалт бичилгүйгээр танай ажилчдын тоо зөрүүтэй байгаа учраас хамтын гэрээнд бүртгэхээс татгалзаж байна гэсэн хариу мэдэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа буюу Орхон аймгийн Засаг дарга Д.Б-д өргөдөл гаргасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 01/637 албан бичгээр Орхон аймгийн Засаг дарга Д.Б Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу үүнийг тухайн сумын Засаг дарга хариуцах учраас шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. Үүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, ТГД Ш.Ө нь “Э” ТӨҮГ-ын “Э” үйлдвэрчний эвлэлийг хамтын гэрээнд бүртгэхээс татгалзсан. Иймд тус актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй яваад байх шиг байна. Бид нар үйлдвэрчний эвлэл бүртгэнэ үү, байна уу, хэдэн гишүүнтэй байна гэх талаар огт яриагүй. Энэ захиргааны акт Захиргааны ерөнхий хуулинд заасан шаардлага хангасан уу, хууль зүйн үндэслэл байна уу гэдэг талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа тайлбар нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй зүйл ярьж байна. Захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна гэж үзэж байгаа” гэв.

Хариуцагч ОАБӨСЗДТГД Ш.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь өөрийн оршин байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргэнэ” гэж заасны дагуу хамтын гэрээг хянан бүртгэдэг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар  хамтын гэрээг хянан хууль, тогтоомжид нийцээгүй бол бүртгэхээс татгалзах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. “Э” ТӨҮГ-ын “Э” үйлдвэрчний эвлэлийн нэхэмжилж буй “...Э үйлдвэрчний эвлэлийг хамтын гэрээнд бүртгэхээс татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, тус үйлдвэрчний эвлэлийг хамтын гэрээнд бүртгэхийг даалгах тухай” гэх нэхэмжлэлийн шаардлага нь Засаг даргын Тамгын газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг бус байна. Учир нь хамтын гэрээг бүртгэхээс бус хамтын гэрээнд бүртгэх үйлдлийг манай байгууллага гүйцэтгэдэггүй болно.

Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1.”Э” үйлдвэрчний эвлэлийг үүсгэн байгуулагч нь гэрчилгээнд нь  дурьдсанаар 8 хүн байдаг. Эдгээр хүмүүс “Э” ТӨҮГ-тай хөдөлмөрийн харилцаатай эсэх нь тодорхойгүй. Шүүгчийн захирамжийг хүлээн авч судалж үзсэнээр “Э” үйлдвэрчний эвлэл нь манай холбоонд 2019.03.21-нд 11 тоот бичиг ирүүлэхдээ 1000 гаруй гишүүнтэй гэж, 2019.4.30-нд 31 тоот бичиг ирүүлэхдээ 712 гишүүнтэй гэж, ”Э” ХХК-ний захиргаанд 2019.03.18-нд 18 тоот бичиг хүргүүлэхдээ 2000 гаруй гишүүнтэй гэж, 2019.06.24-нд 44 бичиг хүргүүлэхдээ 867 гишүүнтэй гэж тус тус мэдэгджээ. Энэ байдлаас үндэслэж “Э” ХХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсээс манай Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 2019.04.01-нд 111/66 тоот бичиг ирүүлж танай Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гишүүнээс гарсан ажилчдын талаар хариу ирүүлэхийг хүссэн.Энэ дагуу манай Холбоо нь өөрийн гишүүн бүх анхан шатны ҮЭ-ийн хорооддоо хандаж лавлахад албан ёсоор өргөдөл, хүсэлтээ өгч Үйлдвэрчний эвлэлээс гарсан гишүүн байгаагүй. Үүнээс хойш ч ажилчид манай холбоонд нэгдэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс гарсан явдал бий болоогүй. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан Хамтын гэрээнд хамтран орох нөхцлийг “Э” үйлдвэрчний эвлэл хангаагүй. Түүнчлэн Хамтын гэрээний төсөл, санал солилцох, уг гэрээнд туслах асуудлын талаар эдийн засаг болон бусад судалгаа тооцоо гаргах, хамтын хэлэлцээ хийх, гэрээ байгуулах аль ч шатанд тэд оролцоогүй, оролцох ч хууль зүйн боломжийг хангаагүй.

2. Харин ийм байдалтай байсан атлаа “Э” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг 2019 оны 12 дугаар сарын 25-нд ёсчлогдохоос өмнө, хэлэлцээний шатанд байхад нь 2019.11.12-нд 55 тоот, 2019.12.23-нд 58 тоот бичгээр Баян-Өндөр сумын Засаг даргад Хамтын гэрээг бүртгэхгүй байх талаар мэдэгдэл хүргүүлж байсан нь Хамтын гэрээнд саад учруулах гэсэн, “Э” ТӨҮГ-ын нийт ажиллагсдын эрх ашгийг эсрэг үйлдэл гэж ойлгогддог. Энэ байдал нь “Э” үйлдвэрчний эвлэл гэгч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1-д заасан Үйлдвэрчний эвлэлийн үндсэн шинжийг хангахгүй байна гэж бид үздэг.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Хамтын гэрээ нь  нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба 2020.01.06-нд ийнхүү бүртгэгдсэн. Засаг даргын Тамгын газар гэрээг бүртгэхдээ хуульд тогтоомжид харшилж байгаа эсэх агуулгыг хянахаас биш Хамтын гэрээ байгуулсан оролцогчдыг хасах, гэрээнд оролцоогүй этгээдийг нэмж бүртгэх эрх хэмжээ угаасаа байхгүй.

4. “Э” үйлдвэрчний эвлэл гэгчийн эрх зүйн байдал болон энэ тайлбарт дурьдсан баримт байдлын талаарх нотлох баримт сэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулах, гаргах, өөрсдөө олж авах боломжгүй баримт бичгийг хуульд заасан журмаар шүүхээр гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх болно. Эдгээр ажиллагааны явцад шаардлагатай гэж үзвэл Бие даасан шаардлага гаргаж хэрэгт оролцоно. Нэхэмжлэл хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Э” үйлдвэрчний эвлэл, мөн “Э” ТӨҮГ-т бүртгүүлсэн 29 хороо нь бүгд хуулийн этгээдийн эрхтэй. Улсын бүртгэлийн хуулийн дагуу бүртгэгдсэн, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан субъект байгаа. “Э” ТӨҮГ нь 2019 оны Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор “Э” ТӨҮГ-ын газар болсон байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эрх зүйн байдлын тухай асуудал нилээн хөндөгддөг. Би энэ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг гайхаж байна. Үйлдвэрчний эвлэлийнхээ гэрчилгээг шүүхэд гаргаж өгөөд манайх хууль ёсных гээд яриад байдаг. Гэтэл нэхэмжлэлийг хуулийн этгээдийн нэхэмжлэл гэж үзэх боломж муутай. Гэтэл энэ нэхэмжлэл нь С.Э гэдэг хүний нэхэмжлэл, нэхэмжлэл нь ямар ч тамга, тэмдэг, дугаар гэж байхгүй. Ийм учраас энэ нэхэмжлэлийг “Э” үйлдвэрчний эвлэлийн нэхэмжлэл гэж үзэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан энэ хамтын гэрээний асуудал дээр “Э” үйлчилгээний газар гэж энэ хүмүүс томъёолж хэлээд байна. Тийм бүртгэл байхгүй. Бид нар өнөөдөр тодорхой хууль, тогтоомжоор зохицуулагдсан ийм асуудлын хүрээнд энэ асуудал яригдаж байгаа. “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо нь энэ хэрэг маргаан дээр яагаад гуравдагч этгээдээр оролцоод байгаа юм бэ гэхлээр нэхэмжлэгч талын оролцох гээд байгаа хамтын гэрээний нэг тал болж оролцсон байгаа. “Э” үйлдвэрчний эвлэл 2019 оны 2 дугаар сарын 2-нд 8 хүн үүсэн байгуулснаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Уг үйлдвэрчний эвлэлийг байгуулж байсан хурлын тэмдэглэл байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хууль тогтоомжоор хэдэн хүнтэй байгуулж болно гэж заагаагүй учраас 8 хүнтэй үүсгэн байгуулагдсанг үгүйсгэсэн зүйл байхгүй. Гэтэл “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо яаж үүсгэн байгуулагдсан бэ гэдгийг эрх зүйн байдлын хувьд сонирхох ёстой. Хурлын тэмдэглэлд байгаа. Үйлдвэрчний холбоо эрх зүйн байдлын хувьд сонирхох ёстой. “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаад 45 жил болж байгаа. Бид 29 үйлдвэрчний эвлэлийн хороонд та бүхний гаргасан хүсэлт, нэхэмжлэлийг танилцуулж, энэ “Э” үйлдвэрчний эвлэлд орохоор хэдэн гишүүн өргөдлөө өгч гарсан бэ гэдэг лавлагааг авсан. Танай үйлдвэрчний эвлэл байгуулагдаж байх үед 7 754 гишүүнтэй, танайхыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеэр 7 787 гишүүнтэй байна. Үүнээс гуравхан хүн л үйлдвэрчний эвлэлээс гарах хүсэлтээ өгсөн байдаг. Ч гэдэг хүн би ажил олгогчийн төлөөлөл болсон учраас үйлдвэрчний эвлэлээс гарлаа, Х.Б гэдэг хүн энэ эвлэл надад таалагдахгүй байгаа учраас гарлаа, М гэдэг хүн би энэ үйлдвэрчний эвлэлд татвар төлөхгүй учраас гарлаа гэсэн гурван хүсэлт ирсэн. Тэгэхлээр танай “Э” үйлдвэрчний эвлэл 1 000 гаруй гишүүнтэй гэдэг нь үндэслэлгүй юмаа. Танай гишүүдийн татварын 0,5 хувиар төлөхийг зөвшөөрч байна гэсэн бичиг бий. Үүнд 234 хүн байдаг. “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос татгалзсан гэдэг жагсаалт байгаа үүнд 292 хүн байдаг. 2019 оны 6 дугаар сарын 24-ний 44 дүгээр албан бичгээр Б захиралд бичиг хүргүүлсэн байдаг. Үүн дээр 867 гишүүнтэй гэж бичсэн байна. 2019 оны 3 дугаар сарын 18-ны 07 дугаартай албан бичгээр Х.Б захиралд албан бичиг өгсөн байна. Үүн дээр 2 000 орчим гишүүнтэй гээд бичсэн байна. 2019 оны 4 дүгээр сарын 30-нд Т даргад бичиг өгсөн байна. Үүнд 712 гишүүн танайхаас татгалзаж манайд элссэн гэсэн бичиг өгсөн байгаа. 2019 оны 3 дугаар сарын 20-нд Т даргад бичиг өгөхдөө 1 000 гишүүнтэй гэж бичиж өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны 31 дугаартай бичгээр 708 гишүүнтэй гэсэн бичгүүдийг өгсөн байдаг. Үүнээс харахад танай гишүүнчлэлийн тухай 8 илэрхийлэл байна. “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо нь өөрөө 200 хэдэн заалттай том дүрэмтэй. Үүнд олон удаагийн хурлаар өөрчлөлт орсон байдаг. Үүгээр гишүүнээс гарах, гишүүнд элсэх эсэх асуудал нь зохицуулагдсан. Бид “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд цахим батлах олгосон баримтыг хэрэгт өгсөн байгаа. Тэр цахим баримтанд гишүүнчлэлийн байдал, хувийн мэдээлэл, дотоод ажлын мэдээлэл, танин мэдэхүйн мэдээлэл гэх мэт өчнөөн зүйл агуулсан байдаг. “Э” үйлдвэрчний эвлэл өөрийнхөө гишүүнчлэлийг тодорхойлохдоо өөр үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс компаничилсан байдлаар гарын үсэг цуглуулаад тодорхойлох юм уу эсхүл би өмнө байсан үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнээс хаслаа гэсэн бичгийг авчихаад танайд элсье гэж хүсэлтээ гаргаж элсэх үү. Мөн танай гишүүнчлэл гээд байгаа жагсаалтын агуулгыг харахаар дандаа халтуурын асуудал байдаг. Гишүүнчлэлийн татварыг 0,5 хувиар татвар төлөхийг зөвшөөрч байна уу, татварыг багасгахыг зөвшөөрч байна уу гэсэн агуулгатайгаар гарын үсэг цуглуулсан байдаг. Үүнийг бид судалж үзэхэд ажлын завсарлага, хооллох газар гарын үсэг зуруулж авсан байдаг. “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос татгалзсан гээд байгаа 292 хүн чинь бүгд “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд байгаа. Тийм учраас гишүүнчлэл байгаа зүйл чинь үндэслэлгүй. Хамтын гэрээнд оролцох, оролцооны тухай асуудал байна. Энэ тухай та нар Х.Б захиралд бичиг өгөөд үүнд нь Х.Б захирал хариу өгсөн байсан. Энэ байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал хамтын гэрээнд хамтарч оролцоно гэсэн зарчмаар та нар хоорондоо ярилцаж тохиролц гэсэн байдаг. Энэ нь Олон улсын конвенцоор зохицуулагдсан байгаа. “Э” ТӨҮГ нь “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээ нь ямар учиртай юм бэ. Энэ хамтын гэрээнд үйлдвэрчний эвлэлээс 11 төлөөлөл оролцсон байгаа. Энэ хүмүүс нь 7 686 гишүүний төлөөлөл. “Э” нь энэ хамтын гэрээнд оролцож болно. Гэтэл хамтын гэрээнд оролцохоор гишүүнчлэлийн тоог харгалзах хэрэгтэй болно. Эийн 8 гишүүн оролцох уу,  энэ 8 хүнээс төлөөлөл оролцуулах боломжгүй байна. Танай энэ 8 гишүүний нэгээс нь бусад бүгд “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнчлэлд бүртгэлтэй байдаг. Би шүүхэд татварын суутгалыг өгсөн байгаа. Үүнд энэ хүмүүсийн нэр байгаа. Тэгэхлээр танайх хамтын гэрээнд оролцох шаардлагыг хангахгүй байна. Та бүхэн “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороонд олон шаардлага тавьж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарчим нь үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа бие дааж чөлөөтэй явуулна гэсэн зарчим байгаа. Бие дааж чөлөөтэй үйл ажиллагаа явуулах зарчим нь өөрийнхөө үйл ажиллагааг л өөрийнхөө хүрээнд явуулах ёстой болохоос биш нөгөө хуулийн этгээдийн эрхтэй үйл ажиллагаа явуулж үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн зарчим байгаа. Гэтэл танайх “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороонд танайх хангалтгүй ажиллаж байна, ийм байна, ингэж байна гэж шаардлага тавьж байгаа нь хууль бус зүйл. Хамтын гэрээ гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулиар тодорхойлогдсон зүйл. Хамтын гэрээний хүчин төгөлдөр байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан байгаа. Хамтын гэрээг талууд байгуулаад тухайн харъяалах сум дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гээд хуулинд заасан. “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Э” ТӨҮГ нарын хооронд байгуулсан 2020 оноос 2021 оны хооронд байгуулсан хамтын гэрээг 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тамгын газарт бүртгүүлээд хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн та бүхний тавьж байгаа шаардлага хамтын гэрээнд бүртгүүлэхийг даалга гэсэн байдаг. Энэ хамтын гэрээг оролцож байгуулсан субъектүүд бүртгүүлдэг болохоос биш. Хамтын гэрээнд оролцоогүй хөндлөнгийн этгээд бүртгүүлдэг зүйл биш. Мөн хуулийн хамтын гэрээнд нэмж бүртгүүлнэ гэсэн ойлголт ч байхгүй. Бид бүхэн хуульчид үүнийг Гэрээний эрх талаас нь аваад үзэхэд гэрээг талуудын хооронд сайн дурын үндсэн дээр хүсэлт зоригоо илэрхийлж, чөлөөтэй байгуулах байдлаар байгуулсан хэлэлцээрийг хэлдэг болохоос биш байгуулагдсан хэлэлцээр дээр хэн нэгэн этгээд хөндлөнгөөс орж ирэхийг хэлэхгүй. Харин  сонирхож байгаа этгээд энэ гэрээ чинь миний эрх ашгийг ингэж зөрчөөд байна, энэ гэрээ чинь Иргэний хуулийн 56 дугаар зүйлээс 59 дүгээр зүйлд заасан журмаараа хууль бус байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулахаар байна гээд энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулчихаад юм уу эсхүл тэр бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулчихаад дараа нь гэрээнд оролцох тухай асуудал яригдаж болно. “Э” үйлдвэрчний эвлэлийн шаардлага үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийг чөлөөтэй хэрэгжүүлэхийн эсрэг хандаж байгаа нь таагүй харагдаж байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит нөхцөл байдал, нотлох баримтуудаар ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байна. “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Э” ТӨҮГ-ын хороонд байгуулагдсан хамтын гэрээ улсад сайн гэрээнд үнэлэгддэг. Үүнийхээ дагуу бүртгэгдээд явж байгаа хууль ёсны бичиг баримт.” гэв.

Гэрч Ж.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Би 2019 оны 2 дугаар сард Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлээс гарах хүсэлтээ өгсөн. 2019 оны 3 сард мөн өгсөн. 2019 оны 5 сар мөн өөрөө хөөцөлдөж байгаад дахиад өгсөн. Ингээд би “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлээс гарахдаа дарамт шахалтанд орж байж гарсан. Намайг чи үйлдвэрчний эвлэлээс гарах юм бол хамтын гэрээ чамд үйлчлэхгүй, ажилчдын хоол өгөхгүй, хувцас хэрэглэлээр хангахгүй гэж хэлсэн. Үйлдвэрчний эвлэлийн Баяжуулах үйлдвэрийн хорооны дарга Х, холбооны дарга Т гэдэг хүмүүс надад тэгж хэлсэн. Үүнийг би дарамт гэж үзэж байгаа. Мөн тэр дарга нар миний мөнгөөр ашиг олох гээд байна гэж бодсон. Үйлдвэрчний эвлэл чинь ашгийн бус байх ёстой. Би тэрэнд нь итгэхгүй, үйлдвэрчний эвлэлээс гарна гэхэд гарын үсэг зурж өгөхгүй гэсэн. Би араас нь хөөцөлдөж байж гарын үсэг зуруулж гарсан байгаа.  Дараа дараагийн хүмүүс хүсэлтээ өгөөд гарах гэсэн боловч огт гаргаагүй. “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм дээр гишүүнээр, орох гарахыг тулган шаардаж болохгүй гэдэг. Гэтэл бид нарыг энэ эвлэлээс гарахыг хориглоод байдаг. Зөвхөн Т гэдэг хүнтэй уулзаж зөвшөөрөл авч байж гарын үсэг зуруулж байж гаргана гэдэг асуудал ярьдаг. Үүнийг нь би иргэн хүний хувьд ингэж болохгүй гэж үзэж байна.” гэв.

Гэрч Б.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Би “Э” ТӨҮГ-т 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай бутлах, тээвэрлэх хэсгийнхэн манай тэргүүлэгчээрээ сонгосон. Фабрикийн 1 000 хүн хариуцсан даргын дор 4 жил ажилласан. Тэгээд би өөрийнхөө хүсэлтээр групп нээж мэдээлэл тавихад ийм ийм асуудал хэлэлцэнэ, ингэнэ, тэгнэ гэхэд хүмүүс маш нааштайгаар хүлээж аваад одоо л энэ байгууллага сэргэж байна амь орлоо гэж надад урам өгч байсан. Бусад гишүүдийг ингэж ажлаачээ гэхэд намайг дэмжих хүн байгаагүй, битгий биднийг чирээд бай, битгий ингээд бай гэж дургүйцсэн байдалтай байдаг байсан. Би дотор нь ажиллаж байгаад харахад энэ миний ажиллах газар биш байна. Бидний төлөө ажиллаж чадахгүй байна гэж үзсэний үндсэн дээр Эв санааны нэгдлийг байгуулсан гэв.

Гэрч Б.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Э” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлээс гарах хүсэлтээ бичиж өгчихөөд байхад шийдвэрлэж өгөөгүй өдий хүрч байна. 2019 оны 2 дугаар сард бичиж өгсөн.  Э үйлдвэрчний эвлэл 1000 гаруй гишүүнчлэлтэй. Э ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлээс гарах хүсэлтээ бичгээр өгч байсан. Хороон дарга үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзаж байж энэ асуудлыг шийдвэрлэнэ гээд одоо болтол шийдвэрлэж чадаагүй л байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэл /дарга С.Э/ нь ОАБӨСЗДТГД Ш.Ө-т холбогдуулан “ОАБӨСЗДТГД Ш.Ө-ын “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэлийг Хамтын гэрээнд бүртгэхээс татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, тус Үйлдвэрчний эвлэлийг Хамтын гэрээнд бүртгэхийг түүнд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 

  “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай”  №3/45 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөө шүүх хуралдаанд  дэмжив.

Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэл нь үйлдвэрчний эвлэлийн дүрмээ баталж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000161772 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэл нь “Э ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлүүдийн хороотой хамтран ажиллаж, Хамтын гэрээнд хамтран оролцох санал хүсэлтээ “Э” ТӨҮГ-ын захиргаанд, “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн “Э” Үйлдвэрчний эвлэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэл нь “Э” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлүүдийн хороонд 2020-2021 онд шинээр байгуулах Хамтын гэрээг дан ганц ҮЭХ-той хийсэн тохиолдолд бүртгэхгүй байхыг  2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж байжээ.

Хариуцагч ОАБӨСЗДТГД Ш.Ө 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/45 дугаар албан бичгээр “Э” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг бүртгэснээ, “Э” Үйлдвэрчний эвлэлийг гишүүнчлэлийн асуудлаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх шаардлагатайг” тус тус мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хамтын гэрээнд оролцох оролцоог “Э” ТӨҮГ болон Э-ийн Үйлдвэрчний эвлэл хангаагүй, хамтын гэрээнд хамтран оролцох хүсэлтийг “Э” ТӨҮГазарт хэд хэдэн удаа гаргасан байхад захиргааны байгууллага хамтын гэрээнд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь үндэслэлгүй.” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд захиргааны байгууллага болох  Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэлийн эрхийг зөрчиж, хамтын гэрээг бүртгээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг” гэж,

3.1.2-д “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг” гэж

3.1.4-д “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог”  гэж тус тус тодорхойлсон байна.

 Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар   Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана.” гэж заасны дагуу “Э” ТӨҮГ-ын захиргаа, Эийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэж, “Э” Үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлийн асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай тухай 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/45 дугаартай  албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог /хамтын гэрээг/ төрийн захиргааны байгууллага хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал хамтын гэрээг бүртгэхээр хуульчилсан байхад нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын захиргаатай “Э” ҮЭ нь хамтын гэрээ байгуулаагүй, харин “Э” ТӨҮГ-ын захиргаатай Э-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтын гэрээ байгуулсан ба энэ хамтын гэрээнд нэхэмжлэгч тал хамтран оролцоогүй байхад хариуцагч захиргааны байгууллага хамтын гэрээнд хөндлөнгөөс оролцож, гэрээнд оролцоогүй талыг оролцогч болгон хамтын гэрээг бүртгэх үндэслэлгүй юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус , ... албан тушаалтны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.” гэж заасан учраас хариуцагч захиргааны байгууллага “Э” Үйлдвэрчний эвлэлийн хүсэлтийг хүлээн авахгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь үндэслэлтэй байна.

Иймээс шүүх хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/45 дугаартай  албан бичгээр “Э” Үйлдвэрчний эвлэлийг хамтын гэрээнд бүртгээгүй эс үйлдэхүйгээ мэдэгдсэн нь нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэл /дарга С.Э/-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй гэж үзэн   нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргыг захиргааны акт гаргахдаа хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж  тайлбарласан боловч захиргааны байгууллагын бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь үндэслэлтэй учраас дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.  

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуйн нэгж, байгуулагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно.” гэсэн хуулийн шаардлагыг “Э” Үйлдвэрчний эвлэл хангаж гишүүнчлэлийнхээ асуудлыг шийдвэрлэсний дараа хамтын гэрээнд оролцох эрх үүсэх ба хэрэв хамтын гэрээнд оролцох эрхий нь хязгаарласан бол зохих байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсныг, нэхэмжлэгч нь  “Э” ТӨҮГ-ын захиргаа, “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоодын хооронд байгуулсан хамтын гэрээний бүртгэлд маргахгүй гэснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болохыг албан ёсоор мэдэгдсэн болохыг, шүүх хуралдаанд оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нар нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар гэрчлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэл /дарга С.Э/-ийн ОАБӨСЗДТГД Ш.Ө-т холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай”  №3/45 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын “Э” Үйлдвэрчний эвлэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140000 төгрөгнөөс илүү төлсөн 69800 төгрөгийг төрийн сангийн 1165117377 дугаар данснаас гаргуулж “Э” Үйлдвэрчний эвлэлд буцаан олгож, үлдсэн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА