| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1600/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1640 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-ийн Х т холбогдох эрүүгийн 1905 03344 2220 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Хөвсгөл аймагийн Цагаан-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэгийн жижүүр ажилттай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт , Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 118 дугаар байрны 57 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Х овогт Д-ийн Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Д.Х нь 2019 оны 1 сараас 2019 оны 8 сар хүртэлх хугацаанд “.......” ХХК-ны Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” худалдааны төв хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий харилцагч нарт захиалгын дагуу бараа материал нийлүүлэн тэдгээрээс авсан төлбөр болох 27.459.539.23 төгрөгийг компанид тушаах байтал тушаалгүй хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтаар .
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-5-6/, Д.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-90-92/, Д.Х нь урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-77/, хохирогч Б.Билгүүн, яллагдагч Д.Х нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-98/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Д.Х нь 2019 оны 1 сараас 2019 оны 8 сар хүртэлх хугацаанд “.......” ХХК-ны Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” худалдааны төв хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий харилцагч нарт захиалгын дагуу бараа материал нийлүүлэн тэдгээрээс авсан төлбөр болох 27.459.539.23 төгрөгийг компанид тушаах байтал тушаалгүй хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд:
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Билгүүний өгсөн: “Би “Нано интернэшинл” ХХК-д ахлах менежерээр ажилладаг юм. Манай компани нь гадаад худалдааны чиглэлээр гадаадаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирж дотооддоо худалдаалдаг юм. 2007 оноос хойш Нарантуул худалдааны төв дээр наймаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжид бараа нийлүүлэн ажилладаг бөгөөд үүнээс гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон зах худалдааны төвүүдтай хамтран ажилладаг юм.
Д.Х нь 2014 онд анх манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Бөмбөгөр, Хар хорин, Барс-2, Баянзүрх 1, 2, Амгалан, Сансар захуудад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сараас эхлэн Нарантуул худалдааны төвд дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлэн байдаг. Д.Хтай хамт Жаргалсайхан гээд борлуулагч, /түгээгч, эд хариуцагч/ ажилладаг байсан. Манай компанид мөн Амгалан зах, Сансар, Бөмбөгөрийг хариуцаж ажилладаг байсан Амгаланбаатар нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын хүний нөөцөнд хандаж Жаргалсайхан, Д.Х нар хамтран байгууллагын мөнгийг завшсан гэж мэдээлэл өгсөн байдаг. Ингээд тухайн асуудлыг байгууллагын удирдлагын зүгээс намайг энэ асуудлыг шийд гэж үүрэг өгсөн. Ингээд би 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Амгаланбаатар, Д.Х нарыг дуудаж уулзалт хийсэн. Тэгэхэд Амгаланбаатар, Жаргалсайхан нар архи ууж байхдаа байгууллагын барааг зараад байгууллагын праграммд шивж оруулаагүй байгаа гэж ярьсан талаар хэлсэн байсан. Ингээд байгууллагын тооллого явуулж, харилцагч нартай уулзахад Нарантуул худалдааны төв дээр наймаа эрхлэгч иргэд болон аж ахуй нэгж байгууллагын хүмүүс бараа авхаар Д.Х, Жаргалсайхан нарт захиалга, мөнгө өгөөд захиалгын барааг Д.Х, Жаргалсайхан нар нь сүүлд нь захиалагч нарт өгдөг байсан. Харин авсан мөнгийг байгууллагын дансанд оруулалгүй хувьдаа завшсан болох нь мэдэгдэж эхэлсэн. Ингээд тухайн баримтын дагуу өөртэй нь уулзахад Д.Х эхэндээ өөрийн үйлдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сүүлд нь Нарантуул худалдааны төвийн агуулахыг татан буулгаж тооллого явуулхад 14 сая 300 мянган төгрөгийн бараа дутсан. Энэ дутагдлыг Жаргалсайхан нар хариуцахаар хүлээн зөвшөөрсөн юм.” /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Хын өгсөн: “Би анх 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд “Нано интернешнл” ХХК-нд бараа түгээгчээр ажилд орж байсан ба 2014 оны 6 дугаар сараас эхлэн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан ба “Нано интернешнл” ХХК-ны Нарантуул зах дээрх салбарт ажиллаж байх үедээ 2019 оны 1 дүгээр сараас эхлээд 2019 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж хугацаандаа захиалагч нараас авсан барааны мөнгийг компанийн дансанд хийлгүйгээр хувьдаа ашигласаар байгаад нийт 27.495.539 төгрөгийн орлогын мөнгө дутаасан байгаа. Би энэхүү мөнгийг тухайн үедээ гэр бүлийнхээ хувийн хэрэгцээндээ зарцуулсан байгаа.”/хх-91-92/ гэх мэдүүлэг, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-77/,
Хохирогч Б.Билгүүн, яллагдагч Д.Х нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-98/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хөрөнгө завшсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг үнэлсэн Амгалан ахуй АУДИТ-ХХК-ийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Х нь 2019 оны 1 сараас 2019 оны 8 сар хүртэлх хугацаанд “.......” ХХК-ны Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” худалдааны төв хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий харилцагч нарт захиалгын дагуу бараа материал нийлүүлэн тэдгээрээс авсан төлбөр болох 27.459.539.23 төгрөгийг компанид тушаах байтал тушаалгүй хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөрөнгө завших гэмт хэрэг гэдэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болох шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одончимэг нь хохирогч Б.Билгүүнд учирсан хохирол болох 27.495.539 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 4.9195.663 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Х-аас 4.919.663 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүх хялбаршуулсан журмаар Д.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6.2,
36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой Д-гийн Х-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Х-т 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Х-аас 4.919.663 төгрөгийг гаргуулж хохирогч /“.......” ХХК-ны/ Б.Билгүүнд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС