Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 16

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2020/0007/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч “Элит” 22 дугаар дунд сургуулийн захирал Д.Түмэн-Өлзий

Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газарт холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: Элит” 22 дугаар сургуулийн 2015-2018 онуудад улсын төсвөөс авах ёстой санхүүжилтийг дутуу олгосон Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, 2015-2018 оны дутуу олгогдсон санхүүжилт болох 19.952.900 төгрөгийг гүйцээж олгохыг даалгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч    Г.Гантулга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                             Б.Содболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч      О.Ууганчимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулгаас шүүхэд болон хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Элит” 22 дугаар дунд сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилд стастистик тоон мэдээгээр бага анги 84 сурагч, дунд анги 9 сурагч, нийт 87 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулсан ба Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт, нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг баримтлан тухайн жилд 27.930.000 төгрөг Бага ангийн сурагчдын үдийн цайны зардал 8.064.000  нийт 35.994.000 төгрөгний улсын төсвөөс санхүүжилт авахаас 34.265.900  төгрөгний санхүүжилт батлагдаж, 1.728.100 төгрөгний дутуу санхүүжилтийг,

 2016-2017 оны хичээлийн жилд нийт 98 сурагчтай, хувьсах зардал тухайн жилд 32.754.400 төгрөг, бага ангийн сурагчдын үдийн цайны зардал 8.160.000 төгрөг нийт 40.914.400 төгрөгний санхүүжилт авахаас 36.861.000 төгрөгний санхүүжилт батлагдаж, 4.053.400 төгрөгний дутуу санхүүжилтийг,

            2017-2018 оны хичээлийн жилд нийт 123 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж хувьсах зардал тухайн жилд 39.992.400  төгрөг, бага ангийн сурагчдын үдийн цайны зардал 11.040.000  төгрөг нийт 51.032.400 төгрөгний санхүүжилт авахаас 36.861.000  төгрөгний санхүүжилт батлагдаж, 14.171.400 төгрөгний санхүүжилтийг тус тус дутуу авсан ба 2015-2018 оны хичээлийн жилүүдэд дутуу олгогдсон мөнгөн дүнгийн нийлбэр бүгд 19.952.900 төгрөг болоод байна. Иймд “Элит” 22 дугаар сургуулийн 2015-2018 онуудад улсын төсвөөс авах ёстой санхүүжилтийг дутуу олгосон Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, 2015-2018 оны дутуу олгогдсон санхүүжилт болох 19.952.900  төгрөгийг гүйцээж олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үндэслэн мөн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 12.786.098 төгрөгийн хувьсах зардлыг дутуу санхүүжүүлсэн болохыг тооцоолж гаргасныг манай нэхэмжлэгч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 12.786.097,69 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Элит” 22 дугаар сургуулийн 2015-2018 онуудад улсын төсвөөс авах ёстой санхүүжилтийг дутуу олгосон Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, 2015-2018 оны дутуу олгогдсон санхүүжилт болох 19.952.900  төгрөгийг гүйцээж олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон боловч шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллага нь шинжээчийн дүгнэлтээр дутуу санхүүжүүлсэн үнийн дүн болох 12.786.098 төгрөг гэж тогтоосон байсан ба энэхүү шинжээчийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа нь тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн талаас нэхэмжлэлийнхээ 19.952.900  төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнг  багасгаж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 12.786.098  төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасган өөрчилж байна. Боловсрол, Соёл, Урлагийн газраас санхүүжилтийн хугацааны хувьд жилдээ багтааж олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа ба санхүүжилтийг гурав хувааж олгоход татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ууганчимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсвийн тухай хуулийн 41.2.2-д “Тухайн төсвийн жилд төсвийн захирагч батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээнэ” гэж  заасан байгаа.

2020 онд  Ковид-19 хорио цээр онц байдлын үе тохиож төсөв санхүүгийн хүнд байдалтай ажиллаж байна. 2020 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлээр төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын санхүүжилт нийт 653.9 сая төгрөгийн дутуу санхүүжилттэй байна. Элит 22 дугаар сургуулийн 2015-2018 онуудын хичээлийн жилүүдийн дутуу санхүүжилт нь тухайн төсвийн жил дууссан, сарын ирцийн мэдээний анхан шатны баримт байхгүй, Боловсрол, Соёл, Урлагийн газраас дутуу олгосон гэх санхүүжилтийг санхүүгийн тайланд тухай бүр тусгаж тайлагнаж, тооцоо нийлж баталгаажуулж байгаагүй нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, мөн 2015-2018 оны хичээлийн жилийн журналын ирцийн бүртгэл болон жижүүр багшийн бүртгэлийн дэвтрүүд нь олдохгүй зөрчлүүд байсан нь санхүүжилт олгох үндэслэл болохгүй байна.

Мөн 2020 оны 1 - 6 сарын батлагдсан төсвийг гүйцэт санхүүжүүлсэн ба 2020 төсвийн тодотголоор хасах төсөв батлагдах төлөвтэй байгаа тул Элит 22 сургуульд олгох санхүүжилт хүнд байдалтай байна.Хариуцагчийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны “Элит” 22 дугаар сургуулийн 2015-2018 онуудад улсын төсвөөс авах ёстой санхүүжилтээс 12.786.098 төгрөгийг дутуу олгосон байна гэх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж 12.786.098 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү мөнгийг 3 жилийн санхүүжилтэнд тусгаж байж хувааж олгох боломжтой болно гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Элит” 22 дугаар дунд сургуулиас Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газарт холбогдуулан “Элит 22 дугаар сургуулийн 2015-2018 онуудад улсын төсвөөс авах ёстой санхүүжилтийг дутуу олгосон Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, 2015-2018 оны дутуу олгогдсон санхүүжилт болох 19.952.900 төгрөгийг гүйцээж олгохыг даалгуулах тухай” шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг шинжээчээр томилсноор  2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Элит” 22 дугаар дунд сургуульд 2015-2018 онуудын хичээлийн жилд ногдох хувьсах зардлын 12.786.098 төгрөгийг дутуу санхүүжүүлсэн тооцоолол гарч байна” гэжээ.

 Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох  19.952.900 төгрөгийн хэмжээг багасгаж шинжээчийн дүгнэлтэээр тогтоогдсон 12.786.097,69 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжилж байгаа ба хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ууганчимэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч “Элит” 22 дугаар дунд сургуулиас үнийн дүнгээ багасгаж 12.786.097,69 төгрөгийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Элит” 22 дугаар дунд сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газарт холбогдох “Элит” 22 дугаар сургуулийн 2015-2018 оны хичээлийн жилүүдэд улсын төсвөөс авах ёстой санхүүжилтийг дутуу олгосон Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, 2015-2018 оны дутуу олгогдсон санхүүжилт болох  12.786.097,69 төгрөгийг олгохыг даалгуулах тухай” шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Элит” 22 дугаар дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.НАРАНТУЯА