Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 78/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагч М.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Я.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.М холбогдох 203400506463 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Я.М нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р баг “Хайрхан зөрлөг” гэх газарт иргэн С.Сгийн “Iphone 8 plus” маркийн гар утсыг гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Я.М нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч С.Сгийн мэдүүлэг /хх-ийн 7-09 тал/, шүүгдэгч Я.Мын холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, гэрч А.Одгаригийн мэдүүлэг  /хх-ийн 19-20 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-28 тал/, шүүгдэгч Я.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-59 тал/, шүүгдэгч Я.Мын холбогдогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,  хохирогч С.Сгийн гомдол, санал, нэхэмжлэхгүй талаарх өөрийнх нь хүсэлт /хх-ийн 42 тал/, шүүгдэгч Я.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 тал/ зэрэг болон шүүдэгч Я.Мын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Я.М нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р баг “Хайрхан зөрлөг” гэх газарт иргэн С.Сгийн “Iphone 8 plus” маркийн гар утсыг гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хохирогч С.Сансармаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Улаанбаатар хот Баянгол дүүргийн 8-р хороо 11-171 тоотод нөхөр Мөнхбаатар, хүү Тэмүүлэн нарын хамт оршин суудаг. 2020 оны 07 сарын 10-ны өдөр 11 цагийн үед Төв аймгийн Баянбүрд 1-р баг “Хоолт зөрлөг” гэх газар том охин Одгаригийнд ирсэн юм. 07 сарын 12-ны өдөр дэлгүүрийн худалдагч Хоролсүрэн хорхог хийж идье гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Я.М тэр ямааг нь гаргаад, эвдээд, хуйхлаад хорхог хийсэн юм. Ямаагаа эвдэж байхдаа манай нөхөр Я.М баруун талын гараа хутгаар зүссэн. Хорхгоо болохоос өмнө “Соёрхол 0.75” литрийн архийг н.Хоролсүрэн, н.Азаа, н.Доржоо, н.Доржоо нөхөртэйгөө, н.Доржоогийн найз гээд нэг хүүхэн байсан бид хэд тэр архийг хувааж уусан юм. Хорхог болохоос өмнө бөх үзэж байхдаа н.Хоролсүрэн бид хоёр түрүү үзүүрийн бөх дээр 100.000 төгрөгийн бооцоо тавьсан юм. Миний бооцоо тавьсан бөх н.Батсуурь унаж би Хоролсүрэнд 100000 төгрөг өгөхөөр болсон. 100.000 төгрөгийнхөө оронд н.Хоролсүрэнд Соёрхол 0.75 литрийн архийг манай нөхөр Я.М авч өгсөн. Тэгээд бүгд гэр лүүгээ орцгоосон. Гэрт ороод байж байтал манай нөхөр Я.М намайг увсын бөхчүүдтэй хардаад миний утсыг авч шидсэн, би утсаа очоод автал дахиж булааж аваад дахиад паар луу шидсэн. Гэр дотор байсан халуун сав, сандал, утсыг авч шидээд байхаар нь манай том хүү н.Тэмүүжин, эгч н.Одгаригийг дуудаад манай охин н.Одгаригтай Я.М хэрэлдээд байсан. Манай хажуу талын айлын машин луу чулуу шидээд байсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ер нь хурц ааштай, намайг элдэв янзын муу үгээр байнга доромжилдог. Ажлын газрын хүмүүстэй байнга харддаг. Намайг ер нь байнга мөрдөж мөшгөөд байдаг. Архи уух болгондоо хоёр хүүхдээ хүртэл айлгаад дарамтлаад байдаг. 2019 оны 08 сарын 03-ны өдөр намайг зодоод, агсан тавиад 10 хоног баривчилгаанд яваад ирсэн. Архи уух болгондоо хэрүүл өдөж агсан согтуу тавьдаг. 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бас хоёр хүүхдээ согтуу ирж айлгаад Баянгол дүүрэгт эрүүлжүүлэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,
  • Гэрч А.Одгаригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манайх Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан 2-р баг Хоолт зөрлөгт оршин суудаг. 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед Хоолт зөрлөгийн жижүүр н.Доржпалмаа дэлгүүрийн худалдагч н.Азцэнгэлмаа, нөхөр н.Хоролсүрэн, манай ээж н.Сарантуяа, хойд аав Я.М нар “Соёрхол” 0.75 литрийн 3 шил архи уусан юм. Өдөр энэ хэд ямааны хорхог идчихээд орой 22 цаг 15 минутад орж ирсэн. Өдөр манай ээж Сарантуяа, хойд аав Мөнхбаатар нар бөхийн барилдаанд бооцоо тавьсан байсан юм. Гэрт орж ирээд ээжийг бөхтэй хардаад Iphone 8 plus загварын гар утас, сандал, ногоон чемодан, албан өрөөний утас, халуун сав зэрэг эд зүйлийг авч шидээд намайг “янхан, гичий, бөгс бөөрөөр худалдаж авсан гэж элдэв муу үгээр хэлсэн. Намайг гэрийн үүдэнд байж байтал эрүү хэсэг рүү 3 удаа гараараа цохисон. Гадаа байхад ээжийн нүүр, толгойн хэсэг рүү гараараа цохиод, том чулуу аваад шидээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Урд өмнө нь намайг зоддог байсан. Намайг 5,6-р ангид байсан цагаас эхэлж зодож эхэлсэн. Өмнө нь цагдаагийн байгууллагаар таслагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
  • Шүүгдэгч Я.Мын холбогдогчоор өгсөн мэдүүлэг “...Манай хх Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт эхнэр С.С, том хүү М.Тэмүүжин, бага охин М.Тэмүүлэн нарын хамт оршин суудаг. Бид хэд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан 2 дугаар баг “Хоолт” зөрлөг дээр том охин н.Одгаригийнд агаарт гарах зорилгоор ирсэн юм. Бид хэд 2, 3 хоног сайхан амраад 07 дугаар сарын 12-ны өглөө манай охины саахалт айлын хүн н.Хорлоо, н.Монхоо нарын хамт ямааны боодог хийгээд, хорхогны даруулга болгон 0.75 литрийн соёрхол архи 3 шилийг уусан. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шөвгийн 4 бөхийг үзээд байж байтал манай эхнэр С.С н.Хорлоо хоёр хэн нь түрүүлэх дээр 100.000 төгрөгийн бооцоо тавьсан юм. Би мөнгө байхгүй байж яах гээд байгаа юм бэ гээд С.Сг хориглосон боловч эхнэр н.Батсуурийг түрүүлнэ гээд бооцоо тавьсан юм. н.Батсуурь унаж, н.Хорлоод 100.000 төгрөг өгөхөөр болсон юм. Би уурлаад 20 цагийн үед гэртээ ороод байж байтал эхнэр араас ирээд тэгээд би мөнгөгүй байж юуг нь бооцоо тавиад байдаг юм гэсэн чинь хүнээс мөнгө гуйж байгаа бололтой утсаар яриад байсан. Би гар утсыг нь булааж аваа эргэтэл бүдрээд утас гараас мултарч унаад пааранд цохиод нүүрийг нь хагалсан. Эхнэр утас хагалчихлаа гээд над руу дайраад хавирга, хүзүү хэсэг рүү цохисон. Би эхнэртээ гар хүрээгүй. Манай хүү М.Тэмүүжин намайг хамгаалж зөндөө тэмцсэн. Манай дагавар охин ээжийг утсыг хагалсан байна гээд над руу орилоод, дайраад байсан. Би дагавар охиндоо гар хүрсэн эсэх талаар санахгүй байна. Би тэгээд цагдаа дуудах гэсэн чинь эхнэр гараас булааж аваад хагалсан. Тэгээд манай хэдээс нэг нь дуудлага өгсөн байсан. Би тэгээд Төв аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
  • “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-28 тал/,
  • Шүүгдэгч Я.Мын мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор дахин мэдүүлсэн “...2020 оны 07 дугаар сарын өдөр архи уусан, согтуу байсан. Манай эхнэр С.С “Хоолт” зөрлөг дээр байсан н.Хоролсүрэн гэдэг эмэгтэйтэй улсын баяр наадмын түрүү үзүүрийн бөх дээр 100.000 төгрөгийн бооцоо тавьсан байсан юм. Тэгсэн манай эхнэр С.Сгийн дэмжсэн н.Батсуурь бөх унаж, манай эхнэр н.Хоролсүрэнд 100.000 төгрөгийн өрөнд орсон. Би тэгээд мөнгөгүй байж хүнтэй мөрий тавилаа гээд гэрт ороод маргаад гар утсыг нь шүүрч аваад унахдаа пааранд цохиод хагалсан юм. Би эхнэр С.Сгийн гар утсыг эвдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Төв аймгийн прокурорын газраас Я.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Я.М нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Я.М нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.С нь мөрдөн байцаалтын шатанд “Iphone 8 plus” маркийн гар утасны хохирол 750.000 төгрөгийн хохирлоо авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч Я.Маас хохирогч С.Сд гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “шүүгдэгч Я.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Я.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Я.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Я.Мөнхбаатрын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүхийн хэлэлцүүлэгт Я.М нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан” гэж тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Я.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Мыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлээ.

Шүүгдэгч Я.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Я.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 23.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Я.Мыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Мыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Мыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Я.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА