Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0467

 

Цх-ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-, хариуцагч Б.Д-, түүний өмгөөлөгч Г.Д-нарыг оролцуулан хийж, Ө- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Цх-ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Цх-ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2008 онд Ө- аймгийн Гт- сумын нутаг дэвсгэрт Н- нэртэй 30750,62 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0000-дугаартай тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн.

Гэтэл ашигт малтмалын хайгуул XV-0000-дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газрыг Гт- сумын Засаг дарга хууль ёсны эзэмшигч компанид урьдчилан мэдэгдэлгүй, харилцан тохиролцож, гэрээ байгуулалгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шууд оруулан шийдвэрлүүлж, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 дүгээр тогтоол гаргуулсан.

Иймд Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 дүгээр тогтоолын Цх-ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 дүгээр тогтоолд дурдсан Баясах болон Тост багийн нутаг дэвсгэр нь бүхэлдээ манай сумын бэлчээрийн гол бүс нутаг бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайж, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг-тай давхцалтай нутаг дэвсгэрт хамаардаг. Мөн нэн ховорт тооцогддог цоохор ирвэс голлон амьдарч байгаа нутаг юм.

Ийм учраас тус бүс нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан тул үүнд тулгуурлаж сумын Засаг дарга Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж, хурлын хуралдаанаар хэлэлцэж, эрх хэмжээний хүрээнд уг тогтоолыг баталсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ө- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2к, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан Цх-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 дүгээр тогтоолын 1 дэх заалтын нэхэмжлэгчийн эзэмшиж буй ХV-014409 (14409Х) дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Д-давж заалдах гомдолдоо: Ө- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ...Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоолоор газар нутгийнхаа тодорхой хэсгийг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй байна... гэснийг ...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь ...хуульд үндэслэсэн байна... гэсэн зохицуулалтыг зөрчсөн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хариуцагч миний зүгээс анхан шатны шүүх хурал дээр Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоол нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй, хуульд заасан журмыг баримтлан гаргасан хууль ёсны захиргааны акт байгаа талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэн тайлбарласан бөгөөд миний тайлбарт дурдагдсан нотлох баримтуудыг үнэлж үзээгүй.

Мөн анхан шатны шүүх Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоолын Цх-ХХК-ийн эзэмшил бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 20.1.3, 25.1.5 дахь заалт болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дахь хавсралтын 9.2-т заасан журмыг баримтласан нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн 4 дэх хуудсанд байх ...гүйцэтгэх захирал М.А-г итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзэв гэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл нэхэмжлэгч нь Цх-ХХК буюу хуулийн этгээд байна.

Цх-ХХК-ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд гүйцэтгэх захирал М.А- гарын үсэг зурсан байдаг.

Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас М.А- нь тухайн компанийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхтэй эсэх зэрэг нь өмнөх шигээ тодорхой биш байгаа учраас Цх-ХХК-ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Ө- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн ...Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 7/04 тоот тогтоолын 1 дэх заалтын нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа XV -014409 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгосугай... гэснийг хүчингүй болгон Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамааруулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 7/04 дүгээр тогтоол гаргаж, уг тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын к, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 28 дугаар зүйлийн 28.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтуудыг үндэслэж тус сумын Засаг даргын саналыг харгалзан, Тостын нуруун дахьховор болон нэн ховор амьтан, ургамал, малын бэлчээрийг хамгаалах зорилгоор тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрийн 65463,0 га, Тост багийн нутаг дэвсгэрийн 668923,25 га талбайг тус тус орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Цх-ХХК нь Гт- сумын Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий манай газрыг урьдчилан мэдэгдэлгүй, гэрээ байгуулалгүй орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлсэн. Хуульд зааснаар тусгай хэрэгцээний газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан үндэслэлээр аймаг, нийслэлийн газрын алба хийх бөгөөд тухайн тогтоол гарахын өмнө газар зохион байгуулалт хийгдэж, үүнд түшиглэн техник эдийн засгийн дүгнэлт болон бусад судалгаанууд хийгдэх ёстой байсан гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд:

Ашигт малтмалын газраас Цх-ХХК-д 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ө- аймгийн Гт- сумын Н- нэртэй газарт орших 30750,62 га талбайд ХV-014409 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байх ба тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бүхэлдээ орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн газрын бүсэд хамаарагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д улсын тусгай хамгаалалттай газар нь улсын тусгай хэрэгцээний газарт багтахаар, 16.2-т аймаг, нийслэл, сум, дүүрэг нь 16.1.1-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохоор, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т байгалийн нөөц газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд хамрагдахаар, 3.2-т аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг тусгай хамгаалалтад авах эрхтэй байхаар зааж зохицуулжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д зааснаар ховор ховордсон ургамал, амьтныг хамгаалах, тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий биологийн нөөц газар нь байгалийн нөөц газрын төрөлд багтжээ.

Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар тус сумын Н- хэмээх газрын ховор ба нэн ховор амьтан, ургамлыг сүйрэх аюулаас аварч, хамгаалах нь зүйтэй гэж үзэж дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Тост багийн нутаг дэвсгэрийн 668923,25 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн 7/04 дүгээр тогтоол хуульд нийцсэн захиргааны акт байна.

Нэгэнт эрх бүхий этгээдээс Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн тодорхой газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан байх тул тухайн газрын зарим хэсэг дээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан Цх-ХХК-ийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д зааснаар нөхөн төлбөрийн талаарх асуудлыг холбогдох этгээдэд хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ө- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цх-ХХК-ийн Ө- аймгийн Гт- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 дүгээр тогтоолын Цх-ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, давж заалдах журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ