| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2018/0029/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 02
А.Бямбацогтод холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор С.Алтай
Шүүгдэгч А.Бямбацогт нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/327 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бямбацогтын давж заалдах гомдлоор А.Бямбацогтод холбогдох эрүүгийн 1721003260096 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бодонгууд овогт Амгалангийн Бямбацогт, 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖА81062472/, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан.
Шүүгдэгч А.Бямбацогт нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Яргайн ар” гэх газраас иргэн П.Болдтөмөрийн 2 тооны адуу, М.Мөнхзоригтын 1 тооны адууг хулгайлсан, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “Билүүт” гэх газраас хохирогч Б.Бат-Эрдэнийн 2 тооны адууг хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн наран” гэх газраас иргэн А.Пүрэвцэрэнгийн 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 5700000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч А.Бямбацогтыг “бусдын малыг хулгайлсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 11 дүгээр 07-ны өдрийн 2018/ШЦТ/327 дугаар шийтгэх тогтоолоор:
1/ А.Бямбацогтыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бямбацогтыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбацогтод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбацогтын цагдан хоригдсон 186 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
5/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбацогтоос гэм хорын хохиролд нийт 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, 1000000 /нэг сая/ төгрөгийг М.Мөнхзоригт, 2000000 /хоёр сая/ төгрөгийг Б.Бат-Эрдэнэд тус тус олгон,
6/ Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч П.Болдтөмөр, А.Пүрэвцэрэн нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч А.Бямбацогтоос нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,
7/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бямбацогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Бямбацогт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2017 оны 10 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Гомбо овогтой Амар гэх залуутай нийлж Баяндун сумын нутаг дэвсгэрт байрлах иргэн Бат-Эрдэнийн 2 тооны адууг хулгайлсан нь үнэн болно. Намайг эзгүй байх хооронд Баяндун сумын хэсгийн төлөөлөгч Бат-Отгон хэргийн материал бүрдүүлж намайг ганцаараа хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. 2018 оны 05 сарын 03-нд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Мөн ял эдэлж байх хугацаанд дахин 2018 оны 11 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Иймд уг хэрэгт Гомбо овогтой Амар гэх залуу хамт хэрэг үйлдсэн нь үнэн байхад би ганцаараа хорих ялаар шийтгүүлсэнд сэтгэл санаа, эрүүл мэнд болон эрх зүйн байдлаар гомдолтой байна. Иймд уг хэргүүдийг дахин үнэн зөвөөр шалгаж өгнө үү” гэжээ.
Прокурор С.Алтай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.Бямбацогт нь хохирогч Б.Бат-Эрдэнийн хоёр тооны адууг хулгайлсан гэмт хэргийг Г.Амартай хамтран үйлдсэн гэдэг асуудлыг мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд огт дурдаагүй. Давж заалдах гомдол дээрээ шинээр хэлж байгааг хүлээн авах үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Бямбацогтын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч А.Бямбацогт нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Яргайн ар” гэх газраас хохирогч П.Болдтөмөрийн 2 тооны адуу, М.Мөнхзоригийн 1 тооны адууг, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “Билүүт” гэх газраас хохирогч Б.Бат-Эрдэнийн 2 тооны адууг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн наран” гэх газраас хохирогч А.Пүрэвцэрэнгийн 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 5700000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч А.Пүрэвцэрэн, П.Болдтөмөр, М.Мөнхзориг, Б.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэг, гэрч Л.Сугарсүрэн, Г.Амар нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Тухайн гэмт хэрэгт “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” Эрүүгийн хуульд заасан бөгөөд анхан шатны шүүх А.Бямбацогтод хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан тул шүүгдэгч А.Бямбацогтын давж заалдах гомдолд дурдсан “...Гомбо овогтой Амар гэх залуу хамт хэрэг үйлдсэн тул дахин үнэн зөвөөр шалгаж өгнө үү” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч А.Бямбацогтын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/327 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бямбацогтын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Бямбацогтын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР