Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00450

 

М.Е-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050 дугаар магадлалтай,

М.Е-н нэхэмжлэлтэй,

Х т холбогдох,

Х ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Асалбекийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Е- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие урлагийн мэргэжлийн гэр бүлд төрж, театрын хөшигний ард өсөн бойжиж, урлагийн мэргэжил эзэмшин 23 жил тус байгууллагад ажиллаж байна. Аав найруулагч Монгол Улсын Ардын жүжигчин, ээж оёдолчин, 2 ах минь хөгжимчин, бүжигчнээр ажилласан. 1989 онд УБДС-ийн /хуучин нэрээр/ кино драмын ангийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгсөж, тус оноос жүжигчнээр, 1995 оноос найруулагчаар, 2013 оноос театрын даргын үүрэгт ажлыг нэр төртэйгөөр хашиж ирсэн.

Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016 онд төр засаг солигдож, намын харьяалал нэрийдлээр даргын үүрэгт ажлаа аргагүйн эрхэнд хүлээлгэн өгч, театрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар мэргэжлээрээ ерөнхий найруулагчаар ажиллаж эхэлсэн. Театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар театрын ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулах тушаал гаргасныг хууль бус гэж үзээд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, уг анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00138 магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/00433 тогтоолоор ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч, театрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тушаалаар ерөнхий найруулагчийн ажилд томилогдон ажиллаж байсан.

Гэтэл 2019 он гарсаар хамт олны өмнө удаа дараа нэр хүндэд минь халдаж, миний ажлыг зориудаар үгүйсгэж, хэсэг бүлэг хүний ятгалгаар сэтгэл санааны хямралд оруулж, ажлын байрны дарамт үзүүлсээр 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өрөөндөө дуудаж таныг ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлнө гэж хэлснээр миний бие муудан даралт ихсэж эмнэлэгт хэвтсэн. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, уг өдрөөс жүжигчнээр ажиллуулахаар болсныг мэдэгдэж тушаал өгсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь улс төржсөн, хувийн өш хонзон санасан, хуулийн дагуу шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Иймд намайг үндэслэлгүй албан тушаалаас бууруулсан гэж үзэж байгаа тул тус Х ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үүгэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Асалбек шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус театрын ерөнхий найруулагчаар М.Е- нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлага болох драмын найруулагчийн мэргэжилтэй байх ажлын байрны шаардлагыг хангаагүй байгаа нөхцөл байдлыг харгалзан тус аймгийн Х ын ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, мэргэжлийн дагуу мөн өдрөөс жүжигчнээр шилжүүлэн томилсон. Ер нь манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын байранд тавих шаардлагыг хангасан иргэн ажиллах ёстой гэж үзэж байна.

Манай 2018 оны сүүлчээр байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа ажилтан нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан юм. Энэ талаар дээд газраас ч чиглэл зөвлөмж ирсэн юм. Манайх мэргэжлийн байгууллага тул нарийн мэргэшсэн урлагийн хүн ажиллах ёстой гэж үзэж байна. Иймд ажлын байранд заасан шаардлагыг хангаагүй ажилтан манай байгууллагад ажиллах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч М.Е-гийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:ЦГ65092135 Ботахара нура овогт Монголханы Ертайг Х ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х ын санхүүгээс 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Асалбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч М Ертай нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан хамгийн чухал шаардлага болох драмын найруулагчийн мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй байгаа учраас түүнийг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Ажил олгогчоос албан ёсоор баталсан ажлын байрны тодорхойлолтыг ажилтан М.Е- нь хүлээн зөвшөөрч хоёр талын хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Уг хөдөлмөрийн гэрээнд тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тодорхой заасан юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ажилтан М.Е-гийн сайн дурын үндсэн дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг үгүйсгэсэн түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 130/ШШ2019/00448 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч М.Е-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

М.Е- нь Х т холбогдуулан театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь тус ажлын байранд  тавигдах шаардлагыг хангаагүй гэж маргажээ

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэл муутай шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч М.Е-г Х ын ерөнхий найруулагчаар ажиллаж байхад нь Театрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоол, Захиргааны зөвлөлийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс жүжигчнээр шилжүүлэн томилжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн М.Е-: “... ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, 2016 оноос эхлэн ерөнхий найруулагчаар ажиллаж байхад ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэж байгааг зөвшөөрөхгүй, үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн...” гэх үндэслэл зааж нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч: “...М.Е- нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлага болох драмын найруулагчийн мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй. 2018 оны сүүлчээр байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан. Энэ талаар дээд газраас ч чиглэл, зөвлөмж ирсэн тул ажлын байрны шаардлага хангаагүй ажилтан манай байгууллагад ажиллах эрхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар М.Е- нь 1989 онд УБДС-ийн /хуучин нэрээр/ кино драмын ангийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөж, тус оноос жүжигчнээр, 1995 оноос найруулагчаар, 2013 оноос театрын даргаар ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс ерөнхий найруулагчаар ажиллаж, 2017 оны 06 дугаар сард ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулах тушаал гаргасныг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргахад Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Шийдвэрийг давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон.

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Театрын даргын Б/20 дугаар тушаалаар ерөнхий найруулагчийн ажилд томилсон боловч 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон заалт нэг бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр ажил олгогч ажилтныг ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэж тайлбарлах атлаа ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх зохицуулалт нь ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог.

Ажилтан зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй тул ажилтныг ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Хэрэв хариуцагчийн тайлбарт дурдсанчлан ажилтан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзсэн бол энэ талаар холбогдох байгууллагын дүгнэлт гарсан, ажил олгогч тухайн шаардлагад нийцсэн үндэслэлээр эрхийн актаа гаргах учиртай боловч энэ талаар хэрэгт баримтгүй тул “...шүүх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Асалбекийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД