Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо
даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн
улсын яллагч Д.Хонгорзул,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 
Баянгол дүүргийн прокурорын газраас С.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд

Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 07-ны
өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2391, зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123,1 - д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, С.Б /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр таксины
үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин худалдааны төвийн орчимд хохирогч Э.Эын таксинд гээгдүүлсэн Хаан банкны картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын АТМ-д картыг уншуулан, зарлагын гүйлгээ хийж 550.000 төгрөг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин худалдааны төвийн орчимд хохирогч Э.Эын таксинд гээгдүүлсэн Хаан банкны картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын АТМ-д картыг уншуулан, зарлагын гүйлгээ хийж 550.000 төгрөг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 7
дугаар сарын 11-ний өдрийн 09 цагийн орчимд гэрийн гаднаас хар ногоон өнгийн приус-11 маркийн таксинд суугаад Баянгол дүүргийн 2-р хороо, "Энхжин” худалдааны төвийн урд талд буусан. ...Тус таксинаас буухдаа өөрийн түрийвчтэй иргэний үнэмлэх, хаан банкны картыг мартаж буусан. ...Алдсан мөнгөө олж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан
"...Эдгээр хүмүүсийн зурагнаас миний утсыг авсан хүн нь 3 гэсэн дугаартай хүн байна гэж сэжигтэн С.Бын зургийг зааж байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 23-28 дугаар хуудас/,

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн "...АТМ-ын дотор талын хяналтын камерын бичлэгт хар хөх өнгийн өмд, хар хөх өнгийн цагаан судалтай хүрэм, цайвар хөх өнгийн маск зүүсэн 40-50 орчим насны эрэгтэй хүн иргэний үнэмлэх болон ногоон өнгийн банкны карт барьж буй байдлыг гэрэл зургаар харуулав. ...Тухайн эрэгтэй тус АТМ-с бэлэн мөнгө авч буй байдлыг гэрэл зургаар харуулав. ...Баянгол дүүргийн 12 дугаар хороо, "Бичил тооцооны төв”-ийн зүүн талын АТМ-ын дотор талын хяналтын камерын бичлэгт эрэгтэй хүн эхний АТМ-с холдон гарч байгаа байдлыг гэрэл зургаар харуулав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн
"...2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн приус-11 маркийн тээврийн
хэрэгслээр таксинд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын титэм худалдааны төвийн хажуу талаас такси барих гэж байгаа нэг эмэгтэй хүнийг аваад Баянгол дүүргийн Энхжин худалдааны төвийн гадна буулгасан. Тэгтэл тэр эмэгтэй миний машинд түрийвч, бичиг баримт, түлхүүр зэргээ орхиод буусан байсан. Би тэр түрийвчийг нь олоод дотор нь байсан хаан банкны виза картыг нь 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хорооллын бичлийн Хаан банкны АТМ-д уншуулаад нууц кодыг нь иргэний үнэмлэхийнх нь сар өдрөөр тааж хийгээд 550.000 төгрөг авчихсан
юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөнгийг нь анх олсон түлхүүр зэрэгтэй нь буцаан өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Бусад нотлох баримтууд:

"Хаан банк” ХХК-иас ирүүлсэн 5019942128 тоот дансны гүйлгээний баримт
/хэргийн 31 дүгээр хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 41-43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 52 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 58 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 59 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах
хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин худалдааны төвийн орчимд хохирогч Э.Эын таксинд гээгдүүлсэн Хаан банкны картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын АТМ-д картыг уншуулан, зарлагын гүйлгээ хийж 550.000 төгрөг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, "Хаан банк” ХХК-иас ирүүлсэн дансны хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд шүүгдэгчийн хувьд банкны гүйлгээний карт, картанд байсан мөнгийг хохирогч Э.Эын өмчлөл, эзэмшилд байгааг мэдэж байсан нөхцөл байдал тогтоогдсон болно.

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг, харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж
завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан
бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б нь өөрийн
үйлдэлийн улмаас хохирогч Э.Эд хохирол, хор уршиг учирна, хууль бус
гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан "хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд "өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн "өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч С.Б нь "хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар
маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч С. Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын
яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,
эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан
шийдвэрлэх талаар заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эд 550.000 төгрөгийн хохирол
учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь
хохирогчид уг хохирлыг төлж барагдуулсан болох нь /хэргийн 46-47 дугаар хуудас/ тогтоогдсон. Мөн хохирогчийн "...Э миний бие 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хаан банкны картаа таксинд мартаж буусан. Улмаар картнаасаа 450000төгрөг алдсан. Тус мөнгөө буцааж авсан. С.Бод ямар нэгэн 
гомдолгүй тул хэргийг хялбаршуулж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 53 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б
нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 296 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч С.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч С.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар
нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бод торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Хэрэгт хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Быг "Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх
    ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих
эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО