Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар  2020/ШЦТ/919   

 

 

 

 

 

 

 

                                               

2020          12         21                       2020/ШЦТ/919      

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Д.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мишээл, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Бт холбогдох эрүүгийн 2011 00000 1074 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч, Боржигон овогт Д.Б, Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 15ы өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, монгол гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамж 900 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...........................................

  Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42-900 тоотод хамтран амьдрагч Д.Бямбацэрэнгийн дагавар охин Б.Мишээл /13 настай/-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үснээс нь зулгааж, алгадаж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Мишээл орж ирээд сууж байтал Бямбацэрэн хүүхдээ хараад бүр орилоод байхаар нь би Бямбацэрэнг “зүгээр байгаарай” гээд загинсан чинь аавыгаа надаас өмөөрч надтай маргалдаж “авгай минь зүгээр байгаарай” гэхээр нь би “чи жаахан хүүхэд байж надтай ингэж ярьдаг юм уу” гээд Бямбацэрэнд “чи хүүхдээ яаж хүмүүжүүлсэн юм бэ” гээд уурлаж Мишээлийн хацарт нь гараараа 1 удаа алгадсан. Тэгээд хэрэлдэж маргалдаад байж байтал Мишээл цагдаад утсаар дуудлага өгчихөөд аавынхаа хамтаар гэрээс гарах гээд хувцсаа өмсөөд Бямбацэрэн түрүүлж гараад араас нь Мишээл гарах гээд явж байхаар нь би “та нар гэрт хэрүүл болгож цагдаа дуудчихаад өөрсдөө гарч явах гэж байна” гээд Мишээлийн үснээс нь араас нь зулгааж хойш нь болгоод орон дээр татаж суулгаад хаалгаа дотроос нь түгжсэн ...Мишээлийг надаас өөр хүн зодож, цохиогүй, би жоохон халамцуу байсан ...Мишээлийг 10 жилийн сургуулийн 5 дугаар ангид сурдаг болон насанд хүрээгүй хүүхэд гэдгийг мэднэ. Жоохон хүүхэд байж над руу замбараагүй дайраад байхаар нь уур хүрсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-41-44х/,

Шүүгдэгч Д.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн үед энэ хүүхэд аавтайгаа уулзана гээд орж ирсэн. Тэр үед бид 2 маргалдаад байж байхад хүүхэд орж ирээд бүүр асуудал үүсгэсэн. Би энэ хүүхдийг цохисон нь үнэн. Намайг авгай минь гээд доромжлоод байхаар нь би жоохон хүүхэд юм байж гээд уурласан” гэх мэдүүлэг,  

Насанд хүрээгүй хохирогч Б.Мишээлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тусдаа амьдардаг төрсөн эцэг Бямбацэрэнтэй уулзахаар ажил дээр нь очтол байхгүй болохоор нь утсаар холбогдтол одоо хамт амьдарч байгаа Батцэцэгийн гэрт байна, хүрээд ир гэхээр нь би тэднийд яваад очсон. Өмнөх өдөр нь би аавдаа мөнгөний хэрэг гарсан талаараа хэлэхэд маргааш ирээд аваарай гэж хэлж байсан юм. 15 цагийн орчим Батцэцэгийн гэрт очтол хашаандаа аав, Батцэцэг 2 маргалдаад зогсож байсан. Аав хашаанаас нь гарах гэхэд Батцэцэг нь гаргахгүй гээд маргалдаж байсан. Би хашаанд нь ортол Батцэцэг манай аав, ээж хоёрыг муулаад байхаар нь би “та юу гээд байгаа авгай вэ” гэтэл Батцэцэг “та хоёртой учраа олж байж явуулна” гээд байсан чинь аав өөдөөс намайг гарч бай гэхээр нь би гарах гэтэл Батцэцэг араас миний үснээс зулгаагаад чирсээр байгаад байшин руу оруулсан. Энэ үед аавыг Батцэцэг түлхээд газар унагаасан байсан бөгөөд аав согтуу байсан болохоор хөл дээрээ сайн тогтохгүй байсан. Байшин дотор Батцэцэг хаалга түгжээд миний үснээс зулгааж хацар луу 3 удаа алгадаж газар унагаагаад хөл рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би утсаараа цагдаад дуудлага өгч байтал аав гаднаас цонх хагалсан. Батцэцэг миний утсыг булааж аваад цагдаатай ярьж байхад нь би хаалга онгойлгож аавыг оруулж ирсэн. Аав орж ирээд удаагүй байтал гаднаас цагдаа ирэх үед аав бид 2 гарах гэтэл Батцэцэг миний нуруу руу 1 удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мишээлээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Намайг гэр рүү нь орсон чинь аавтай маргалдаад байсан. Ааваас яасан бэ гээд асуусан чинь аав яв гэхээр нь би гарах гэж байсан. Тэгсэн миний үснээс зулгаагаад гэр рүүгээ чирж оруулаад үснээс зулгааж байгаад алгадсан. Чи янхан болоод тэр мөнгөөр чинь аав чинь архи авч ууна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Зодоон гарах шалтгаан нь ааваас нь хэд хоногийн өмнө 500.000 төгрөг авсан. Миний бодлоор тэр мөнгө авснаас л болсон байх. Хүүхэд маань сэтгэл зүйн хувьд маш их хохиролтой байна. Эмэгтэй хүн байж нэг удаа чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй” гэв.

Гэрч Д.Бямбацэрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гэртээ 14 цагийн орчим ирээд маргалдаж байгаад би гарч явах гэтэл намайг явуулахгүй гээд хориглоод байж байтал гаднаас миний тусдаа амьдардаг охин Мишээл надаас мөнгө авахаар гэрт ирсэн. Би охиноо буцаад явж бай би араас чинь гараад очно гэтэл охин маань “аавыгаа аваад явна” гээд явахгүй байж байтал Батцэцэг намайг өгч явуулахгүй гэж уурлаад Мишээлийн хацарт 1 удаа алгадсан ...гарч явах гэтэл Батцэцэг Мишээлийг татаж байшин руу оруулаад хаалгаа түгжчихээд дотроо хоорондоо хэрэлдээд байхаар нь би байшингийн вакум цонхны гадна талын хэсгийг нь шүүрний ишээр цохиж хагалсан чинь Батцэцэг хаалга онгойлгоод би ортол Мишээл Батцэцэг хоорондоо маргалдаж бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь би салгаад байж байтал гаднаас цагдаа ирсэн. Мишээлийг Батцэцэгээс өөр хэн нэгэн цохиж зодоогүй. Нэг удаа алгадаж, дараа нь үснээс нь зулгаасан ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12319 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Б.Мишээлийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-19-20х/,

Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31х/, хохирлын баримт /хх-27х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42-900 тоотод хамтран амьдрагч Д.Бямбацэрэнгийн дагавар охин Б.Мишээл /13 настай/-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үснээс нь зулгааж, алгадаж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунбаяраас энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 302590 төгрөг /хх-27х/-ийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч Д.Б нь 303000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Мишээл нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.Бийг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Мишээл нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН