Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Ганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогч Ц.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн 201621000157 дугаартай, 153/20150059/Э/ индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, трактор комбайны жолоочийн мэргэжилтэй, хувиараа цайны газар, дэлгүүр ажиллуулдаг, аминдаа цайны газар, Века Велл-200 маркийн автомашин нэг, дэлгүүрийн барилга нэгийн  хөрөнгөтэй, сард 400000 төгрөгний өрхийн орлоготой, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Баянтүмбэ тавьтад  оршин суух , ял шийтгэлгүй ПЖ73032118 дугаарын регистртэй Баянжаргал овогт Бэгзийн Ганбаатар

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Б.Ганбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг Хөх булаг гэх газар 65-25 УНВ улсын дугаартай Мицибуши Пекап маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 7 настай А.Төгөлдөрийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэнМанхан сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт 73 км, Ботгон багийн төвөөс 33 км зайд байрлах ба уулархаг, чулуулаг зуслангийн бэлчээрийн газар байх усны урсгал нь ертөнцийн зүгээр зүүн зүгт урссан горхи байх. Уг горхины баруун дэргэд УНВ 66-25  улсын дугаартай Мицибуши Пекап маркийн тээврийн хэрэгсэл байна. Үл хөдлөх цэгээр уг машины зүүн хойд зүгт байрлах чулуугаар овоолсон газрыг  авч, үл хөдлөх цэгээр В тэмдэглэж хоорондоо 195 м зайтай байлаа. Үл хөдлөх цэгийг “В” цэгээр тэмдэглэв. Уг машины ард талын дугуйны дэргэд 1 метрийн орчим анх хүүхэд сууж байсан. А цэгээс хүүхэд мөргөгдөж, унасан “В” цэг хүртэл 3м. А цэгээс машины хойд талын дугуйны гол төв хүртэл 1.5 метр, А цэгээс машины урд  дугуй хүртэл 4,60 метр байв. Уг машины В цэгээс урд зүгт 1,60 метр зайд 30x26см, 18x22см хэмжээтэй газрын хөрсөнд бохирлогдсон улаан өнгийн цус мэт зүйлийг 1-3 хүртэл тоогоор тэмдэглэв. В цэгээр уг тээврийн хэрэгслээс баруун урд зүгт ногоон өнгийн жижиг майхан байна. Хэргийн газарт байрлах горхины өргөн нь ...байна. Дээрхи майхны урд цахилгааныг онгойлгож  үзэхэд цэнхэр өнгийн даавуугаар бүтээсэн байдалтай байх ба уг бүтээлгийг авахад хар өнгийн куртиктэй, цоохор өмдтэй 6-8 насны эрэгтэй хүүхдийн цогцос байсан. Уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тээврийн хэрэгслийн доор байсан  Б цэгийн байрлах газрын гадаргууд 44x27см цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон мөн тээврийн хэрэгсэл зогсож байсан газраас горхи гаталж ирсэн шороон гадаргуутай тээврийн хэрэгслийн мөр байсныг тэмдэглэсэн байна. Уг машины тэнхлэг хоорондын зай нь 1,82 см хэмжээтэй байв гэснээр  хэргийн газрын үзлэгийг дуусгаж гэрэл зургаар бэхжүүлж авав ...  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: "... Уг тээврийн хэрэгсэл нь 2002 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 10 дугаар сарын 20-нд Монгол улсад орж ирсэн ногоон өнгийн Мицибуши Пекап маркийн 66-25 УНВ улсын дугаартай, арал УН02037623 хөдөлгүүрийн дугаар  бичигдээгүй, авто  машинд  үзлэг хийхэд рүүлийн болон тоормосны систем хэвийн, асааж үзэхэд асаж байсан. Хөдөлгөөнд оролцох боломжтой. Үзлэгээр уг машины урд салхивч шил 2 хэсэг газар хагарч цууралт үүссэн, уг автомашин төмөр хамгаалалттай ба үзлэг хийхэд тэнцүүлэгчийн урд хэсэгт цус мэт 9x4 см хэмжээтэй толбо, урд гүүперны зүүн урд хэсэгт 3х3 см хэмжээтэй арчигдсан ул мөр зүүн доод тэнхлэг хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба уг тээврийн хэрэгслийн дугуйны хээний өргөн 28 см тэнхлэг хооронд 1,62 см хэмжээтэй байв. Уг тээврийн хэрэгслийн километрийн заалт 12899 байв. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан ба үзэж дууссаны дараа зургаар бэхжүүлэн авав… гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 8-11 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Олонбаярын өгсөн"...Манай сумын баяр наадам Ботгон багийн нутагт болж байсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 09-ний  өглөө морины уралдаан болоод дуусаад бөх барилдах газарт хүмүүс ирж бөх эхлэх гэж байсан. Наадмын талбайн ойролцоо манай  нөхөр бид  хоёр  майхнаа татчихааад майхандаа хоол ундаа идчихээд байж байтал манай майхны доод талын майханд  Б.Ганбаатар нь эхнэрийн хамт Болд гээд хүнтэй машинтайгаа ирээд байж байсан. Тэгээд би дэвсгэрээ угаах гээд голын хажууд дэвсгэрээ угаагаад сууж байсан. Тэгэхэд миний доохон талд нэг хүүхэд ундааны саванд ус хийгээд гол руу тонгойж байсан. Тэгтэл Б.Ганбаатар ах гэнэт машинаа асаагаад эхнэр нь урд талын суудал дээр суучихсан намайг чиглээд хөдлөх гэж байгаа юм шиг зогсож байхаар нь би угааж байсан дэвсгэрээ хуйлж хураагаад байж байтал Б.Ганбаатар машинаа хөдөлгөхдөө гол тал руу рүүлээ дараад нөгөө хүүхэд байсан зүгт хөдөлсөн.  Тэгээд  яахын зуургүй нөгөө хүүхдийг очоод дайрсан. Тэгэхэд нь би “хөөе хүүхэд дайрчихлаа” гээд орилтол нөгөө машин хүүхдийг дайраад зогссон. Тэгтэл манай нөхөр миний орилох дуунаар  машинаасаа гарч ирээд тэр машин руу яваад очсон. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй дайруулсныг нь хараад бие сонин болоод байсан. Намайг хоол идэж  байхад нэг нь архи тавьчихсан харагдсан. Тэгэхдээ Б.Ганбаатар уусан эсэхийг мэдэхгүй байна. Машины урд талын суудал дээр Б.Ганбаатарын эхнэр Х.Цэндмаа сууж явсан хойд талын суудал дээр ямар хүмүүс байсныг би хараагүй мэдэхгүй байна. Өөр хүүхэд байгаагүй ганцаараа байсан. Яг дайрч байсныг нь харсан хүн байхгүй байх харин намайг орилоход хүмүүс ирж харсан байх. Тухайн үед морины бариа тараад бөх эхлэх гэж байсан гэхээр 13 цаг өнгөрч байсан байх. Ойрхон байсан болохоор яг хир хурдан хөдөлснийг нь би мэдэхгүй анзаараагүй. Машин ирээд хүүхдийг мөргөөд хүүхэд унахад дугуй нь хүүхдийн тал хэсгээр нь дараад гарчих шиг харагдсан. Тэгээд машин зогсоход хүүхэд машины хоёр дугуйн дунд байх шиг харагдсан. Б.Ганбаатар өөрөө жолоодож явсан. Өөр хүн жолоодож яваагүй. Ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байдалтай зогсож байсан …" гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч П.Гэрэлсүрэнгийн өгсөн "...Би морины бариа дуусаад талбай дээр хүрч ирээд бөх барилдах гээд хүлээгээд байж байх хооронд машиндаа хэвтэж байтал гэнэт хүмүүс хашгирахаар нь босож ирээд гүйгээд очсон чинь хүүхэд машины дугуйны хооронд хэвтэж байсан. Тэгэхээр нь татаад гаргаад ирсэн чинь хамар, ам, чих, зэргээс нь цус маш их гарч байсан. Тэгээд амьсгалын үйл ажиллагаа зогссон байсан. Нүүрний хэлбэр дүрс нь алдагдчихсан байдалтай байсан. Хүнээр цаг харуулахад өдрийн 13 цаг болж байсан. Б.Ганбаатар машин барьчихсан намайг очиход машинаасаа буугаагүй байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Цэндмаагийн өгсөн "...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сумынхаа наадам үзээд морины бариа дуусгаад наадмын талбай дээр ирээд байж байгаад Б.Ганбаатар “заан цолтой бөхчүүд дээр очно” гээд голын хөвөөний хажуудах майханд Болдоо, Анхаа, Одгэрэл зэрэг бөхчүүд байсан. Тэгээд тэд нарт нэг шил архи задлаад сууж байсан. Би идээнээс нь амсчихаад машин дотор ном уншаад сууж байсан. Тэгээд Б.Ганбаатар явна гээд манай охин аавыгаа дагуулаад ирсэн. Тэгээд машинаа асаагаад хөдлөх гэтэл манай охин урд талаар тойрч ирээд суусан. Тэгээд хөдлөх гэтэл урд талд нэг эмэгтэй хүн юм угаагаад сууж байсан. Тэгэхээр нь зүүн талд дараад ухас гээд хөдөлтөл гэнэт хүмүүс хашгираад хүн алчихлаа гэсэн тэгээд юун хүн алах вэ гээд машины доош эргээд хартал машины дугуйн дунд хүүхэд газар хэвтэж байсан. Тэгээд манай эмч ирээд татаж гаргаад наадах хүүхдээ сэхээгээд өг гэхэд эмч толгой сэгсэрсэн. Тэгээд хүн алчихлаа гээд ухаан санаа балартсан. Тэнд хүүхэд байгааг огт хараагүй санаанд ч байгаагүй. Би яг архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Хүмүүст архи задлаад өгсөн. Тэрнээс нэг рүүнкийг уусан байх гэж бодож байна. Тухайн үед 13 цаг болох гэж байсан. Ертөнцийн зүгээр баруун зүгт харж зогсоосон байсан. Жолооны эсрэг талын дугуйгаар дайруулсан байсан. Би тэрнийг сайн харж чадаагүй. Хөдлөхдөө Б.Ганбаатар энэ жаахан эрэгтэй юм байна хаазалчихъя гээд жаахан хааз өгөөд хөдөлсөн.  Дээд талын зам дээр хүүхдүүд тоглож байхаар нь замгүй газраар нь гарах гэж хөдөлсөн...." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Б.Ганбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: … Манай сумын Улсын баяр наадам 2016 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдөр зусланд буюу Ботгон багийн нутаг Хөх булаг гэдэгт газарт болсон. Тэгээд би гэр бүлийнхэнтэйгээ хамт наадам үзэх гээд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сумын төвөөс гарч яваад хоноод маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Тавтын эхэнд морины бариа орчихоод өдөр 12 цаг болж байхад наадмын талбай дээр ирээд байж байгаад урагшаа яваад эмнэлгийн хүмүүсийн хажууд Баатарбилэгийн майханд очоод хоол идэж амсаад байж байгаад Болдоо, Дулмаа гэдэг хоёр найздаа нэг шил архи задалж өгчихөөд би Үенч явна гээд дээшээ майхнаа ачих гээд эхнэрээ машиндаа суулгаж хоёр хүүхдээ хойд талын суудал дээр суулгаад машинаа асаагаад хөдөлсөн. Машинаа тойрч бууж шалгаагүй шууд рүүл дээрээ ирээд машин дотроосоо харсан. Тэгээд усаар гартал “хүн дайрчихлаа” гээд хүн хашгирахаар нь тооромзоо гишгээд зогссон. Тэгтэл би машинаасаа буугаад харсан чинь нэг хүүхэд машины доор хоёр дугуйны дунд хэвтэж байсан. Тэгээд эмч П.Гэрэлсүрэн ирээд авсан. Тэгээд тэрнээс хойш юу болсоноо санахгүй байна. Хүн алчихлаа гээд газар цохиод тэгж байсан. Тэгээд нэлээн байж байгаад нэг мэдсэн уйлаад сууж байсан. Би машинаа асаагаад хөдлөхдөө горхи байхаар нь шаварт сууж магадгүй гэж бодоод жаахан хааз нэмээд орсон тэгтэл хүн алчихлаа гээд хашгирсан. Манай эхнэр хоёр хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Би хоёр найздаа архи задлахдаа нэг аяга архи уусан. Өөр 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой дөрвөн лааз пиво уусан байсан. Өөр архи дарс уугаагүй. Тийм зүйл болоогүй. Би ёстой хүүхэд байгааг хараагүй. Би уг нь харах ёстой байсан. Харах боломжтой байсан. Уг нь миний машин байгаа юм аа. Нэр нь манай хадам ах Х.Цэнд-Аюуш гэдэг хүн дээр байдаг юм. Шилжүүлж амжаагүй байгаа. Аваад би 4 жил болж байна. Би 1998 онд жолооч болсон. B,C,D ангилалтай. Нэг удаа суудлын бүс хийгээгүй гэж торгуулж байсан. Өөр зөрчил гаргаж байгаагүй. Хоёр сарын өмнө зогсоол дээр байж байтал урд талын шил  хагарчихсан байсан. Охин Г.Энхжин нь 5 настай. Г.Номин-Эрдэнэ 10 настай. Талийгаач хүүхдийн аав нь манай эхнэрийн төрсөн эгчээс гарсан хүүхэд юм. Бид нар ах дүүгийн хүмүүс. Ертөнцийн зүгээр баруун зүгт урсгал сөрөөд зогсож байсан.  Хэргийн  зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. " гэх мэдүүлэг /хх-ийн 21-23; 85-86 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Цэнд-Аюушийн өгсөн  “… Би 2012 оны 10 сард захаас худалдаж авч өөрийнхөө нэр дээр болгож авч байсан. Тэгээд 2012 оны 11 сард хүргэн болох Б.Ганбаатарт бэлэглэсэн юм. Одоо Б.Ганбаатар унаж байгаа Б.Ганбаатарын эзэмшлийн машин байгаа юм. Би бичиг баримтаа шилжүүлж амжаагүй байгаа. Одоо миний нэр дээр бичиг баримт нь бүртгэлтэй байдаг юмаа. Эвдрэл гэмтэл байхгүй сайн машин байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Анхбаярын  өгсөн “…Манайх Улаанбаатар хотоос 2016 оны 04 дүгээр сард Манхан суманд амьдрахаар ирсэн. Тэгээд манай сумын наадам 2016 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд болсон. Наадмын 2 дахь өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би өөрийнхөө машинтай морины бариа гэр бүлээрээ явчихаад өдөр буцаад наадмын талбай дээр 12 цаг өнгөрч байхад  өөрийн  майхан дээр ирээд хоол цай ууж идсэн. Тэр  үед  Б.Ганбаатар  ах машинтайгаа манай хажууд байж байсан. Майхан дээр ирсэн тэгээд бид нар юм ярьж байгаад би барилдахаар наадмын талбай руу явсан.         Б.Ганбаатар болон хажууд нь байсан хүмүүс үлдсэн. Тэгээд би наадмын талбай дээр очоод хувцасаа солих гээд байж байтал гэнэт эмнэлгийн жолооч ирээд “танай хүүхэд дайрагдчихлаа” гэж хэлсэн тэгэхээр нь би гүйгээд хүрээд ирсэн чинь манай сумын их эмч манай хүүхдийг тэвэрсэн байдалтай толгойг нь түшчихсэн байж байсан. Тэгээд харсан чинь толгой хэсгээр нь цус гарсан байдалтай байсан. Би яасан гэж асуухад манай эмч нас барсан байна гэж  хэлсэн. Тэгээд би тэрнээс хойш хүүхдээ харж чадаагүй. Б.Ганбаатар нэг шил архи задалж байсан түүнээсээ уусан эсэхийг мэдэхгүй байна.  Тэнд Болдоо, Баатарбилэг гэсэн хүмүүс харагдаж байсан. Хүүхдүүд тэр булаг дээр тоглоод явж байсан. Тэгээд би наадмын талбай яваад өгсөн.  Манай эхнэр майхны гадаа хоол идэж байсан гэсэн.  Миний хүү 2008 онд төрсөн, 8 настай.  Цаг агаарын байдал өдөр дунд цэлмэг нартай байсан. Тэр үед 13 цаг болж байсан байх. Б.Ганбаатар нь манай хүргэн ах байгаа юм. Яг одоогоор хохирлын тооцоог гаргаагүй байна. Би эхнэртэйгээ ярьж байгаад хэлнэ. Шалгуулаад байх зүйл алга байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 87-88 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Мицубуши Пекап маркийн УНВ 66-25 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/

Үнэлгээ тогтоолгох баримтаар Мицубуши Пекап маркийн  автомашин 6 сая төгрөгөөр үнэлсэн... /хх-ийн 42 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-50 дугаар хуудас/

Шүүхийн шинжээч эмчийн 36 тоот "...Хохирогч А.Төгөлдөрийн цогцост гэмтэл учирсан байна. Хохирогч А.Төгөлдөрийн биед суурь ясны бяцарсан хугарал, зүүн талын чамархай, дагз болон духны зүүн хэсгийн бяцарсан хугарал, толгойн хуйхны дотор талд зүүн талын чамархай, зулайн зүүн хэсэг, духны зүүн хэсгийг хамарсан 12x8 см цус хуралт, духны дунд дээд хэсэгт 1.3x1,5 см, баруун хөмсгөнд 1x0,6 см, зүүн хацар шанааг хамарсан 11,5x6,5 см, хамар хэсэгт 1x0,7 см, 1.2x0,4 см. 2,5x0.8 см, баруун хацар хэсэгт 2,5x0,6 см, доод эрүүний урд хэсэгт 3x1,2 см, нурууны дунд доод хэсэгт 4x2.5 см зулгаралтууд. Баруун өвдөгний хэсэгт 1,5x0,8 см тав тогтсон зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт 3x1,5 см, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт 0,8x0.2 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

Хохирогч А.Төгөлдөрийн цогцост учирсан суурь ясны бяцарсан хугарал, зүүн талын чамархай , дагз болон духны зүүн хэсгийн бяцарсан хугарсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: Гавлын орой /дух, зулай яс/, чамархай дагз ба суурь яс /өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс/-ны хугарал, заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Хохирогч А.Төгөлдөрийн цогцост учирсан толгойн хуйхны дотор талд зүүн талын чамархай , зулайн зүүн хэсэг, духны зүүн хэсгийг хамарсан 12x8 см цус хуралт духны дунд хэсэгт 1,3x1,5 см баруун хөмсгөнд 1x0,6 см, зүүн хацар шанааг хамарсан 11,5x6.5см, хамар хэсэгт 1x0.7 см, 1.2x0.4 см, 2.5x0.8 см баруун хацар хэсэгт 2.5x0.6 см, доод эрүүний урд хэсэгт 3x1.2 см нурууны дунд доод хэсэгт 4x2.5см зулгаралтууд, баруун өвдөгний хэсэгт 1.5x0.8 см тав тогтсон зулгаралт, зүүн хөлний шилбэний урд дээд хэсэгт 3x1.5 см, зүүн хөлний зүүн хөлний тавхайн дээд хэсэгт 0.8x0.2 см зулгаралтууд гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д….гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур тэмдэг тогтоогдсон тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

Хохирогч А.Төгөлдөрийн цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөгдөх унахад үүссэн байх боломжтой.

Хохирогч А.Төгөлдөр нь суурь ясны бяцарсан хугарал зүүн талын чамархай, дагз болон духны зүүн хэсгийн бяцарсан хугарлын улмаас нас барсан байна.

Хохирогч А.Төгөлдөрийн цогцост шинжилгээ орсноос 10-15 орчим цагийн өмнө нас барсан байх боломжтой… гэх  дүгнэлт  /хх-ийн 52-54 дүгээр хуудас/

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /хх-ийн 55-60 дугаар хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 32 тоот

"....66-25 УНВ дугаартай Мицибуши Пекап маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Ганбаатар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/ "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалт. Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан "жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн.

            66-25 УНВ улсын дугаартай Мицибуши Пекап маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Ганбаатар нь архидан согтууран хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр, эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангаагүйгээс” шалтгаалан зам тээврийн осол гаргасан байна…” гэх  дүгнэлт   /хх-ийн 61-63 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 42 тоот: …А.Төгөлдөрийн цогцосноос авсан цус шинжилгээнд тэнцэнэ.

            А.Төгөлдөрийн цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар O/I/ бүлгийн цустай байна…” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 70 тоот: …А.Төгөлдөрийн цогцосноос авсан цус шинжилгээнд тэнцэнэ.

            А.Төгөлдөрийн цогцосноос авсан гэх цус нь этилийн спирт илрээгүй. …” гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 43 тоот: …Б.Ганбаатарын биенээс авсан цус шинжилгээнд тэнцэнэ.

            Б.Ганбаатарын биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар O/I/ бүлгийн цустай байна…” гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 71 тоот: …Б.Ганбаатарын биенээс авсан цус шинжилгээнд тэнцэнэ.

            Б.Ганбаатарын гэх цусанд 0.7 промилли  этилийн спирт илэрсэн.

            Б.Ганбаатарын гэх цусанд илэрсэн 0.7 промилли  этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч Б.Болдоогийн өгсөн "... Манай сумын Наадам  2016 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдөр Ботгон багийн нутаг Хөх булаг гэдэг газар болсон. Тэгээд сүүлийн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө морь уралдчихаад өдөр 12 цагийн үед наадмын талбай дээр хүмүүс ирээд хоол цайгаа идэж ууж байсан. Тэгээд би наадмын талбай дээр байж байтал Б.Ганбаатар машинтай явж байсан.  Би түүний  машинд нь суугаад  майхан байгаа газар очоод  эмнэлгийн майхан дээр очиж бууцгаасан.  Хоол  идээд сууж байтал Б.Ганбаатар нэг шил архи гаргаж ирээд тэнд байгаа хүмүүст тойруулаад архи дуусгалгүйгээр  тал  хүртэл нь хийчихээд  “Үенч сум явна, яарч байна “гээд  машиндаа суугаад хедөлсөн. Тэгтэл гэнэт хүмүүс хашгираад хүн дайрчихлаа гэсэн. Тэгэхээр нь би харсан чинь нэг хүүхэд дайрчихсан харагдсан. Тэгээд би айгаад очиж үзэж чадаагүй. Ямар ч байсан 2 дугуйны завсар байж байсан. Нүдээрээ хараагүй, хүмүүс хашгирахаар мэдсэн. Архи тойруулж байхад Б.Ганбаатар нэг удаа аягаар архи уусан. Б.Ганбаатар нь согтуу биш, эрүүл л байх шиг байсан.  Өдөр 12 цаг өнгөрч байсан байх. Цаг агаарын байдал зүгээр цэлмэг, нартай байсан. Би Б.Ганбаатартай хамт нэг ангид хамт сурч байсан. Нэг ангийн найзууд байгаа юмаа. Даруухан, энгийн, хүнд тусархаг, баг хамт олонд нэр хүндтэй, ажилч хичээнгүй, амьдралдаа арчаатай тийм хүн байгаа юм..”  гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Хосбаярын өгсөн "...Тэр өдөр манай сумын баяр наадам болж байсан. Тэгээд өглөө нь хүмүүс  морины бариа  гараад, дараа нь наадмын талбай дээр хүмүүс цугларсан. Би ганцаараа хүмүүсийн майхан дээр ирээд хоол идээд байж байтал Б.Ганбаатар, Болдоо хоёр түүний машинтай ирсэн. Тэгээд хамт хоол идээд сууж байтал Б.Ганбаатар нэг шил архи гаргаж ирээд “миний найзууд сайхан баярлаарай” гээд задлаад тэр архийг тал хүртэл нь тойруулсан. Б.Ганбаатар Үенч сум явна яарч байна гээд машиндаа сууцгаасан. Болдоо, Баатарбилэг бид нар үлдсэн байсан. Тэгээд Б.Ганбаатар хөдлөх шиг болсон хүмүүс хашгиралдахад юу вэ? гээд харсан чинь хүүхэд дайрчихсан байдалтай байж байсан. Тэгээд би очоод Б.Ганбаатарыг хөдөлж болохгүй шүү гээд машиных нь түлхүүр хариулаад авсан. Хүүхдийг хүмүүс гаргаж авсан. Б.Ганбаатар нь 0.5 граммын архи задлаад талыг нь үлдээсэн. Б.Ганбаатар тэрнээс нэг удаа аягаар уусан. Өөр уугаагүй. Согтуу нь гайгүй байсан. Яг дайрагдаж байгааг нь хараагүй дайрагдсаны дараа хүмүүс хашгирахаар нь очиж харсан. Ямар ч байсан хоёр дугуйны завсар дээш хараад хэвтэж байх шиг харагдсан. Би айгаад огт харж чадаагүй. Өдөр 12 цаг болж байсан байх. Цаг агаарын байдал нартай зүгээр байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаатарын өгсөн... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ өгнө. Үенч сум орох гээд яарч байсан тул машиндаа суугаад хөдөлсөн. Би 1998 онд жолооч болсон. Жолоочийн эрх, үүргийг мэднэ. Нэг аяга, нэг рүүнк архи уусан. Урд шөнө нь архи уусан байсан. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөө мэдэж байна. Анхаарал болгоомжгүйгээр ийм хохирол учруулж, дүүгийнхээ хүүхдийн аминд хүрсэндээ маш их харамсаж байна. Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн машин. Хадам ахын нэрэн дээр байдаг.  Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 14-ийн 197 дугаар тоот хашаанд оршин суух/  ПЮ86070474  дугаарын регистртэй, Гурван цэнхэр овогт Цогтоогийн Анхбаярын өгсөн ...  2016 оны 07 дугаар сарын 09-ний  өдөр баяр болсон.Б.Ганбаатар ах манай майхны дэргэд  машинтай ирсэн. Би хоолоо идчихээд барилдах гээд наадмын талбай дээр очоод хувцсаа тайлж байтал “ хүүхэд чинь дайрагдчихлаа “ гэсэн. Тэгээд гүйгээд иртэл хүүхэд машинд дайрагдсан байсан. Шүүгдэгчээс хохиролд тооцож 11 сая төгрөг өгсөн. Оршуулганд хэрэглэгдэх зүйлсийг  мөн хариуцсан байгаа.  Гомдол санал алга байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон  хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Бэгзийн Ганбаатар нь  согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед  Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг Хөх булаг гэх газар 65-25 УНВ улсын дугаартай Мицибуши Пекап маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа  монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/ "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэх болон Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан "жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтуудыг зөрчиж, тухайн тээврийн хэрэслийн өмнө голыг эрэг дээр сууж байсан 7 настай А.Төгөлдөрийг дайрч,  тархины суурь ясны бяцарсан хугарал зүүн талын чамархай, дагз болон духны зүүн хэсгийн бяцарсан хугарал гэх хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаатарын ... хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч Ц.Анхбаярын өгсөн...  2016 оны 07 сарын 09- ний өдөр Ховд аймгийн Манхан сумын баяр болж байсан. Намайг бөх барилдах гээд хувцсаа тайлж байхад “ хүүхэд чинь дайрагдчихлаа “ гэсэн. Тэгээд ирэхэд хүүхэд дайрагдсан байсан. Золгүй явдал болсон. Оршуулгын зардал хохирол төлсөн.  Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг,  гэрч  Б.Болдоо, Э.Хосбаяр, Н.Олонбаяр, П.Гэрэлсүрэн, нарын өгсөн ... Х.Ганбаатар машинтай хөдлөх шиг болсон. Хүүхэд дайрчихлаа гээд орилсон. Хүүхэд машины дугуйны хажууд байсан... гэх мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг дээр гарсан хэмжилтийн бүдүүвч зураг, Ховд аймгийн шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн  2016 оны 07 дугаар сарын 29 - ний өдрийн 71 дугаартай ... Б.Ганбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ хөнгөн  зэргийн согтолттой байсан ... гэх шинжээчийн дүгнэлт,  Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн  шинжээчийн зам тээврийн осол дээр гаргасан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт,  Ховд аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  36 дугаартай ... хохирогч А.Төгөлдөр нь тархины суурь ясны бяцарсан хугарал зүүн талын чамархай, дагз болон духны зүүн хэсгийн бяцарсан хугаралын улмаас нас барсан... гэх шинжээчийн дүгнэлт, Цогцост хийсэн тэмдэглэл  согтолт тодорхойлсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Шүүгдэгч Б.Ганбаатарын үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Б.Ганбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон  ашиглалтын журам зөрчиж,  бусдын амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял  оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ганбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 50 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна.

Шүүгдэгч  Б.Ганбаатар нь  хохирогчид учирсан оршуулгын зардал, бусад хохирлыг сайн дураар төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх  удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол, саналгүй гэсэн зэрэг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл  байдлуудыг харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ганбаатар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Эрүүгийн 201621000157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ганбаатар нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 65-25 УНВ улсын дугаартай Мицибуши Пекап маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн”Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баянжаргал овогт Бэгзийн Ганбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж  бусдын амь нас  хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Баянжаргал овогт Бэгзийн Ганбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурван/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарт оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн 201621000157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн Мицибуши Пекап маркийн УНВ 66-25 улсын дугаартай, автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “- ыг хүчингүйд тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  шүүгдэгч Б.Ганбаатарт  оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил хүртэл хугацаагаар хассан нэмэгдэл ялын эдлэх хугацааг шийтгэл тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах ,  улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА