Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/526

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч С.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1711000170002 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мандал овоо 4-26 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч С.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 6 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бөайрлах Их найман шарга төвийн 603 тоот лангууны ширээн дээр байсан хохирогч А.Сэвжидноровын эзэмшлийн айфони-7 загварын гар утсыг хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Мгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 6 сарын 13-ны өдөр 15 цагийн үед ганцаараа Урт цагаан найман шарга худалдааны төвийн 6 давхарт гоо сайхны бараа зардаг дэлгүүр лүү орсон. Тэндээс шивээсний зүү авах гээд байж байтал худалдагч лангуун дээрээ айфоне 7 загварын гар утсаа тавиад эсрэг талын лангууны өрөө рүү яваад орчихсон. Ойролцоогоор 1-2 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь лангуун дээр шивээсний зурагтай сэтгүүл байхаар нь хажууд нь тавиад гар утсыг нь аваад зугтаасан. Дэлгүүр дотор худалдагч, 2 үйлчлүүлэгч зогсож байсан ба тэр хүмүүс намайг утас авахыг хараагүй. Хулгайлсан гар утасаа Монтел төв дээр очиж 80.000 төгрөгөөр зарсан ба тэр мөнгөөрөө 3-4 хороололд байдаг тоглоомын газарт ганцаараа тоглоод дуусгасан. Худалдагч ширээн дээрээ гар утсаа үлдээчихээр нь хулгайлчихсан..би гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна, хохиролын мөнгө олох гээд ажил хийгээд цагдаа дээр очоогүй, тэр чигээрээ самаранд явчихсан, тэгээд цагдаад баригдаад ирсэн.. гэсэн мэдүүлэг /хх-9/.

 

Хохирогч А.Сэвжидноровоос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би 2017 оны 6 сарын 13-ны өдөр Их найман шарга төвийн 603 тоот гоо сайхны дэлгүүрийн кассан дээр сууж байхдаа хар өнгийн айфоне-7 загварын гар утсаа алдсан ба хяналтын камерыг шүүж үзэхэд хар өнгийн малгайтай, хар бараан өнгийн хүрэм, цагаан фудволктой, цагаан канттай бараан өнгийн биеийн тамирын хувцастай 20 орчим насны эрэгтэй хүүхэд сэтгүүл үзэж байгаад аваад гарч байгаа бичлэг байсан..гэсэн мэдүүлэг /хх 12-14/.

 

Шүүгдэгч С.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 68/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22/, эд зүйлийн үнэлгээ /хх 23/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь 2017 оны 6 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их найман шарга төвийн 603 тоот лангууны ширээн дээр байсан хохирогч А.Сэвжидноровын эзэмшлийн айфони-7 загварын гар утсыг хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч С.Мд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх боловч түүний гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 192 цаг албан ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.М нь хулгайлсан Айфоне 7 загварын гар утсыг, гар утас худалдааны Монтел төв дээр очин 80.000 төгрөгөөр зарсан, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулаагүй байх тул түүнийг хохирогч А.Сэвжидноровт 1.700.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.М нь шүүх хуралдаан болохоос өмнө 24 хоног цагдан хоригдсон байх бөгөөд ажлын 8 цагийг албадан ажил хийлгэх ялын 1 хоногт шилжүүлэхэд тэрээр шүүхээс оногдуулсан 192 цаг албан ажил хийлгэх ялыг эдэлж дууссан байна.

Шүүгдэгч С.Мгийн бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Мг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 192 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 24 хоногийн 1 хоногийг ажлын 8 цагт шилжүүлж түүнийг уг ялаа эдэлж дууссанд тооцсугай.

 

4. Шүүгдэгч С.Мгийн бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй болохыг тус тус дурдсугай.

  

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР